Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                           Хэргийн индекс: 166/2024/0321/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

улсын яллагч Б.Наранмөнх,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн  эрүүгийн 2418000000048 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн,******* овогт**************, (******* ), 1979 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа,******* тоотод оршин суух хаягтай, урьд:

  2002 оны 08 сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар,

  2006 оны 05 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар,

  2007 оны 01 сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2, 261-р зүйлийн 261,1-т зааснаар 3 жил 11 сар 7 хоногийн хорих ялаар,

   2013 оны 03 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,

  2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

  2019 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

  2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

  Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 03 сар 17 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Титаник баараар үйлчлүүлэхдээ иргэн******* эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Титаник баараар үйлчлүүлэхдээ нэг ширээнд хамт сууж байсан иргэн******* эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “... овогтой бичгээр гаргасан “2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг Титаник баарнаас өөрийн эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсаа хулгайд алдсан” гэх гэмт эхргийн талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18:00 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв.  (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...40-45 орчим насны сээтгэн малгайтай, малгайн дээрээ цагаан бичиглэлтэй, бор нэхий савхин куртиктэй эрэгтэй хохирогч эмэгтэйн цүнхний хажууд ирж сууж баруун гараа ширээн доогуур оруулж хохирогч эмэгтэйн цүнхийг ухаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...3 дугаартай овогтой*******ыг зааж “энэ хүн мөн байна.” гэв. (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

Хохирогч******* өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед Дархан- Уул аймаг Дархан сум 5-р багт үйл ажиллагаа явуулдаг Титаник нэртэй бааранд ганцаараа орсон 200 грамм Хараа нэртэй архи захиалаад сууж байтал нэг үл таних 40-45 орчим насны эрэгтэй хүн хажууд чинь суучих уу гэсэн тэгэхээр нь тэг гэж хэлээд байж байтал хажууд үл таних хоёр залуу суусан тэр хоёр 2 залуу хоёр ширхэг Сэнгүр нэртэй пиво захиалаад суусан удалгүй баарны хөгжим дуугараад би босоод бүжиглэж байтал нөгөө хоёр залуу хоорондоо юм яриад суугаад байсан удалгүй нэг залуу нь миний урд ирээд бүжиглээд нэг нь суудал дээрээ сууж байсан. Удалгүй би ширээн дээрээ иртэл миний цүнх онгорхой дотор нь байсан Самсунг А51 маркийн гар утас байхгүй болсон байсан. Тэгээд энд байсан утас байхгүй байна гэж хэлтэл надтай бүжиглэж байсан залуу би харсан ах аваад гарсан Шарын голынх би танина гэж хэлсэн. Тэгээд би жаахан архи уучихсан болохоор тухайн үед нь ирээгүй. Өнөөдөр ажил цуглахаар ирж байна. Гар утсыг нэг жилийн өмнө манай нас барсан хүү 800.000 төгрөгөөр авч өгч байсан. Самсунг А51 маркийн гар утас байгаа. Би имей кодыг нь мэдэхгүй дэлгэц нь түгжээгүй хар өнгийн гэртэй хар өнгөтэй ардаа гурван камертай утас байсан. Манай хүү 800.000 төгрөгөөр авч өгч байсан тэр үнээр нь үнэлнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

Гэрчийн өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед Дархан сум 05 дугаар баг Титаник бааранд орсон тэгээд текэн дээрээс эгчид хоёр ундаа авч өгсөн. Тэгж байтал эгчээс гээд Дарханаар архи уугаад шорон орон яриад байдаг залуу хажууд чинь суучих уу гэж асууж байсан. Тэгээд би гараад таксинд явах гээд гараад явсан. Маргааш өглөө нь эгч над руу утсаар яриад өчигдөр чамайг байхад миний хажууд суусан залуу гар утас аваад явчихсан байна гэж хэлсэн. Би гэж л зүс танина.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

Гэрчын өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-нд орой цагийг нь санахгүй байна. Дархан-Уул аймаг Дархан сум 5-р багт үйл ажиллагаа явуулдаг Титаник бааранд ганцаараа орсон тэгээд 1 шил боргио нэртэй пиво авч уугаад сууж байсан тэгтэл гаднаас танил орж ирээд нэг эгчийн ширээн дээр очиж уулзаад намайг хамт суучих гэхээр нь хамт суусан. Тэгтэл ах надад хундагатай архи өгсөн. Тэгээд уугаад байж байтал намайг босоод бүжиглэж бай гэсэн. Би бүжгийн талбайд гараад бүжиглэж байтал бид хоёрын ширээн дээр хамт байсан эгч гар утас байхгүй байна гэхээр нь ширээн дээрээ иртэл ах байхгүй байсан. Тэгээд надаас хамт явсан хүн чинь миний гар утас хулгайлсан гээд уурлаад би тэр эгчийг дагуулаад ахын хамаатан Микрт байдаг айлд ирсэн чинь тэнд байхгүй байсан. Би ахыг сайн танина. Шарын гол суманд 10 дугаар байрны 2 давхарт нэг байранд амьдардаг байсан. Би бүжиглэж байсан болохоор хараагүй. ах бид хоёр нэг 50-60 орчим насны эгч бид гурав л байсан. Өөр хүн тэр ширээн дээр байгаагүй. Хар өнгийн өвлийн савхин хүрэмтэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар саравчтай зуны малгайтай явж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Самсунг А51 маркийн 128GB багтаамжтай гар утас (хуучин) 1 ширхэг нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 400,000 төгрөг байна.” (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

*******ы хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...нөгөө эмэгтэй бүжгийн талбай руу бүжиглэх гээд явах хооронд нь би цүнхнээс нь гар утсыг авч халаасандаа хийгээд тэндээс гарсан. Арбатын гудамжинд байдаг нэг дэлгүүрт ороод гар утсаа зарах гээд худалдагчаас нь асуутал “манайх ийм утас авдаггүй” гэсэн. Тэндээс гараад микрийн 9 давхрын подволд нэрийг нь мэдэхгүй гэдэг хочтой залуугийн гэрт хоносон. Маргааш өглөө нь Дархан захын лангуу дээр нэг эрэгтэй хүнд 40,000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Наранмөнх: “...Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Шүүгдэгч *******ы хулгайлах гэмт хэргийн улмаасд 400,000 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг хэсэгчлэн төлүүлж хохирогчид олгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргаж,

 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч******* нараас гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ы бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаасд 400,000 төгрөгийн хохирол учирсан байгаа нь хууль зүйн хувьд хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсанд хамаарна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр өөрийн үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал, ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж******* гар утсыг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч *******ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчд 400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 400,000 төгрөг гаргуулан хохирогчд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

  Улсын яллагч: “Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан 2 жилийн хорих ял шийтгэл оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлтийг” дүгнэлтийг,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч*******: “Урьд өмнө нь олон ял шийтгүүлж байсан хэдий ч энэ удаагийн гэмт хэргийн хохирол нь 400,000 төгрөг байгаа ба ******* нь төлөхөө бүрэн илэрхийлж байх тул 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх саналтай энэ 6 сарыг нэмж нэгтгэн эдлүүлэх мөн хохирол төлбөр болох 400,000 төгрөгийг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх тайлбарыг,

 

Шүүгдэгч ******* “Би хорих газраас ирсэн учир намайг харж үзээч мөн ахиад 2 гэмт хэргээр шалгагдаж байгаа үүнийг минь харж үзэж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.” гэх тайлбарыг тус тус гаргав.             

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 42-109 дэх тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүгдэгч ******* нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2 жил 5 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ы өмнөх 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 2 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 5 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ы өмнөх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 2 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 (дөрөв) жил 5 (тав) сар 2 (хоёр) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 400,000 төгрөг гаргуулан, тоотод оршин суухгийн (РД: , утас: )-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгиййн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТ-АМГАЛАН