Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2020/00998

 

 

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2020/00998

Орхон аймаг

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 18 гудамжны 01 тоотод оршин суух Эрхэт овогт Буянхишигийн Нямхүү /регистрийн дугаар ФМ81072977/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1965 онд төрсөн, 55 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-27 байрны 13 тоотод оршин суух Боржигин овогт Бурмаагийн Эрдэнэчимэг /регистрийн дугаар ФМ65030267/-т холбогдох үрчлэлт хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Анхзаяа, хариуцагч Б.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нямхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 онд эхнэр Ө.Анхзаяатай танилцаж, 2004 онд хүүтэй болсон. Хэсэг хугацаанд бид хоёр салсан. Энэ үед хүүг минь эмээд нь 2005 онд үрчлүүлсэн байсан. 2006 онд бид эргээд нийлж гэрлэлтээ батлуулаад одоог хүртэл амьдарч байна. Иймд хүүгээ өөрөөрөө овоглох хүсэлтэй байна. Үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Нямхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Анхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 2003 онд нөхөр Б.Нямхүүтэй танилцаад 2004 онд хүүтэй болсон. 2004 онд хүүгээ төрөх үед Б.Нямхүү бид хоёр тус тусдаа байсан. Төрсний дараа хүүхдээ Ариунгарьд гэж нэрлээд ээждээ үрчлүүлээд, эмээ Б.Эрдэнэчимэг нь үрчилж авсан. Тэгээд 2005 онд Б.Нямхүү бид хоёр эргэж нийлээд өдий хүртэл хамт амьдарч байгаа. Одоо хүүхэд маань 16 насанд хүрч байгаа, хүүхэд маань өөрөө аав байгаа юм чинь ааваараа овогломоор байна гээд байгаа. Тийм учраас Ариунгарьдийн үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан гэв.

Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний охин Ө.Анхзаяа нь 2004 онд хүү А.Ариунгарьдаа төрүүлсэн. 2004-2006 оны хооронд хүргэн Нямхүү охин Анхзаяатай харилцаа холбоогүй байсан тул зээ хүүгээ өөрийн нэрээр овоглон үрчлэн авсан байсан. 2006 онд хүргэн хүү охин нар маань дахин харилцаа холбоотой болж одоог хүртэл гэр бүл болон амьдарцгааж байна. Иймд зээ хүүгээ аав Нямхүүгээр овоглон, үрчлэн авсан байсныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Нямхүү хариуцагч Б.Эрдэнэчимэгт холбогдуулан Э.Ариунгарьдын үрчлэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Боржигин овогт Эрдэнэчимэгийн Ариунгарьд нь Боржигон овогт Анхзаяагийн Ариунгарьдын хүү болон 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн байх бөгөөд улмаар 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ө.Анхзаяа нь өөрийн ээж Б.Эрдэнэчимэгт хүүг үрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, төрсний болон үрчлэлтийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Нямхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...хүүг төрөх үед эх Ө.Анхзаяагаас салсан байсан, одоо буцаж нийлээд гэрлэлтээ батлуулан цуг амьдарч байгаа гэж тайлбарласан бөгөөд Б.Нямхүү, Ө.Анхзаяа нар нь 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болон мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлж, 0066007 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг авчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, 60-с дээш настай этгээдэд үрчлүүлсэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээдэд хүүхэд үрчлүүлсэн зэрэг нь үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл болдог.

Б.Нямхүүгийн хүү Э.Ариунгарьдын үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж буй үндэслэл нь дээрхи нөхцөлд хамаарахгүй байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан.

Э.Ариунгарьдын төрсөн эцэг, эх нь гэрлэлтээ батлуулан гэр бүл болж амьдарч байгаа, хүү Э.Ариунгарьд 2006 оноос хойш одоог хүртэл эх Ө.Анхзаяа, эцэг Б.Нямхүү, дүү Н.Ариун-Эрдэнэ нарын хамт амьдарч байгаа, үрчилж авсан ээж болох Б.Эрдэнэчимэг нь өндөр настай зэргийг харгалзан үзэж Боржигон овогт Анхзаяагийн Ариунгарьдыг Боржигин овогт Бурмаагийн Эрдэнэчимэгт 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Боржигон овогт Анхзаяагийн Ариунгарьд /ФД04261933/-ыг Боржигин овогт Бурмаагийн Эрдэнэчимэг /ФМ65030267/-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Ариунгарьдыг төрүүлсэн эх Ө.Анхзаяа, эцэг Б.Нямхүү нарын асрамжинд байлгасугай.

3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.ҮҮРИЙНТУЯА