Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э холбогдох эрүүгийн 2424000530054 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ..................................................

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Энь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 19-1900 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Л.Б дандаа яагаад хүүхдээ хөөж тууж байдаг юм гэж гэж хэлснээс болж хоол аягалдаг ган халбагаар түүний толгой хэсэг рүү цохиж улмаар Л.Б эрүүл мэндэд баруун чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Э холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

1.1. Шүүгдэгч Б.Энь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 19-1900 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Л.Б дандаа яагаад хүүхдээ хөөж тууж байдаг юм гэж гэж хэлснээс болж хоол аягалдаг ган халбагаар түүний толгой хэсэг рүү цохиж эрүүл мэндэд баруун чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа буугаад гэртээ ирээд цайгаа уучхаад сууж байтал манай нөхөр Б.Эби хүмүүстэй рашаанд явах гэж байна, надад 500,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь манай том охин Цэцэгмаа аавдаа хандаад удахгүй бүгдээрээ рашаанд явах гэж байж 500,000 төгрөгөөр яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр Э та нар бүгдээрээ зайлцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь манай том охин Цэцэгмаа дээд давхар руу гарсан. Би нөхөртөө хандаад дандаа яагаад хүүхдээ хөөж тууж байдаг юм гэж хэлчхээд утсаа хараад сууж байтал ар талд юм дугарах шиг болохоор нь эргээд хартал миний ард талд хоол аягалдаг ган халбага газар унасан байсан. Тэгээд миний толгойн ар хэсэгт халуу оргиод байхаар нь гараараа дараад үзтэл цус гарч байсан. Тэгээд дээд давхраас том охин Цэцэгмаа бууж ирсэн, бага охин О талхны цехээс гарч ирсэн. Миний толгойноос цус ихээр гараад байсан манай том охин тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан. Бага охин О цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг авч яваад, би 2 охинтойгоо хамт эмнэлэг явж толгойдоо 2 оёдол тавиулсан... гэсэн мэдүүлэг /хх 22-29/,

 Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2024 оны 07 дугар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг Хөгжлийн 19-1900 тоот хашаанд байх нарийн боовны цехэд гурилан бүтээгдэхүүн хийж байхад манай эгч Цэцэгмаа байшингийн хаалганы үүдэнд миний нэрийг дуудсан. Тэгээд би цехийн цонхоор хараад гүйж очсон. Тэгтэл байшинд орж ирэхэд ээж Буяндэлгэрийн толгой хэсгээс цус гарсан, шалан дээр цус дусаж байсан. Тэгэхээр би юу болсон талаар ээжээс асуухад нөхөр Э миний толгой руу юм шидчихлээ. Харин эгч Цэцэгмаа хоолны төмөр халбага шидэж цохисон байна гэсэн. Тэгээд би цагдаагийн 70468102 дугаар руу залган дуудлага өгсөн. Тэгэхэд надаас юу болсон талаар асуухаар би манай аав Э ээж Буяндэлгэрийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэсэн дуудлага өгсөн. Тэгсний дараагаар нэг эрэгтэй, нэг эмэгтэй цагдаа ирсэн. Цагдаа ирээд аавыг аваад явсан. Ээжийг 1 цагдаа эмнэлэг рүү авч явсан... гэсэн мэдүүлэг /хх 37-39/,

Шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 000000290 дугаартай ...Л.Б эрүүл мэндэд хохирол учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун чамархайн хуйханд шарх хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Л.Б эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх 43-47/, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тавтиргүй зангаасаа болоод хоол аягалдаг ган халбагыг эхнэр рүү шидсэн. Тэр үед эхнэрийн толгойноос цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч Л.Б мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

1.3. Шүүгдэгч Б.Эын: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно. 

2. Прокуророос шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.Эын хохирогч Л.Б лүү хоолны жижиг халбага шидэж толгойн тус газарт оносон үйлдэл хохирогчид учирсан баруун чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Энь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

 

4.1. Шүүгдэгч Б.Эын үйлдлийн улмаас хохирогч Л.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 Хохирогч Л.Б нь “...Б.Эаас гаргуулах хохирол төлбөргүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Энь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болно.

 

4.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Эын дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.Б эрүүл мэндэд хохирол учирсны улмаас хохирогч нь эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан болох нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хохирогч Л.Б нь дээрх хугацаанд 3 удаа Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 414.988 төгрөгийн үйлчилгээний зардал авсан байсан. Дээр үйлчилгээг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс авсан байсан. ...Хохирогч Л.Б Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 414,988 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр бүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгүүдээр /хх 30-32/ тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Энь эрүүл мэндийн даатгалд учруулсан хохирол 414,988 төгрөгийг төлөхөө илэрхийлж “...Миний бие эрүүл мэндийн даатгалд төлсөн хохирлоо 11 сард төлнө...” гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Иймд шүүгдэгч Б.Эаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 414,988 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Энь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэцэд эмгэг судлалын шинжээчийн  24 дугаартай: “... Б.Энь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчин үгүй болно. Б.Эын удамд сэтгэц мэдрэлийн өвчтэй хүн байдаггүй болно. Б.Энь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Б.Энь хэрэг үйлдэгдэх үед болон үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодож чадаж байгаа болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ц овогт Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Эаас 414,988 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

           7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ