Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 166

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Т.Орхонтуяа, Р.Батсүрэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ганзориг /ҮД:2446/,

хохирогч Д.Должинсүрэн,

шинжээч Т.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 0-21 насны 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 2 дугаар гудамжны 42 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 454 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЧМ79070803/ Боржигин овогт Таванцэрэгийн Орхонтуяа,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 454 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ГЭ72032013/ Харчин овогт Рэнцэнгийн Батсүрэн нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201725020222 дугаар 185/2017/0197/Э хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                       

Шүүгдэгч Т.Орхонтуяа, Р.Батсүрэн нар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19-454 тоотод хохирогч Д.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Орхонтуяагийн: 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр манай үүдэнд угаадас асгасан байхаар нь тэрнээс үүдэж Должин эгчтэй гэрт нь маргалдаад над руу удирдлага бариад далайхаар би гарнаас нь бариад хойшоогоо болгосон. Би Должинсүрэн эгчийн үсэнд хүрсэн. Тэгтэл Должинсүрэн эгч хөнжилдөө орооцолдоод унахдаа миний өвдгийг мөргөөд унасан. Батсүрэн бид хоёрыг салгасан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Батсүрэнгийн: 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэрийн үүдэнд угаадас асгасан байхаар нь Должинсүрэн эгчийн гэрт ороод асуух гэтэл манай эхнэр Орхонтуяа, Должинсүрэн эгчтэй маргалдаж байсан. Орхонтуяа, Должинсүрэн эгчийг үсдэхээр нь би тэр хоёрыг салгасан. Би Д.Должинсүрэн эгчийн биед хүрээгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Должинсүрэнгийн: 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр ажилтай байсан учраас охин Хашдулам бид хоёр ээжийндээ очиж хоносон. 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр манай нөхөр ирэхэд бид гурав гэртээ очиж галаа түлж, усаа авч, хоол хийсэн. Мах чанах зуур манай нөхрийг Р.Батсүрэн дуудаад аваад явсан. Хэсэг хугацааны дараа би нөхөр лүүгээ утсаар залгасан. Нөхөр гэрт ирээд намайг дүү нартай минь уулзуулсангүй гэж уурлаад эргээд гарч явсан. Сэтгэл санаа хямралтай байсан учраас хүүхдээ усанд оруулсан угаадсаа барьж явж байгаад санаандгүй унагаасан. Би гэртээ орж ирээд маргааш нь ажилтай байсан учраас гэртээ ороод усанд орж байсан. Тэгтэл гаднаас манай хоёр дүү Т.Орхонтуяа, Р.Батсүрэн нар орж ирсэн. Орж ирээд угаадас асгасан байна, үүнийгээ цэвэрлэж янзал гэсэн. Үүнээс болоод хоорондоо маргалдсан. Би Т.Орхонтуяатай үсдэлцэж байсан. Тухайн үед Р.Батсүрэн бид хоёрыг салгасан. Тэр үед миний сэтгэл санаа хямралтай байсан учраас тийм мэдүүлэг өгсөн. Манай хоёр дүү надаас уучлалт гуйсан учраас би өргөдлөө татаж авъя гэж хүсэлт өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Амартүвшингийн: 2017 оны 1 дүгээр сарын 1-нд үйл явдал болж, 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр үзлэг хийсэн байна. Үзлэгээр үүдэн дээд зүүн 1 дүгээр шүд бага зэргийн хөдөлгөөнтэй, баруун нэг зүүн нэгдүгээр шүд эмтэрсэн, доор зүүн шүд бага зэргийн хөдөлгөөнтэй, дух халцарсан, баруун зүүн тохой хөхрөлттэй, баруун чихний урд талд зулгаралттай, баруун өвдөгний үед хүрэн өнгийн цус хуралттай гэх мэтчилэн тэмдэглэгдсэн байна. Дүгнэлтээр үүдэн дээр зүүн шүдний сулрал, баруун нэг зүүн хоёрдугаар шүдний хугарал, дух, баруун тохой үе, баруун өвдөг шилбэний цус хуралт, баруун чихний урд зулгаралт тогтоогдсон байна гэж нэг бүрчлэн оруулсан байна. Баруун тохойн хөхрөлт гэмтэл өнгөний шинж чанараас харахад шинэ гэмтэл байна. Үзлэгийн шинж чанараас 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Хохирогчийн бие дээр олон тооны гэмтэл байгаа учраас нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэж үзсэн байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунбатын: ...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Бэлх-112 дуудлагатай машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Бэлх-10-аас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 19-454 тоотод зодоон болоод байна гэж дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиж шалгахад дуудлага өгөгч нь гараад явчихсан байсан. Утсаар залгаж асуухад эмнэлэгт үзүүлэх гээд явж байна гэж байсан. Нялх хүүхэдтэй хүүхэнтэй уулзахад “угаадас битгий асгаад бай гэж шаардлага тавихад урдаас түмпэн авч шидсэн, угаадас урдаас асгасан” гэсэн утгатай юм яриад байсан. ...Нийтийн байр болохоор уг айлын хашаанд орж үзэхэд байшингийн үүдэнд угаадас асгасан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25/,

 

Мөрдөн байцаалтад Т.Орхонтуяагийн сэжигтэн, яллагдагчаар: ...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчим шиг санаж байна гэрийн үүдэнд угаадас асгасан байхаар нь би Должинсүрэнгийнд нөхрийн хамт ороод та яагаад угаадсаа асгачихав аа гэсэн чинь Должинсүрэн “болоогүй ээ одоо танай үүдэнд баана шээнэ” гэсэн. Тэгэхээр нь би та одоо юу яриад байгаа юм бэ та эрүүл юм уу согтуу юм уу гэсэн чинь эрүүл байна гээд зурагтныхаа удирдлагыг бариад над руу цохих гээд гүйгээд ирсэн. ...Намайг цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан чинь миний гарнаас хазах гээд дайраад доогуураа хөлөөрөө миний салтаа руу өшиглөсөн. Би хойшоо зугтаасан чинь хөнжилдөө орооцолдож унаад унахдаа миний өвдгийг мөргөөд унасан. Унахдаа миний өвдгийг мөргөж уначихаад газар дрожин дээр духаараа унасан. ...Батсүрэн утсаар Должинсүрэнгийн нөхөрлүү нь залгаад байсан, дараа нь цагдаа руу залгаж байсан. Батсүрэн Должинсүрэнг цохиж зодоогүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-35-36/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн №1118 тоот:

  1. Д.Должинсүрэнгийн биед үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал, баруун 1-зүүн 2-р шүдний цөгцний хугарал, дух, баруун тохойн үе, баруун өвдөг, шилбэний цус хуралт, баруун чихний дэлбэн, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт /хх-27/,

 

Хохирлын баримтууд /хх-41-43/, Өвчтөний үзлэгийн карт /хх-45/, Д.Должинсүрэнгийн хүсэлт /хх-77/, Р.Батсүрэн, Т.Орхонтуяа нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-60-64, 66, 68/, 

Шүүгдэгч Т.Орхонтуяагийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/,

Шүүгдэгч Р.Батсүрэнгийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт, шүүгдэгч Р.Батсүрэнгийн: 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэрийн үүдэнд угаадас асгасан байхаар нь Должин эгчийн гэрт ороод асуух гэтэл манай эхнэр Орхонтуяа, Должинсүрэн эгчтэй маргалдаж байсан. Орхонтуяа, Должинсүрэн эгчийг үсдэхээр нь би тэр хоёрыг салгасан. Би Д.Должинсүрэн эгчийн биед хүрээгүй гэж, хохирогч Д.Должинсүрэнгийн: ...Би Т.Орхонтуяатай үсдэлцэж байсан. Тухайн үед Р.Батсүрэн бид хоёрыг салгасан. Тэр үед миний сэтгэл санаа хямралтай байсан учраас тийм мэдүүлэг өгчихсөн юм. Р.Батсүрэн намайг зодоогүй гэж, шүүгдэгч Т.Орхонтуяагийн: …Батсүрэн бид хоёрыг салгасан гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Р.Батсүрэнг шүүгдэгч Т.Орхонтуяатай бүлэглэн хохирогч Д.Должинсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, эргэлзээтэй байна. Хэрэгт нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Р.Батсүрэн хохирогч Д.Должинсүрэнг шүүгдэгч Т.Орхонтуяатай бүлэглэн зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт оролцсон болох нь нотлогдохгүй байх тул прокуророос эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Орхонтуяад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнийг эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж зүйлчилж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Орхонтуяа, Р.Батсүрэн нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-49, 54/ тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Орхонтуяа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Должинсүрэн шүүгдэгч Т.Орхонтуяатай сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлж байгаа тул эрүүгийн 201725020222 дугаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Рэнцэнгийн Батсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
  2. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Таванцэрэгийн Орхонтуяад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж зүйлчилсүгэй.
  3. Таванцэрэгийн Орхонтуяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Т.Орхонтуяад холбогдох эрүүгийн 201725020222 дугаартай хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээр хэрэгсэхгүй болгосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Т.Орхонтуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Орхонтуяа, Р.Батсүрэн нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Т.Орхонтуяа, Р.Батсүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Орхонтуяа, Р.Батсүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ү.ТҮМЭНЖАРГАЛ