| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/00470/И |
| Дугаар | 142/ШШ2020/01012 |
| Огноо | 2020-08-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2020/01012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 хороо 11 хороолол 2 байрны 27 тоотод оршин суух Боржгин овогт Батчулууны *******д холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Туяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дугаартай захирамжаар Ж.Туяа надад Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын Б хэсэгт 91 тоот 294 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Миний бие уг газар дээр амины орон сууц барихаар төлөвлөж кадастрын зураг болон байшингийн зураг төслөө хийлгэж байх үед хэн нэгэн хүн миний эзэмшил газрыг тойруулан төмөр хашаа барьсан байсан. Уг хашаа нь нилээд том байсан тул хамтдаа газар авсан хүмүүсээс асууж сурагласан чинь мэдэх хүн байгаагүй. Зарим хүмүүс миний газрыг хашсан байна гэж байсан. Ингээд газрыг хашиж авсан хүнийг хайгаад олоогүй. Тэгээд удаа дараа газрын албанд хандахад уг хашаа барьсан хүнийг ******* гэдэг хүн болохыг мэдэж авсан. Энэ ******* гэдэг хүнтэй уулзахад тодорхой юм хэлэхгүй мөртлөө ойлголоо гэсэн ухаантай юм хэлсэн. Тэгээд хашаагаа буулгаад авчих байх гээд зөндөө хүлээлээ. Сүүлдээ хаана байгаа нь ч мэдэгдэхгүй, хашаагаа ч буулгахгүй байгаад 2 жил гаруй болжээ. Иймд Ж.Туяа миний эзэмшил газрыг ******* хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* гэгч нь ******* миний эзэмшлийн ******* амины орон сууцны зориулалттай 294 м.кв газрыг хууль бусаар өөрийн эзэмшилд авсан байх тул уг эзэмшил газрыг чөлөөлүүлэх тухай.
Орхон аймгийн засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А/71тоот дугаартай захирамжаар ******* надад Хүрэнбулаг багийн 11-р хорооллын Б хэсэгт 94 тоот 294 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Миний бие уг газар дээр амины орон сууц барихаар төлөвлөж кадастрын зураг болон байшингийн зураг төсвөө хийлгэж байх үед хэн нэгэн хүн миний эзэмшил газрыг тойруулан төмөр хашаа барьсан байсан. Уг хашаа нь нилдээ том байсан тул хамтдаа газар авсан хүмүүсээс асууж сурагласан чинь мэдэх хүн байгаагүй. Зарим хүмүүс миний газрыг ч бас хашсан байна гэж байсан.
Ингээд газрыг хашиж авсан хүнийг бид хайгаад олоогүй. Тэгээд удаа дараа газрын албанд хандахад уг хашаа барьсан хүнийг ******* гэдэг хүн болохыг мэдэж авсан. Энэ ******* гэдэг хүнтэй манай газартай газраа хашуулсан Ж. Туяа гэдэг хүн уулзахад ойлголоо гэсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй, хашаагаа ч буулгахгүй байсаар биднийг маш их хохироож байна.
Иймд ******* миний эзэмшил газрыг ******* хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Ер нь бол хашааг өөрийн газраас илүү гаргаж барьсан гэдгийг Б.******* сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч нартай харилцан тохиролцох хүсэлтэй байгаа.....2012 онд Б.*******д газар олгосон 470 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэдгийг Б.******* мэдээгүй. Б.******* 91 тоотыг н.Цэгмид гэдэг хүнээс эрт шилжүүлж авсан.Харин 93 тоотыг шилжүүлж аваад Газрын харилцаа хот байгуулалтын газар очиж гэрээ хийж гэрчилгээ аваагүй байсан юм гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Туяа, ******* нар хариуцагч Б.*******д холбогдуулан өөрийн эзэмшил газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар Ж.Туяад Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Б хэсэгт байрлах нэгж талбарын 18430433330830 дугаартай 92 тоот 294 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 000490947 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
Нэхэмжлэгч *******ийн хувьд мөн дээрх Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Б хэсэгт байрлах нэгж талбарын 18430433355842 дугаартай 94 тоот 300 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
Хариуцагч Б.*******д Орхон аймгийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 327 дугаар захирамжаар мөн аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Б хэсэгт байрлах нэгж талбарын 18430433339804 дугаартай 1369 м.кв Сүм хийдийн зориулалтаар 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болох нь Орхон аймгийн Засаг даргын 2002 оны 327 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 000490928 дугаартай гэрчилгээ, кадастрын зургаар тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.4-д Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж тус тус заасан.
Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Б хэсэгт хариуцагч Б.******* хашаа барьсан гэдэгтэй хариуцагч маргаагүй, уг барьсан хашаа нь нэхэмжлэгч *******, Ж.Туяа нарын эзэмшил газартай давхцсан гэдэг нь нэхэмжлэгч нарын тайлбар, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/38 дугаар тушаалаар томилогдсон шинжээч нарын ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ******* барьсан хашаа нь Ж.Туяа, ******* нар болон бусдын эзэмшил газартай давхцсан байх бөгөөд нийт 1996 м.кв газрыг илүү хашаалсан байна гэх дүгнэлт, хавсралт зураг /Бусдын эзэмшил газартай давхцсан ба талбайн хэмжээ 965 м.кв/ зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч *******, Ж.Туяа нар бусдын хууль бус эзэмшлээс газраа албадан чөлөөлүүлэх эрхтэй, хариуцагч тухайн газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
*******, Ж.Туяа нарын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, Ж.Туяа нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Туяагийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Б хэсэгт байрлах нэгж талбарын 18430433330830 дугаартай 92 тоот 294 м.кв газар, *******ийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Б хэсэгт байрлах нэгж талбарын 18430433355842 дугаартай 94 тоот 300 м.кв газрыг тус тус ******* хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу *******, Ж.Туяа нарын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА