Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/321

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч М.Мөнхтайван,

хохирогч Ш.Б,

шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Базардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

         

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ... төрсөн, ... настай, ...... оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Т.М,

2.Монгол улсын иргэн, ... төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, .... мэргэжилтэй, а.... оршин суух,

Ц.Ц

3.Монгол улсын иргэн, ..... төрсөн, ... настай, ..... оршин суух,  урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б.А

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ санаатай нэгдэн, Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн Бяцхан булаг гэх газарт 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Ц.Ц малд нийлсэн 60 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж иргэн Ш.Б 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ санаатай нэгдэн, Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн Бяцхан булаг гэх газарт 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Ц.Ц малд нийлсэн 60 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж иргэн Ш.Б 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шинжлэн судалсан дараах:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М нь: “Өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлгээ өгсөн. Дахин нэмж ярих зүйлгүй”, асуултанд хариулна гэх,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц нь: “Хонь ачиж явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж ярих зүйлгүй.” гэх,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь: “Өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлгээ өгсөн. Дахин нэмж ярих зүйлгүй.” Асуултанд хариулна гэх,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Б нь: “Би Р гэдэг айлаас 100 төлөг худалдаж авсан. Тэгээд 80-н төлгөө алдсан. 20 төлгөө Ц.Ц олсон. Надаас энэ хүмүүс уучлалт гуйсан. Хүнд хэлэхгүй шийдье гэхээр нь би тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Миний хохирлыг барагдуулсан. Надаа одоо гомдол санал байхгүй.” гэх,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р  хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/,

2023.8.11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8 дугаар хуудас/,

 Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 10 дугаар хуудас/,

2023.8.11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Ш.Б “Би Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр баг “Үнхэлцэг” гэх газарт нөхөр Г болон 3 хүүхдийн хамтаар өөрсдийн хэдэн тооны бог болон бод малаа маллан амьдардаг. Би нөхөр Г.Г хамтаар тус сумын иргэн “Ар булаг” гэх газарт оршин суух хаягтай С.Р гэх хүнээс 2023 оны 6 дугаар сард 03-ны өдөр 10.000.000 төгрөгөөр 100 тооны төлөг мал худалдан авч өөрсдийн мал сүрэгтээ нийлүүлсэн юм. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Г.Г хамтаар хонь хяргах буюу ноосолж байх үед С.Р ахаас худалдан авсан 100 тооны төлөг мал бага буюу хэдэн ширхэг л харагдаж байсан ба тэр үед нөхөр бид хоёр тоолж хараагүй юм. Дараа нь буюу 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мөн хонь хяргах буюу ноослох үед дахин худалдан авсан болох 100 тооны төлөг мал бага буюу хэдэн ширхэг нь харагдаж байсан мөн л нөхөр бид хоёр тоолоогүй юм. Ингээд 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Г хамтаар хонь сүргээ тоолох үед С.Р ахаас худалдан авсан болох 100 тооны төлөг малаас 80 тооны төлөг мал дутсан юм. Ингээд ойр орчмын айл өрхүүд болох Ц болон М гэх нарын айлаас асууж сураглах үед Ц нь манай хонь сүрэгт 2-3 тооны Рагчаа ахын имтэй төлөг харагдаж байсан гэж хэлсэн юм. Би очиж үзэн ялгах үед миний худалдан авсан 20 тооны төлөг байсан. Би 20 тооны төлөг малаа ялган авч явсан. Одоо 60 тооны төлөг мал дутаад байгаа юм. Нөхөр бид хоёр Р ахаас худалдан авсан болох 100 тооны төлөг мал нь 2 төрлийн имтэй төлөг мал байсан юм. 1.Баруун чих урдаас шидэлбэр зүүн чих хойноос шидэлбэр, 2.Баруун зүүн 2 чих тайрсан баруун чих урдаас шидэлбэр зүүн чих мөн хойноос шидэлбэр имтэй байсан мөн сэрвээ хондлой хоёр дээрээ цэнхэр өнгийн будагтай байсан. Нөхөр бид хоёр өөрсдийн малын им болох баруун чих араас ганзага им нэмж хийж тавьсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Э.М “Би Б.А гэх эмэгтэйг танина манай нөхөр болох М ангийн хүүхэд байгаа. Түүний нөхөр болох М зүс танинаа 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болон 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд малын бичиг авах гэх ирж байх үедээ хамт ирж байсан. Харин Цэр гэх хүнийг огт танихгүй ээ. Эхний буюу 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр малын гарал үүслийн бичиг авах гээд ирэх үедээ Т.М, Б.А нар нь танихгүй нэг залуутай хамт ирж байсан тэр залуу нь Ц гэх залуу нь байж магадгүй. Манай нөхөр болох Н.М нь Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар баг болон Тамган 5 дугаар баг нарыг хариуцсан “Цэмбэл" ХХК-ний мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг. Нөхөр болох Н.М нь хөдөө ажлаар явж байх үед буюу 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.А, Т.М, Ц.Ц нар нь Киа Бонгор-3 маркийн 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 18 тооны хонь 2 тооны ямаа ачиж явна малын гарал үүслийн бичиг авах гэсэн юм гэж манай гэрт ирсэн юм. Би гэрээс гарч харах үед Киа Бонго-3 маркийн 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хонь мал ачсан байсан. Малын зургийг Б.А өөрийн гар утсаараа дарж миний өөрийн Фэйсбүүк чатаар явуулсан юм би малын эм зүсийг Ариунтуяаас асууж (хоёр чих цуулбар давхар зүүн чих онь баруун чих ганзага) бичиж бичгийг мөн Ариунтуяагийн Фэйсбүүк чатруу явуулсан. Дараа нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мөн Ариунтуяа нөхөр болох Т.М хамтаар Киа Бонго маркийн 22-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 20 тооны хонь ачиж явна гэж хэлсэн. Би мөн Ариунтуяагаас малын эм зүсийг нь асууж (хоёр чих цуулбар) гэж малын гарал үүслийн бичиг өгсөн.”гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.М сэжигтнээр өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэ сум Чулуут 2 дугаар баг “Бяцхан булаг” гэх газарт эхнэр Б.А болон 2 хүүхдийн хамтаар амьдардаг. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн баяраар Улаанбаатар хотоос миний өөрийн төрсөн 2 дүү гэр бүлээрээ манай гэрт ирнэ гээд би өөрийн хонь болох 2 чих нь цуулбар имтэй хонь төлөг хорхог хийж идээд гэртээ байх үед шөнө 22 цагийн орчимд манай найз болох У эхнэр болох Ундраа хамтаар ирээд Улаанбаатар хотод барилга засал хийх ажил байна хамт хийх үү гэж ярилцсан. Би зөвшөөрч найз Ууганаа түүний эхнэр болох Ундраа хамтаар бид гурав тэр шөнөдөө Улаанбаатар хотод очсон. Би Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт /барилга нэрийг нь мэдэхгүй байна/ ажиллаж байгаад 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр наадмын өмнө хонь үнэд орно гэж бодож хонь мал зарж Улаанбаатар хотод байр авах зорилгоор Төв аймаг Эрдэнэ сум Чулуут 2 дугаар баг “Бяцхан булаг” гэх газарт гэртээ ирсэн. Хөдөө гэртээ ирээд хэд хонож байх үед 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна. Баз дүү болох Ц.Ц буюу Ц эзэмшлийн Киа Бонго-3 маркийн 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хонь ачин зарна гэж хэлээд явсан. Хэдэн тооны хонь ачсан талаар мэдэхгүй байна. Би эхнэр болох А хамтаар өөрийн эзэмшлийн Киа Бонго-3 маркийн 22-71 төв улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ өөрийн имтэй 4 тооны хонь манай хонь сүрэгт нийлэн ирсэн гэх цэнхэр будагтай хонь (төлөг) 16 тооны хонь ачиж эхнэр Ариунтуяа хамтаар Улаанбаатар хот Налайх дүүрэгт байрлах амьд хонь зах дээр нэрийг нь мэдэхгүй ченжид нэг хонь 20,000 бодож бөөндөн 20 тооны хонь 2,400,000 төгрөгөөр зарж гэрт ирсэн. 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өглөө эрт 06 цагийн орчимд байх Ш.Б буюу ( эгч мотоцикл жолоодсон ганцаараа ирж манай хонь сүрэг дундуур явж ирээд танай хонь сүрэгт манай хонь байна. Би яваад Х ахыг чинь аваад ирье гэж хэлээд явсан удалгүй Эрдэнэ эгч нөхөр болох Хуягаа ахын хамтаар ирж хонь (төлгө) алдаад 2 сар болж байна гэж хэлж байсан. Би баз дүү болох Ц.Ц буюу .... эгч түүний нөхөр болох Хуягаа ах нарын хамтаар бид 4 манай хонь сүргээ хашаанд нь хашиж байгаад сүүлний дээд хэсэг дээрээ цэнхэр будагтай хонь (төлөг) ялгаж өгч Эрдэнэ эгч Хуяга ах нарыг явуулсан. Хэд тооны хонь (төлөг) ялган авч явсан талаар сайн мэдэхгүй байна 20 гаруй хонь (төлөг) ялган авч явсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Ц сэжигтнээр өгсөн: “Би Төв аймаг Эрдэнэ сум Чулуут 2 дугаар баг “Бяцхан булаг” гэх газарт эхнэр Б.А болон 2 хүүхдийн хамтаар амьдардаг. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн баяр байсан тул баз ах болох М ахын гэр бүл болон манай гэр бүл нар нийлж хонь сүрэгт ойролцоогоор 20 тооны хонь (төлөг) сүүлний дээд хэсэг дээрээ цэнхэр өнгийн будагтай им нь манай хонь шиг зүүн чих нь цуулбар баруун чих нь (им ийн би сайн санахгүй байна манай имтэй их л адилхан байсан) гэв. Би өөрийн хонь сүргээс шүдлэн насны 1 ширхэг хонь барьж гэртээ ирж хорхог хийж идсэн юм. Хэд хоногийн дараа өдрийг нь сайн санахгүй байна. Морины уяан дээр баз болох М ах бид хоёр ойр зуурын юм ярилцаж сууж байх үед М ах надад хандаж “манай хонь сүрэгт өөр айлын хонь нийлсэн байна гэж” хэлсэн. Би “харин тийм байна лээ гэж хэлж байсан” юм. Үүнээс хойш тухайн цэнхэр будагтай хонь (төлөг) сурагласан хүн манай гэрт ирээгүй. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр миний өөрийн алтан бөгж болон монетан бөгж нарын ломбардын хугацаа дуусаж түүнийг авах зорилгоор хонь сүргээс өөрийн имтэй хонь (шүдлэн) 6 тооны мөн манай хонь сүрэгт нийлэн ирсэн болох цэнхэр будагтай хонь (төлөг) 7 тооны хонь ачсан юм. М ах болон А эгч нарын 5 хонь, 2 ямаа нарыг нэмж ачиж бид гурав миний өөрийн Киа Бонго-3 маркийн 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот Налайх дүүргийн “Амьд малын зах” дээр ирж зогсож байгаад өөрийн имтэй 4 шүдлэн хонь зарсан. А ах болон А эгч нар мөн өөрсдийн имтэй 5 хонь зарсан. Манай хонь сүрэгт нийлэн ирсэн болох цэнхэр будагтай (төлөг) 7 тооны хонь мөн М ах болон А эгч нар 2 тооны ямаа нарыг заралгүй буцааж гэрт авч ирж хонь сүрэгтээ нийлүүлсэн. 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр би мөн өөрийн эзэмшлийн Киа Бонго-3 маркийн 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ өөрийн имтэй шүдлэн эм хонь 10 ширхэг мөн манай хонь сүрэгт нийлэн ирсэн болох цэнхэр будагтай хонь (төлөг) 16 ширхэг нийт 26 тооны хонь ачиж ганцаараа Улаанбаатар хот Налайх дүүргийн амьд хонь зах дээр ирж малын ченж (нэрийг нь сайн мэдэхгүй байна гэв) эрэгтэй хүнд бөөндөж 3,380,000 төгрөгөөр өгч би Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Офицерт байрлах Сайн ломбард орж 800,000 төгрөгөөр тавьсан байсан 2 ширхэг бөгжөө авсан. Тэр өдөр Баз болох М ах болон А эгч нар мөн хонь ачиж Налайх дүүрэгт байрлах амьд хонь зах орж зарна гэж байсан. Би Улаанбаатар хотод байх үед ээ 15 цагийн орчимд А эгч рүү гар утсаар нь залгаж хаана явж байгаа талаар нь асуух үед М бид хоёр Налайх орж хонио зараад гэр рүүгээ буцаж явна гэж хэлсэн. 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өглөө эрт 06 цагийн орчимд байх Э эгч мотоцикл жолоодсон ганцаараа ирж манай хонь сүрэг дундуур явж ирээд танай хонь сүрэгт манай хонь байна. Би яваад Х ахыг чинь аваад ирье гэж хэлээд явсан. Удалгүй Э эгч нөхөр болох Х ахын хамтаар ирж хонь (төлгө) алдаад 2 сар болж байна гэж хэлж байсан. Би баз болох М ах Ээгч түүний нөхөр болох Ха ах нарын хамтаар бид 4 манай хонь сүргээ хашаанд нь хашиж байгаад сүүлний дээд хэсэг дээрээ цэнхэр будагтай хонь (төлөг) ялгаж өгч Э нарыг явуулсан. Хэд хичнээн тооны хонь (төлөг) ялган авч явсан талаар сайн мэдэхгүй байна 20 гаруй хонь (төлөг) ялган авч ялсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Ц яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолыг уншиж, танилцаж, ойлгосон хүлээн зөвшөөрч байна. Би уншиж, бичиж чадна. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл надад байхгүй. Би болон хамт явсан М, А нар нь хүний мал гэдгийг мэдэж байсан. Би болон хамт явсан хүмүүстэйгээ нийлээд 9 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хохирлыг бүрэн барагдуулна. Тухайн 10-47 УНО улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх юм. Буруугаа хулээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.М яллагдагчаар өгсөн: Би уг тогтоолыг уншиж, танилцаж, ойлгосон хүлээн зөвшөөрч байна. Би уншиж, бичиж чадна. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл надад байхгүй. Би болон хамт явсан Ц нь мэдэж байсан харин Ариунтуяа нь мэдээгүй байсан. Би болон хамт явсан хүмүүстэйгээ нийлээд 9 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хохирлыг бүрэн барагдуулна. Тухайн 22-71 ТӨВ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан боловч одоогоор өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.А яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолыг уншиж, танилцаж, ойлгосон хүлээн зөвшөөрч байна. Би уншиж, бичиж чадна. Би дээрх хүмүүсийг танина. М нь манай нөхөр байгаа харин Ц нь хүргэн дүү юм. Би болон Ц, М нарын хамтаар 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сум Чулуут 2-р баг Бяцхан булаг гэх газарт байх гэрээсээ өөрийн эзэмшлийн бог малаас Мэнд-Амар бид хоёр хүргэн дүү болох Ц жолоодож явсан 10-47 дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд 5 хонь, 2 ямаагаа эмнэлгээс малын бичиг аваад Налайх дүүргийн цайз зах орж тухайн газартаа 5 хонь 2 ямаагаа зарчхаад 6 дугаар сарын 19-ний өдрийнхөө орой Эрдэнэ суманд байх гэртээ буцсан. Тэгээд 6 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ Налайх дүүрэгт очиж угаах хувцсаа бэлдэж байх хойгуур манай нөхөр М нь 22-71 ТӨВ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд 20 Хонь ачаад гэрийн гадна ирэхэд нь би гэрээс угаах зүйлсээ аваад бид хоёр тээврийн хэрэгсэлтэйгээ засмал зам ороод утсанд сүлжээ оронгуут нь Цэмбэл мал эмнэлгийн ажилтан М гэх хүнтэй фэйсбүүкээр чатлаж байгаад малын бичгээ аваад Налайх дүүргийн Цайз зах ороод тухайн газарт би дүүтэйгээ тааралдаад Налайх дүүрэгт байх дүүгийндээ хүргүүлж хувцсаа угааж байх зуур манай нөхөр Мэнд-Амар нь цайз зах дээр 20 хонио зарчхаад ирж намайг манай дүүгийнхээс аваад бид хоёр хөдөө гэр лүүгээ явцгаасан. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр манай нөхрийг Эрдэнэ сумаас цагдаа дуудаад мэдүүлэг авсны дараа юу болоод байгааг мэдсэн. Би тухайн үед мэдээгүй өөрийнхөө малыг зарж байна гэж бодсон. Харин Ц хоёрын мэдэж байсан талаар би сайн мэдэхгүй байна. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ачих үед нь би болон М нартай хамтдаа ачилцсан. Харин сүүлд 6 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр өөрөө аччихаад хүрээд ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна. Би Ц мал эмнэлгээс малын бичиг авахдаа хүний хонийг тээвэрлэж яваагаа мэдээгүй ба хохирогч Б хоньтой манай хонь ойролцоо эмтэй байдаг учраас андуурч ачин явж зарж борлуулсан. Би болон М, Ц нар нь хохирогчийн хохирлыг 9 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд бүрэн барагдуулна. Манайд байдаг хоньнууд олон айлаас авсан янз бүрийн эмтэй байдаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Б дахин өгсөн: “Хоёр өөр төрлийн имтэй сэрвээн дээрээ цэнхэр өнгийн будгаар тэмдэглэсэн төлөг байсан. Имийг нь бол мэдэхгүй байна. М бол улаан өнгийн будагтай Ц цэнхэр өнгийн будагтай боловч манайхаас шал өөр будагтай байсан. Сүүлэн дээрээ будагтай байсан. Хэн ч харсан хоёр шал өөр тэмдэгтэй байсан. Ц, М нар суман дээр очиж цагдаатай уулзчихаад ирж уулзаад “хоёр дүү нь гоомой юм хийсэн байна уучлаарай хохирлыг чинь бүрэн төлнө гэж хэлээд дараа нь хохирол барагдуулсан” байгаа. Ямар ч байсан мал эмнэлэгээс гарал үүслийн бичиг авч байсан зурган дээр манай хонь байсан. Тэрийг зааж өгч чадна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 197 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г. өгсөн: “22-71 ТӨВ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшил бөгөөд 2023 онд би Улаанбаатар хотод байх хугацаанд дээрх тээврийн хэрэгсэл нь Төв аймгийн Эрдэнэ суманд байх хүү М нь ашиглаж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 201 дүгээр тал/,

Гэрч С.Р өгсөн: “Би Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр баг “Зурхайч” гэх газарт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Би 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус сумын иргэн болох Эрдэнэ гэх хүнд 100 тооны төлөг мал худалдан борлуулсан юм. Эрдэнэ гэх иргэн маань надаас 1 ширхэг төлгийг 100.000 төгрөгөөр бодож нийт 10.000.000 төгрөг, эхнэр Г.Н эзэмшлийн данс руу шилжүүлсэн. Миний Э гэх хүнд худалдан борлуулсан 100 тооны төлөг мал нь баруун чих хойноос догол мөн ногоон өнгийн даавуутай, зүүн чих нь урд талаас ганзага имтэй мөн манай охин болох Р.А имтэй төлөг мал мөн зарсан гэх 100 тооны төлөг малд орсон байгаа. Охины малын эм нь 2 чихний үзүүр тайрсан зүүн чих урд талаас ногоон өнгийн даавуутай мөн миний бүх зарсан төлөг малны сэрвээ дээр цэнхэр өнгийн будагтай ийм эм зүсмийн төлөг мал зарсан юм. Би танина надтай ах дүү хамаатан садан бол бишээ. Зундаа манай гэртэй ойр зусдаг айл байгаа юм. Би Ц болон М нарт төлөг мал худалдан борлуулаагүй ээ” гэх мэдүүлэг /хх-ийн 207-208 дугаар хуудас/,

Гэрч Г.Г өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багт эхнэр Ш.Б хамтаар мал маллан амьдардаг. Эхнэр бид хоёр 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Рагчаа гэх хүнээс 1 ширхэг төлгийг 100,000 төгрөгөөр бодож нийт 100 тооны төлөг мал (хонь) худалдан авч өөрийн хонь сүрэгтээ авч ирэн нийлүүлж тэжээж байсан юм. Үүнээс хойш 2023 оны 7 дугаар сарын 08-ны өглөө Эхнэр бид хоёр Өөрийн хонь сүргээ тоолж үзэх үед Тухайн Р гэх хүнээс худалдан авсан 100 тооны сэрвээ дээрээ цэнхэр будагтай төлөг (хонь) оос 80 тооны төлөг мал дутуу байсан. Ингээд эхнэр бид хоёр ойр орчмын айлаар орж асууж яваад манай гэрээс хойн 2 км зайд байдаг Цэрэнлхагва гэх хүнээс асуух үед манай хонь дунд Р ахын имтэй 2-3 тооны төлөг харагдсан гэж хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр Ц болон М нарын хоттой хонийг хашаа нь дотор нь хашиж байгаад нийт 20 тооны төлөг малаа ялгаж авсан юм. Ингээд 60 тооны төлөг мал дутуу байсан болохоор Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гомдол гаргасан юм. Би танина надтай ах дүү хамаатан садан бол биш ээ. Нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Зундаа манай гэртэй ойр зусдаг айл байгаа юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч Д.О өгсөн: “Би Ш.Б, Г.Г нарыг манай сумын иргэн болох Р гэх хүнээс 100 тооны төлөг мал (хонь) худалдаж авсан эсэх талаар нь тухайн үед бол би мэдээгүй. 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн гэртээ байх үед өглөө 6-7 цагийн орчимд байх манай хонь бэлчээрт гараагүй байх үед Ш.Б нь мотоцикл унасан байдалтай ганцаараа манай гэрт ирээд. Би Р ахаас 100 тооны төлөг мал худалдан авсан юм. Худалдан авсан төлөг малаа алдчихлаа Р гуайн имтэй төлөг хараагүй биз. Танай хонь сүрэгт ирсэн үү? гэж асууж байсан. Би тэр үед манай хонь сүрэгт Р ахын имтэй хонь (төлөг) байхгүй ээ гэж хэлсэн Ш.Б нь өөрөө манай хоттой хонь сүрэг дундуур орж хараад буцаад явсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07/425 дугаартай ...Bongo3 маркийн тээврийн хэрэгсэл зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 7.188.750 төгрөг... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 225-232 дугаар хуудас/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07/423 дугаартай иргэн Ш.Болор-Эрдэнийн өмчлөлийн 60 тооны үнэлгээний тайлан ...төлөг/илүү нугаламт/ 8.400.000 төгрөг... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 244-250 дугаар хуудас/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07/424 дугаартай ...Ц.Ц өмчлөлийн Bongo3 маркийн тээврийн хэрэгсэл зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 8.325.000 төгрөг... талаарх дүгнэлт /2-р хх-ийн 8-16 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Тухайлбал, шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Завших гэмт хэрэг нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээд, эсхүл иргэн хууль буюу гэрээний үндсэн дээр өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд тус тус итгэмжлэн хариуцуулах үүрэг хүлээлгэснийг ойлгох бөгөөд итгэмжлэн хариуцах хугацаандаа өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.

 

Үүний адил шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ санаатай нэгдэн, Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн Бяцхан булаг гэх газарт 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Ц.Ц малд нийлсэн 60 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж иргэн Ш.Б 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

   Дээрхи завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол гэсэн шинжийг хангасан материаллаг бүрэлдэхүүнтэй төгссөн гэмт хэрэг байна.

  

   Харин мөн зүйлийн 2, 3 дах хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэй “хөрөнгө завших” гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол гэсэн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тооцохоор хуульд заасан байдаг.

 

   Дээрхтэй холбоотойгоор шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нар нь хохирогч Ш.Б 60 тооны төлөгийг завшсан буюу 8.400.000 төгрөгийн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Ш.Б учирсан хохирол, хор уршиг шалтгаанд холбоотой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М, Б. нар болон түүний өмгөөлөгч С.Базардорж нарын зүгээс”...шүүгдэгч Т.Мэ, Б.А нь уг малыг зараагүй, тухайн ачиж явсан машинд суусан байдаг, анхнаасаа хохирогч Ш.Б мал гэдгийг мэдээгүй, завших гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх, шүүгдэгч Ц.Ц хувьд малыг ачиж явсан гэм буруу дээрээ маргахгүй, хохирлоо төлсөн гэж тус тус маргаж мэтгэлцсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбаруудаас үзэхэд хохирогч Ш.Б өгсөн, гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй тогтвортой байна. Хохирогч Ш.Б 60 тооны төлөг малыг завшсан үйл баримт нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.М, Б.Аа нар болон тэдний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

 

   Иймд шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.Анар нь урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ санаатай нэгдэн, Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн Бяцхан булаг гэх газарт 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Ц.Ц малд нийлсэн 60 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж иргэн Ш.Б 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

   Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

 

   Шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Болор-Эрдэнэд 8.400.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

   Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Цнь хохирогч Ш.Б 8.400.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Мөнхтайван:

...Шүүхээс шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхээс шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хуулийн 6.5 дугаар заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Зорчих бүсийг шүүгдэгч нарын оршин суугаа сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналтай байна. шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 22-71 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн. Эдгээр тээврийн хэрэгслийн үнийн дүнг гаргаж улсын орлого болгуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Базардорж:

...Торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж  байна. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдлыг харгалзан шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Ц.Ц хувьд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн байдаг. Иймд 450 000 төгрөгөөр торгож өгнө үү. Шүүгдэгч Т.М, Б.А нар нь гэм буруу дээрээ маргаж оролцдог байгаа боловч Үндсэн хуулиар заасан өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх, шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх гэх мэт эрхийнхээ хүрээнд маргаж оролцож байгаа. Иймд хуульд зааснаар 450 000 төгрөгөөр торгож өгнө үү. Яагаад гэвэл хохирогчийн хайхрамжгүй нөхцөл байдлууд харагддаг. Гэмт хэрэг хийхэд ашигласан хоёр тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтанд үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Т.М, Ц.Ц, Б.А нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдлын харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Б.А нарыг тус тус 1000 /нэг мянга мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч Ц.Ц 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуу/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус сануулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

 Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ..... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Ш.Б 8.400.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж,

Мөн хуулийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүй, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Киа Бонго-3” маркийн 10-47 УНО, “Киа Бонго-3” маркийн 22-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “Киа Бонго-3” маркийн 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Ц, “Киа Бонго-3” маркийн 22-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Б тус тус буцаан олгож,

Харин Т.М, Ц.Ц, Б.А нараас “Киа Бонго-3” маркийн 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8.325.000 төгрөг, “Киа Бонго-3” маркийн 22-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7.188.750 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарыг тус тус 1000 /нэг мянга мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуу/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  4. Шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарыг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.  

 

  5. Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нараас тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Киа Бонго-3” маркийн 10-47 УНО, “Киа Бонго-3” маркийн 22-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “Киа Бонго-3” маркийн 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Ц, “Киа Бонго-3” маркийн 22-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Б тус тус буцаан олгож,

“Киа Бонго-3” маркийн 10-47 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8.325.000 төгрөг, “Киа Бонго-3” маркийн 22-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7.188.750 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай.

 

  7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.  

 

  8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.М, Ц.Ц, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

    

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН