| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/03177/И |
| Дугаар | 001/ХТ2026/00082 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2026/00082
| иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05582 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2025/01602 дугаар магадлалтай, Н.Б-ын нэхэмжлэлтэй Г.С-т холбогдох Орон сууцны төлбөрт шилжүүлсэн 45,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Г.С-т холбогдуулан орон сууцны төлбөрт шилжүүлсэн 45,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05582 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.С-ээс 45,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2025/01602 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Г.С-т холбогдох 45,000,000 төгрөг гаргуулах тухай Н.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нь 2025.05.09-ний өдөр шүүхэд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгч Н.Б-оос шилжүүлсэн мөнгийг өөрийн дансанд авсанд маргаагүй бөгөөд татгалзлаа хэлэхдээ уг мөнгөний тодорхой хэсгийг Ш.Э-ийн хэлсний дагуу Д.А гэх хүний дансанд 2025.07.04-ний өдөр 2,000,000 төгрөг болон 18,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг. Гэтэл энэ нь зөвхөн хариуцагчийн тайлбарт л байгаа бөгөөд Ш.Э-ийн хэлсний дагуу шилжүүлсэн гэдгийг нотлох Ш.Э болон Д.А гэдэг хүний иргэний болон эрүүгийн хэрэгт ямар нэгэн оролцогчоор өгсөн тайлбар мэдүүлэг буюу нотлох баримт хэрэгт байхгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Дээрх 45,000,000 төгрөгөөс үлдэх 25,000,000 төгрөгийг Г.С нь 1,000,000 төгрөгийг 2025.07.04-нд Ч.С гэсэн данс руу, мөн өдрөө 10,000,000 төгрөгийг Ш.Э-ийн данс руу, 10,800,000 төгрөгийг мөн Ш.Э-ийн данс руу, 2,000,000 төгрөгийг Ч.С-ийн данс руу, 300,000 төгрөгийг Л.Б-ын данс руу, 900,000 төгрөгийг Ш.Э-ийн данс руу тус тус шилжүүлж 2,866 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс 2025.07.04-ний өдөр орж ирсэн 45,000,000 төгрөгийг тухайн өдрөө 21,700,000 төгрөгийг Ш.Э руу, үлдэх 23,300,000 төгрөгийг өөр бусад этгээдүүд рүү шилжүүлэн дуусгасан байна. Баримтаас харахад нэхэмжлэгчээс авсан бүх мөнгийг Ш.Э руу шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байх ба үүнийг давж заалдах шатны шүүх тодруулаагүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бодит байдал дээр хариуцагч нь иргэний хэргийн маргаан үүссэнээс хойш цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба тухайн гомдлоо Ш.Э-д холбогдуулж өөрөө буюу Г.С гэх иргэнээр байрны мөнгө болох 7,800,000 төгрөгөө залилуулсан талаар хохирогчоор мэдүүлэг өгсөн байдаг. Харин нэхэмжлэгчээс авсан 45,000,000 төгрөгийг Ш.Э-д шилжүүлж залилуулсан гэсэн гомдол, мэдүүлэг огт өгөөгүй ба үүнийг давж заалдах шатны шүүх тодруулаагүйн зэрэгцээ уг иргэний хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэж үзсэн нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хавтаст хэргийн 102 дугаар талд авагдсан хэнд ирсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, үзлэгээр тогтоогдоогүй 1100*** дугаартай гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт шилжүүлсэн гэх, өөрөөр хэлбэл тухайн саналыг прокурор хүлээн авч хэрэг бүртгэлтийн дугаар нээж эрүүгийн журмаар шалган ажиллагаа явуулж байгаа эсэх тогтоол болон бусад баримт байхгүй байхад эрүүгийн журмаар шалгаж байна гэж үзэж магадлал гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч болон Ш.Э-д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, тайлбар мэдүүлэг өгөөгүй болно. Мөн хариуцагч нь цагдаагийн байгууллагад өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ болон шүүхэд гаргасан бичгэн тайлбартаа Ш.Э-ийн хэлсэн данс болон өөрийнх нь данс руу Н.Б-ын мөнгийг бүрэн шилжүүлсэн гэж, шүүх хуралд амаар болон өмгөөлөгчөөрөө дамжуулан тайлбар гаргахдаа 45,000,000 төгрөгөөс 38,000,000 төгрөгийг Ш.Э буцаан шилжүүлсэн гэж, нэг үйл баримтыг 2 өөр янзаар эсрэг байр суурьтайгаар тайлбарласныг шүүх тодруулаагүй. Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбар, цагдаагийн байгууллагад хандан гомдол өгсөн мэдүүлэг, давж заалдах гомдол зэрэг нь бүгд хоорондоо эрс зөрүүтэй ба үйл баримтыг олон янзаар тайлбарласан нь өөрийнх нь гаргаж өгсөн дансны хуулгын мөнгөний зарцуулалттай огт нийцээгүй, өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байгааг давж заалдах шатны шүүх үнэлж дүгнээгүй. Иймд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2025/01602 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/00318 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. ХЯНАВАЛ 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангах үндэслэл тогтоогдов. 7. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Г.С-т холбогдуулан Орон сууцны төлбөрт шилжүүлсэн 45,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Миний бие орон сууц худалдан авахаар судалж байгаад 2022 оны 06 сард эхнэр Ц.А-ын дүүгийн нөхөр Б.Б-ээр дамжуулж Г.С-тэй танилцсан бөгөөд тэрээр Хан-Уул дүүргийн яармагт байрлах Буян-Ухаа хороололд хямд үнэтэй 2 өрөө байр удахгүй сул гарах гэж байгаа талаар хэлсэн. Урьдчилгаа мөнгө төлөөд, байрандаа орохдоо үлдэгдэл мөнгөө төлж гэрчилгээгээ авах боломжтой гэсний дагуу 45,000,000 төгрөгийг 2022.07.01-ний өдөр 20,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгөөр 2 хуваан Г.С-ийн данс руу шилжүүлсэн. Гэвч үүнээс хойш байрандаа орох талаар хэлсэн боловч худалдах боломжгүй болсон учраас мөнгийг эргүүлж өгнө гээд өнөөдрийг хүрсэн тул шилжүүлсэн 45,000,000 төгрөгийг гаргуулна.” гэж тайлбарласан. 8. Хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Миний бие Н.Б гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй, танихгүй. Бид хоёрын дунд хийсэн гэрээ, хэлцэл байхгүй. Харин 2022 оны 06 сарын сүүлээр Ш.Э гэдэг эмэгтэй холбогдоод Буянт-Ухаа-2 хороололд зорилтот бүлгийнхэнд зориулсан квотын байр байна гэсний дагуу Б.Б гэх залууд энэ саналыг тавьсан. Тэрээр тус квотын байрыг авахаар мөнгө шилжүүлсэн. Ш.Э нь урьдчилгаа мөнгийг чи өөрийн дансаар аваад над руу шилжүүлээд өгөөч гэснийг зөвшөөрч 2022.07.01-ний өдөр дансаар хүлээн авч, Ш.Э-ийн данс руу 52,800,000 төгрөг шилжүүлсэн. Үүний 45,000,000 төгрөг нь Б.Б-ийн мөнгө. Ш.Э нь Буянт-Ухаа-2 хорооллын ... дугаар байрны түлхүүрийг Б.Б-д өгсөн бөгөөд хадам эгч Ц.А нь байрны гэрчилгээ яагаад гарахгүй байгаа талаар надтай холбогдоход Ш.Э-ийн дугаарыг өгсөн. Миний бие Ш.Э-тай 2023.12.04-ний өдөр уулзахдаа Ц.А гэдэг хүнтэй уулзсан ба 45,000,000 төгрөгөөс гадна 38,000,000 төгрөгийг Ш.Э Ц.А-аас авсан байсныг нь мэдсэн. Маргааш нь Ц.А нь утсаар ярихдаа 38,000,000 төгрөгөө авсан, харин 45,000,000 төгрөгөө үлдээж, байраа хүлээж авахаар шийдсэн .. энэ асуудал нь чамд ямар ч хамаагүй, бид хоорондоо тохиролцсон асуудал гэж хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ. 9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ: “... Нэхэмжлэгч нь орон сууц худалдан авах зорилгоор Г.С-т 45,000,000 төгрөгийг шилжүүлж, Г.С нь уг мөнгийг Ш.Э гэх хүний дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний шинжгүй ... харин Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч нь 45,000,000 төгрөгийг өөртөө авч ашиглаагүй гэх боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь 45,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. ... Ц.А болон Ш.Э нарын хооронд үүссэн 38,000,000 төгрөгийн асуудал нь энэ хэрэгт хамраалгүй нь баримтаар тогтоогдсон. Хариуцагч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа талаар тайлбар гаргасан нь энэ хэрэгт хамааралгүй.” гэж дүгнэсэн. 10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “... Н.Б нь 2022.07.01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 45,000,000 төгрөг шилжүүлсэн, тухайн мөнгө Г.С-ийн дансанд 2022.07.04-ний өдөр шилжин орсон, Г.С нь цааш 52,800,000 төгрөгийг Ш.Э-ийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй. Эрүүгийн хэрэгт Г.С нь хохирогчоор тогтоогдсон талаарх баримт хэрэгт авагдсан. Зохигчийн маргаж буй үйл баримтыг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн. 11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь материаллаг болон процессын хууль тогтоомжийг зөрүүтэй хэрэглэсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан байх ба энэ гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарна гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн боловч нэхэмжлэгч ба хариуцагч нарын хэн нь зуучлагч, зуучлуулагч гэж үзэж байгаагаа тодорхойлоогүйн зэрэгцээ зуучлалын гэрээний харилцаа нь чухам юуны учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг үүсгэх болсныг ойлгомжтой дүгнээгүй бол давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо эрүүгийн хэргийн журмаар шалгаж байгаа нөхцөл байдлыг иргэний хэрэгт хэрхэн хамаарч байгааг тодруулаагүй, үндэслэж байгаа баримт болон энэ талаарх хууль зүйн дүгнэлт тодорхой биш байгаа нь нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын холбогдох хэсгийг хангах үндэслэл болов. 12. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэвэл нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Г.С-ээс гэрээний дагуу шилжүүлсэн гэх 45,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч энэ мөнгө нь хамаарал бүхий этгээдээс нь түүнд өгсөн мөнгө, эсхүл энэхүү хамаарал бүхий этгээд өөртөө орон сууц худалдан авахаар хүсэж түүнд мөнгө өгснийг төлөөллийн журмаар бусдад шилжүүлсэн аль нь болох нь тодорхойгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд нь маргаж буй мөнгөн хөрөнгөөс өөр мөнгөн дүнг хариуцагчид шилжүүлсэн байж болох нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байх боловч энэ харилцааг маргаан бүхий 45,000,000 төгрөгийн харилцаанаас ялгаж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй атлаа хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, тус хэргийн хувьд хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Б-ын эзэмшиж байсан орон сууц буюу маргаан бүхий орон сууцтай холбоотой 45,000,000 төгрөг, өөр сууц худалдан авахтай холбоотой 38,000,000 төгрөгийн шилжүүлгийн талаар ялгаатай үйл баримт байгааг зааглан авч үзсэний үндсэн дээр эрүүгийн журмаар шалгаж буй хэрэг маргаан нь энэ хэрэгтэй холбоотой эсэхийг дүгнэх нь зүйтэй байна. Үүний тулд нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Г.С нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоох, тухайн харилцааны дагуу шаардах эрх байгаа эсэх, шаардах эрх байгаа гэж үзвэл уг заалтыг хоёрдмол утгагүй тодорхойлох шаардлагатай. 13. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Б-ын данснаас 2022.07.01-ний өдөр 45,000,000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр хариуцагч Г.С-ийн дансанд “Ц.А-аас байр авах” гэсэн утгаар шилжжээ. Улмаар 2022.07.04, 2022.07.05-ны өдрүүдэд Г.С-ийн данснаас Ш.Э-ийн дансанд нийт 52,800,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба 2023.01.18-ны өдөр Ц.А-ын данснаас Ш.Э-ийн дансанд 38,000,000 төгрөг “зээлэв, 1***,1* тоот байр” гэх утгаар шилжиж, 2024.01.14-ний өдөр Ц.А-ын дансанд 38,000,000 төгрөг “байрны мөнгө буцаав” утгаар шилжин орж ирсэн байна. Энэ үйл баримтаас үзвэл Н.Б болон Ц.А-ын зүгээс 45,000,000 төгрөг болон 38,000,000 төгрөг, нийт 83,000,000 төгрөгийг бусдад шилжүүлсэн бол Ц.А-ын дансанд буцаж 38,000,000 төгрөг орж ирсэн байдал тогтоогдож байна. Энэ үйл баримтыг зохигчийн хариу тайлбар, хэргийн бусад үйл баримт, эзэмшигч нь тодорхойгүй дансны талаар тодруулан, холбогдох баримтыг бүрдүүлэх талаар зохигчийг оновчтой чиглүүлснээр эрх зүйн харилцааг зөв дүгнэх боломж бүрдэнэ. 14. Дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл анхан шатны шүүх зохигчийн байр суурийг тодруулан, талуудын мэтгэлцээнийг зөв чиглүүлж, эрх зүйн харилцаа, шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэж хэргийг шийдвэрлэж чадаагүй бол давж заалдах шатны шүүх энэ асуудлаарх анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй, нотлох баримтгүйгээр эрүүгийн хэргийг шалгаж байгаа гэх үндэслэлд суурилан хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 15. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөрүүтэй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05582 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2025/01602 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.02.03-ны өдөр 382,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА Б.УНДРАХ Д.ЦОЛМОН
|