Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 43

 

Б-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0043/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор М.Мэндбаяр,  

Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэйн давж заалдах гомдлоор Б-т холбогдох эрүүгийн 2040000000046 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Дархан суманд 1972 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Рашаант булаг” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Н-н Б нь

2020 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 03 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Рашаант булаг” гэх газар буюу өөрийн гэртээ Э-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буугаар цохиж баруун нүдний ухархайн гадна дээд хана, суурийн урд хонхор дайрч чулуулаг яс хүрсэн нийлмэл хугарал, дух, зулай дагзны дэлбэнгийн аалзан хальсны доор тархмал цус харвалт, зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх голомтлог цусан хураа, баруун дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн тархины эдэд цусан хураа, няцрал, бага тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал баруун хөмсөг, хацарт няцарсан шарх, баруун зовхи, нүдний алиманд цус хуралт, зүүн 3, 4, 5-р хавирганы хугарал, цээжний хөндийн цус, хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн алганд шарх, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н-н Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н-н Б-ийг 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Нанзадын Б-т оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бууны овоо хараа, ОХУ-д ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын, 5.6*15R мм калибртай, бага калибрын винтов бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон даруйд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шилжүүлж, жижиг гар хөрөө, амь хохирогч Э-ы өмсөж байсан гэх цагаан цэнхэр алаг өнгийн биеийн тамирын цамц, хөх өнгийн юүдэнтэй цамц, улбар шар өнгийн пудволк, судалтай шар өнгийн цамц, ногоон эрээн өнгийн даавуу, саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн дотоож, хөх өнгийн дотоож, бор өнгийн ороолт даавуу, саарал өнгийн оймс, хар өнгийн түрийтэй гутал, яллагдагч Б-ийн өмсөж явсан гэх бор хүрэн өнгийн хүрэм, шаргал өнгийн бус, хар хөх өнгийн пудволк, хүрэн өнгийн дээл, хөх өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Талийгаачийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч Б-ийн санаа сэтгэл гэнэтийн цочролд орж өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус довтолгооны эсрэг үйлдэл хийсэн байна.

Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Э-, Отгонбаатар хоёр манай гэрт согтуу орж ирсэн ба Э- надад хандан “чаддаг юм бол чи намайг алчих, алж чадахгүй юм бол би чамайг ална” гэж хэлсэн. Мөн халхын шорон Мөнгөнморьтод том явсан шүү гэх зэргээр үгээр доромжлоод байсан. ....Э- барьж байсан гар хөрөөгөөрөө миний толгойн зүүн тал, хүзүү хэсэг рүү цохисон. Миний уур хүрээд босоод ирсэн, яаж уурласнаа мэдэхгүй, нэг мэдэхэд манай эхнэр Оюун-Эрдэнэ орон дээр намайг татаад сууж байсан. ...эхнэр Оюун-Эрдэнээс юу болсон талаар асуухад Э- чамайг хөрөөгөөр алах гээд байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 98-99х/.

Гэрч О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Э- Б-ийг янз бүрээр доромжлоод байсан. Уухаараа агсам тавиад байдаг болохоор Б-ийнд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /2хх 199-200х/.

Гэрч О-н мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Э-, Б- хоёрын ноцолдож байх чимээгээр сэрсэн. Э- гартаа гэрт байсан хөрөөг барьчихсан Б-ийн хүзүүнд хөрөөний иртэй хэсгээр тулгасан байсан. Би Э-ыг “та болиоч ээ, хүн алах гээд байгаа юм уу” гэж хэлэхэд Э- Б-т хандан “гөлөг минь чамайг ална” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 68-69х/ зэргээс үзэхэд амь хохирогчийн зүгээс шүүгдэгчид хүч хэрэглэн дарамтлах, доромжлох хууль бус үйлдлүүд гаргаж байсан гэж үзэхээр байна.

Талийгаачийн гар хөрөө авч Б-ийн амь насанд халдахаар дайрч улмаар бие эрхтэнд халдсан үйлдэл нь Б-ийн хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдалд хүргэсэн.

Талийгаачийн хууль бус үйлдлийг эсэргүүцэх явцад Б-ийн биед зүүн шанаа, доод эрүүний зүүн хэсэг, зүүн чихний ар хажуу хэсэг, толгойн зүүн чамархайн ар хэсгүүдийн зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэн байдаг /2хх 83-84х/.

 Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг гутаах зэрэг хэлбэрээр хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас амь хохирогч амиа алдсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь эсхүл ойр дотнын хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ болон шууд бус аль ч хэлбэрээр илэрч болно.

Шүүгдэгч амь хохирогч хоёр өмнө нь хувийн таарамжгүй харилцаатай байгаагүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б /1хх 26х/, гэрч О /1хх 68-69х/ нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн Б- нь Э-ы амь насыг санаатайгаар хохироох ямар ч санаа зорилго байгаагүй, хувийн байдлын хувьд маш сайн бөгөөд эхнэр О-ийг асран хамгаалдаг.

Амь хохирогч Э- нь Б-ийн гэрт нь орж ирсэн цагаасаа эхлэн түүнийг өдөөн хатгаж, доромжилж эхэлсэн ба О-ыг хүргэж өгөөд ирэхэд нь амь хохирогч Б-ийн хүзүү хэсэгт гар хөрөө тулган цохиж зодох явцад шүүгдэгч цочирдож айсан, уурлан гомдож, харилцан ноцолдон, тэмцэлдэх зуураа орны ард байсан буугаар түүнийг цохих явцад хохирогчийн амь нас хохирсон гэж хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч болон гэрч О нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн.

Хэргийн үйл баримт болон болсон явдлыг шууд гэрчлэн мэдүүлэх боломжтой эх сурвалж болох шүүгдэгч болон гэрч О нарын мэдүүлэг, түүнд дурдагдсан зүйлс, мэдээллийг зайлшгүй харгалзан үзэх ёстой бөгөөд эдгээрийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай шинжилж, үнэлж дүгнэх шаардлагатай гэж үзэж байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинж бол анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд хийгдэх үнэлэмжээр тодорхойлогддог ойлголт байдаг бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, орон зай, ахуй орчин, хохирогчийн өдөөн турхиралтын шинж чанар зэргийг тооцоолохоос гадна ийм нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсарт хүний сэтгэхүйн байдлын боломжит түвшинг харгалзан хэрэг тус бүрт тухайлан хийгдэх эрх зүйн үнэлэмжээр илэрхийлэгдэх ухагдахуун юм.

Эрх зүйн онолын хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.

Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг тул хууль тогтоогч энэхүү үндэслэлийг харгалзан эрүүгийн эрх зүйн бодлогоор хамгаалагдах харилцааны хэм хэмжээ, түүнд хамаарах гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоож дүгнэлгүйгээр согтуурсан үедээ гэр бүлдээ агсам тавьж, үргэлжлүүлэн бусдын эрх чөлөөнд халдаж буй үйлдэл болон уг өдөөн турхиралтын эсрэг хандан шүүгдэгчийн хийж буй үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийлгүйгээр, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хүнийг алсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд учир дутагдалтай болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд гомдолд дурдсан асуудалд дүгнэлт өгч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.   

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр няцааж байна.

Шүүгдэгч Б- болон түүний өмгөөлөгч Г нар нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаан байхгүй гэсэн байр суурьтай оролцсон.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочирч түргэн зуур хийсэн хариу үйлдэл нь Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдлаараа санаатай үйлдсэн гэм хэргээс ялгагдана гэж тайлбарласан байдаг. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч О-н “...тэр хоёр зууралдаад Э- ах Б-ийг түлхээд миний хэвтэж байсан орон дээр давхралдаад унасан. Б- орны ардаас буу авч, Э- ахыг зүүн гараараа түлхсэн чинь гэрийн хаалганы наад талд ойчсон. Б- орон дээрээс босож очоод буугаараа Э- ахыг цохиж зодсон. Б- бууны бөгсөн талаас барьж байгаад бууны үзүүр хэсгээр буюу хошуугаар нь Э- ахын цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би орноосоо босож очоод Б-ийн баруун гараас нь татаж хорих гэсэн боловч дийлээгүй. Намайг гараас нь татаж байх хооронд Б- Э- ахын толгой руу бууны хошуугаар хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Тэгэхэд Э- ахыг баруун нүдний орчим язарсан шарх үүссэн. Тэгээд Б-ийг орон дээр суулгаад тайвшруулсан. Э- ах Б-т зодуулснаас хойш босож ирээгүй, гэрийн үүдэнд хэвтээд байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1032 дугаартай “Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нарсан...” гэх дүгнэлт зэргээс харахад дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь тухайн хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт этгээдийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан байхыг ойлгодог. Гэтэл яллагдагч Б- нь амь хохирогч Э-ыг цээж болон толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Б-ийн эхнэр Оюун-Эрдэнэ нь тэр хоёрыг салгах оролдлого хийсэн. Иймд эдгээр үйлдлүүдийг түрхэн зуур хийсэн хариу үйлдэл гэж үзэх боломжгүй, мөн сэтгэл санаа цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй юм.  

Мөн Б- нь анхан шатны шүүх хуралдаанд амь хохирогч Э-ы толгойн хэсэг рүү цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүнийг сэтгэцийн ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжлэх сэтгэцийн төв саатал юм. Гэтэл Б- нь Э-ыг цохисон талаараа мэдүүлдэг бөгөөд өөрийн үйлдлийг ойлгож байсан гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э- над руу хөрөө бариад дайрах хүртэлх үйл явдлыг санаж байгаа тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байна. Э- намайг орон дээр түлхээд унагаасан буу орны ард байсан гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэйн давж заалдах гомдлоор Б-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 03 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Рашаант булаг” гэх газар буюу өөрийн гэртээ иргэн Э-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буугаар цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “...аав  маань ухаан орохгүй байсаар 2020 оны 5 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг 02 минутад нас барсан. ...Хэрэг болдог өдөр Б-, О, манай аав гурав л байсан гэсэн... ...О эгч аав Б- ах хоёрыг юунаас болж хоорондоо маргалдсан зодолдсон талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /1хх-н 53х/,

-Гэрч О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...буцах замдаа “Цагаан дэл” гэх газар зогсоод Э- ах өврөөсөө 1 шил архи гаргаад надтай хувааж уусан. Э- ах Иххэт сумаас 2 шил 0.75 литрийн архи авсан гэж байсан. ...Б- ахын гэрт Э- ах үлдсэн 1 шил архиа гаргаж, Б-, Э- ах бид 3 хувааж уусан. Оюун-Эрдэнэ архинаас уугаагүй. Би Б- ахаар гэртээ хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 61-62х/,

Гэрч Т-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 03 цаг өнгөрч байхад манай гэрт Б өвөө ирээд “аав чинь Э-тай муудсан гэж  байна, чи гэрт нь оч” гэж хэлсэн. Намайг аавын очиход аав, ээж, Э- гурав байсан. Э- ах аавын гэрийн баруун талд орны наад талаар газар унтаж байсан. Аав, ээж хоёр сэрүүн унтах гээд хэвтэж байсан. Ээж “аав чинь Э-тай муудалцаад зодолдсон” гэж хэлсэн. Аавын зүүн талын хацар нь шалбарсан цус гарч байсан. Харин Э- ахын баруун талын нүд хөмсөг хоёрын завсар нилээн том шарх үүссэн, цус гарч, нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад ээж над руу утсаар яриад “Э- ахыг чинь эмнэлэг авч явъя” гэхээр нь би эхнэрээ машинтай явуулсан...” гэх мэдүүлэг /1хх-н 64-65х/,

Гэрч О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 03 цаг өнгөрч байхад Э-, Б- хоёр гэрийн үүдний хэсэгт ноцолдож байхад нь чимээгээр нь сэрсэн. Э- гартаа гэрт байсан гар хөрөөг барьчихсан, Б-ийн хүзүүнд иртэй хэсгээр нь тулгасан байсан. Тэгэхээр нь би Э-ыг “та одоо болиоч ээ, хүн алах гээд байгаа юм уу” гэж хэлэхэд Э- Б-ийг “гөлөг минь ална чамайг” гэж хэлсэн. Э- Б-ийг түлхээд миний хэвтэж байсан орон дээр давхралдаад унахад Б- орны ард байсан буугаа авсан. Б- орноос босоод Э- ахыг зүүн гараараа түлхсэн чинь гэрийн хаалганы наана ойчсон. ...Б- бууны модны бөгснөөс барьж байгаад үзүүр хэсгээр нь буюу хошуугаар нь Э-ы цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Би Б-ийг хорьсон боловч дийлээгүй. Б- бууны хошуугаар Э-ы толгой руу хэд хэдэн удаа цохисон. Яг хэчнээн удаа цохисныг мэдээгүй. Э- ахын баруун нүдний орчимд язарсан шарх үүссэн. Э- ах Б-т зодуулснаас хойш босож ирээгүй гэрийн үүдэнд хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 68-69х/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №1032 дугаартай

...Э-ы цогцост хийсэн шинжилгээгээр баруун нүдний ухархайн гадна, дээд хана, суурийн урд хонхор дайрч чулуулаг яс хүрсэн нийлмэл хугарал, дух, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх голомтлог цусан хураа, баруун дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн тархины эдэд цусан хураа, няцрал, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, баруун хөмсөг, хацарт няцарсан шарх, баруун зовхи, нүдний алиманд цус хуралт, зүүн 3, 4, 5-р хавирганы хугарал, цээжний хөндийн цус, хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн алганд шарх, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо...

...Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 125-131х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн №42 дугаартай

...Б-ийн биед зүүн шанаа хэсэг, доод эрүүний зүүн хэсэг, зүүн чихний ар хажуу хэсэг, толгойн зүүн чамархайн ар дээд хэсгүүдийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...

...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...  /1хх-н 165-166х/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №25 дугаартай

“...Б- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /1хх-н 177-178х/,

Хэргийн газар үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 4-11, 17-20, 26-28, 32-34х/,

Яллагдагч Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э-, О хоёр манай гэрт орж ирэхдээ согтуу байсан бөгөөд Э- намайг “Чаддаг юм бол чи намайг алаадах, алж чадахгүй бол би чамайг ална” гэж хэлсэн. Мөн би халхын шоронд Мөнгөнморьтод том явсан шүү гэж хэлсэн. О надтай морины наймаа хийсэн талаараа ярих гэхээр Э- шорон яриад байсан. Авчирсан архинаас нь бид гурав 2, 2 татсан. ...О-г гэрт нь хүргэж очиход О өврөөсөө 0.75 граммын нэг шил архи гаргаж ирэхээр нь О бид хоёр талд нь ортол хувааж уусан. ...Гэртээ харихад эхнэр орондоо ороод унтаж байсан. Үлдээсэн архинаас Э- уусан бололтой талаасаа доогуур болчихсон байсан. ...Э- гэрийн урд талаас зуухны зүүн талаар гар хөрөө бариад ална чамайг гээд над руу дайрсан. Тэгээд барьж байсан гар хөрөөгөөрөө толгойны зүүн тал хүзүү хэсэг рүү цохисон. Миний уур хүрээд босоод ирсэн, яаж уурласнаа мэдэхгүй, нэг мэдэхэд манай эхнэр О орон дээрээ намайг татаад сууж байсан. Э-ы баруун хөмсөг дээрээс нь цус гарсан байсан. Өөр ямар  нэгэн  гэмтэл  шарх мэдэгдээгүй. Эхнэр О-с юу болсон талаар асуухад “та хоёр хоорондоо зодолдсон. Э- чамайг хөрөөгөөр алах гээд байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-н 98-99х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.  

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан” гэх гомдлын тухайд:

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг хувьд “өөрийгөө удирдан жолоодох, хяналт тавих чадваргүй болох” тухай ойлголтыг хамааруулах нь гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд үгүйсгэж, хэрэг хариуцах чадвартай байсан эсэх тухай ойлголтод хүрэх бөгөөд энэхүү гэмт хэргийн тухайд гэрч О-н “...Э- ах хөрөө барьчихсан Б-ийн хүзүүнд тулгасан байсан. Тэр хоёр зууралдаад миний хэвтэж байсан орон дээр давхралдаад унасан. Тэгтэл Б- орны араас буу авч, Э- ахыг зүүн гараараа түлхсэн чинь гэрийн хаалганы наад талд ойчсон...” гэх мэдүүлгээс /1хх-н 68х/ үзэхэд Э-ы дайралтыг салгах, холдуулах боломжтой байсан ба Б-ийн хувьд сэтгэл зүйн тэсрэлт явагдаж, сэтгэл санааны хүчтэй цочролд орсон гэж үзэх боломжгүй, Э- нь нь Б- болон түүний гэр бүлийнхнийх нь нэр хүндийг гутаан доромжилсон байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмнэлгийн тусламж үзүүлсэн, оршуулгын зардлыг бүрэн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогчийн “эвлэрсэн тул цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоон оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “зүйлчлэлийг хөнгөрүүлэх” тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэйн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО