Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.Давхарбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж /ҮД:0818/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Феличита” ресторанд тогооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 31 дүгээр гудамжны 344 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УХ93070915/ Боржгон овогт Баттөрийн Давхарбаярт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн 201625020146 дугаар 185/2017/0201/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Давхарбаяр согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Фокус” зочид буудлын цонхыг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Давхарбаярын: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Цэцэгмаагийн: ...2015 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим 20 гаран насны 2 залуу, 2 эмэгтэйн хамт орж ирээд нэг өрөө авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 2 эмэгтэй нь түрүүлээд гараад явсан чинь шөнийн 02 цагийн орчим нөгөө 2 үлдсэн залуу нь гарч ирээд буудлаас гарлаа мөнгөө буцааж авъя гэсэн. Тэгэхээр нь би буцаан өгөх боломжгүй гэдгээ хэлсэн чинь хэл амаар доромжилж байгаад бичиг баримтаа аваад гараад явсан. Тэгээд байж байтал цонх тас гэж дугараад баруун талын дугуй вакум цонх хагалсан... Давхарбаяр нь манай буудлын цонхыг буцааж шиллэж өгсөн... Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20, 43/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Чимэддоржийн: ...би яг сар өдрөө санахгүй байна. Найз Долгион, түүний найз нэг охин, мөн манай хамаатны Давхарбаяр бид 4 хамтдаа “Фокус” гээд зочид буудалд орсон. Орохдоо 0,5 литрийн архи, 1 том пиво ундаа, чипс худалдаж аваад орсон. Тэгээд буудалд ороод авсан юмаа уугаад байж байхад Долгион нөгөө найзтайгаа ажил гарлаа гээд яваад өгсөн. Тэгэхээр нь Давхарбаяр бид хоёр жоохон сууж байгаад явъя гээд гараад 1 давхарт байсан эмээтэй уулзаад тал мөнгөө авчих уу гэхэд “тийм юм байхгүй” гэж хэлчихээд худлаагаасаа унтаад өгсөн. Тэгээд нэг сэрээд бичиг баримт өгөхөөр нь аваад гартал Давхарбаяр “Монголчууд ингэдэг болсон юм уу, нэгнийгээ ингэдэг болчихсон юм байна” гээд газраас чулуу аваад буудлын цонх руу шидчихээд явчихсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-44/,

 

Мөрдөн байцаалтад Б.Давхарбаярын сэжигтэн, яллагдагчаар: ...2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хамаатан Чимэддорж ахыг Солонгос улсаас ирсэн гээд Долгион болон түүний найз нэг охины хамт бид 4 Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фокус” зочид буудал руу ороод 1 өрөө 45.000 төгрөгөөр 1 хоногийн турш авсан. Тэгээд өрөөндөө ороод нэг архи, 2 литрийн том пиво ууцгаагаад удалгүй Долгион найзтайгаа хамт ажил гарчихлаа гээд яваад өгсөн. Удалгүй Чимэддорж бид хоёр буудлаас гарах гээд 1 давхарт очиход нэг эмээ унтаж байсан. Тэгээд эмээ бид хоёр гарах гэсэн юм, бид нар 2 цаг л буудалд байсан болохоор төлсөн мөнгөнөөсөө тал мөнгийг авчихмаар байна гэхэд мөнгө өгөхгүй гэх мэтээр сонин сонин зүйл ярьж байгаад л унтаад сэрээд нэг л эрүүл биш байх шиг байсан. ...Арай гэж бичиг баримтаа авч гарахдаа би уурлаад газраас нэг чулуу олж аваад тэр зочид буудлын цонх руу шидчихсэн юм. Тэгээд бид хоёр шууд зугтаад явсан. ...Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн зочид буудлын хагалсан цонхыг янзалж өгсөн байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-47-50/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-59-63/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

            Шүүгдэгч Б.Давхарбаярыг согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Фокус” зочид буудлын цонхыг санаатай хагалж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.Давхарбаяр ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-62/ нотлогдов.

            Иймд шүүгдэгч Б.Давхарбаяр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баттөрийн Давхарбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д

зааснаар Баттөрийн Давхарбаярыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Давхарбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Давхарбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Давхарбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
  4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Давхарбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Давхарбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ү.ТҮМЭНЖАРГАЛ