Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2020/00662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух******* овогт Ц.С /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах ЭҮ ТӨҮГ-т холбогдох,

ЭҮ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/38 тоот тушаалыг хүчингүй болгож, ЭҮ ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын оёдолчны ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гэрч Э.Ү, Д.Э, Д. О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэнд овогт Сарантуяа миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Уурхайчин соёлын ордонд оёдолчин шалгаруулж ажилд авах зарын дагуу сонгон шалгаруулалтад орж 2017 оны 09 дүгээр сарын 06-нд ажилд орох тушаал гарсан. Өмнө нь би тус ордонд 11 жил 07 сар ажилласан. Миний энэ ажлын онцлог бол урлагийн тайзны бүх төрлийн тоглолтын хувцасны нарийн чамин хийц, өндөр мэдрэмж, ур ухаан, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлагатай байдаг. Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 14 жил ажиллажээ. Ийм учраас энэ олон жилийн нөр их хичээл зүтгэл, сэтгэлээ зориулж хийж байсан монгол үндэсний болон олон ястны тоглолтын хувцаснуудыг иж бүрнээр нь урлах, европын болон орчин үеийн концертуудын хувцас, тайз чимэглэлүүдийг хийж сурсан нарийн мэргэжил юм. Би тус ордны найруулагч, уран сайхны удирдагчийн шууд урирдлаган дор ажилладаг. Бид олон жил хамтран ажиллахдаа ЭҮ болон Орхон аймгийн түүхт ойнууд, үе үеийн баяр наадам, ойн концертууд, олон олон арга хэмжээнүүдэд гар бие, сэтгэл нийлэн сайхан уран бүтээлүүдийг хамтран туурвиж байснаараа би бахархаж явдаг. Иймд би 2020 оныг дуустал ажиллавал энэ үйлдвэрт 15 жил ажилласны тэтгэмж авах боломж бүрдэж байсан. Хөдөлмөрийн гэрээ сунгаж үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ уран сайхны удирдагчаараа уламжлан соёлын ордны дарга Баттулгад бид хамт орж тайлбарлан гарт нь өгсөн. Өргөдөл өгснөөс хойш би даргатай уулзах, таарах бүрдээ юу болж байгаа тухай асуухад Би одоохон албан тоот явуулчихна гэж явсаар 12 дугаар сарын 31-ний өдөр болж бид бүх ажлаа дуусгасан. Манайхан 12 сард нэг ч амралтгүй, маш өндөр ачаалалтай ажилласан тул 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл бид нөхөж амарсан. Амрахаас өмнө болон амарч байх үед ажлаас халах тухай надад огт мэдэгдээгүй. Хөдөлмөрийн гэрээ 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан боловч би энэ үед ажиллаж байсан. Хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан. 2020 оны 02 дугаар сарын 11-нд надад тушаал гарсан гэдгийг хэлж би өөрөө хүний нөөцөөс очиж авсан. Энэ хүртэл би хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байна гэж ойлгож байсан. Учир нь соёлын ордны дарга Баттулгад хөдөлмөрийн гэрээ сунгах өргөдлөө өгсөн байсан. Өргөдлийг огт шийдээгүй тул би автоматаар гэрээ сунгагдаж байна гэж ойлгосон. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож ажлаас халсан тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн. Иймд уг тушаалыг үндэслэл муутай, хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/38 тоот тушаалд ажил хүлээлцүүлэх цаг хугацааг заагаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр амраад ажилдаа ороход тушаал гарсан талаар надад огт мэдэгдээгүй. Иймд ЭҮ Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/38 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ц.Сгийн нэхэмжлэлтэй, ЭҮ ТӨҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан тухай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.

ЭҮ ТӨҮГ нь иргэн Ц.Стай 2017 оны 08 дугаар сарын 30- ны өдөр 44/17/11 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Ерөнхий захирлын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны Б/1306 дугаартай тушаалаар анх Уурхайчин соёлын ордны Уран сайхны секторын оёдолчноор ажилд авсан бөгөөд дээр дурдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссантай холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 11, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрээний хугацааг сунгасан болно. Мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 44/178 дугаартай Соёл, урлагийн цогцолборын даргын Хөдөлмөрийн гэрээг сунгах тухай албан бичгийн дагуу ажлын шаардлагаар Ц.Стай 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 44/19/45 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/1625 дугаартай тушаалаар хугацаатай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Тус 44/19/45 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтад хөдөлмөрийн гэрээ нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчинтэй гэж заасан ба тус гэрээний хугацаа дуусмагц Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/38 дугаартай тушаалаар хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгосон болно. Нэхэмжлэгч Ц.С нь нэхэмжлэлдээ мөн Ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/38 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсныг мэдээгүй мэтээр бичсэн нь худал бөгөөд тус тушаал гарсан тухай өөрт нь цехээс мэдэгдсэн ба гардуулан өгөх гэсэн боловч Солонгос улсад явж байна Монголд очоод өөрөө гардаж авна гэж хэлсэн байдаг.

Иймд нэхэмжлэгч Ц.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан ЭҮ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/38 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Ц.Сг ЭҮ ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр түр хугацаагаар ажиллуулахаар тус үйлдвэрийн ерөнхий захирлын Б/1306 дугаартай тушаал гарсан байх ба, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 44/17/11 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан Уурхайчин Соёлын ордны Эрдэнэт чуулгын уран сайхны секторын оёдолчны ажил үүргийг гүйцэтгэж байгаад, ЭҮ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ц.Сгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ЭҮ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Б/38 дугаартай тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Соёл, урлагийн цогцолборын даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44/340 албан бичгийг үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Ц.Сгийн ажлын байранд сонгон шалгаруулалт явагдаагүй учир хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацааг гурван удаа сунгаж өөрчлөлт оруулж байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан... гэсэн тайлбар гаргасан.

ЭҮ ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын оёдолчны ажлын байрыг байнгын ажлын байр гэдэгтэй хариуцагч тал маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлэх бөгөөд ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар зохицуулжээ.

Энэ зохицуулалтаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т зааснаас бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан.

Ц.Сгийн ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд сонгон шалгаруулалт явагдаагүй гэдэг үндэслэлээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээндээ гурван удаа өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т заасныг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч тал, Ц.Стай тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх боловч, Ц.Сгийн хүсэл сонирхлын дагуу хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бус байх ба, ажил олгогчийн хүсэлтийн дагуу сонгон шалгаруулалт явагдаагүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулаад байгаад Ц.Сг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Ц.С нь өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь нотлогдоогүй болно.

Иймд Ц.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ЭҮ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Б/38 дугаартай тушаал үндэслэлгүй байх тул Ц.Сг ЭҮ ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын оёдолчны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Нэхэмжлэгч Ц.С нэхэмжлэлдээ ЭҮ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/38 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан байх ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй байдал гэж үзэж буй учир шийдвэрийн тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Сг ЭҮ ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын оёдолчны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч ЭҮ ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА