| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0238/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/396 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Б.Б- (цахим),
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Ц.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 2338000700137 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Д-,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 10-наас 15-ны өдрүүдийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод байрлах иргэн Б.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцны вакум цонхны шилийг хагалж, модон хаалгыг эвдлэн нэвтэрч, 28 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 6,457,000 төгрөгийн хохирол, 400,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000700137 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Д- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 10-наас 15-ны өдрүүдийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод байрлах иргэн Б.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцны вакум цонхны шилийг хагалж, модон хаалгыг эвдлэн нэвтэрч, 32 инчийн LCD зурагт, удирдлага, Монгол САТ загварын станц, удирдлага, Хайер брендийн угаалгын машин, хөлдөөгч, модон угаалтуур, эмэгтэй хүний шуба, 2x2 хэмжээтэй хивс, төмөр лаазан савтай 25 килограмм гурил, ноолууран цамц, өмд, эмэгтэй богино савхин куртик, монетон ээмэг, бөгж, гинж, ор хөнжлийн даавуу, ухаалаг будаа агшаагч, талхны цагаан сав, үүдний гишгүүр, хувцасны өлгүүр, орны бүтээлэг, хогийн сав, үхрийн өрөөл мах, шар тос, сүү, 25 килограмм дээд гурил, ноолууран плаж, жинсэн өмд, жинсэн яак зэрэг 28 төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 6,457,000 төгрөгийн хохирол, 180х100 сантиметрийн хэмжээтэй вакум цонхны шил, модон хаалгыг эвдэлж 400,000 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б-ын өгсөн: “...хохиролд 8,700,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт үзлэг хийсэн: “...хашаа нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан хаалгатай /хаяггүй/ хашаа байв. Уг хашааны гадна харагдах байдлыг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үзлэгийг хашаан дотор нэвтэрч орж энгийн нүдээр ажиглаж харахад хашааны хойд буланд урагшаа харсан модон байшин байв. ...Байшингийн довжоо доорх тогтсон цасанд 30 см урттай, 12 см өргөнтэй хээ дүрс тодорхой зүүн хөлийн мөр байв. ...Түүний дараа үзлэгийг байшин дотор орж эд зүйлсийн байршил дээр дугаар тэмдэг тавьсан, цагийн зүүний дагуу явдлаар тогтов. Байшингийн хойморт байх зургийн тавиур дээр 1 дүгээр /зурагт/, баруун хойд буланд 2 дугаар /хөргөгч/, зүүн урд буланд 3 дугаар /гар угаалтуур/, түүний дэргэд 4 дүгээр /угаалгын машин/ байсан тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Түүний дараа шинжээч тусгай багаж ашиглан цонхон дээрх гарын мөр үзэхэд гарын мөр илрээгүй болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 11-15 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед нэгжлэг хийсэн: “...Уг газар нь Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод Д.О-гийн амьдардаг монгол гэр байх бөгөөд гэрт ороход гэрийн баруун талын хатавчинд шар будгаар будсан доод хэсэгтээ жижиг том 2 хаалгатай тасалгаатай, цагаан өнгийн шаазан материалтай гоожуурын тосгууртай, хажуудаа модон тавцантай, дээд талдаа дугуй булантай 2 тавиуртай, ус хийдэг гоожуур (банк) нь цагаан өнгийн хуванцар цорготой, улбар шар өнгийн хуванцар кранттай, цэнхэр өнгийн гоожуур (банк) цагаан өнгийн хуванцар тагтай, үүний дээд хэсэгт жижиг тольтой их биеийг нь модоор хийсэн аравч хэсэг нь шаргал өнгийн өнгөт хавтангаар хийсэн гар угаалтуур байсныг хохирогч Б.Б- энэ гар угаалгын гоожуур манай гэрээс алдагдсан гоожуур мөн байна гэж заасныг гэрэл зургаар баримтжуулан авч хураан авахаар тогтов. Гэрийн зүүн талд ор байх ба орон дээр шар өнгийн дэвсгэртэй улаан хүрэн хээтэй 1x2 м хэмжээтэй хивс байсныг хохирогч Б.Б- нь манайхаас алдагдсан хивс мөн байна манай алдсан хивс нь олон жил эдлэгдсэн цоорсон байсан юм гээд үзэж цоорхойг нь харуулав, үүнийг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авахаар тогтов, ...Мөн хохирогч Б.Б- нь манай гарын угаалтуур дотор угаадас хийдэг төмөр хувин байсан гээд гарын угаалтуурын том тосолгоог нээж үзэхэд төмөр хувин байсныг энэ хувин манайхаас алдагдсан хувин мөн байна гэснийг заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авч хураан авахаар тогтов. ...цаана задалсан шуудайтай гурил байх ба гурилын хажууд цагаан төмрөөр хийсэн дөрвөлжин загвартай гурил болсон (наалдсан) лааз байх ба уг савыг хохирогч Б.Б- манайхаас алдагдсан гурил хийдэг сав мөн байна гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 18-24 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Манай гэрээс алдагдсан гарын угаалтуурын их бие нь хуш модоор хийгдсэн, шар будгаар будсан, хүрээнүүдийг нь хүрэн өнгийн будгаар будсан. Цагаан өнгийн шаазан гоожууртай, хажуу талдаа юм тавих зориулалтын тавцачтай бөгөөд дээд талдаа 2 ширхэг дугуй булантай тавиуртай. Ус хийх зориулалттай гоожуур /банк/ нь цагаан өнгийн хуванцар цорготой, усаа хааж нээхэд зориулагдсан эргүүлдэг крант нь улбар шар өнгөтэй усны банк нь цэнхэр өнгөтэй, цагаан тагтай хуванцар гоожуур /банк/-тай байсан. Усны банкны дээд хэсэгт аравчиндаа хөндлөн тольтой, толины доод хэсгийн шаргал өнгийн өнгөт хавтангаар хийсэн. Их биеийн доот хэсэг нь том, жижиг 2 тасалгаатай, уг 2 тасалгаа нь тус тусдаа хаалгатай, хаалга нь нугастай жижиг бөөрөнхий шар бариултай том тасалгаанд нь угаадасны хувин хийх зориулалттай, жижиг тасалгаанд нь вок, саван бусад ариун цэврийн хэрэгсэл хийх зориулалттай угаалтуур байсан. Содон шинж гэвэл жижиг тасалгааны дотор талд байсан яр нь унаж ярны ором болох хар хонхортой, мөн манай охин угаалтуурын их биеийн доод талын хөлийн хэсэг цаас наагаад скочдсон байхад нь би дараа нь хуулж авч байгаад худгийг нь бага зэрэгхалцалж байсан юм. Мөн ус хийдэг банкийг нь тогтоохдоо 2 ширхэг хар шрупээр мод руу шрупдэж тогтоож байсан. Ийм зүйлүүдээр нь танина. 2019 онд аймгийн зах дотор байдаг тавилга зардаг эмэгтэй хүнээс 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2. Жижиг хивс нь 2007 онд гэр бүл болоход ирж байсан, өргөө гэж нэрлэдэг 1x2 метрийн хэмжээтэй, шар дэвсгэртэй улаан цоохор хээтэй хуучин хивс байсан юм. Содон шинж нь буландаа бага зэрэг сэмэрсэн аль нэг талынхаа захад элэгдэж цоорсон байсан. Би тэр цоорхойгоор нь танина. 3. Цагаан төмрөөр хийсэн гурил хийх зориулалтаар авч байсан 60 орчим өндөр, 30x20 хэмжээтэй өргөнтэй, дөрвөлжин хэлбэртэй, их биетэйгээ адилхан цагаан төмөр тагтай, таг нь бариултай сав байсан. Содон шинж гэвэл таг дээр нь зуухан дээр байсан халуун цайтай данх тавиад түлж байсан болохоор дугуй хар толбо үлдсэн байсан. Үүгээр нь танина. Энэ савыг 2020 онд аймгийн зах дотроос төмөр эдлэл зардаг хүнээс худалдаж авч байсан. Айлуудад байдаг том хэмжээтэй гурилын лаазан савыг бодвол хэмжээ нь жижиг, сүүлийн үед хийгдсэн 4 өнгөтэй зузаан цагаан төмрөөр хийсэн лаазан сав байсан. 4. 8-ийн хувин гэж нэрлэдэг, цагаан төмөр хувин байсан. Манайх гоожуурын доор тавьж бохир /угаадас/ хийдэг байсан юм. Уг хувин нь төмөр сэнжтэй, сэнжиндээ улаан хуванцраар хийсэн бариултай байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас 25-29 тал/,
Хохирогч Б.Б-ын өгсөн: “...Би Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод хүүхэдтэйгээ амьдарч байгаад 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод түр хугацаагаар ажил хийхээр явсан юм. Би явахдаа өөрийн төрсөн дүү болох Б.Д-г гаднаас нь харж эргэж тойрч байгаарай гэж хэлээд байшингаа цоожлоод түлхүүрээ өөрөө аваад хот явсан. Удалгүй манай найз болох О-гэдэг хүн Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ажиллаж буцаж явахад нь хотод тааралдаад Хөвсгөл явна гэхээр нь би гэрийнхээ түлхүүрийг өгч явуулаад манай гэрт ороод мах аваад ирээрэй гэж хэлсэн. Манай найз О-аймаг ороод манай гэрийг 01 дүгээр сарын 07, 08-ны үед очиж харахад зүгээр байна гэж ярьж байсан. Дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мах авах гэж очиход цонхыг чинь онгойлгоод хулгай орсон юм шиг байна, гэрийн чинь хамаг юмыг аваад хаалгыг чинь эвдсэн байна гэхээр нь би төрсөн дүү Б.Д- руу утсаар яриад манай гэрт хулгай орсон юм шиг байна, чи очиж хараад цагдаад дуудлага өгчхөөч гэж хэлсэн. .. Би дүүтэйгээ видео калл хийж гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд манай гэрт байсан 32 инчийн зурагт, хөлдөөгн, угаалгын машин, 2 орон дээр бүтээсэн байсан хивсэн бүтээлэг, гар угаадаг модон угаалтуур, богино савхин куртик, монетен ээмэг, монгол САТ-ын станц, зурагтын тавиур дотор байсан хувцас, урт шүб, 5кг будаа, элсэн чихэр, ор хөнжлийн даавуу, төмөр савтай гурил, хөлдөөгчид байсан мах, сүү, шар тос зэрэг зүйлүүд хөлдөөгчтэйгөө хамт байхгүй болсон байсан... Манай угаалгын машин Хаейр брэндийнх байсан бусдыг нь би анзаарч хараагүй болохоор нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Богино хар савхин куртик, бор өнгийн урт шуб зэрэг байсан... ...Би Ц.Д- гэх хүний гэрт байсан өөрийнхөө гурилын төмөр лаазан сав 1 ширхэг, хивс 1 ширхэг, модон угаалтуур 1 ширхэг зэргийг мөрдөгч Бат-Очироос хүлээн авсан. Одоогоор ЛСиДи 32 инчийн зурагт удирдлагын хамт, Монгол САТ загварын станц удирдлагын хамт, Хаеир брэндийн угаалгын машин, хөлдөөгч, эмэгтэй хүний шуба, хивс 1 ширхэг, ноолууран цамц өмдтэй, эмэгтэй богино савхин куртик, монетон ээмэг зэргээ аваагүй байна. Би эдгээр алдагдсан эд зүйлсээ хүлээгээд авчих юм бол эсхүл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн дүнгээр хохирлоо барагдуулаад авчих юм бол надад гомдол, санал алга. Би одоо Ц.Д- гэх хүнээс 2.525.000 төгрөгийг нэхэмжилнэ.
... Эхлээд манай гэрийн цонхыг хагалж, цонхоор нэвтрэн ороод хаалгыг хэмх өшиглөөд гарсан байна лээ. Овор хэмжээгээр томууд нь гэвэл хөлдөөгч, угаалгын машин, зурагт, модон угаалтуур, цүнхтэй хувцас зэрэг юм. Эдгээр зүйлс бол цонхоор багтахгүй. Угаасаа хулгайч бол цонхоор ороод байшингийн хаалгаар л бүх зүйлийг аваад гарсан нь ойлгомжтой байсан. ...Сүүлд миний нэмж хэлсэн 17 төрлийн зүйлийн үнэлгээ бол минийхээр 5.295.000 төгрөг болж байна. Үүн дээр эхний 11 эд зүйлийн үнэлгээ 2.892.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Нийтдээ 28 эд зүйл 8.187.000 төгрөг болж байна. ...Би гомдолтой байна, энэ асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна. жил гаруйн хугацаа өнгөрлөө. Би 8.187.000 төгрөгөн дээр нааш цаашаа явсан замын зардал, үнэлгээний ажпын хөлс зэргийг нэмж нэхэмжилнэ. ...Надад одоо хэрэгт тусгуулах баримт гэх юм алга. Би энэ асуудлаас болж Улаанбаатар хотоос 4 удаа ирж 4 удаа буцсан. Нэг талын зардал гэхэд 100,000 төгрөг болдог. Анхны үнэлгээний ажлын хөлс 70.000 төгрөгийг өгч байсан. Ингээд би нийтдээ 9.057.000 төгрөгийг Ц.Д- гэх хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас 33-35, 37, 2-р хавтас 4-5 тал/,
Гэрч Б.Д-гийн өгсөн: “...Миний төрсөн эгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ...тоотод байдаг юм. Эгч маань өөрөө Улаанбаатар ажил хийхээр яваад 1 сар болж байна. Тэгээд гэр нь эзэнгүй байсан юм. Бид нар гэрийг нь ээлжилж эргэж тойрч харж байсан. Тэгтэл өнөөдөр буюу 2023 оны 01 сарын 15-ны өглөө 11 цагийн үед манай эгчийн байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Энэ тухай манай эгчийн найз Отгоо надад хэлсэн. Тэгээд эгчийн байшинд яваад очиход цонх нь онгорхой хаалга нь эвдэрсэн байсан. …эгчтэйгээ фейсбүүк чатаар видео колл хийж яриад байшин доторхыг нь үзүүлэхэд байшин дотроос дараах зүйлүүд алга болсон байна гэж эгч хэлсэн... 1.Хар өнгөтэй хавтгай дэлгэцтэй 32 инчийн лед Л Си Ди загварын зурагт /удирдлагын хамт/, 2. Хар өнгөтэй хавтгай Монгол сат загварын станц /удирдлагын хамт/, 3. Цагаан өнгийн Хаейр брэндийн угаалгын машин. 4.Цагаан өнгийн хөлдөөгч / дотроо үхрийн мах, сүү зэрэг хүнсний зүйлтэй байсан/, 5. Хүрэн улаан өнгөтэй модон гоожуур /шинэ/, 6. Хар өнгөтэй том цүнхтэй хувцас /дотроо эмэгтэй хүний хувцаснууд байсан/, 7. Эмэгтэй хүний бор өнгийн шүб /үстэй шүб шинээр авсан байсан/, 8. Төмөр савтай гурил /ойролцоогоор 45 кг байсан/, 9. 2x2 метрийн хэмжээтэй хивс хоёр ширхэг /дотоодын шар хээтэй хивс байсан / гэж эгч надад хэлсэн юм. Эдгээр зүйлс алга болсон байсан. ...Өнөөдрөөс 6 хоногийн өмнө буюу 1 дүгээр сарын 10-ны өдөр очсон. Тэгэхэд зүгээр байсан.
...Би 2022 оны намраас өмнөх хугацаанд бол төрсөн эгч Б.Б-ын хашаанд амьдардаг байсан юм. Тийм болохоор гэрээр нь их орж гардаг байсан. 2022 оны намраас хойш ч гэсэн тэдний гэрээр орж гардаг байсан. Яагаад гэвэл эгч Б.Б- 2022 оны 12 сарын сүүлээр Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан, явахынхаа өмнө нь Б.Б- эгч надад гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд манай гэрээр ойр ойрхон эргэж тойрч байгаарай гэж хэлсэн юм. Үүний дагуу би ер нь ойр ойрхон эргээд байшингийн гаднах болон доторх байдлыг нь шалгаж байсан. Манай эгч найздаа нэг түлхүүрээ өгөөд гэрээсээ юм авчруулахаар захиж явуулсан байсан. Тэгтэл нэг өдөр эгчийн найз над руу утсаар залгаад байшин доторх юмнууд нь алга болсон талаар хэлэхээр нь би шууд яваад очтол Б.Б- эгчийн байшингийн цонхны том хэсэгт нь цууралт үүссэн, поорчекийг нь онгорхой орхисон, хаалгыг нь эвдлээд цоожийг нь хөшсөн байсан. Би байшин дотор луу нь ороод хальт харахад том том эд зүйл алга болсон байгаа нь илтхарагдаж байсан, байшин нь бараг л хоосон болчихсон байсан болохоор цагдаа нарыг иртэл юунд ч гар хүрэхгүй байж байсан. Удалгүй цагдаа нар ирээд үзлэг шалгалтаа хийсэн. ...Миний харснаар лав зурагт, станц удирдлага, хөлдөөгч, угаалгын машин, модон угаалтуур, савтай гурил, хивс, орны бүтээлэг, шуба, будаа агшаагч, вок, угаадасны хувинг нь хүртэл аваад явсан байсан. Бас шүүгээг нь онгойлгоод ээмэг, бөгжийг нь хулгайлсан байсан, хөлдөөгчийг нь бол доторх хүнстэй нь тэр чигт нь аваад явсан байсан. Мөн том цүнхтэй хувцас зэргийг нь ч авсан байсан. Бараг л тэр айлыг нүүлгээд аваад явчихсан байсан дөө. Бүх алдагдсан зүйлээ эгч Б.Б- өөрөө сайн бүртгэснээрээ хэлэх байх. ...Би гэрээр нь их орж байсан учраас мэдэлгүй яахав дээ. Өөрөө хот руу явахдаа өмссөн хувцастайгаа л гараад явсан хүн. Бүх юмаа гэртээ үлдээгээд явсан, надад гэрийг минь харж байгаарай гээд уг нь захиад түлхүүрээ үлдээсэн юм. Би тэр хулгай орсон гэдгийг мэдсэн өдрөөс 6 хоногийн өмнө очиж үзэхэд зөв зүгээр байсан. Эгчийн гэрт миний хэлээд байгаа эд зүйлс бүгд л байсан. Өөр миний анзаараагүй зүйлс ч алга болсон байх, тэр бүгдийгээ эгч Б.Б- өөрөө нарийн сайн хэлэх байх гэж бодож байна. Ямар ч л байсан шинэ байшин бариад бүх юмаа шинэчлээд худалдаж авсан, бүрэн тохижсон айл байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 39-40 тал, 2-р хавтас 7-8 тал/,
Гэрч Д.О-гийн өгсөн: “...Би Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод оршин суух гэрийн эзэн болох Б-ын найз нь юм. Манай найз Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад 1 сар болж байна. Явахдаа гэр түгжээд намайг эргэж тойрч байгаа гэж захиад явсан. Тэгээд би өнөөдөр өглөө 11 цагийн үед Б-ын хашаа байшинг эргэж тойрч үзэхэд цонх онгорхой байхаар нь цонхоор нь хартал хулгай орсон янзтай байхаар нь Б- руу утасдаж хэлсэн. Б- төрсөн дүү Б.Д- руу дамжуулж хэлээд Б.Д- ирж үзээд цагдаа дуудсан. Тэгээд Б.Д- утсаараа Б-тай видео колл хийж үзүүлэхэд гэрээс нь зурагт, угаалгын машин, хөлдөөгч, хар цүнхтэй хувцас, станц, гоожуур зэрэг зүйлүүд алга болсон байна гэж ярьж байсан. Б- өөрөө цагаан сараар ирэх байх... Би одоогоос 10 хоногийн өмнө иржүзсэн... Цонхны дэргэд гутлын мөр байсан. Тэр мөр дээр цас шуураад мэдэгдэхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 42 тал/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хавтас 109-110 тал/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 111 тал/,
Арван найман насанд хүрээгүй гэрч Б.У-ийн өгсөн: “...Хөргөгч, угаалгын машин, зурагт, угаалтуур, будаа агшаагч, ээжийн гадуур өмсдөг шуб, монетон ээмэг, бөгж, гинж алга болсон. ...Надад угаалтуурын л зураг байна. Өөр эд зүйлсийн зураг бичлэг байхгүй байна. ...Манайд эдгээр эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас 13 тал/,
Гэрч Б.Д-гийн өгсөн: “...Тухайн үед над руу Б.Б- утсаар залгаад “эгчээ манай байшинд хулгай ороод хамаг эд зүйлийг минь аваад явчихсан байна” гэж хэлсэн. Би дараахан талд нь хөдөөнөөс Мөрөн суманд орж ирээд дүүгийн гэрийн байгаа байдлыг харахаар очтол байшин нь бараг л хоосон болчихсон, харагдах юм гээд байх зүйлгүй болсон байсан. Надад тод харагдсанаар лав зурагт, угаалгын машин, хөлдөөгч, хивс, гоожуур гэх мэт том зүйлс нь алга болчихсон байгаа нь илт харагдаж байсан. Дүү маань өөрөө ярихдаа бол гурил будаа, хувцас хунар гээд л нэлээдгүй эд зүйлс алга болсон талаараа ярьж байсан. Тэр хулгайч нь бараг өөрийнхөө гэрийг нүүлгэж байгаа юм шиг л аваад явсан юм шиг байсан. ...Дүү маань Улаанбаатар хот руу бараг л ачаагүй шахам ажил хийхээр явсан юм. Ёстой л солионы хувцастайгаа л явсан байх. Түүний бол тохижсон айл шиг л айл байсан. Энэ бүх зүйл л байдаг айл, би гэрээр нь Мөрөн суманд ирэх болгондоо л орж гардаг учир сайн мэднэ. Хамаг юмаа үлдээгээд явсан гэж өөрөө ч анх ярьж байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас 15 тал/,
Арван найман насанд хүрээгүй гэрч Б.А-ын өгсөн: “...Б- эгчийн дүү нь үү эсхүл эгч нь бололтой нэг эгч манай гэрт орж ирж байсан. Тэр эгч хэлэхдээ “манай байшингаас юм алга болсон, харж үзсэн юм байна уу” гэхээр нь би юм үзэгдээгүй дээ, намайг нэг орой унтаагүй утсаа оролдож байхад юм түжигнээд байгаа чимээ сонсогдсон. Би бодохдоо урд айлынх машинаа оруулж байгаа юм байх гэж бодоод унтсан. ...Барагцаагаар шөнийн 01 цаг өнгөрч байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас 21-22 тал/,
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тухай тогтоол /1-р хавтас 112 тал/, гэрч Д.О-гийн мэдүүлэг,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-923/5712 дугаартай: “...Үнэлэгдэж буй алдагдсан гэх эд зүйлсийн нийт зах зээлийн үнэ цэнийг 2,892,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов. ...” гэх дүгнэлт /1-р хавтас 51-54 тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-924/9375 дугаартай: “...Үнэлэгдэж буй алдагдсан гэх эд зүйлсийн нийт зах зээлийн үнэ цэнийг 3,965,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /2-р хавтас 26-28 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 10 тал/, Мөрдөгчийн орон байр /бусад газар/-т нэгжлэг хийх тухай санал /1-р хавтас 16 тал/, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаартай орон байр, бусад газарт нэгжлэг хийх тухай зөвшөөрөл /1-р хавтас 17 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргииг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нар нь гэм буруугийн асуудлаар маргаж, гэм буруугүйд тооцож өгнө үү гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох, цагаатгах нотлох баримт авагдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх үзэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 11-15 тал/, мөрдөн шалгах ажиллагааны үед нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 18-24 тал/, мөрдөн шалгах ажиллагааны үед таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас 25-29 тал/, хохирогч Б.Б-ын мэдүүлэг /1-р хавтас 33-35, 37, 2-р хавтас 4-5 тал/, гэрч Б.Д-гийн мэдүүлэг /1-р хавтас 39-40 тал, 2-р хавтас 7-8 тал/, гэрч Д.О-гийн мэдүүлэг /1-р хавтас 42 тал/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хавтас 109-110 тал/, эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 111 тал/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.У-ийн мэдүүлэг /2-р хавтас 13 тал/, гэрч Б.Д-гийн мэдүүлэг /2-р хавтас 15 тал/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.А-ын мэдүүлэг /2-р хавтас 21-22 тал/, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тухай” тогтоол /1-р хавтас 112 тал/, гэрч Д.О-гийн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-923/5712 дугаартай дүгнэлт /1-р хавтас 51-54 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-924/9375 дугаартай дүгнэлт /2-р хавтас 26-28 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 10 тал/, Мөрдөгчийн орон байр /бусад газар/-т нэгжлэг хийх тухай санал /1-р хавтас 16 тал/, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаартай орон байр, бусад газарт нэгжлэг хийх тухай зөвшөөрөл /1-р хавтас 17 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ц.Д- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 10-наас 15-ны өдрүүдийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод байрлах иргэн Б.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцны вакум цонхны шилийг хагалж, модон хаалгыг эвдлэн нэвтэрч, 32 инчийн LCD зурагт, удирдлага, Монгол САТ загварын станц, удирдлага, Хайер брендийн угаалгын машин, хөлдөөгч, модон угаалтуур, эмэгтэй хүний шуба, 2x2 хэмжээтэй хивс, төмөр лаазан савтай 25 килограмм гурил, ноолууран цамц, өмд, эмэгтэй богино савхин куртик, монетон ээмэг, бөгж, гинж, ор хөнжлийн даавуу, ухаалаг будаа агшаагч, талхны цагаан сав, үүдний гишгүүр, хувцасны өлгүүр, орны бүтээлэг, хогийн сав, үхрийн өрөөл мах, шар тос, сүү, 25 килограмм дээд гурил, ноолууран плаж, жинсэн өмд, жинсэн яак зэрэг 28 төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 6,457,000 төгрөгийн хохирол, 180х100 сантиметрийн хэмжээтэй вакум цонхны шил, модон хаалгыг эвдэлж 400,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжийг нотолсон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Д- нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.Д- нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Д-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-т 6,457,000 төгрөгийн хохирол, 180х100 сантиметрийн хэмжээтэй вакум цонхны шил, модон хаалгыг эвдэлж 400,000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-923/5712 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-924/9375 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Б- нь “гурилын төмөр лаазан сав 1 ширхэг, хивс 1 ширхэг, модон угаалтуур 1 ширхэг зэргийг мөрдөгчөөс хүлээн авсан. ... Нийтдээ 28 эд зүйл 8.187.000 төгрөг болж байна. ...Би 8.187.000 төгрөгөн дээр нааш цаашаа явсан замын зардал, үнэлгээний ажлын хөлс зэргийг нэмж нэхэмжилнэ. ...Би энэ асуудлаас болж Улаанбаатар хотоос 4 удаа ирж 4 удаа буцсан. Нэг талын зардал гэхэд 100,000 төгрөг болдог. Анхны үнэлгээний ажлын хөлс 70.000 төгрөгийг өгч байсан. Ингээд би нийтдээ 9.057.000 төгрөгийг Ц.Д- гэх хүнээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 37 тал, 2-р хавтас 4-5 тал/ хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Д-аас 6,285,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгож, хохирогч нь замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Д-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал, дүгнэлтдээ: “...Энэрэнгүй ёсны зарчим гэж байдаг. Хохирлын хэмжээ бага, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг харгалзаад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.Д-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэжүзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 76, 88-94 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-гийн цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нийт 5 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжпэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Д-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-гийн цагдан хоригдсон 85 (наян тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Д-аас 6,285,000 (зургаан сая хоёр зуун наян таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгож, хохирогч нь замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримтгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нийт 5 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР