Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00119

 

    М.К-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00649 дүгээр шийдвэртэй, М.К-ын нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч М.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн төлөөлөгч К.А /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Т” үнэт цаасны компанид тушаасан 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Т” ХХК нь 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 52090 дугаартай захиалгын гэрээгээр “Эрдэнэт” концернд хувь нийлүүлэх 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 серийн дугаартай хувьцааг тус тус хүлээлгэн өгсөн болно. 63000 ширхэг хувьцааг аль компанид нийлүүлсэн тухай “Т” брокерийн пүүсийн захирал К.Б-аас удаа дараа шаардсан боловч манайх хариуцахгүй, бид мэдэхгүй гэж хариу өгсөөр  ирсэн. Улсын санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан боловч 63000 ширхэг хувьцаагаа хувийн ХК-нд байхгүй болохыг 2018 оны 3 дугаар сарын 30-нд 9/1640 тоотоор хариу өгсөн болно. Иймд Өлгий Т үнэт цаасны компанид тушаасан 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тухайн үед Монгол улсын иргэн бүрд 7000 төгрөгийн эрхтэй цэнхэр тасалбарыг Өмч хувьчлалын комиссоос тараасан ба тухайн тасалбар нь өөрийн гэсэн нэг л сери дугаартай байсан бөгөөд иргэд 7000 төгрөгт мал худалдан авах, хөрөнгийн Бирж ТӨХК-д бүртгэгдэхээр төлөвлөж буй олон нийтэд хувьцаагаа санал болгох 400 гаруй Хувьцаат компанид хувь нийлүүлэх эрх авсан. Хувьцаанд хувь нийлүүлэхдээ тухайн иргэн Хөрөнгийн Биржийн салбар нэгжүүдэд хандаж аль Хувьцаат компанид хувь нийлүүлэх эсэхээ шийдвэрлэж брокерт даалгавар өгөх ба тус даалгаврын дагуу брокер нь Хөрөнгийн Биржид бүртгэл хийлгэж байв. Манай компани нь тус харилцагчийн 02-058510, 02-058591, 02-058593, 02-054985, 02-058509, 02-058504, 02-058589, 02-058590 болон 02-058503 тоот серийн дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэн баталгаажуулж иргэн М.К-ын хүсэлтийн дагуу Эрдэнэт концерн компанид хувь нийлүүлэхээр захиалга өгч даалгаврын гэрээ байгуулан тус харилцагчид нэг хувийг хүлээлгэн өгсөн байна. Гэвч Эрдэнэт концерн компани нь Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлд ороогүй ба арилжаалагдаагүй учраас иргэд хувь эзэмших боломжгүй болсон ба энэ талаарх мэдээлэл тухайн үед олон нийтэд мэдээллийн хэрэгслүүд болон тус компанийн бүх харилцагчдад мэдэгдэж байсан. “Т” ҮЦК-ийн хувьд тухайн салбарын хууль тогтоомж болон Санхүүгийн зохицуулах хорооны байнгын хяналт дор үйл ажиллагаа явуулдаг зохицуулалттай хуулийн этгээд бөгөөд харилцагчийн нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаас худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээ, гэрээний үндсэн дээр эрхэлдэг билээ.

Иймд тус компани нь тухайн үед иргэдийн даалгаврын дагуу хүсэлтийг Монголын Хөрөнгийн биржид хүргүүлэн бүртгүүлэх арга хэмжээг хөнгөн шуурхай, эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлж байсан боловч иргэдийн өмнөөс дур мэдэн шийдвэр гаргах эрх, үүрэг компанид хуулиас олгогдоогүй байсныг анхааран үзнэ үү. Түүнчлэн, хувь нийлүүлэх ажиллагаа 1994 оны 12 дугаар сарын 31-ээр тасалбар болон дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль эрх зүйн боломжгүй болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00649 дүгээр  шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.К-ын “Өлгий Т” үнэт цаасны компанид тушаасан 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн гомдолд: “Миний бие “Т” ХХК Үнэт цаасны хөрөнгийн биржид 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 52090 тоот даалгаврын гэрээний дагуу нэгж бүр 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 тоот “сери” дугаартай Хөрөнгө орлогын эрхийн бичгийг Эрдэнэт Концернд арилжаанд оруулахаар тушаасан. Энэ нь үнийн дүнгээр 63000 ширхэг хувьцааны хөрөнгө орлогын эрхийн бичгийн үнэлгээтэй болох нь 52090 тоот даалгаврын гэрээгээр батлагдана. Гэтэл “Т” ҮЦК ХХК нь тухайн 63000 ширхэг хөрөнгө орлогын эрхийн бичгийг хууль ёсны эзэмшигч М.К миний нэрээр захиалга өгсөн “Эрдэнэт Концерн”-ний нэр дээр арилжаанд оруулаагүй болох нь Санхүүгийн Зохицуулах хорооны 2018 оны 3 дугаар 30-ны өдрийн 9/1640 тоот  “хариу өгөх хуудас”-аар батлагдсан болно. Нэхэмжлэгч М.К миний бие “Т” ҮЦК ХХК-нд 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 52090 тоот “Даалгаврын гэрээ”-ээр тушаасан Хөрөнгө орлогын эрхийн бичгийн эзэмшигч (өмчлөгч) -өөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:

1. М.К миний бие 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 52090 тоот “Даалгаврын гэрээ” ёсоор нийт дүн 63000 ширхэг, 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 тоот “сери” дугаартай хөрөнгө орлогын эрхийн бичгийг “Т” ҮЦК ХХК-нд тушаасан болох нь тухайн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

2. Үнэт цаасны арилжаа эхлэх үйл ажиллагааг Үнэт цаасны тухай хуулийн 47, 48,49 дүгээр зүйлүүдэд зааснаар “Хөрөнгийн бирж” гүйцэтгэх тул К миний бие үнэт цаасны “Т” ҮЦК ХХК-нд хөрөнгө орлогын бичгийг 52090 тоот “даалгаврын гэрээ” байгуулснаар надаас авсан хөрөнгө орлогын эрхийн бичгийг тухайн байгууллага хариуцах ёстой гэж үзэж байна.

3. Иргэний хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Биржийн гүйлгээнд оруулах эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх (эд хөрөнгө, үнэт цаас) харилцан шилжүүлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, Биржид бүртгүүлнэ.” гэж заасан байна.

Нэхэмжлэгч М.К миний хувьд үнэт цаасны “Т” ХХК-ны биржид хэлцэл байгуулж, бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 49 дүгээр зүйлд заасан “биржийн хэлцэл” хууль ёсоор хийгдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-т “мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг хуульд заасны дагуу шүүх сэргээнэ” гэж заасан учраас нэхэмжлэгч М.К миний үнэт цаасны “Т” ХХК-ны хөрөнгийн биржид 1994 оны 12 дугаар 31-ний өдрийн 52090 тоот “даалгаврын гэрээ” ёсоор тушаасан 63000 ширхэг хөрөнгө орлогын эрхийн бичгийн зөрчигдөж буй эрхийг шүүхийн журмаар сэргээж, тухайн үнэт цаасны өмчлөгчөөр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар М.К намайг тогтоох учиртай байсан.

4. Нотлох баримтаар гаргаж өгсөн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Үнэт цаасны “Т" ХХК-ны хөрөнгийн биржтэй байгуулсан 52090 тоот “Даалгаврын гэрээ” ёсоор гэрээнд заасан сери дугаартай 63000 ширхэг хөрөнгө орлогын эрхийн бичгийн хууль ёсны өмчлөгч М.К намайг болохыг Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.7.1-т зааснаар шүүх тогтоох үндэслэлтэй.

5. Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.8-д “Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь үнэт цаасны өмчлөгч байна” гэж заасан. Тэгвэл Үнэт цаасны “Т” ХХК-тай 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “даалгаврын гэрээ” 52090 тоот гэрээгээр 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 “сери” дугаартай 63000 хөрөнгө орлогын эрхийн бичгийн өмчлөгч М.К надаас өөр хүн байх учиргүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.К нь “Т ҮЦК” ХХК-д холбогдуулан тус компанид тушаасан гэх 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, зохигчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч М.К нь 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 серийн дугаартай, нэг бүр нь 7000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Т ҮЦК” ХХК-д хүлээлгэн өгч, “Т ҮЦК” ХХК нь нэхэмжлэгч М.К-ын хүсэлтээр “Эрдэнэт концерн” компанид хувь нийлүүлэхээр захиалга өгөхөөр талуудын хооронд даалгаврын гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй байна.

 

“Т ҮЦК” ХХК нь “... М.К-ын хүлээлгэн өгсөн 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 серийн дугаартай 9 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийг бичгийг “Эрдэнэт концерн” компанийн хувьцааг худалдан авахаар захиалга өгсөн боловч Эрдэнэт концерн компанийн хувьцааг худалдан авах эрх нь төрийн өмчийн үндсэн хөрөнгөөр баталгаажаагүй учраас нэхэмжлэгч М.К нь хувьцаа эзэмшигчээр тогтоолгох боломжгүй...” гэж тайлбарлах ба Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/2204 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч М.К-ын нэр дээр дээрх хөрөнгө оруулалтын эрхийн бичгүүдийг үндэслэн ямар нэгэн үнэт цаас бүртгэгдээгүй болох нь тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч М.К-ын “Т ҮЦК” ХХК-д хүлээлгэн өгсөн 9 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр “Эрдэнэт концерний” хувьцааг худалдан авч эзэмшигчээр бүртгэгдэж баталгаажуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул М.К-ыг хувьцаа эзэмшигч гэж үзэх боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.

           

            Түүнчлэн нэхэмжлэгч М.К-ын “Т ҮЦК” ХХК-д 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 серийн дугаартай, нэг бүр нь 7000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн хууль ёсны эзэмшигч нь М.К мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй болно.

 

            Нэхэмжлэгчийн “Өлгий “Т” үнэт цаасны компанид тушаасан 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг М.К-аас “хариуцагчаас 9 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гаргуулах эсэх”, эсхүл “хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн эсэхийн тогтоолгох талаар”, “хариуцагчаас даалгаврын гэрээний үүргийн биелэлтийг шаардсан эсэх” талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаас удаа дараа тодруулахад нэхэмжлэгч “63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох”-ыг шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд нийцсэн байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00649 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

Д.КӨБЕШ