| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/67 |
| Огноо | 2024-10-01 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Г.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн 2424000000050 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: .........................................................
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.А нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Улсын тусгай хамгаалалттай Байгалийн цогцолборт газарт хамаарах нутаг дэвсгэр болох “Шувуу шаагьдгийн мод толгойн шил” гэх газраас хууль бусаар 1 толгой монгол тарвага агнаж байгаль экологид 410,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Ад холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Г.А нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Улсын тусгай хамгаалалттай Байгалийн цогцолборт газарт хамаарах нутаг дэвсгэр болох "Шувуу шаагьдгийн мод толгойн шил” гэх газраас хууль бусаар 1 толгой тарвага агнаж байгаль экологид 410,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завханы Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт дурдсан N49.09.21.2, E97.34.11. солбилцолтой цэг нь манай тусгай хамгаалалтад авсан газар нутагт хамаарч байгаа. Уг газарт хууль бусаар буюу зөвшөөрөлгүй мод бэлтгэх, ан амьтан агнах, галт зэв биедээ авч явах, нохой дагуулж явах, үйлдвэрлэлийн аргаар ус ашиглахгүй, ашигт малтмалын лиценз олгохыг хориглодог ба эдгээрт ямар ч зөвшөөрөл олгодоггүй байгаа. Байгаль экологид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бол байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн /хх 24-25/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Тэлмэн сумын засаг даргын эргүүл шалгалт хийх захирамжийн дагуу Завхан аймгийн Баян-Айраг багийн дарга миний бие, сумын хэсгийн цагдаа а/а Я, жолооч Б, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г, Нуур багийн дарга П нарын бүрэлдэхүүнтэй 2 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Тэлмэн сумын нуур багийн Шувуу шаагьдгийн мод толгойн шил хэмээх газарт цагдаагийн хамт эргүүл хийх явцад 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн орой 21 цагийн үед дээлтэй залуу тарвага сахиж хэвтэж байгаад 1 тарвага буудчихаад мотоцикл дээрээ суугаад хөдлөхөөр нь тойрч явж байгаад урдаас нь шууд тулаад түүнийг шалгахад Тоз-8 маркийн буугаар улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын ангилалд хамаарах газраас 1 тооны тарвага агнасан байсан. Буу, тарвага 2-ыг хурааж авсан. Бид хоёрыг түүнийг тарвага агнасан гэдгийг илрүүлээд байж байхад араас Г, П, жолооч Б нар ирсэн. Тэгээд Тэлмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Гантөмөр түүнийг улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй тарвага алсан гэж хэлж байсан. Ийм асуудал болсон. Тарвага агнасан иргэн нь Хөвсгөл аймгийн харьяат иргэн байсан. Тус тарвага агнасан газрын ойр орчимд байгаа иргэд болон малчид тус газрын улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг сайн мэддэг...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/
Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 01/02 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр сумын хэсгийн цагдаа, ахлах ахлагч Ө.Я, Нуур багийн засаг дарга П, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, жолооч Ц.Б нартай Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг дэвсгэр болох “Шувуу шаагьдгийн мод толгойн шил” гэх улсын тусгай хамгаалалттай газарт автомашин болон мотоциклтойгоор хяналт шалгалтаар явж байсан. Цагдаа Ө.Я, багийн дарга Батмягмар хоёр мотоциклтой Нуур багийн “шувуу шаагьдгийн мод толгой” гэх газарт явж байхад нь цэнхэр өнгийн мотоциклтой, ягаан дээлтэй залуу 1 тооны тарвага агнаж байгаад үйлдэл дээрээ баригдлаа гэж богино долгионы станцаар холбогдож мэдэгдсэн. Бид нар тарвага агнасан гэх газарт очиход тарвага агнасан залуу болон түүний улсын тусгай хамгаалалттай газраас агнасан тарвага, бууны зураг мөн агнагдсан тарваганы дош нь цус болсон байсныг өөрийн гар утсан дээрээ зураг авч давхар гар утсаараа бичлэг хийсэн. Тухайн агнасан гэх цустай дош нь дээрээс солбилцлыг нь үзэхэд И490921.2, Е973411.8 цэгийг зааж байсан. Тухайн иргэний тарвага агнасан гэх газрыг Монгол Улсын Их хурлаас 2019 оны 05 дугаар сард гаргасан 41 дүгээр тогтоолоор шинээр “Булнайн нуруу, Тэсийн голын байгалийн цогцолборт газар” гэсэн ангилалд буюу улсын тусгай хамгаалалтад авсан шийдвэр нь гарсан. Тиймээс тухайн иргэн нь Байгалийн цогцолборт газраас 1 тооны тарвага агнаж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тухайн иргэн нь Монгол тарвага агнасан байсан. Монгол улсад 2 төрлийн тарвага байдаг. Алтайн тарвага нь зөвхөн Алтайн нуруунд байдаг, шинж тэмдгээрээ эрс ялгаатай Тарваганы экологи эдийн засгийн үнэлгээг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоосон. Уг тогтоолоор Монгол тарваганы эр, эм, төл гэхгүйгээр 1 толгойг нь 410,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Уг газар нь Улсын тусгай хамгаалалттай газар тул гэмт хэргийн шинжтэй гэж үзээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр жолооч П, Баян-Айраг багийн дарга Батмягмар, цагдаа Ө.Я нарын хамт Тэлмэн сумын Нуур багийн “Шувуу авьдгийн мод толгой” гэх газарт хяналт шалгалтаар явж байсан. Цагдаа Я, Б нар нь түрүүлж мотоциклтой яваад бид нар араас нь машинтайгаа явж байсан. Тэгтэл тэр хоёр түрүүлж яваад тусгай хамгаалалттай газраас тарвага агнасан иргэнийг олж тогтоолоо гэхээр нь бид нар машинтай очиход 1 тооны тарвага ганзагалсан байдалтай байсан. Агнасан гэх газарт нь очиход цэнхэр өнгийн хятад мотоциклтой, ягаан дээлтэй үл таних залуу байсан. 1 тарвага болон буудсан бууг нь хурааж авч байх шиг байсан. Тухайн иргэнийг тарвага буудсан гэх дош дээр нь очиход нүхний шороо нь цус болсон байсан. Түүнийг будаж байхыг хэсгийн цагдаа Я, Батмягмар хоёр шууд харсан бөгөөд түүний зураг аваад байсан. Тухайн иргэний тарвага агнасан гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар гэж байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Гантөмөр утсан дээрээ бичлэг хийгээд хэлж байсан. Би жолооч болохоор нарийн юмыг нь сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,
Байгаль орчины хяналтын улсын байцаагч 01 дугаартай: “...Монгол улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 260 дугаар тоот тогтоолоор нэг ширхэг монгол тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээг 410,000 төгрөгөөр тооцно гэж тусгасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2 дахь хэсгийн дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 43-45/,
Завхан аймгийн Их-Уул сумын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай: “...Г.А нь зохих зөвшөөрөлгүйгээр 1 тооны Монгол тарваганд тавигдсан Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээ 410,000 төгрөгийн шинжээчийн дүгнэлтийн мөнгөн дүнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-д заасныг үндэслэн 820,000 төгрөгийн нөхөн төлбөр тавив. Иргэн Г.А нь зохих зөвшөөрөлгүйгээр 1 тооны Монгол тарвага агнасан аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тогтоол, амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл агнах, барихыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Иргэн Г.Ад нөхөн төлбөрийн 820,000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаарын дансанд тогтоосон хугацаанд тушааж, тасалбарын нэг хувийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг мэдэгдье...” гэсэн акт /хх 51/,
Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 000000041 дугаартай: “...ОХУ-д 1987 онд үйлдвэрлэсэн, ангийн зориулалттай 5,6х15 мм буюу 22Lr калибрын Тоз-78-01 маркийн карбин буу байна. Шинжилгээнд ирүүлсэн буунд ямар нэг эвдрэл, гэмтэл байхгүй, буудлага үйлдэж болно. Шинжилгээнд хүргүүлсэн бууны сумны 1 ширхэг хонгион 278 дугаартай замгийн зохигчийн мөртэй тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх- 59-60/, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Г.А: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Прокуророос шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж байгаль орчинд хохирол учруулах гэмт хэрэг нь хүрээлэн байгаа орчны эсрэг чиглэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг улсын хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон байх ба энэхүү хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна
Шүүгдэгч Г.Агийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.А нь 1 ширхэг тарваганы үнэ 410,000 төгрөгийн хохирол учруулсныг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 820,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын 100900013040 тоот дансанд төлж барагдуулсан болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Агийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буу нь бусдын өмчлөлийнх болох нь: иргэний нэхэмжлэгч Н.Г “...Тоз-78-01 маркийн карбин буу миний өмчлөлийнх. Би бууны татварыг жил болгон төлж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул шүүгдэгч Г.Агийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 маркийн 9405278 гол төмрийн дугаартай, 278 замагны дугаартай карбин бууг өмчлөгч Н.Г олгож, бууны үнэ мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон 650,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 1 ширхэг монгол тарвагыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 маркийн 9405278 гол төмрийн дугаартай, 278 замагны дугаартай буу нь өмчлөгчид буцаан олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агээс бууны үнэ 650,000 төгрөгийг гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1 ширхэг монгол тарвагыг тус тус тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Г.Агийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бууг иргэний нэхэмжлэгч Н.Г тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ