Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/хт2026/00115

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04147 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2025/02223 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

275,231,550 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 341,229,525 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 275,231,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 341,229,525 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04147 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК” ХХК-аас 108,487,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 166,743,850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т ХХК”-аас 224,964,275 төгрөг гаргуулах тухай хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,534,108 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,864,098 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 700,388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2025/02223 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04147 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-аас 197,764,265 төгрөг гаргуулан хариуцагч “С” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “...олгосугай...” гэснийг “олгож, нэхэмжлэгч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,146,771 төгрөг гаргуулан хариуцагч “С” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,588,231 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.19-ний өдрийн 210/МА2025/02223 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шийдвэр гаргахдаа хуульд заасан шаардлага хангаагүй баримтыг үндэслэсэн, мөн шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасныг үндэслэн хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн зүгээс “С” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 275,231,550 төгрөгийг шаардаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “С” ХХК-ийн зүгээс нийт 341,229,525 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-аас 108,487,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 166,743,850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025.12.19-ний өдөр 210/МА2025/02223 дугаартай магадлал гаргаж, хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 197,764,265 төгрөгийг “Т” ХХК-аас гаргуулан хариуцагч “С” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд учир нь тус шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, мөн хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь заалтуудыг зөрчиж байна.

4.1. Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн.

210/MA2025/02223 дугаартай магадлалын Хянавал хэсгийн 6.2 дахь хэсэгт: Хариуцагч “С” ХХК нь “И” ХХК-аас зөвлөх үйлчилгээ авахаар 2022.10.31-ний өдөр Б/22-06-16 тоот “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээний хүрээнд зохигчийн хооронд байгуулсан гэрээний харилцаанд “И” ХХК нь хариуцагчийг төлөөлөн харилцах эрхтэй байжээ. “Т” ХХК болон “И” ХХК нар 2024.05.02-ны өдөр мастеркур бодисын үлдэгдлийн талаар тооцоо нийлж, 9,100 литр 150,000,000 төгрөгийн үнэ бүхий мастеркур бодисыг “Т” ХХК буцаан авахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч компанийн захирал Б.Э энэхүү баримтад гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч тал 9,100 литр мастеркурыг буцаан авахаас хожим татгалзсан нь уг зүйлийн үнэ 150,000,000 төгрөгийг хариуцагч мөнгөн хэлбэрээр шаардсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчээс 150,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.” гэж дүгнэсэн.  “Т” ХХК болон “С” ХХК хооронд байгуулсан 2023.07.19-ний өдрийн №5/23-06-22 дугаар “Мастеркур худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “С” ХХК нь 393,071,250 төгрөгийг урьдчилан төлсөн, худалдагч “Т” ХХК нь 310,282,500 төгрөгийн мастеркурыг нийлүүлсэн бөгөөд зөрүү төлбөр болох 82,788,750 төгрөгийг талууд харилцан тохиролцсоны дагуу 2023.07.08-ны өдрийн №ΑΓΓ/23-03-32 тоот “Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөрийн тооцооноос хасч тооцсон юм. “С” ХХК-ийн зүгээс 9100 литр. 150,000,000 төгрөгийн үнэ бүхий мастеркур бүтээгдэхүүнийг буцаах тухай “Т” ХХК болон “И” ХХК хооронд байгуулсан 2024.05.02-ны өдрийн баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэхүү баримт нь холбогдох хууль, журмыг зөрчсөн тул нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Нэхэмжлэгч “Т” ХХК нь 9,100 литр мастеркур бодисыг буцаан авах тухай хүсэл сонирхол байгаагүй, “И” ХХК-тай байгуулсан гэх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхан шатны шүүхэд анхнаасаа илэрхийлж, маргасан бөгөөд энэхүү хууль бус аргаар цуглуулсан баримтыг үндэслэн “С” ХХК-нд 150,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрх үүсэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь “Т” ХХК болон “С” хооронд байгуулсан 2023.07.19- ний өдрийн №Б/23-06-22 дугаар “Мастеркур худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр тооцоог дуусгаж, зөрүү төлбөр 82,788,750 төгрөгийг 2023.07.08-ны өдрийн №ΑΓΓ/23-03-32 тоот “Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөрөөс хасч тооцон энэ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн билээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн 52-р хуудсанд авагдсан “Т” ХХК болон “И” ХХК хооронд байгуулсан гэх 9100 литр, 150,000,000 төгрөгийн үнэ бүхий мастеркур бүтээгдэхүүнийг буцаах тухай 2024.05.02-ны өдрийн баримтыг үндэслэн 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль болон холбогдох журам, хэм хэмжээг зөрчсөн. Үүнд: Хариуцагч “С” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т” ХХК болон “И” ХХК хооронд байгуулсан гэх 9100 литр, 150,000,000 төгрөгийн үнэ бүхий мастеркур бүтээгдэхүүнийг буцаах тухай 2024.05.02-ны өдрийн баримтын эх хувийг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Нийслэлийн тойргийн 237 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн хувийг шүүхэд өгсөн. Гэтэл уг баримтаас харахад “нийт 9100 литр, 150,000,000 төгрөгийн үнэ бүхий мастеркур бодисыг “Т” ХХК нь буцааж авахаар тохиролцов” гэх агуулга бүхий хуулийн этгээд хооронд байгуулагдсан хэлцэл байх бөгөөд уг баримтад хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаагүй, эрх бүхий этгээдийн гарын үсэг нь үнэн зөв эсэх нь тодорхойгүй байхад нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн байдаг. Тодруулбал нотариатч нь уг хэлцлийг гэрчлэхдээ “Т” ХХК-г байлцуулаагүй бөгөөд хуулийн этгээдийн тамга, тэмдэг байхгүй хэлцэлд зурагдсан эрх бүхий этгээдийн гарын үсгийг үнэн эсэхийг нягтлахгүйгээр нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.4.2, 4.43 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.2.5, 21.3.1, 21.3.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1. 44.2 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2, 46.5, 46.7 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг. 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн юм. Тийм ч учраас нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн “Т” ХХК болон “И” ХХК хооронд байгуулсан гэх 2024.05.02-ны өдрийн хэлцлийг гэрчилсэн Нийслэлийн тойргийн 237 дугаартай нотариатчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, холбогдох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хангаагүй. Анхан шатны шүүх 2024.05.02-ны өдрийн баримтыг авч үзэхдээ “гэрээнээс татгалзах, гэрээний үүргийн гүйцэтгэл, зөрчилтэй холбоотой гэрээг цуцлах эрхийг гэрээний талууд эдлэх бөгөөд хэрэгт авагдсан “Т” ХХК болон “И” ХХК хооронд байгуулсан 2024.05.02-ны өдрийн баримтаар “Т” ХХК, “С” ХХК-“уд гэрээний үүргийн зарим гүйцэтгэлтэй холбоотой гэрээнээс татгалзсан гэж үзэж дүгнэх үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл “Т” ХХК болон “С” хооронд л “Мастеркур худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан бөгөөд “И” ХХК-тай байгуулсан гэх 2024.05.02-ны өдрийн хуурамч баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан “Мастеркур худалдах, худалдан авах гэрээ”-г дүгнэх, гэрээнд оролцогч талуудын ашиг сонирхлыг хөндөх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. “Т” ХХК болон “И” ХХК хооронд байгуулсан гэх 2024.05.02-ны өдрийн баримт нь эх хувь байхгүй, хуурамч баримт бөгөөд уг хэлцлийг гэрчилсэн нотариатч нь Нотариатын тухай хууль, журам зааврыг зөрчин байж гэрчилсэн буюу анхнаасаа нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх уг баримтыг үндэслэн шийдвэр гаргах ёсгүй гэдгийг дахин дахин илэрхийлж байна. Иймд давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн, мөн “Т” ХХК, “С” ХХК-уудын хооронд 2023.07.19-ний өдрийн №Б/23-06-22 дугаар “Мастеркур худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гэрээнээс татгалзсан албан ёсны баримт хэрэгт байхгүй, харин “Т” ХХК болон “И” ХХК хооронд байгуулсан гэх 2024.05.02-ны өдрийн хуурамч баримтыг “Мастеркур худалдах, худалдан авах гэрээ”-нд хүчээр хамаатуулан 150,000,000 төгрөгийг “С” ХХК-нд олгуулахаар хууль хэрэглээний хувьд зөрүүтэй шийдвэрлэснийг хяналтын журмаар хянуулах шаардлага үүсч байгаа тул энэхүү гомдлыг гаргасан болно.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх алдангийн асуудлыг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээг өөрөөр дүгнэж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс “Гэрээний 1.1-д ...худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ хуваарийн дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй доор дурдсан хэмжээ үзүүлэлтээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлж хүлээлгэн өгөх, худалдан авагч гэрээний хавсралтад заасныг баримтлан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэж тохиролцсон байна. Талуудын дээрх тохиролцоонуудаас үзэхэд гэрээний 2.1-д заасан 28 хоног нь худалдагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа гэж тайлбарлах үндэслэлгүй, энэхүү үүрэг гүйцэтгэх хугацаа, хуваарь зэргийг талууд гэрээний хавсралтаар харилцан тохиролцож тогтоохоор тохиролцсон гэж үзэхээр байна. Иймд худалдагч тал нь 28 хоногийн хугацаанд үүргийг гүйцэтгэх ёстой байсан энэ үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 9,100 литр мастеркур-ыг хадгалсан агуулахын төлбөр 27,200,000 төгрөг, алдангид 47,614,275 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэрээнд дурдсан хавсралт хэрэгт авагдаагүй байна гэх шалтгаар алданги гэж 47,614,275 төгрөгийг “Т” ХХК-аас гаргуулан “С” ХХК-нд олгуулахаар магадлал гаргасан нь гэрээний агуулгыг буруу тайлбарласан дүгнэлт гэж үзэж байна. Учир нь талууд мастеркур бодисыг хуваарийн дагуу хавсралтаар нийлүүлэх талаар харилцан тохиролцож, энэ талаар гэрээний 1.1-д тусгайлан тусгасан. “Т” ХХК нь мастеркурыг 2023.08.15-10.16-ны хугацаанд нийлүүлсэн бөгөөд худалдан авагч тал бараа нийлүүлэлтийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, бараа нийлүүлэх үед барааг хүлээн авахаас татгалзаагүй, гэрээний зүйлийн үр шимийг хүртсэн юм. Тиймээс алдангид 47,614,275 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн 2025.12.19-ний өдрийн 210/MA2025/02223 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хууль хэрэглээний хувьд зөрүүтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 197,764,265 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.07-ны өдрийн 001/ШХТ2026/00417 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 275,231,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  үндэслэлээ “... “Т” ХХК нь 2023.07.08-нд Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ, тус ажилд хамаарах нэмэлт гэрээ болон 2023.07.19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулан *** төсөлд ажилласан. Бид “С” ХХК-тай 2023 оны 11 сараас үлдэгдэл төлбөрийн асуудлаар албан бичиг хүргүүлэх болон олон удаагийн уулзалтыг хийж үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн байдаг ба өнөөдрийг хүртэл албан ёсны хариу огт өгөөгүй байна. “С” ХХК нь гэрээний 7.4, 11.1, 11.2 заалтыг зөрчин, гэрээний үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 183,487,700 төгрөг, алданги 91,743,850 төгрөг, нийт 275,231,550 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Талуудын хооронд 2023.07.08-ны өдөр Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2023.07.14-ний өдөр Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2023.07.19-ний өдрийн Б/23-06-22 дугаар мастеркур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 2023.07.08-ны өдрийн Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээний тухайд бетон цутгалтын ажлын хөлс 753,840,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөрт 325,000,000 төгрөг, дундын санхүүжилтээр 100,000,000 төгрөгийг тус тус төлсөн. ...Үүнээс нэхэмжлэгч түлш, цахилгаан, материал, согогтой бетон, чигжээс тээврийн зардалд нийт 137,563,550 төгрөгийг суутган хасч нэхэмжлэлээ гаргасан боловч согогтой бетон үнийг 28,200,000 төгрөгөөр тооцсон нь буруу, энэ нь 51,600,000 төгрөгөөр хасагдах ёстой. 2023.07.14-ний өдөр Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний тухайд 75,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, геодезийн ажлыг хийж гүйцэтгэсэн акт байхгүй. ... Мастеркур худалдан авах гэрээний нийт төлбөр 393,071,250 төгрөгийг бүрэн төлсөн, “Т” ХХК нь гэрээнд заасан хугацаанд мастеркураа нийлүүлээгүйн алданги, дутуу нийлүүлсний 82,788,750 төгрөгийн илүү төлөлт, бетоны насжилт, бат бэх байдалд сөргөөр нөлөөлсний хохирол, буцааж авах ёстой 150,150,000 төгрөгийн үнэ бүхий 9,100 литр мастеркурын үнэ, агуулахын түрээс зэрэг хохирлоо “Т” ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно.” гэж маргажээ.

9. Хариуцагч “С” ХХК нь 341,229,525 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгээс буюу “мастеркур”-ын төлбөрт илүү төлсөн 82,788,750 төгрөг, тээвэрлэлтийн зардал 33,476,500 төгрөг, нийт 116,265,250 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл нийт 224,964,275 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...2023.07.19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу “Т” ХХК нь 18,325 кг, нийт 393,071,250 төгрөгийн үнэ бүхий 250 маркийн мастеркурыг 28 хоногийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэрээний 6.4-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө гэсний дагуу хугацаандаа биелүүлээгүй үүргийн алдангид 47,614,275 төгрөг гаргуулна. “Т” ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа нийлүүлээгүйгээс шалтгаалан хэрэглэх шаардлагагүй болж үлдсэн 9,100 литр мастеркураа эргүүлэн өгч, төлбөрөө буцаан авахаар 2024.05.02-ны өдөр “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э-тэй тооцоо нийлж үнэ 150,150,000 төгрөгийг төлөхөөр болсон тул нэхэмжилж байна. Уг 9,100 литр мастеркурыг *** боомтод 66 га талбайтай Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтад ашиглах боломжгүй болсон тул “Т” ХХК-ийн хүсэлтээр Улаанбаатар хот руу тээвэрлэн, өнөөдрийг хүртэл дулаан агуулахад хадгалж байгаа ба 2023.10.18-2024.11.30-ны өдрийг дуусталх агуулахын түрээсийн төлбөрт 27,200,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

10. Нэхэмжлэгч “Т” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Алданги 47,614,000 төгрөгийг шаардах үндэслэл байхгүй. Бетон зуурмагаа тодорхой шалтгааны улмаас хугацаандаа нийлүүлээгүй, гэхдээ талууд тохиролцож акт үйлдэж, захиалагч компани мастеркур бодисоо хүлээж авсан. Алдангийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэх үндэслэлтэй бөгөөд үүргээ гүйцэтгэж, акт үйлдсэн тул төлөхгүй. 150,150,000 төгрөгийг нэхэмжилсэн тухайд мастеркур бодисыг “Т” ХХК авна гэж тохирсон талаар тайлбарлаж байгаа боловч баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй актыг үндэслэж байна. Уг актад “С” ХХК нь оролцоогүй, эрх зүйн тал болоогүй тул нэхэмжлэх эрхгүй, компанийг төлөөлж тамга дарагдаагүй тул “С” ХХК нь актыг үндэслэж шаардлага гаргах эрхгүй. Тээврийн зардал, агуулахын зардал, цахилгааны зардал зэрэг зардлыг хасч нэхэмжлэлээ гаргасан. ...” гэжээ.

11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт дүгнэхдээ:

11.1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Зохигчдын хооронд байгуулсан 2023.07.08-ны өдөр АГГ/23-03-42 дугаартай “Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт ... нэхэмжлэгч “Т” ХХК нь нийт 25,128 м.кв талбайд буюу 753,840,000 төгрөгийн бетон цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн, хариуцагч нь 325,000,000 төгрөгийн хөлс төлсөн, ... нэхэмжлэгчийн тус үнийн дүнгээс суутгасан үнийн дүнгүүд үндэслэлтэй байх тул үлдэгдэл 108,487,700 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. Зохигчдын хооронд байгуулсан 2023.07.14-ний өдөр АГГ/23-03-42/3 дугаартай “Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт оруулах гэрээ”-ний дагуу ... бетон хучилтын ажлын геодезийн ажлыг хийж гүйцэтгэн захиалагчтай тооцоо нийлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг гэрээний үүрэгт 75,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Талууд гэрээнд ... алданги төлөх талаар харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй.

11.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу худалдан авагч “С” ХХК нь 393,071,250 төгрөгийг төлсөн, худалдагч “Т” ХХК нь 310,282,500 төгрөгийн “мастеркур”-ыг нийлүүлсэн болох нь тогтоогдож байхаас гадна ... тухайн хөрөнгийг хүлээн авснаар үр шим, эрсдэл худалдан авагч талд шилжинэ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д “Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 28 хоногийн хугацаатай байна” гэж тохиролцсон уг хугацааг худалдан авагч нь худалдагчийн бараа материалыг бэлтгэн нийлүүлэх буюу үүрэг гүйцэтгэх хугацаа гэж тайлбарласан. Гэрээний 1.1-д “...худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ хуваарийн дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй доор дурдсан хэмжээ үзүүлэлтээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлж хүлээлгэн өгөх, худалдан авагч гэрээний хавсралтад заасныг баримтлан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна” гэж тохиролцсон байна. Талуудын дээрх тохиролцоонуудаас үзэхэд гэрээний 2.1-д заасан 28 хоног нь худалдагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа гэж тайлбарлах үндэслэлгүй, энэхүү үүрэг гүйцэтгэх хугацаа, хуваарь зэргийг талууд гэрээний хавсралтаар харилцан тохиролцож тогтоохоор тохиролцсон гэж үзэхээр байна. Иймд худалдагч тал нь 28 хоногийн хугацаанд үүргийг гүйцэтгэх ёстой байсан энэ үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 9,100 литр “мастеркур”-ыг хадгалсан агуулахын төлбөр 27,200,000 төгрөг, алдангид 47,614,275 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй,  ...хэрэгт авагдсан 2024.05.02-ны өдрийн “Мастеркури үлдэгдлийн тооцоо”-ны баримтад ... нийт 9,100 литр 150,150,000 төгрөгийн үнэ бүхий мастеркури бодисыг “Т” ХХК нь буцааж авахаар тохиролцов гэсэн боловч ... уг баримтаар “Т” ХХК, “С” ХХК-ууд гэрээний үүргийн зарим гүйцэтгэлтэй холбоотой гэрээнээс татгалзсан гэж үзэх дүгнэх үндэслэлгүй байна. ... ” гэжээ.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүхээс гэрээний 2.1-д гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 28 хоногийн хугацаатай байна гэж заасныг гэрээний хугацаа гэж үзэхгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг талууд хавсралтаар тогтоохоор тохиролцсон гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байна. Гэрээний 1.1-д заасны дагуу талууд мастеркур нийлүүлэгдэх хуваарийг хавсралтаар баталж, уг хуваарийн дагуу барааг худалдан авагчид нийлүүлснээ нэхэмжлэгч нотлоогүй, гэрээнд дурдсан хавсралт хэрэгт авагдаагүй байна. Энэ нөхцөлд гэрээний 2.1-д зааснаас өөр хугацааг талууд тохиролцсон гэж дүгнэхгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээний 6.4-т заасан үүргээ зөрчсөн байх тул хариуцагч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 47,614,275 төгрөгийг шаардах эрхтэй, нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсний алданги төлөх үүрэгтэй. ... Хариуцагч нь *** боомтод Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих, ашиглалтад оруулах төсөлд “И” ХХК-аас зөвлөх үйлчилгээ авахаар 2022.10.31-ний өдөр Б/22-06-16 тоот Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан, ... гэрээний хүрээнд зохигчийн хооронд байгуулсан гэрээний харилцаанд “И” ХХК нь хариуцагчийг төлөөлөн нэхэмжлэгчтэй харилцаж байсан, ийнхүү харилцах эрхтэй байсан тул “Т” ХХК, “И” ХХК нар 2024.05.20-ны өдөр мастеркур бодисын үлдэгдлийн талаар тооцоо нийлж 9100 литр 150,150,000 төгрөгийн үнэ бүхий мастеркур бодисыг “Т” ХХК буцааж авахаар тохиролцсон баримтыг үндэслэн ... Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасны дагуу гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг биет байдлаар, нэгэн зэрэг харилцан буцаах үүрэгтэй ба ... 9,100 литр мастеркурын үнэ 150,150,000 төгрөгийг хариуцагч мөнгөн хэлбэрээр шаардсан нь үндэслэлтэй, ... хариуцагч мастеркурын хадгалалтын хөлс 27,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч мастеркурыг буцаан аваагүйн улмаас хариуцагч хадгалалтын зардалд 27,200,000 төгрөг гаргасан буюу “Хос гол” ХХК-ийн агуулахад хадгалуулсан тухай дурдаж, хэргийн 87-90 талд авагдсан баримтыг үндэслэн шаардсаныг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан хохирол учирсан гэж үзэхгүй. Уг баримтууд нь талууд гэрээний зарим хэсгээс татгалзсантай холбоотой хариуцагчид хохирол учирсныг нотлохгүй бөгөөд гэрээний нэг талд учирсан хохирол бодитой тогтоогдсон байх учиртай.” гэсэн дүгнэлт хийжээ. 

13. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний хугацаа, гэрээнээс татгалзсан эсэх талаар зөрүүтэй дүгнэсэн ба энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэв.

14. Хэргийн баримтаар зохигчийн хооронд 2023.07.08-ны өдөр АГГ/23-03-42 дугаар “Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ”, 2023.07.14-ний өдөр АГГ/23-03-42/3 дугаар “Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2023.07.19-ний өдөр Б/23-06-22 дугаар “Худалдах худалдан авах” гэрээ тус тус байгуулагдсан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч 753,840,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөрт 325,000,000 төгрөг, дундын санхүүжилтэд 100,000,000 төгрөг төлсөн, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 393,071,250 төгрөг төлсөн, үүнээс илүү төлсөн 82,788,750 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт тооцохоор тохиролцсон тухай үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.

15. Зохигч ажил гүйцэтгэх гэрээний үүргээс согогтой бетоны үнэ, бетон хучилтын геодезийн ажлын хөлс, алданги шаардах эрх болон худалдах-худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзсан эсэх талаар маргасан.

16. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан “Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ”, “Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэж, хариуцагчийг гэрээний үүрэг ажлын хөлсөнд 325,000,000 төгрөгийг төлсөн, ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 428,840,000 төгрөгөөс дундын санхүүжилтийн 100,000,000 төгрөг, талуудын хооронд байгуулсан мастеркур нийлүүлэх гэрээний үүрэгт илүү төлсөн 82,788,750 төгрөг, түлш, цахилгаан тээврийн зардал, материал, согогтой бетоны төлбөр, чигжээс зэрэгт нийт 137,563,550 төгрөгийг тус тус суутгасан, бетон хучилтын ажлын геодезийн ажлын хөлс 75,000,000 төгрөгийг баримтаар тогтоогдоогүй, талууд тус гэрээгээр алдангийн нөхцөлийн талаар тохиролцоогүй гэж тус тус дүгнэж, үлдэгдэл 108,487,700 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, зохигч энэ талаар гомдол гаргаагүй байна.

17. Харин анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2023.07.19-ний өдөр байгуулагдсан Б/23-06-22 дугаартай гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн.

Гэвч гэрээний зүйл болох мастеркур бодисыг буцааж үнэ 150,150,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүх үр шим эрсдэл худалдан авагч талд шилжинэ гэж, давж заалдах шатны шүүх зохигч уг гэрээний зарим хэсгээс татгалзсан гэж үзсэн нь тус тус үндэслэлгүй тул залруулна.

Тодруулбал, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасан үр шим, эрсдэл шилжих болон 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан өмчлөх эрх шилжих зохицуулалт тус маргаанд хэрэглэгдэхгүй, хариуцагчийн шаардах эрхэд хамааралгүй болохыг анхаараагүй.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд худалдах-худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзсан үндэслэлээр нэхэмжлэгчээс 197,764,275 төгрөгийг буцаан гаргуулахдаа нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

18. Талууд 2023.07.19-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч “Т” ХХК нь мастеркур-250 бодисыг нийт 18,325 литрийг нийлүүлэх, хариуцагч нэгжийн үнэ 19,500 төгрөг, нийт 393,071,250 төгрөг төлөхөөр тохиролцсон, талуудын 2023.12.15-ны өдрийн “гэрээ дүгнэсэн акт” баримтаар нэхэмжлэгч нь нэгжийн үнэ 15,000 төгрөгийн мастеркур-128 бодис 669 ширхэг, нэгжийн үнэ 19,500 төгрөгийн мастеркур-250 бодис 64 ширхэг буюу нийт 733 ширхэг /18,325 литр/ 282,075,000 /нөат орсон үнэ 310,282,500/ төгрөгийн үнэ бүхий бодисыг нийлүүлсэн, хариуцагч 2023.07.26-ны өдөр 353,764,125 төгрөг, 2023.09.05-ны өдөр 39,307,125 төгрөг, нийт 393,071,250 төгрөгийг төлсөн, илүү төлсөн зөрүү 82,788,750 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээс суутгахаар тохиролцсон нь тогтоогдсон, энэхүү тооцооллын талаар зохигч маргаагүй.

Гагцхүү уг гэрээгээр нийлүүлсэн нийт 18,325 литрийн мастеркур бодисыг хугацаа хэтрүүлж нийлүүлснээс хэрэглэгдээгүй үлдсэн нэгжийн үнэ 16,500 төгрөгийн 9100 литр, нийт 150,150,000 төгрөгийн үнэтэй мастеркур бодисыг нэхэмжлэгч “Т” ХХК буцаан авч, хариуцагч “С” ХХК-д үнийг төлөх үүрэгтэй эсэх талаар зохигч маргаж, хариуцагч “Т” ХХК болон “И” ХХК-ийн хооронд 2024.05.02-ны өдөр хийгдсэн “мастеркур үлдэгдлийн тооцоо нийлсэн акт” баримтыг үндэслэсэн бол нэхэмжлэгч уг баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй, гэрээний талуудын хооронд үйлдэгдсэн баримт биш гэжээ.

19. Зохигч худалдах-худалдан авах гэрээний үүргийг дүгнэж, худалдагч буюу нэхэмжлэгч мастеркур бодисыг нийлүүлсэн, худалдан авагч буюу хариуцагч эд хөрөнгийг хүлээн авч үнийг төлсөн, талууд энэ талаар тооцоо нийлж 2023.12.15-ны өдөр “гэрээ дүгнэсэн акт” баримт үйлдсэн байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзаж болох боловч үүрэг харилцан биелж дуусгавар болсон гэрээний хувьд гэрээнээс татгалзах үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх 150,150,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг буруу хэрэглэсэн, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь гэрээнээс татгалзах гэдэг нь хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаах явдал бөгөөд талууд гэрээг дүгнэж дуусгавар болгосон атлаа үлдэгдэл 9100 литр мастеркур бодисыг буцаахаар тохиролцож гэрээний зарим хэсгээс татгалзсан гэж үзэх нь дээрх хуульд нийцэхгүйн гадна талуудын хүсэл зоригийн илэрхийллийг ийнхүү дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймээс нэхэмжлэгчээс 150,150,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

20. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөхөөр тохиролцож болох бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж үзэхээс гадна мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

Анхан шатны шүүх талууд гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой тохироогүй гэсэн агуулгаар хариуцагчийг анз шаардах эрхгүй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-ийг мастеркур бодис нийлүүлэх хугацааг буюу үүргийг гүйцэтгэх хугацааг гэрээний 2.1-д зааснаар 28 хоног гэж үзэж, энэ хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, хариуцагчийн сөрөг шаардлагаас алданги 47,614,275 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-д тус тус нийцсэн тул энэ шийдлийг хэвээр үлдээнэ.

21. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан талаар шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт заагаагүй байна.

Тухайлбал, анхан шатны шүүх 224,964,275 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс 197,764,265 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо үнийн дүн дурдаагүй.

Зүй нь, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нийт 341,229,525 төгрөгийн зарим хэсгээс буюу нийт 116,265,250 төгрөгөөс татгалзаж, 224,964,275 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцнэ.

22. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 2 заалтыг “3” гэж давхардуулан дугаарлаж, техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулна.

23. Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2025/02223 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04147 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан, 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-аас 108,487,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Т” ХХК-аас 47,614,265 төгрөг гаргуулан хариуцагч “С” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 166,743,850 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 177,350,010 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 116,265,250 төгрөгөөс татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,534,108 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,864,098 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “С” ХХК-аас 700,388 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д, нэхэмжлэгч “Т” ХХК-аас 396,021 төгрөг гаргуулж хариуцагч “С” ХХК-д тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 3, 4 дүгээр заалтыг 3, 4, 5 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.29-ний өдөр төлсөн 1,147,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД