Улсын дээд шүүхийн

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/хт2026/00058

 

С.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06485 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/01787 дугаар магадлалтай,

С.З-гийн нэхэмжлэлтэй,

“М” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч О.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.З нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06485 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.З-гийн хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2023.09.07-ны өдрийн Б/477 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.З-г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72,016,897 /далан хоёр сая арван зургаан мянга найман зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.З-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/01787 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.З-г “М” ТӨХК-д Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “М” ТӨХК-аас олговорт 61,893,220 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.З-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч “М” ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,123,677 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “дурдсугай.” гэснийг “дурдаж, хариуцагч “М” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 467,416 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч О.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 210/МА2024/01787 магадлалтыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч С.З нь тушаал хүчингүй болгож, Төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.30-ны өдрийн 191/ШШ/2025/06485 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.17-ны өдрийн 210/МА2025/01787 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тус магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх болсон гол үндэслэлээ “ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг мөрдөх ба энэ тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан асуудлаар ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх үүрэгтэй. Учир нь ажил олгогч ба ажилтны төлөөллийн хооронд хийх хэлэлцээрийн дүнд ажилтны тоо багасах шаардлага, үндэслэл тодорхой болох, сул орон тоонд ажилтныг шилжүүлэх боломж, ажлын байр шинээр бий болоход ажилтан тэргүүн элжинд орж ажиллах боломжийг хэрхэн эдлэх, ажилтныг мэргэшүүлэх, сургах зэрэг тухайн үед ажиллаж байсан ажилтнуудын ажиллах нөхцөлийг хэвээр хадгалах, тэдний хөдөлмөр-нийгмийн үндсэн эрхийг хангахад чиглэсэн асуудлууд тодорхойлогдоно” гэж тусгажээ. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т “Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ” гэж заасан боловч уг тохиолдолд ажилтны төлөөлөгч байхгүй тул хариуцагчаас ажилтан тус бүрд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлж мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д “1 сар түүнээс дээш тэтгэмж олгохоор заасан атал 3 сарын тэтгэмж олгосон зэргээр 81.3-т заасан асуудлыг хэлэлцсэн болохыг харуулж байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан болон ажил олгогчийн эрх, үүргийг тус тусад нь хуульчилж өгсөн ба энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ажилтны төлөөлөгч” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгч, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтныг” ойлгохоор зааж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд шударга бус дараах үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглоно" гээд 11.1.2-т “ажил олгогчийн хяналтын доор үйлдвэрчний эвлэл байгуулах, эвлэлдэн нэгдэхийг ажилтанд тулгах” гэж тус тус зааснаас үзвэл магадлал дурдсан ажилтны төлөөлөгчийг ажил олгогч буюу хариуцагч сонгож болохгүй, ажилтанд олгогдсон эрхэд хамааруулж болохоор байна. Үүнээс үзвэл хариуцагчийн ажилтны төлөөлөгч байхгүй тул ажилтан тус бүртэй хэлэлцэж, хуульд заасан ажиллагааг хийснийг буруутгах үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийгээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Д.Золзаяагийн хувьд манай байгууллагаас түүнд өөр ажлын байр буюу /хэлэлцээр хийх замаар/ Төлөвлөгөөний хэлтсийн даргын албан тушаал санал олгож улмаар Авлигатай тэмцэх газар руу ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг судлуулсан боловч ажлын байрны гол шаардлага болох эрх зүйч байх шаардлагыг эрээр хангаагүй байсан тул түүнийг томилох боломжгүй болсон.

4.2. Түүнчлэн магадлалын хянавал хэсгийн 13-т Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан үндэслэлээр дуусгавар болгохоор зохицуулжээ. Нэхэмжлэгч С.З-гийн хувьд өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлт гаргаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар тайлбараа хариуцагч баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна. Тухайлбал хавтаст хэргийн 105-р талд нэхэмжлэгч С.З-гийн 2023.09.01-ний өдөр бичсэн чөлөөлөгдөх болон тэтгэмж 6 сараар авах тухай хүсэлт авагдсан. Гэвч давж заалдах шатны шүүхээс уг баримтыг байхгүй мэтээр дүгнэж хариуцагчийг уг нөхцөл байдлыг нотолж чадаагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч О.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.26-ны өдрийн 001/ШХТ2026/00030 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгч О.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч С.З нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Би “З” ХХК-д 2021.02.02-ны өдөр нягтлан бодогчоор анх ажилд орсон ба Монгол Улсын Засгийн газрын /2023.11.30/ хуралдаанаар “З” ХХК-ийг “М” ТӨХК-д нэгтгэх шийдвэр гаргаж, ... үүний дагуу би 2023 оны 1-р сараас “М” ТӨХК-нд Санхүү, эдийн засгийн газрын харьяа Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерээр томилогдон ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх заалтын дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2023.08.07-ны өдөр надад өгсөн. Тухайн үед ...“М” ТӨХК нь С.З намайг Төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар хүргүүлсэн атлаа ... тухайн албан тушаалд томилоогүй. ... “М” ТӨХК нь 119 ажилтныг ажлаас халахдаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан арга хэмжээ аваагүй бөгөөд Үйлдвэрчний эвлэл байхгүй, ажилтнуудын төлөөлөгчидтэй ямар нэгэн гэрээ хэлэлцээ хийгээгүй, сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, шинэ ажлын байр бий болоход ажилтныг эхний ээлжид авч ажиллуулах зэрэг хуульд заасан эрх эдлүүлэх боломж олгоогүй. ...” гэж тодорхойлжээ.  

8. Хариуцагч “М” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023.07.20-ны өдрийн 379 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “М” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоо 119-өөр хасагдсан. Үүний дагуу Санхүү, эдийн засгийн газар нь Санхүү, эдийн засгийн ахлах менежер-1, Нягтлан бодох бүртгэлийн албаны менежер-1, Ерөнхий нягтлан бодогч-1, ахлах нягтлан бодогч-1, нийт-15 бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд тус тогтоол батлагдсанаар Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга-1, Ерөнхий нягтлан бодогч-1, нягтлан бодогч-5, нярав-2, нийт-9 орон тоотой болж 5 орон тоо хасагдаж, Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн албан тушаал нь хасагдаж батлагдсан. “М” ТӨХК-ийн зүгээс дээрх шийдвэрийн дагуу ажилтан бүрд 2023.08.07-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн. ... компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан үндэслэлээр С.З-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023.09.08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь 2023.09.01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ “М” ТӨХК-ийн захиргаанд гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг С.З нь өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тогтоолгон авсан. Нэхэмжлэгчийн тухайд Төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар хүргүүлсэн боловч шаардлага хангаагүй учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3-т заасан асуудлыг процессын дагуу хийсэн. Харин ажилтны төлөөлөгчийг бий болгоогүй гэдэг нь ажил олгогчийн үүрэг биш. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөгдөж байгаа 119 хүн эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө ажил олгогчийг буруутгаж болохгүй. ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023.07.20-ны өдрийн 379 дугаар тогтоол болон тогтоолын 1 дүгээр хавсралт, тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар Санхүү, эдийн засгийн газар татан буугдаж, Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан ... байна. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2023.08.07-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгсөн болох нь тогтоогдсон. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2, мөн хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хөдөлмөрийн хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй буюу дээрх үндэслэлээр бөөнөөр халах үеийн зохицуулалтыг зөрчжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь заалтад зааснаар шүүх хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох ба хариуцагчийн Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан байх тул нэхэмжлэгчийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. ...Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр болон Төлөвлөлтийн хэлтсийн даргын ажлын байрны зорилт, үндсэн чиг үүргүүд өөр ... тул ... хариуцагч нь нэхэмжлэгчийг Төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4 дэх заалтад зааснаар ямар ажлын байранд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бичгээр тодруулаагүй ба ямар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна. Нэхэмжлэгч нь эзэмшсэн байх ёстой мэргэжлийн шаардлага хангасан гэх үндэслэлээр ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолт нь илэрхий өөр ажлын байранд хариуцагчийн саналыг харгалзалгүй шүүхээс шууд томилох нь хариуцагчийн хөдөлмөрийн харилцаанд шийдвэр гаргах бие даасан байдал, ажилтан ба ажил олгогчийн харилцан тохиролцон шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс оролцсон явдал болно.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч С.З-г урьд эрхэлж байсан Санхүү эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ... ажилтанд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт ... нийт 61,893,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ дараах үндэслэлийг заасан. Үүнд:

10.1. “... Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд хууль зүйн зохих дүгнэлтийг бүрэн өгөөгүй, маргааныг нэг мөр, үндэслэл бүхий шийдвэрлээгүй … ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг мөрдөх ба энэ тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан асуудлаар ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх үүрэгтэй. ... Хэргийн баримтаас үзвэл ийм хэлэлцээр хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

10.2. Санхүү эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан гэж үзвэл түүний оронд мэргэжлийн шаардлага хангаж буй бусад ажлын байранд шууд, эсхүл сонгон шалгаруулалтаар, эсхүл мэргэжлээ дээшлүүлэх зарчмаар орж ажиллах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэгт заасан ажилтны эрх зөрчигдсөн гэж үзэхэд хүргэж байна.

10.3. “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.02.16-ны өдрийн А/27 дугаар тушаалаар дахин тус компанийн ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг шинэчилж баталсан байх бөгөөд үүнд нийт ажилтны орон тоо 550 хэвээр боловч, төв ажлын байрны тухайд 141 орон тоотой байхаар, үүнээс энэ маргаанд хамаарах сүүлд баталсан Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хувьд 9 орон тоог нягтлан бодогч 1 орон тоогоор нэмэгдүүлж нийт 10 орон тоотой байхаар тогтоожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэг ..., заасныг маргааны энэ тохиолдолд ажил олгогч хэрэгжүүлээгүй байна. ...” гэсэн дүгнэлт хийжээ. 

11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй талаар адил дүгнэлт хийсэн боловч үр дагаврыг өөр өөрөөр дүгнэж, ялгаатай шийдэл гаргасан ба энэ тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

12. Хэргийн баримтаар нэхэмжлэгч С.З нь 2021.02.02-ны өдрөөс “З” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022.12.30-ны өдрийн “З” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 725 дугаар тогтоолоор “З” ХХК-ийг “М” ТӨХК-д нэгтгэснээр “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.01.23-ны өдрийн 6/41 дүгээр тушаалаар 2023.01.16-ны өдрөөс Санхүү, эдийн засгийн газарт Нягтлан бодох бүртгэлийн албаны менежер албан тушаалд томилогдсон, “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.09.07-ны өдрийн Б/477 дугаар тушаалаар С.З-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогджээ.

13. Хариуцагч “М” ТӨХК нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.9, 8.11.11, Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9, 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.2, 12.6, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023.07.20-ны өдрийн 379 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлын 23/18 дугаар тогтоол, С.З-гийн гаргасан хүсэлтийг тус тус удирдлага болгож, тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан гэж заажээ.

14. Түүнчлэн “М” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023.07.19-ний өдрийн 23/18 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг нийт орон тоог 550 болгож, шинэчлэн тогтоосон, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023.07.20-ны өдрийн “М” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсалт шинэчлэн батлах тухай 379 дүгээр тогтоолоор нийт орон тоог 550 болгож, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс-9 орон тоотой, үүнд Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга-1, Ерөнхий нягтлан бодогч-1, Нягтлан бодогч-5, кассын нярав-1, Аж ахуйн нярав-1 байхаар тогтоосон.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн албан тушаал нь “М” ТӨХК-ийн 2023.01.19-ний өдрийн Компанийн албан тушаалын жагсаалт, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай А/01 дүгээр тушаалаар Санхүү эдийн засгийн газарт харьяалагдаж, нийт 20 орон тоотой, үүнд Санхүү, эдийн засгийн газрын ахлах менежер-1, Нягтлан бодох бүртгэлийн алба-14, Ерөнхий нягтлан бодогч 1, Нягтлан бодох бүртгэлийн албаны менежер 1, ахлах нягтлан бодогч-1, нягтлан бодогч 9, кассын нярав 1, аж ахуйн нярав-1, Эдийн засгийн алба-Эдийн засгийн албаны менежер-1, төсвийн эдийн засагч-1,эдийн засагч-3 орон тоотой байсан.

15. Зохигч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэгжүүлсэн эсэх, үүнд өөр сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах зэрэг асуудлаар маргажээ.

16. Хоёр шатны шүүх ажлын байр хасагдсан болон Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3-т заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтыг ажил олгогч хэрэгжүүлээгүй талаар адил дүгнэлт хийсэн боловч анхан шатны шүүх ажил олгогчийн саналыг харгалзалгүй өөр ажлын байранд томилох боломжгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж ажилтны хөдөлмөрлөх эрхийг сэргээн тогтоогоогүй нь хуульд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ алдааг залруулж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1-д зааснаар ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно.

Хэргийн баримтаар “М” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар нийт орон тоог 550 болгож, шинэчлэн тогтоосон ба энэ хүрээнд Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн орон тоог 9 болгож, нэхэмжлэгчийн ажиллаж байсан “нягтлан бодох бүртгэлийн албаны менежер” ажлын байр хасагдсан нь тогтоогдсон боловч ажил олгогч бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.1, 81.1.2, 81.1.3-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр 10-50 ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын тав ба түүнээс дээш ажилтны, 51-499 ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны 10 ба түүнээс дээш хувийн, 500 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын 50 ба түүнээс дээш ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг бөөнөөр халсанд тооцохоор заасан.

Өөрөөр хэлбэл хариуцагч “М” ТӨХК нь өмнө байсан нийт 669 орон тоог 550 болгож, нийт 119 хүнийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.3-т зааснаар ажилтныг бөөнөөр халсанд тооцох ба ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаас гадна дээрх хуульд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэглэх ёстой.

Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Ажил олгогч ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдэж, энэ хуулийн 81.3-т заасан асуудлаар хэлэлцээ хийнэ.” 81.3-т “Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.” гэж тус тус заасан.

Гэтэл ажил олгогчоос ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хуульд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй буюу ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийгээгүй байх ба хариуцагчийн энэ талаарх “…ажилтны төлөөлөгчийг ажилтнууд өөрсдөө бий болгоогүй, ажилтан нэг бүрд мэдэгдэл хүргүүлсэн нь бөөнөөр халах үеийн зохицуулалтад нийцсэн ...” гэсэн агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т бөөнөөр халах үйл явц өрнөхөд ажилтны төлөөлөлтэй ажил олгогчийн зайлшгүй хэлэлцэх асуудлыг тодорхойлсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгч, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтны төлөөлөгчтэй асуудлыг огт хэлэлцээгүй байна.

Ийнхүү бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх нь ажилтны эрхийг ажил олгогчтой тэнцвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд талуудын тэгш байдлыг хангахад ач холбогдолтой тул энэ үе шатыг хэрэгжүүлээгүй ажил олгогчийг ажилтны эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэдийгээр “нягтлан бодох бүртгэлийн албаны менежер” ажлын байр хасагдсан боловч түүний оронд мэргэжлийн шаардлага хангаж буй бусад ажлын байранд шууд, эсхүл сонгон шалгаруулалтаар, эсхүл мэргэжлээ дээшлүүлэх зарчмаар орж ажиллах боломжийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгоогүй үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д “Ажил олгогч бөөнөөр халснаас хойш нэг жилийн дотор шинээр бий болсон, эсхүл нэмэгдсэн ажлын байранд энэ хуулийн 81.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан хүн тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд түүний хүсэлтээр эхний ээлжид авч ажиллуулна.” гэж заасан.

Улмаар давж заалдах шатны шүүх “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.02.16-ны өдрийн А/27 дугаар тушаалаар дахин тус компанийн ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг шинэчилж баталсан ба үүнд нийт ажилтны орон тоо 550 хэвээр боловч, төв ажлын байрны тухайд 141 орон тоотой байхаар, үүнээс энэ маргаанд хамаарах Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хувьд сүүлд баталсан 9 орон тоог нягтлан бодогч 1 орон тоогоор нэмэгдүүлж, нийт 10 орон тоотой байхаар тогтоосон үйл баримтыг үндэслэн ажил олгогчийг дээрх хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

18. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлт гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн байхын зэрэгцээ ажилтны Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж авах тухай хүсэлтийг өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлттэй адилтган үзэх үндэслэлгүй болно.

19. Түүнчлэн ажилтны зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх зорилгын хүрээнд түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй бөгөөд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах замаар ажилтны эрхийг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад нийцнэ.

20. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/01787 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.Дын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “М” ТӨХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.11.27-ны өдөр төлсөн 476,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                            Д.ЦОЛМОН

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД