Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

Улсын яллагч Г.Ганбагана,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Хохирогчийн өмгөөлөгч Сүхээ,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 164 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* шавь овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2407000000203 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* ******* аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, 

урьд Хан-уул дүүрэг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 174 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дах хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан.

******* овогт *******гийн ******* /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 12-ний өдөр Налайх дүүрэг ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт Г.ыг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд “бүсэлхийн хоёр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шуу ясны сэлтэрсэн хугарал, зүүн талын нэг хавирганы хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Г.ын өгсөн мэдүүлэг /хх-10-12, 14-15/, гэрч Т.ы мэдүүлэг /хх-19-21/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх-23-24/, гэрч Г.гийн мэдүүлэг /хх-26-28/, шинжээчийн 384 дугаартай дүгнэлт /хх-35-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мартын зүгээс: Хохирол төлсөн баримт /хх-78/, гэрч Г.гийн мэдүүлэг /хх-26-28/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-57-59/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, цалингийн дансны хуулга, хохирогчид хохирлын мөнгө төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би 07 сарын 09-нд амралтаа аваад ирсэн Улаанбаатар хотод. Эхнэр маань амралтаа аваад Улаанбаатарт ирсэн байсан. Маргааш өглөө нь эхнэртэйгээ цуг кэмпийн тийш майхан барьж голын эрэг дээр хоносон. Өглөө нь би эхнэрээ ажилд нь хүргэж өгсөн. Өдөр 12 цаг өнгөрч байхад над руу залгаад ажил дээрээ уусан байна хүрээд ир гэсэн. Намайг жижиг машинтай очиход амралтын өрөөнд нь байхгүй байсан. Ажилчдаас асуухад байхгүй байна, цаагуур чинь байгаа байх гэсэн. Утсаа авахгүй байхаар нь гадаа гараад зогсож байсан. Доод талын гэрт орилох чимээ нь гарсан, зэргэлдээ хоёр гэр лүү ороход зүүн талынх нь орон дээр хүзүүг нь ороосон байдалтай үнсэж байсан. Тухайн үедээ гэнэт уур хүрээд араас нь татаж байгаад цохиод бөгс рүү нь өшиглөсөн. Тэгэхэд баруун талын орон дээр хэвтэж байсан босож ирээд намайг араас татаж салгасан. Тэгээд г бид хоёр дамжлаад машинтай авч явсан” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 12-ний өдөр Налайх дүүрэг ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт Г.ыг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд “бүсэлхийн хоёр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шуу ясны сэлтэрсэн хугарал, зүүн талын нэг хавирганы хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би хамт ажилладаг тогооч хийдэг гэх хоёр эмэгтэйтэй хамт хоёр лааз пиво уусан дараа нь нэг шил АГАР нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан. Бид гурвыг амралтын газрын тогоочийн гэрт байж байхад гийн нөхөр нь гэх залуу гаднаас ганцаараа орж ирээд намайг эхнэртэйгээ хардсан юм уу яасан юм бүү мэд шууд намайг гэрт орон дээр сууж байхад 2 удаа нуруу руу өшиглөж мөн гар уруу цохиж гэмтээсэн... Би тай нэг оронд хэвтээгүй харин гийн хэвтэж байсан орны өмнө нь сууж байсан юм. Энэ үед зүүн талын орон дээр хэвтэж байсан. гийн нөхөр нь орж ирээд шууд хүрч ирээд намайг цохиж зодож хөлөөрөө өшиглөсөн. Би хэсэг зуур зодуулаад ухаан алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 14-15-р хуудас/

Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 14 цаг 30 минутад 9 хүний хоол хийх байсан учир гал тогоо уруу явсан ба нөгөө хэд гэрт үлдсэн. Намайг гал тогоонд махаа хэрчиж байхад 16 цаг өнгөрч байхад манай охин Уранхэлхээ уйлаад гүйгээд ирсэн тэгэхээр нь юу болсон бэ гэхэд аавыг эгчийн нөхөр нь зодоод байна гэхээр нь гүйгээд очих замд , , гийн нөхөр гурав машинаа асаагаад амралтын газраас явж байсан тэгэхээр нь би шууд гэр рүү яваад ортол манай нөхөр газар унтаж байсан ба толгой хамраас нь цус гарсан байхаар нь би шууд Налайхын цагдаад дуудлага өгсөн. Хоёр цагдаа ирээд манай нөхрийг дуудаж сэрээгээд манай захирал машинаар Налайхын эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ажилчдын гэрт орж авсан архиа , , бид нар хувааж уусан. ажил руугаа явсан ба би тасраад унтаад өгсөн тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь манай нөхөр намайг гэрээс аваад гарч байсан тэгээд майхан дээрээ очсон. Би ерөөсөө санахгүй байгаа юм. Манай нөхөр гэрт орж ирээд ыг зодсон гэсэн би санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хадаа, бид 3 үргэлжлүүлээд 1 шил 0.75 литртэй архи уугаад бараг тасраад бид хоёр нэг орон дээр унтсан тэгэхэд Хадаа хажууд ирж суучхаад байсан ба яах гэж байгаа юм бэ гэж асуухад зүгээр зүгээр гээд байсан тэгээд хойд орон дээр хэвтэж байж байн байн босож ирээд хажууд суугаад байсан. Тэгээд би унтаад өгсөн ба нэг сэрэхэд гийн нөхөр ороод ирчихсэн Хадааг орон дээрээс татаж унагаад газар хэвтүүлээд ар нуруу руу 2-3 удаа өшиглөөд эхнэрийг нь илж таалаад хэвтэж байна гээд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/

Шинжээч эмч Ням-Осорын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн “...Ганзоригийн ын биед бүсэлхийн хоёр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шуу ясны сэлтэрсэн хугарал, зүүн талын нэг хавирганы хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт

/хх-ийн 35-36-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Г.ын биед бүсэлхийн хоёр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шуу ясны сэлтэрсэн хугарал, зүүн талын нэг хавирганы хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулсан

болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 384 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Д.******* нь урьд өмнө нэг удаагийн ял шийтгэлтэй, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол хор уршгийг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирол хор уршгийг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалтай. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч Г.ын эрүүл мэндэд учирсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөг төлсөн, шүүхийн шатанд 500,000 төгрөг төлсөн, мөн 1,500,000 төгрөгт тооцож гар утсаар нөхөн төлсөн, Г.ын зүгээс бодитоор ямар нэгэн баримттай нэхэмжилсэн зүйл байхгүй. Хохирогчийн эрүүл мэндэд 3 хэсэг газарт ясны хугаралтай байгаа, тодорхой хэмжээнд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдуулах саналтай байна” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “2024 оны 07 сарын 12-ны өдөр амралтын газар Д.******* нь Г.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид хохирол төлбөр барагдуулсан, нийт 3,000,000 төгрөгийг төлсөн, бөгөөд нэхэмжилсэн зүйл байхгүй байна. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Ямар ч эр хүн эхнэрийнх нь хажуугаар ороод хэвтэж байгаа эрэгтэй хүнийг хараад зүгээр байхгүй байх. Аль аль талдаа зүй ёсны асуудал байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаас 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргав.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Г.ын биед халдаж хүндэвтэр хохирол учруулсан ба шүүгдэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд 1,000,000 төгрөг, шүүхийн шатанд 500,000 төгрөг, 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас зэргийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* шавь овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г. нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ