Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2020/00987

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2020/00987

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 420 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн ******* 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* хүсэлтээр 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлдүүлсэн. Маргааш нь Б.Эрдэнэчимэг ярьж дуудаад энэ миний найз байгаа юм. Найдвартай санаа зоволтгүй бид хоёрт мөнгө хэрэгтэй байна. 500 000, 500 000 төгрөгөөр нь хувааж авна гээд Ичинсүх гэдэг хүний дансаар 1 000 000 төгрөг гэрээ байгуулж авсан. Дахин 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б.Эрдэнэчимэг ярьж 10 000 000 төгрөг зээлье гэсэн байхгүй гэтэл хүнээс олоод өгөөч маш чухал хэрэгтэй байна. Надад туслаач гээд Улаанбаатар хотоос ярьж байна гэсэн. Хүнээс мөнгө асуутал 2 600 000 төгрөг байна гэхээр нь авч зээлдүүлсэн. Эхэндээ хүү гэж мөнгө өгсөн. Сүүлдээ мөнгөө нэхэхээр мөнгө орж ирээгүй байна гэдэг. Нилээн хүлээсэн боловч зээл хөөцөлдөж байна гээд удсан. Б.Эрдэнэчимэг 2016 оны 08 дугаар сараас хойш огт утас нь холбогдохгүй, гэрт нь хүнгүй, хүнээс суртал энд байхгүй гэсэн сураг гарсан тул 2017 оны хавар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс ярьж ******* уулзсан. 2015 онд өгсөн хүүний мөнгөө тооцож 2016 оноос 9 дүгээр сараас нөхөр ******* нь нийт 1 930 000 төгрөгийг 6 сар 500 000 ₮, 500 000 ₮, 250 000 ₮, 400 000 ₮, 280 000 төгрөгөөр өгсөн. Иймд мөнгөний тооцоо төлбөр байхгүй гэсэн. Би 4 100 000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. төлөгдөөгүй дутуу хүү 1 320 000, миний өөрийн 4 100 000 төгрөг нийт 5 420 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүний мөнгийг 12 сараар тооцож бодсон. Үндсэн мөнгөний алданги тооцоогүй. 1 жил 6 сарын дараанаас өгсөн мөнгөө үндсэн төлбөр гэсэн. Мөнгөө бүтнээр нь төлж барагдуулах ёстой. Иймд цаг хугацаа, эдийн засгаар хохироосон тул гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тухайн үед бид хоёр найз нөхдийн харилцаатай байсан. Би гутал оёх сонирхолтой түүндээ хөтлөгдөөд гутал оёж эхэлж байсан үе. Дөнгөж гутал оёж эхэлж байсан болохоор хүн мэдэхгүй. Ойр дотны найз нөхөд хамаатан садандаа гутал оёж өгдөг байсан. Гутал минь хүмүүст таалагдаж захиалга орж ирэх болсон. Ганцаараа хийхээр бүтээмж бага учраас подволь түрээслэн 1, 2 ажилтантай болж үйлдвэрлэл минь өргөжиж эхэлсэн. Тогтмол үйлчлүүлэгч байхгүй. Эрдэнэтийн зах зээл бага болохоор санхүүгийн хүндрэл гарч эхэлсэн. Гэхдээ миний сонирхол хүсэлт мөрөөдөл минь улам ихийг хийхийг хүсэн тэмүүлэн өнөөдрийг хүртэл гутал үйлдвэрлэж байгаа. *******ээс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 600 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг зээлж авсан. Гутлаа хийгээд мөнгөтэй болохоор бага багаар төлж барагдуулахаар ярьж тохирсон. Бидний дунд хүү мөнгө тооцсон бичгийн гэрээ байхгүй. Уг мөнгийг төлж дууссан байгаа. Гэтэл ******* манай гэрт очиж хаалга, үүд эвдэхийн наагуур цохиж удаа дараа мөнгө нэхсэн байсан. Мөн бага охины сургууль дээр очиж намайг асууж мөнгө нэхсэнээс болоод айж сандарч, сэтгэлийн түгшүүрт автах болсон. Айж сандарснаас болоод бага охины зүрхээр өвдөж, хатгуулан эмчилгээ хийлгэж байгаа. *******ээс авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 420 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцсэн.

******* 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч 1 000 000 төгрөгийг мөн өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр,

2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Б.Эрдэнэчимэг, нарт 1 000 000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр,

2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2 600 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлдүүлж, зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.

Нэхэмжлэгч хариуцагч 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2 600 000 төгрөг, нийт 4 100 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 4 100 000 төгрөгийн 10 хувийн хүүг 1 жилээр тооцоход 4 920 000 төгрөг болж байгаа ба үүнээс ******* өгсөн 3 600 000 төгрөгийг хасаад олдэх хүү 1 320 000 төгрөгийг, үндсэн зээл 4 100 000 төгрөгийн хамт нийт 5 420 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч ...*******ээс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 600 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг зээлж авсан.Энэ зээлээ төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг зээлж аваагүй гэсэн тайлбар гаргаж байгаа.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан байна.

Хариуцагчаас зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тохиролцоогүй гэж маргасан бөгөөд дээрх 3 зээлийн гэрээнд хариуцагч үсэг зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2315 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн 2015.03.19-ний өдөр, 2015.03.20-ны өдөр, 2015.08.19-ний өдөр тус тус байгуулсан Зээлийн гэрээ гэх баримтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 2015.03.19-ний өдөр, 2015.03.20-ны өдөр, 2015.08.19-ний өдөр тус тус байгуулсан Зээлийн гэрээ гэх баримтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүдийг харьцуулах загварт ирүүлсэн ******* гэх гарын үсгийн загвартай тохирч байна гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс гадна Хаан банкны орлогын мэдүүлгүүдээр ******* Б.Эрдэнэчимэг болон нарын данс руу 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөгийг, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 600 000 төгрөгийг штлжүүлсэн нь тогтоогдож байна.

Тиймээс дээрхи зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл, гэрээгээр тохирсон хугацааны хүү төлөх үүрэгтэй.

Хариуцагч 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлдүүлсэн 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж аваагүй гэж маргаж байгаа боловч 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2315 дугаар шинжээчийн дүгнэлтэд ...2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ гэх баримтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүдийг харьцуулах загварт ирүүлсэн ******* гэх гарын үсгийн загвартай тохирч байна гэсэн байх тул 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ийн данс руу шилжүүлсэн 1 000 000 төгрөгнөөс 500 000 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэчимэг зээлж авсан гэж дүгнэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч хүү тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлдүүлсэн 1 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлдүүлсэн 500 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлдүүлсэн 2 600 000 төгрөг, нийт 4 100 000 төгрөгийн 10 хувийн хүүтэй, 12 сараар тооцож 4 920 000 төгрөг болж байгаа ба үүнээс ******* өгсөн 3 600 000 төгрөгийг хасаад үлдэх хүү 1 320 000 төгрөгийг үндсэн зээл 4 100 000 төгрөгийн хамт нийт 5 420 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч 2 600 000 төгрөг зээлдүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрээнд зээлийн хүүг тогтоогоогүй байх тул 2 600 000 төгрөгт хүү тооцох боложгүй гэж үзлээ.

Харин 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 12 сараар тооцож хүү 1 200 000 төгрөг,

2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 12 сараар тооцож хүү 600 000 төгрөг, нийт 5 900 000 /2 600 000 төгрөг, 1 000 000 төгрөг, хүү 1 200 000 төгрөг, 500 000 төгрөг, хүү 600 000 төгрөг/ төгрөгнөөс нэхэмжлэгчийн хариуцагчаас гэж хүлээн зөвшөөрч байгаа 3 650 000 төгрөгийг хасч үлдэх 2 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 170 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг 21, 24 сараар байгуулсан хэдий ч нийт 12 сарын хугацааны хүү нэхэмжилсэн, түүнчлэн алданги нэхэмжлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т заасныг баримтлан хариуцагч  2 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 170 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА