Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 42

 

Т-, Тө-, Б-,

Д-, Ч-, Г-,

Ч- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0042/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Н.Амаржаргал,

Иргэний нэхэмжлэгч Э-,

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, Г.Ганбадрах нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлээр Т-, Тө-, Б-, Д-, Ч-, Г-, Ч- нарт холбогдох эрүүгийн 1940001640095 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Дархан суманд 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Бүрд” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ц-н Т,

Улаанбаатар хотод 1979 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын “Хүн бүрд” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Д-н Тө,

Архангай аймгийн Хангай суманд 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Тавын булан” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх С овогт П-н Б,

  Хэнтий аймгийн Дархан суманд 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Цайдам” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ж-н Д,

Архангай аймгийн Хангай суманд 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М овогт Т-н Ч,

Архангай аймгийн Хангай суманд 1982 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Говийн 1004 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М овогт Т-н Ч,

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1977 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Бүрд” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт А-н Г,

  Т-, Тө-, Б-, Ч-, Ч-, Г- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, машин механизм ашиглаж 2019 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Бүрд” гэх газарт нутаглах Б-н бэлчээрт байсан бог малаас эр ямаа 7, эм ямаа 8, бүдүүн эм хонь 50, эм төлөг 20, бүдүүн эр хонь 10, эр төлөг 20, нийт 115 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлж, бусдад нийт 11780000 төгрөгийн хохирол учруулсан,

Т-, Д- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн

- 2019 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Бүрд” гэх газар нутаглах М-н бэлчээрт байсан хониноос 142 бог мал буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 14080000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 6 дугаар сарын 10-18-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Бүрд” гэх газар нутаглах Б-н бэлчээрт байсан адуунаас 1 тооны хонгор халзан морийг хулгайлж бусдад 900000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 6 дугаар сарын 12-ны орой Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэх газарт нутаглах В-н хаваржааны гадаа байх бог малаас 30 хонь, 20 ямаа хулгайлж, бусдад 4200000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 6 дугаар сарын 20-27-ны хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэх газарт нутаглах Б-н бэлчээрт байсан үхрээс зөв талын чих сам, баруун талын чих ац имтэй 4 настай хөх зүсмийн үнээ, мөн нас имтэй хар хөх зүсмийн үнээ буюу нийт 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2000000 төгрөгийн хохирол учруулсан,  

- 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Цэнхэр бүрд” гэх газар нутаглах Т-н бэлчээрт байсан үхрээс зөв чих нь урдаасаа ганзага имтэй, улаан зүсмийн 8 настай үнээ, мөн ижил имтэй ухаа зүсмийн 4 настай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад нийт 2000000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэх газар нутаглах Б-н “Аман хужир” гэх газар бэлчээрт байсан адуунаас 2 тооны адууг хулгайлж, бусдад 1300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар Т-, Тө-, Б-, Д-, Ч-, Г-, Ч- нарт холбогдох эрүүгийн 1940001640095 дугаартай нэгтгэсэн хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн учир шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр Т-, Тө-, Б-, Д-, Ч-, Г-, Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоогоогүй” байна гэжээ.   

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ тэмдэглэх хэсэгт яллагдагч нарыг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдэл, учруулсан хохирол, гэмт хэрэг, хэзээ, хаана, хэрхэн ямар арга хэлбэрээр үйлдэгдсэн талаар, мөн тогтоох хэсэгт яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар тодорхой цаг хугацаа үйл баримттайгаар нотлох баримтуудыг дурдаж бичсэн байхад шүүгчийн захирамжид “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн”, 1.2-д “гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоогоогүй” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах заалтуудыг нэг үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй болжээ.

Гэтэл шүүгчийн захирамжид яллах дүгнэлтэд дурдагдсан яллагдагч нарын 7 үйлдлээс ямар яллагдагч нарын үйлдлийг нарийвчлан тогтоолгох гэж байгаа эсэх, заримыг эсхүл яллагдагч нарын бүх үйлдлийг нарийвчлан тогтоогоогүй эсэх нь эргэлзээтэй биелүүлэхэд ойлгомжгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Д- нь Т-тэй бусдын малыг хулгайлсан зарим үйлдлээ “хулгайн мал гэдгийг мэдээгүй, Т-гээс худалдаж авсан” мэтээр үгүйсгэж мэдүүлдэг хэдий ч түүний шөнийн цагаар дээрх хулгайлах үйлдлүүдээ ихэвчлэн гүйцэлдүүлдэг, урьдчилан утсаар хоорондоо ярьж тохиролцдог, гол нөхцөл нь Д- нь Т-г бусдын малыг хулгайлж байгааг мэдсэн, мэдэх боломжтой байсан атлаа үйлдлээрээ сайн дураар нэгдэж, хамтран, дээрх үйлдлүүдээ хүсэж үйлдэн нийт 6 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргээ гүйцэлдүүлсэн зэрэг нь Т-гийн мэдүүлэг, Д-ын мэдүүлэг, тэр дундаа Т-г утсаар дуудах болгонд өөрийн тээврийн хэрэгслээр очиж хулгайн малаа ачдаг байсан гэх мэдүүлэг, утасны ярианы баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Шүүгчийн захирамжид “Яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах” гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Т- нь яллагдагч Тө-, Б-, Чоёндорж, Ч-, Г- нартай хамт мал хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, харин яллагдагч Тө-, Б-, Чоёндорж, Ч-, Г- нар хүлээн зөвшөөрдөггүй, мөн яллагдагч Д- нь Т-тэй мал хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Нөгөө талаар яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, мөн хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоож, зөөж өгсөн газрын шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж тодорхой зааж өгсөн байхад шүүгчээс яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгуулахдаа ямар ажиллагаа хийлгэж, юуг тодруулах гэж байгаа талаар тодорхой дурдаагүй. Нөгөө талаар яллагдагч нарын урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох, мөн өмнө өгсөн мэдүүлэг нь эргэлзэх шалтгаан байвал түүнийг өөрөөр нь заалгаж шалгах нь ач холбогдлоо өгдөг. Хэрэгт яллагдагч Т- бүх үйлдлээ, яллагдагч Д- зарим үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Яллагдагч Тө-, Б-, Ч, Ч-, Г- нар хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мэдүүлгийг газар дээр нь шалгах боломжгүй юм. Хэрэгт яллагдагч Т-, Чоёндорж нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан нотлох баримт авагдсан.

Захирамжид “яллагдагч нарыг хуульд нийцүүлэн нүүрэлдүүлэн байцаах” гэжээ.

Яллагдагчийг ямар тохиолдолд нүүрэлдүүлж мэдүүлэг авах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж, 2 дахь хэсэгт “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно” гэж тус тус тодорхой зааж өгсөн.

Нүүрэлдүүлэн мэдүүлэг авах гол үндэслэл нь тэдний мэдүүлэгт “ноцтой зөрөө” байх явдал юм. Ийнхүү зөрөө байхгүй байхад нүүрэлдүүлж мэдүүлэг авснаар хэрэгт нотлох баримт болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгчийн захирамжид “яллагдагч Г-ийн 2019 оны 9 дүгээр сард гэрчээр өгсөн мэдүүлэг хэргийн материалаас алга болсон нөхцөл байдлыг тогтоох” гэжээ.

Шүүгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж, дүгнэлт хийлгүй өмгөөлөгч Ганбадрахын “яллагдагч Г-ийн мэдүүлэг хэргийн материалаас алга болсон” гэж хэлснээр уг мэдүүлэг нь хавтаст хэрэгт байгаа эсэхийг шалгалгүйгээр яллагдагч Г-ийн мэдүүлгийг алга гэж үзэж, алга болсон нөхцөл байдлыг тогтоох гэсэн нь хууль үйн үндэслэлгүй болжээ. Учир нь яллагдагч Г-аас гэрчээр 2 удаа мэдүүлэг авсан ба хавтаст 3 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар талд Г-ийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр өгсөн, мөн 2 дугаар хавтаст хэргийн 247 дугаар талд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүд бүрэн байгаа болно.

Мөн захирамжид “ялагдагч нарын үйлдлийг хуулийн дагуу зүйлчлэх ажиллагааг хийх” гэжээ.  

Прокуророос яллагдагч Т-, Тө-, Б-, Д-, Ч-, Г-, Ч нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргүүд нь 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 9 дүгээр саруудад үйлдэгдсэн хэрэг бөгөөд яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, мал хулгайлах гэмт хэргийг 2.1-2.6 хүртэл хүндрүүлэх нөхцөлтэйгөөр өөрчлөлт оруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “гэм хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Гэтэл шүүгч яллагдагч нарыг хэзээ гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг заалтад заасны дагуу зүйлчлэх эсэх талаар дүгнэлт хийлгүй, хэргийг хуулийн дагуу зүйлчлэх гэж буцаасан нь хуулийг буруу хэрэглэх, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй байх ба энэ нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр нь биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна гэж заасан байдаг.

Шүүгчийн захирамжаас дүгнэлт хийхэд шүүх яллагдагч нарын ямар хэрэг нь, мөн хэний үйлдсэн хэрэг нь тодорхой бус байгаа, яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгаж, нүүрэлдүүлэн мэдүүлэг авснаар хэрэгт ямар ач холбогдолтой үйл баримтыг тогтоолгох гэж байгаа талаар тодорхой тусгаагүй, мөн хэргийн зүйлчлэлийг хуулийн дагуу зүйчил гэж буцаасан нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулж байгаа учир дутагдалтай юм. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, хууль зүйн дүгнэлт өгөөгүй, субьектив байдлаар хандаж хэргийг дээрх заалтуудаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Яллагдагч Т-гийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие мөрдөн байцаалтын шатанд Т-г сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг шийдвэрлэж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Т- нь хэрэг хариуцах чадвартай эсэх нь эргэлзээтэй” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.  Уг дүгнэлт нь эргэлзээтэй байсан учир дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэхэд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаартай “Т- нь хэрэг хариуцах чадвартай” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өмгөөлөгчийн зүгээс дээрх дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир анхан шатны шүүхийн шатанд урьдчилан хэлэлцүүлэг зарлуулж хэргийг прокурорт буцаалгах хүсэлт гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэсэн шийдвэр гарсан. Миний зүгээс уг шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Яллагдагч Б-, Тө-, Ч-, Г- нарын өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Яллагдагч  Т-, Тө-, Б-, Ч, Ч-, Г- нарыг бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Бүрд” гэх газарт нутаглах Б-н бэлчээрт байсан бог малаас эр ямаа 7, эм ямаа 8, бүдүүн эм хонь 50, эм төлөг 20, бүдүүн эр хонь 10, эр төлөг 20, нийт 115 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлж, бусдад нийт 11780000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б-, Тө-, Чоёндорж, Г- нараас “уг гэмт хэргийг бид үйлдээгүй, бид нарыг эрүүдэн шүүж хилсээр хэрэг хүлээлгэсэн” гэсэн гомдол гаргасан бөгөөд миний бие уг гомдлыг прокурорт уламжилж прокуророос 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 194000192 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэргийг шалгаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлээгүй байтал Б-, Тө-, Ч, Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн цагдаагийн албан хаагчдыг хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн оролцогчид хэргийн материалтай хуудас бүрээр танилцсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Г-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаагүй. Хавтаст хэрэгт Г-ийг гэрчээр дахин байцаасан мэдүүлэг байгаа учир 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэг байх ёстой гэж үзэж байна.

Мөн Т-г сэтгэцийн хувьд хэрэг хариуцагч чадвартай эсэхийг тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. Гэтэл Т- нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай эсэх нь эргэлзээтэй байна. Мөн Ч-г Б-тай, Тө-ыг Б-тай нүүрэлдүүлэх шаардлагатай байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.  

Иргэний нэхэмжлэгч Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Д-ын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 0584 УБМ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашин нь “Н” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл юм. Д- нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр манайхаас уг машиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр зээлээр худалдан авсан. “Э” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлээр Т-, Тө-, Б-, Д-, Ч-, Г-, Ч- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч Т-гийн сэтгэцийн талаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 эмчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаартай “хэрэг хариуцах чадваргүй” гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх 202х/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 383 дугаартай “хэрэг хариуцах чадвартай” гэсэн сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /3хх 109-111х/ тус тус гарчээ. Дээрх 383 дугаартай шинжээчийн дүгнэлт нь прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 2 дахь заалтад заасан шинжээчид тавьсан асуултын 6 дахь асуулт буюу “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх” гэсэн асуултад хариулт өгөөгүй, асуулт тус бүрд тодорхой дүгнэлт өгөөгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан шинжилгээ хийсэн эмч нарын талаар мэдээлэлгүй, шинжээчид тавьсан асуулт бүрт тодорхой хариулт өгөөгүй нь учир дутагдалтай, дүгнэлт нь эргэлзээтэй болсон байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах, мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч нар бүлэглэн хэдэн удаагийн үйлдлээр хэчнээн тооны мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсгээр яллагдах /олон тооны/ болохыг тодорхой, ойлгомжтой дурдаж бичээгүй байх бөгөөд дээрх ажиллагаануудыг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин Т- нарын малын хулгайн үйлдлүүд нь 2019 онд үйлдэгдсэн байхад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр машин механизм ашигласан гэж зүйлчлүүлэх, мөн яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоолгох зэрэг үндэслэлүүдээр буцаасан нь учир дутагдалтай болсон ба эрүүдэн шүүсэн гэх гомдлыг холбогдох газар нь гаргасныг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Т-, Тө-, Б-,  Д-, Ч-, Г-, Ч- нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО