Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/931

 

              

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,

Улсын яллагч Г.Баярмаа,  

Шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “З” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М т холбогдох эрүүгийн 2409000001140 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М  нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн гадна талбайд хохирогч Ц.Б  тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг боож, хөлөөрөө хавирч унагаан эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Э.М  нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн гадна талбайд хохирогч Ц.Б  тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг боож, хөлөөрөө хавирч унагаан эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Ц.Б  гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машин дээрээ иртэл миний тээврийн хэрэгслийн дугуйг хагалсан байсан. Тэгэхээр нь би манаач дээр очоод яахаараа машины дугуй хагалсан юм бэ гэж асуухад миний урдаас хэл амаар доромжлоод байхаар нь үүдэн дээр байсан хогийн савыг өшиглөсөн. Тэгтэл миний биед дээрх гэмтлийг учруулсан залуу гарч ирээд хэл амаар доромжлоод, нүүр лүү нулимаад “та нар эндээс гар, зайл” гэсэн. Тэгээд барилцаж аваад гадаа гараад намайг боож унагаад зодсон. ...Эхлээд шууд гарч ирээд заамдаж аваад хөл рүү хавсарч унагаагаад дээрээс цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

 

Гэрч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ачааны машин унаж ирсэн залуу ирээд учир зүггүй хэл амаар доромжилж “манай эзэмшлийн талбайгаас зайл, компанийн нэр усыг хэлэх алба уу” гэсэн. Тэгээд Б гийн нүүр лүү нулимсан. Тэр хоёр барьцалдаж аваад нөгөө залуу Б г хавирч газар унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

 

Гэрч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар нөгөө машины жолооч манаачийн байрны цонхоор намайг “Пизда, авгай, чи л машины дугуйны хийг гаргасан” гэж хэлээд төмөр хаалгыг онгойлгоод манаачийн байранд орж ирээд хогийн сав өшиглөж элдвээр хэлээд танхайрсан. ...М  тэр машины жолоочтой зууралдаж байгаад хавирч унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10245 дугаартай “...Ц.Б гийн биед баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/,

 

2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41-43 дугаар тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр Ц ийн Б гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлийг тогтоов" гэх хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Э.М аас шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.М  нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн гадна талбайд хохирогч Ц.Б  тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг боож, хөлөөрөө хавирч унагаан эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч баримтаар 1,565,900 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс эрүүл мэндийн даатгалын санд 879,840 төгрөгийг хөнгөлөөд 686,060 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч Э.М  нь 1,500,000 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлтээр 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан аргачлалын дагуу 5-12.99 хувиар тогтоож хохирогчид олгуулах саналтай байна....” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатараас: “...Миний үйлчлүүлэгч Э.М ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны эхлэх үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Ц.Б  гээс уучлал гуйж, учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч Ц.Б   нь Э.М ын ажлын хашаанд орж ирж хэрэг маргаан үүссэн байдаг. Иймд хохирогчийн буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээр тогтоосон хэмжээгээр нь гаргаж өгнө гэдгээ илэрхийлж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10245 дугаар дүгнэлтээр хохирогч Ц.Б  гийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.М  нь хохирогч Ц.Б  гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б  гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт 1,565,900 төгрөгийн баримт ирүүлсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,076,220 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна.

Хохирогч Ц.Б   нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...төлбөр мөнгийг төлж хохиролгүй болгосон...” гэх хүсэлт /хх-67/-ийг бичгээр гаргасан, мөн шүүгдэгч Э.М  нь хохирогч Ц.Б  д 1,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,076,220 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

Уг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон, түүнийг хохирогч Ц.Б   хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагджээ.  

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаартай тогтоолоор “...нөхөн төлбөрийн жишиг аргачлал...”-ыг баталсан. Хоёрдугаар зэрэглэлд нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж тогтоож өгсөн байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10245 дугаартай дүгнэлт, уг гэмт хэргийн улмаас үүсэх сөрөг үр дагавар, цаашид эмчилгээ хийлгэх биеийн байдал зэргийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож, түүний 8 хувийг сэтгэцэд учирсан хор уршигт тооцон хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Э.М аас 264,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б  д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Э.М ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчоос уучлал гуйсан. Миний үйлчлүүлэгч залуу хүн, цаашид цэрэг, тусгай албанд ажиллах мөрөөдөлтэй гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Сэтгэцэд учирсан хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Э.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Э.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.М ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Э.М аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 264,000 /хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б  д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН