| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/00349/И |
| Дугаар | 142/ШШ2020/00457 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 142/ШШ2020/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух овгийн Ш.Г /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух овгийн Т.А/регистрийн дугаар /-д холбогдох
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух овгийн Г.М /регистрийн дугаар /-гийн бие даасан шаардлагатай,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-26 тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт оногдох хэсэг 16 250 000 төгрөгийг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Т.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Т.Атай 1996 онд танилцаж 2001 оноос гэр бүл болж, 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2002 онд хүү Г.М, 2008 онд охин Г.Энхжин нар төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо маргалдаж таарч тохирохгүйн улмаас 2019 оны 06 сараас хойш тусдаа амьдарч байгаа цаашдаа хамтран амьдрах боломжгүй болоод байна. Улмаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвд өргөдөл гаргаж улмаар эвлэрэх боломжгүй тул 2019 оны 07 сарын 19-ний өдөр эвлэрүүлэх арга хэмжээг дуусгавар болгож тэмдэглэл үйлдсэн. Орхон Баян-Өндөр сум ******* тоот хаягт байрлах Ү-2101004679 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2004 онд худалдаж авсан. 2006 онд Т.Аын нэр дээр шилжүүлсэн. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Орхон Баян-Өндөр сум ******* тоот хаягт байрлах Ү-2101004679 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь эхнэр Т.Аын нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг эд хөрөнгийг миний аав болох Ширмашийн өвлүүлсэн байрыг зарж борлуулсан хөрөнгөөр худалдан авсан. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Орхон Баян-Өндөр сум ******* тоот хаягт байрлах Ү-2101004679 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваах саналтай байна. Учир нь гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэрлэснээс хойш бий болсон хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болно. Иймд гэрлэлтийг цуцалж, охин Г.Энхжин, хүү Г.Мг эх Т.Аын асрамжинд үлдээж, Орхон Баян-Өндөр сум ******* тоот хаягт байрлах Ү-2102004673 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууц /65 000 000 төг/, Sharp маркийн хөргөгч /1 200 000 төг/, гал тогооны ком тавилга /900 000 төг/, хувцасны шкаф /500 000 төг/ бүхий эд хөрөнгүүдээс ногдох хувийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр Ш.Гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бид 1996 онд танилцаж, улмаар 2001 оноос хамтран амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байгаад 2002 онд хүү Г.М төрсөн. Үүний дараа 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 онд охин Ганзоригийн Энхжин төрсөн. Миний нөхөр Ш.Г архи байнга хэрэглэдэг бөгөөд удаа дараа эмчилгээ хийлгэдэг боловч архи хэрэглэсээр өдийг хүрсэн. Сүүлийн үед архи хэрэглээд зан ааш нь эвдэрч, таарч тохирохгүй, гэрт хэрүүл маргаан байнга гарах болсон. Иймээс бид 2019 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба цаашид хамтран амьдрах хүсэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-26 тоот 2 өрөө орон сууцыг анх худалдаж авахдаа хадам аавын өмчлөлийн 5-13-63 тоот 4 өрөө сууцыг нөхрийн талынхан зараад тухайн үед бидэнд мөнгө өгсөн. Уг мөнгө дээр миний зүгээс мөнгө нэмж, улмаар уг орон сууцыг худалдаж авч байсан. Уг орон сууцны үнэнд Ш.Гийн талаас ч мөнгө оруулсан миний талаас ч мөнгө оруулж байсан учраас манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн. Иймээс түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2002 онд төрсөн хүү Г.М, 2008 онд төрсөн охин Г.Энхжин нарыг өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Хүү Г.М 2020 оны 03 дугаар сарын 02-нд 18 насанд хүрч байгаа тул дундын эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг гаргаж өгөх саналтай. Биднийг гэрлэлтээ цуцлуулж байгааг мэдэж байгаа тул хүү өөрөө нэхэмжлэл гаргах байх. Орон сууцны тухайд бодит үнийн дүнгээс нь гэр бүлийн бүх гишүүнд оногдох хувийг нь тодорхойлж, улмаар тус орон сууцнаас гэр бүлийн гишүүн бүрд оногдох хэсгийг нь гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Миний хувьд тус орон сууцыг худалдан борлуулахгүйгээр бэлэн мөнгийг гаргаж өгөх боломжгүй тул 6-18-26 тоот 2 өрөө орон сууцыг зарж оногдох хэсгийг нь гаргаж өгөхийг зөвшөөрч байна. Гэрийн тавилга эд хогшлын тухайд гэр бүлийн гишүүдэд тэнцүү хувааж, өөрт нь оногдох хэсгийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.М шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.М нь тус шүүхэд хандсан аав Ш.Гийн нэхэмжлэлтэй ээж Т.Ад холбогдох гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт дараах насанд хүрсэн бөгөөд аав, ээж нар гэрлэлтээ цуцлуулахтай холбогдуулан гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөс өөрт оногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжилж байна. Уг орон сууц нь хэдийгээр зөвхөн ээжийн нэр дээр бүртгэгдсэн боловч манай гэр бүлийн гишүүдийн бүгдийнх нь өмч юм. Үүнд:
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-26 тоот 2 өрөө орон сууцыг анх худалдаж авахдаа манай өвөөгийн өмчлөлийн 5-13-63 тоот 4 өрөө байрыг зарж, худалдан мөнгөөр нь уг 6-18-26 тоот орон сууцыг худалдаж авч, улмаар аав, ээж, дүү бид нар бүгд амьдарч ирсэн. Гэтэл одоо аав, ээж хоёр тусдаа амьдрах болсон, мөн гэрлэлтээ цуцлуулж байгаа тул миний бие өөрөө 18 насанд хүрсэн учраас тус орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болохыг тогтоолгож, улмаар аав ээж нарын тохиролцсон үнэлгээ болох 65 сая төгрөгөөс өөрт оногдох хэсгээ 16 250 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: 1. Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Т.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.М нар бид энэхүү эвлэрлийн гэрээг дараах нөхцөлтэйгөөр байгуулж байна.
2. Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод байрлах 2 өрөө Ү-2101004679 дугаартай орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Мгийн шаардлагыг нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Т.А нар бид бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрэв.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.М нь бие даасан шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, 18 насанд хүрсэн тул Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот 6-18-26 тоотод байрлах 2 өрөө Ү-2101004679 дүгаартай орон сууцыг бүхэлд нь гаргуулахаар шаардаж байгааг нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Т.А нар бид хүлээн зөвшөөрч, Ш.Г нь тус орон сууцнаас оногдох хэсэг болох 16 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж эвлэрч байна.
4. Нэхэмжлэгч Ш.Гийн тус шүүхэд гаргасан 1 200 000 төгрөгний үнэ бүхий шарф маркийн хөргөгч, 900 000 төгрөгний үнэ бүхий гал тогооны ком тавилгыг тус тус Ш.Гт өмчлөлд шилжүүлэн өгөхийг, 500 000 төгрөгний үнэ бүхий хувцасны шкаф нь хариуцагч Т.Аын өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон ба үүнийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.М, нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Т.А нар бид хүлээн зөвшөөрч эвлэрч байна.
5. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар энэ гэрээнд тохиролцсон эд хөрөнгийн асуудлаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй, дахин уг асуудлаар шүүхэд хандахгүй болохыг бид хүлээн зөвшөөрч ойлгож байгаа болно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г нь Т.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, Г.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-26 тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт оногдох хэсэг 16 250 000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан бөгөөд, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.М нь шүүх хуралдаан дээр шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байрыг бүхэлд нь авахаар шаардсан.
Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Т.А нар нь 1996 онд танилцаж, 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2002 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү Г.М, 2008 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр охин Г.Энхжин нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, Г.М, Г.Энхжин нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргаагүй бөгөөд 2008 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Энхжинг эх Т.Аын асрамжид үлдээхийг нэхэмжлэгч Ш.Г хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Т.А хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн тул Г.Энхжинг насанд хүртэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан тэтгэлгийг сар бүр эцэг Ш.Гоос гаргуулан олгох үндэслэлтэй байна. Харин хүү Г.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Эд хөрөнгийн тухайд: Шүүх хуралдаан дээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.М шүүх хуралдаан дээр шаардлагаа нэмэгдүүлж өөрчлөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-26 тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болохыг тогтоолгож, байрыг бүхэлд нь авахаар шаардсан.
Ингээд Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болохыг нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Т.А нар хүлээн зөвшөөрсөн, мөн Г.Мгийн орон сууцыг бүхэлд нь гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Т.А нар хүлээн зөвшөөрч, Ш.Г нь тус орон сууцнаас оногдох хэсэг болох 16 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, гэрийн доторх тавилга 1 200 000 төгрөгний үнэ бүхий шарф маркийн хөргөгч, 900 000 төгрөгний үнэ бүхий гал тогооны ком тавилгыг Ш.Гийн өмчлөлд үлдээхээр, 500 000 төгрөгний үнэ бүхий хувцасны шкафыг Т.Аын өмчлөлд үлдээхээр талууд харилцан тохиролцож эвлэрсэн болно.
Талууд эд хөрөнгөн дээрээ эвлэрч байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566 150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлгийн хэмжээнд тохирох 54 502 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ш.Г, Т.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Энхжинг эх Т.Аын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Энхжинг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш.Гоор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болохыг, мөн Г.Мгийн орон сууцыг бүхэлд нь гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Т.А нар хүлээн зөвшөөрсөн, Ш.Г нь тус орон сууцнаас оногдох хэсэг болох 16 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, гэрийн доторх тавилга 1 200 000 төгрөгний үнэ бүхий шарф маркийн хөргөгч, 900 000 төгрөгний үнэ бүхий гал тогооны ком тавилгыг Ш.Гийн өмчлөлд үлдээхээр, 500 000 төгрөгний үнэ бүхий хувцасны шкафыг Т.Аын өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сэр-Оддамбад даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 566 150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлгийн хэмжээнд тохирох 54 502 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА