Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2020/00335/И |
Дугаар | 142/ШШ2020/00613 |
Огноо | 2020-05-07 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2020/00613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг ******* тоотод оршин суух ******* овогт Б.Г /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах ЭҮ ТӨҮГ-т холбогдох,
ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт тус байгууллагын нярвын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 19 966 620 төгрөг, Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800 000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400 000 төгрөг нийт 21 166 620 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Б.Г нь ЭҮ ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт Нярвын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 05 сарын 23-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд 2019 оны 04 сард хүүхэд асрах чөлөө дуусахаас нэг сарын өмнө ажилдаа эргэн орох хүсэлтээ хуульд заасан журмын дагуу ЭҮ ТӨҮГ-т гаргасан. ЭҮ ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэг нь Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд шилжсэн хэдий боловч үүнээс үл хамааран амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудын ажлын байрыг ЭҮ ХХК-д хадгалах талаар ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/114 тоот Хүний нөөцийн тухай тушаалын 3 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Иймээс миний бие хүүхэд асрах чөлөө дууссан даруйд ажил, албан тушаалдаа эргэн орохоор хүсэлтээ гаргахад няравын орон тоонд сул ажлын байр байхгүй гэсэн үндэслэлээр намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд ажиллуулахгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, надад ажил үүргээ гүйцэтгэх, цалин хөлс авах боломж олголгүй хохироосоор байгаад гомдолтой байна. ЭҮ төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын 2019.11.13-ны өдрийн 113/497 тоот Ажил санал болгох тухай албан бичигт намайг жижүүрээр ажиллахыг, 2019.12.18-ны өдрийн 113/564 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт Барилга засварын цехийн ажил хуваарилагчийн түр ажлын байр санал болгосон нь урьд эрхэлж байсан ажил, албал тушаалыг маань хэвээр хадгалах байсаар байтал миний ажил, албан тушаалыг ийнхүү дордуулсан байдлаар санал ирүүлсээр байгаад туйлын гомдолтой байна. Иймээс миний бие ЭҮ төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан. Хөдөлмөрийн маргаан таслах комиссоос ... урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлэхийг ажил олгогчид даалгаж, намайг дээрх Барилга засварын цехийн ажил хуваарилагчийн түр ажлын байранд ажиллахыг үүрэг болгосон мөн л ажил олгогчийн саналтай ижил миний урьдны ажлын байрыг дордуулсан ажлын байр дээр ажиллахыг үүрэг болгосон 2020.01.16.№02 тоот шийдвэр гаргасан байх ба энэ шийдвэрийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан болно. Гэвч миний бие хөдөлмөрийн маргаан таслах комиссын, адил чанарын ажил гэдэг нь тодорхойгүй, түр ажлын байраар ханга гэсэн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч урьд хэвээр хадгалагдаж байгаа нярвын ажилдаа ажиллах хүсэлтэй байна. Түүнчлэн ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газар нь ажилтнууддаа олгож буй бүх шагнал урамшууллаас намайг хасч байгаад гомдолтой байна. Тухайлбал: Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар үйлдвэрийн бүх ажилтнуудад урамшуулал олгосон бөгөөд Галбадрах надад тэрхүү урамшуулал өгөөгүй болно. Мөн ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 02 сарын 03-ны өдрийн тушаалаар батлагдсан "ЭҮ ХХК-ийн ажилтныг шагнаж урамшуулах ерөнхий журам"-ын дагуу Алдарт эхийн одонтой эхчүүд 400 000 төгрөг авах боломжтой тул энэ тухай хүний нөөцөд хүсэлт гаргахад харьяалсан цех байхгүй гээд хүлээж аваагүй болно. Иймд миний бие Б.Г намайг ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт нярвын ажилд томилохыг ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15 335 720 төгрөг, Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800 000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400 000 төгрөг нийт 16 535 720 / арван зургаан сая таван зуун гучин таван мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Миний бие ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт нярвын ажилд томилохыг ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15 335 720 төгрөг, Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800 000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400 000 төгрөг нийт 16 535 720 /арван зургаан сая таван зуун гучин таван мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Одоо тус нэхэмжлэлийн шаардлагынхаа ... ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт нярвын ажилд томилохыг ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах гэсэн хэсгийг ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт тус байгууллагын нярвын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах гэж, ... ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15 335 720 төгрөг гэснийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 19 966 620 төгрөг гэж өөрчлөн бусад хэсгээ хэвээр үлдээж нийт 21 166 620 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд шийдвэрлэгдэж буй Бямбаа овогтой Галбадрахын ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Г нь ЭҮ ТӨҮГ-т нярвын орон тоонд ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15 335 720 төгрөг Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800 000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400 000 төгрөг нийт 16 535 720 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Няравын орон тоонд ажилд авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухай: Эрдэнэт медикал төв эмнэлэг нь ЭҮ-ийн мэдлээс гарч Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжсэнтэй холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхий захирлын Б/114 тоот тушаал гарч тус төвд ажиллаж байсан хүний нөөцийн асуудлыг шийдсэн байдаг. Энэхүү тушаалын 3 дахь заалтаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, суралцаж байгаа нэр бүхий 7 ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахыг Хүний нөөцийн хэлтэст даалгасан. Тэдгээр ажилтнууд дунд нэхэмжлэгч Б.Гын нэр байдаг. Дээрх тушаалын дагуу Эрдэнэт медикал төв нь Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжсэн тул нэхэмжлэгч Б.Гын ажиллаж байсан Эрдэнэт медикал төвийн нярвын орон тоо нь байхгүй болсон тул тус албан тушаалд ажиллуулах боломжгүй юм. Нэхэмжлэгч Б.Г нь ЭҮ ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт Нярвын албан тушаалд ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/961 тоот тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 3 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Б.Гын хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа эргэн орох тухай хүсэлтээ гаргах үед Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 113/496 тоот албан бичгээр үйлдвэрийн газарт одоогоор нярвын орон тоонд сул ажлын байр байхгүй байгаа тул Эрдэнэт сувиллын цогцолборт жижүүрийн ажлын байранд ажиллах санал тавьсан боловч нэхэмжлэгч Б.Г нь өөрийн урьд эрхэлж байсан ажлын байрыг дордуулж байна гэж үзэн татгалзсан хариуг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн байна. Улмаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 113/564 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээг бууруулахгүйгээр сул орон тооны боломжийг харгалзан түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажлын байр болох ЭҮ ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажил хуваарилагчийн түр ажлын байранд ажиллах санал тавьсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 113/68 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн мэргэжлийг харгалзан адил чанарын өөр ажлын орон тоонд сул ажлын байр гарсан тул Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн агуулахын эрхлэгчийн түр ажлын байрыг санал болгосон боловч нэхэмжлэгч Б.Г нь түр орон тоонд ажиллахгүй гэж татгалзсан хариуг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн байдаг.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон шагнал урамшууллын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай: Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ЭҮ ХХК-ийн ажилтныг шагнаж урамшуулах ерөнхий журмын дагуу Алдарт эхийн одонгийн урамшууллын 400 000 төгрөгийг олгоогүй гэсэн байна. Үйлдвэрийн газрын ажилтныг шагнаж урамшуулах журамд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан, Монгол улсын төр, Засгийн газар, Орхон аймгийн төр захиргааны байгууллагын шагналаар шагнагдсан үйлдвэрийн газрын ажилтныг тодорхой хэмжээний мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаар зохицуулсан байдаг. Тэрхүү журамд хэд хэдэн шагналыг тусгайлан заасан байх бөгөөд тэр дунд Алдарт эхийн одонгоор шагнагдсан ажилтанд урамшуулал олгох тухай тусгайлан заасан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгч Б.Гын алдарт эхийн одонгийн шагналын урамшуулал болох 400 000 болон Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. ЭҮ ТӨҮГ нь нэхэмжлэгч Б.Гыг ажлын байраар хангах зорилгоор сул орон тоо гарах бүрт ажлын байр санал болгосоор байтал тухайн санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзаж өөрийн хүслээр ажил хөдөлмөр эрхлэх эрхээ эдлээгүй байх тул түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 15 335 720 төгрөгийг эс зөвшөөрч байна.
Иймд ЭҮ ТӨҮГ-ын зүгээс нэхэмжлэгч Б.Гын ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд түүний өмнө нь ажиллаж байсан Эрдэнэт медикал төв эмнэлгийн нярвын орон тоо байхгүй байгаа ч Үйлдвэрийн газар нь ажилтны эрх ашгийг хохироохгүй байх үүднээс үйлдвэрийн газрын орон тооны хуваарийг харгалзан нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажлын байранд ажиллуулахыг эрмэлзэж сул орон тоо гарах бүрд ажлын байр санал болгож байсан боловч тэрээр ажил олгогчоос санал болгосон ажлын байранд ажиллахаас сайн дураар татгалзсаар өнөөдрийг хүрсэн. Иймд үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагынхаа ЭҮ ТӨҮГ-т нярвын ажилд томилохыг ЭҮ ТӨҮГ-т даалгах гэснийг ЭҮ ТӨҮГ-т няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг ЭҮ ТӨҮГ-т даалгах гэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15 335 720 төгрөг гэснийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 19 966 620 төгрөг гэж өөрчлөн бусад хэсгээ хэвээр үлдээж нийт 21 166 620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү нэмэгдүүлснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Гад Алдарт эхийн одонгийн шагналд дагалдах мөнгөн урамшуулал олгогдсон эсэх талаар дахин судалж үзэхэд Ерөнхий захирлын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1074 тоот тушаалын хавсралтаар Шагналд дагалдах мөнгөн шагнал олгогдох ажилчдын нэрсийг баталсан байх бөгөөд тэдгээр ажилтнуудын дунд нэхэмжлэгч Б.Гын нэр байдаг. Тэрхүү тушаалын дагуу нэхэмжлэгч Б.Гад Алдарт эхийн одонд дагалдах мөнгөн шагнал олгогдсон байна. ЭҮ ТӨҮГ-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Гыг ажлын байраар хангахгүйгээр аливаа байдлаар эрх ашгийг нь хохироох гэсэн санаа зорилго байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасны дагуу үйлдвэрийн газрын орон тооны хуваарийг харгалзан нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажлын байранд ажиллуулахыг эрмэлзэж сул орон тоо гарах бүрд ажлын байр санал болгож байсан боловч тэрээр нэхэмжлэгч Б.Г нь ажил олгогчоос санал болгосон ажлын байранд ажиллахаас сайн дураар татгалзсаар байсан.
Иймд үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт тус байгууллагын нярвын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 19 966 620 төгрөг, Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800 000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400 000 төгрөг, нийт 21 166 620 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдарт эхийн одонгийн 400 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 20 341 084 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Б.Г нь ЭҮ ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэгт нярваар ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс гурван жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон.
Нэхэмжлэгч Б.Гын хүүхэд асрах гурван жилийн чөлөөний хугацаа дуусаж байсан тул ЭҮ ТӨҮГ-т хандан ажилдаа орох талаар 2019 оны 4 дүгээр сард хүсэлтээ өгсөн боловч Б.Гад түр ажлын байруудын саналыг хариуцагч тал тавьсан байх ба, нэхэмжлэгч нь түр ажлын байранд орохгүй гэсэн саналыг гаргаж байсан байна.
Ингээд Б.Г нь өнөөдрийг хүртэл ажилгүй, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалдаа орж ажиллаж чадаагүй болох нь нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсэн болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар заажээ.
Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг үл биелүүлэн, ажилтныг ажлын байр байхгүй гэж, хүүхэд асрах чөлөө авахаас өмнө нь ажиллаж байсан Медипас ХХК-ийн нярвын ажилд нь ажиллуулахгүй байгаа нь ажил олгогчийг хууль зөрчсөн гэж үзнэ.
Хариуцагч ЭҮ ТӨҮГ нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...үйлдвэрийн газрын орон тооны хуваарийг харгалзан нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажлын байранд ажиллуулахыг эрмэлзэж сул орон тоо гарах бүрд ажлын байр санал болгож байсан боловч тэрээр нэхэмжлэгч Б.Г нь ажил олгогчоос санал болгосон ажлын байранд ажиллахаас сайн дураар татгалзсаар байсан. Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалаар олгох байсан 800 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Энэ тушаалаар хөдөлмөрийн гэрээтэй ажилчдад урамшуулал олгосон. Б.Г нь санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзаж өөрийн хүслээр ажил хөдөлмөр эрхлэх эрхээ эдлээгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан, эсхүл дуусаагүй байсан ч ажилтан өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах нь ажил олгогчийн үүрэг байхаар зохицуулсан байна.
Б.Гын ажлын байрыг цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан талаар хариуцагч тал тайлбарлаж мэтгэлцээгүй.
ЭҮ ТӨҮГ-т 2016-2020 онуудад батлагдсан нийт 53 нярвын орон тоо байх ба, түүнээс хасагдсан зүйлгүй болох нь хариуцагч байгууллагын 2020-04-21-ний өдрийн 108/147 дугаартай /хх106/ албан бичгээр нотлогдож байна.
ЭҮ ХХК-ийн Эрдэнэт медикал төв эмнэлэг нь Япон улсын хөрөнгө оруулалттай Медипас ХХК-ийн өмчлөлд шилжсэн ч жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, суралцаж байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар ЭҮ ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/114 тоот тушаалд заасан байна.
Хэдийгээр ЭҮ ТӨҮГ нь Б.Гад ажлын байр санал болгосон ч түр ажлын байруудыг санал болгож байсан байх ба нэхэмжлэгч нь ажил, албан тушаалыг дордуулсан гэж үзэж татгалзсан хариу өгч байсныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
ЭҮ ТӨҮГын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтнууд... шагнал урамшуулал олгохоор заасан байна.
ЭҮ ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх А/1210 дугаартай тушаалын дагуу олгох 800 000 төгрөгнөөс татгалзаж буй үндэслэлээ: ...Б.Гтай 2011 оны 8 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь цаашид сунгагдаагүй, мөн хүүхэд асрах чөлөө нь 2019-07-22-ны өдөр дууссан. Хөдөлмөрийн гэрээтэй ажилчдын нэрсийн жагсаалтад Б.Гын нэр гарч ирээгүй тул 800 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Б.Гын хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг ЭҮ ТӨҮГ гаргаагүй бөгөөд, хүүхэд асрах чөлөөтэй байгаа нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээтэй ажилчдын нэрсийн жагсаалтад Б.Гын нэр бичигдээгүй нь ажилтны буруу биш юм. Иймд ЭҮ ТӨҮГын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 дугаар тушаалын дагуу олгогдсон 800 000 төгрөгийг Б.Гад олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019 оны 5 дугаар сард дуусаж, ажилдаа орох хүсэлтээ 4 дүгээр сард ажил олгогчид гаргасан гэсэн байх ба, ЭҮ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016-09-05-ны өдрийн Б/961 дугаартай тушаалаар Б.Гад 2016-07-22-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар хүүхэд асрах чөлөөг олгожээ.
Б.Г нь 2015-03-04-ний өдөр хүү О.Ерөөлтийг, 2016-05-23-ны өдөр хүү О.Тэлмэн нарыг төрүүлсэн байх ба, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн, нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019-07-22-ны өдөр дууссан гэж үзэхээр байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг 2019-07-22-ны өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Гыг ЭҮ ТӨҮГ-т нярвын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг ЭҮ ТӨҮГ-т даалгаж, Б.Гын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг түүний хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2019-07-22-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардлагын дагуу 2020-04-01-ний өдрийг хүртэлх хугацаагаар бодсон бөгөөд, цалингийн дунджийг нэхэмжлэгчийн хамгийн сүүлд ажиллаж байсан үеийн сүүлийн гурван сарын дунджаар /гурван сарын дундаж 1 927 215 төгрөг х 8 сар ажлын 6 хоног + 800 000₮/ бодоход 16 755 548 төгрөг болж байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20 341 084 төгрөгнөөс 3 585 536 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 311 920 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ЭҮ ТӨҮГ-т тус байгууллагын нярвын ажилд дүйцэхүйц түр биш байнгын бүр орон тооны адил чанарын ажилд томилохыг ЭҮ ТӨҮГ-т даалгаж, ЭҮ ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 16 755 548 төгрөг төгрөг гаргуулан Б.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 585 536 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.Гын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг ЭҮ ТӨҮГ-т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч ЭҮ ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 311 920 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА