Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2026/00083

 

  

      Г.С-ийн нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/05819 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02205 дугаар магадлалтай,

Г.С-ийн нэхэмжлэлтэй

Т.Д-д холбогдох

Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор танхимын тэргүүн Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү хариуцагч Т.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Т.Д-д холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/05819 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Г.С-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205*** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Т.Д-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02205 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/05819 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Г.С-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205*** дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Т.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж өөрчлөн найруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын дүгнэлтийн 5.1-д “хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө үүсэх замаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч болж, хуулийн дагуу эзэмшил үүссэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон ба энэхүү эзэмшил үүссэн болох нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болсон гэж дүгнэхгүй. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий орон сууцнаас ногдох хэсэгт Т.Д-д 62,250,000 төгрөгийг өгөх үүрэг Г.С-д үүссэн байх ба уг үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд Т.Д-ийн хувьд орон сууцыг чөлөөлөхөөс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д зохицуулсан. Иймд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй нь орон сууцыг хариуцагч чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болжээ. Харин талууд давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх мөнгөн төлбөрийн үүрэг биелэгдсэн талаар тайлбарлаж байх тул ...” хэмээн дүгнэсэн.

Гэвч Т.Д нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д заасны дагуу маргааны зүйл болох орон сууцыг чөлөөлөхөөс татгалзах эрхтэй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй.

Тодруулбал, тухайн орон сууцыг Ковид-19 цар тахлын үеэр БНСУ-д 1 жил 8 сар ажиллаж амьдарч байх хугацаандаа худалдаж авсан. Шүүх маргаан бүхий орон сууцыг анх худалдан авахдаа гэр бүлийн гишүүдийн хэн хэн ямар оролцоотой хэдэн төгрөгийн хувь оруулж худалдаж авсан талаар тогтоогоогүй. Орон сууцыг худалдаж авсан талаарх гэрээ хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл хангалтгүй, шаардлагатай баримт хэрэгт авагдаагүй нь хэрэгт ач холбогдол бүхий баримтыг эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй.

Мөн орон сууцны маргааны цаана насанд хүрээгүй хоёр хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байхад хүүхдийн эрх ашиг хөндөгдөөгүй хэмээн үзсэн. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/03624 дүгээр шийдвэрээр насанд хүрээгүй бага насны 2 хүүхдийн асран хамгаалагчаар Т.Д тогтоогдсон байдаг. Гэтэл шүүх 2 хүүхдийн асран хамгаалагч Т.Д-ийг орон сууц чөлөөлөх шийдвэр гаргаснаар Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй” гэж заасныг зөрчиж, асрамжид байгаа бага насны 2 хүүхдийн орон байрны халдашгүй байх эрхэд ноцтойгоор халдаж байна. Миний бие болон бага насны 2 хүүхдийн хамт амьдрах өөр орон байр байхгүй.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/05819 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02205 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/00319 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч Т.Д-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Хариуцагч Т.Д-ийн гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Т.Д-д холбогдуулан орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Миний бие ... шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан, ... тус шүүхийн шийдвэрт гэр бүлийн дундын хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205*** дугаартай ... орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Г.С-д шилжүүлэхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У-д даалгаж, хариуцагч Г.С-ээс 62,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл орон сууцыг Т.Д нь чөлөөлж өгөөгүй ...” гэж тайлбарласан.

8. Хариуцагч Т.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Миний бие хоёр хүүхдийн хамт амьдрах өөр орон байр байхгүй, байрыг чөлөөлснөөр Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенци, Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн эрх зөрчигдөнө ... Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу 62,250,000 төгрөгийг өгөөгүй тул орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ:

    1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон. Хариуцагч маргаан бүхий орон сууцанд хүүхдүүдийн хамтаар оршин сууж байгаа талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
    2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцнаас ногдох хэсэгт 62,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар ... хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
    3. Нэхэмжлэгч нь хариуцагчид шүүхийн шийдвэрийн дагуу 62,250,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй нь хариуцагчид орон сууц эзэмших, чөлөөлж өгөхөөс татгалзах эрх үүсгэхгүй.
    4. Нэхэмжлэгч нь орон сууцнаас хүүхдээ албадан чөлөөлүүлэхээр шаардаагүй бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй. Хариуцагч маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч орон сууц чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.  

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд:

    1. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Г.С-ийн нэр дээр бүртгэж 2024.12.16-ны өдөр гэрчилгээ олгож, Т.Д-ийн өмчлөх эрх дуусгавар болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. ... Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д нийцсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч мөн болохыг зөв дүгнэсэн.
    2. Хариуцагч нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө үүсэх замаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч болж, хуулийн дагуу эзэмшил үүссэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.
    3. Шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй нь орон сууцыг хариуцагч чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд мөнгөн төлбөрийн үүрэг биелэгдсэн талаар талууд тайлбарласан тул хариуцагчийн орон сууцыг эзэмших эрх дуусгавар болсон. Иймд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид өгөх үүрэг үүссэн бөгөөд нэхэмжлэгч эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардсан агуулгатай байхад “албадан гаргуулах” гэж тодорхойлсныг залруулж “албадан” гэснийг хасаж, найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл адил байх боловч нэхэмжлэлийг хангасан хууль зүйн дүгнэлт өөр байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /магадлал/-ээр өмчлөгч буюу нэхэмжлэгч Г.С ногдох хэсгийн төлбөрийг хариуцагчид төлөөгүй явдал нь орон сууцны эзэмшлийг чөлөөлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх маргаан бүхий төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдэл зөв болсон гэж үзсэн байна.

12. Хоёр шатны шүүх дээрх байдлаар зөрүүтэй дүгнэснийг хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо тусгасны зэрэгцээ шүүх хүүхэд асрамжлагчийн орон байрны эзэмшлийг хууль ёсны эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрхийг анхаараагүй гэх үндэслэлийг гомдолд дурдсан байна. Хариуцагчаас гаргасан хоёр шатны шүүхийн дүгнэлт зөрүүтэй талаарх гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, маргаан бүхий төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн үйл баримтын талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хуульд нийцээгүй гэх агуулга бүхий гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлд тус тус хамаарна гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

13. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд болох зохигчид шүүхийн журмаар гэрлэлтээ цуцалсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ шийдвэрээр хүүхдийн асрамж, маргаан бүхий орон сууцны өмчлөлийг шийдвэрлэж, ногдох хэсгийг тогтоосон, энэ шийдвэрээр тогтоосон үйл баримт нь энэ хэргийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанд хамаарах талаар адил дүгнэлт хийжээ. Энэ тухайд хяналтын шатны шүүхээс өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй, хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Харин дээрх шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г.С-ийн дангаар өмчлөлд үлдээж, орон сууцнаас хариуцагч Т.Д болон хүүхдэд ногдох хэсэгт 62,250,000 төгрөгийг Г.С-ээс гаргуулан Т.Д-д олгохоор шийдвэрлэснийг үндэслэл болгон орон сууцыг Т.Д-ийн эзэмшлээс чөлөөлүүлж шийдэх нь хуульд нийцэх эсэх, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх эсэх талаар өгсөн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг залруулах шаардлагатай.

14.  Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч тул тэрээр хариуцагчид төлбөл зохих төлбөрөө төлсөн эсэхээс үл хамааран орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах үндэстэй гэж үзсэнийг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д заасан “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй.” гэсэнтэй нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Онолын хувьд шударга эзэмшигч нь хууль бус эзэмшигчийн нэгэн төрөл боловч тус хэргийн хариуцагч Т.Д нь өмчлөгч Г.С хууль болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэлх хугацаанд маргаан бүхий орон сууцны хувьд хууль ёсны эзэмшигчид тооцогдоно. Нэгэнт хууль бус боловч шударга эзэмшигч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д заасны дагуу өөрийн шаардлагыг хангагдах хүртэл хугацаанд эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөхөөс татгалзах эрх олгогдож байгаа бол энэ эрхийг хууль ёсны эзэмшигч эдлэх нь учир шалтгааны үүднээс зүй ёсны гэж тооцогдоно. Хууль ёсны эзэмшил нь эрх зүйн хүчин чадлын хувьд шударга эзэмшлээс дээгүүр эрэмбэд хамаарах, илүү хүчин чадалтай эрх мөн. Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг залруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

15. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийсэн боловч хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд нэхэмжлэгч Г.С хариуцагч Т.Д-д 62,250,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан татгалзах нөхцөл байдал арилсан гэж үзэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн нь дараах хоёр үндэслэлээр алдаатай болсон.  

  1. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед нөхцөл байдал ямар байсныг анхаарах ёстой. Учир нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн эсэхийг хянах чиг үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд шинээр нотлох баримт хүлээн авах эрх зүйн боломжгүй. Гэвч давж заалдах шатны шүүх жам ёсны үзэгдэл буюу цаг хугацааны үйл баримтаас үл хамаарах, зохигчийн хүсэл зориг, оролцоо, нотлох үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой шинэ үйл баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч Г.С хариуцагч Т.Д-ийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүх өөрт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх үед нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байсны зэрэгцээ хожим төлсөн нөхцөл байдалд хариуцагч маргаж, үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхгүй байгаагаа тайлбарлаж байжээ.  
  2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хүүхдийн эрх ашгийг анхаарсангүй. Тодруулбал, нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба тус орон сууцанд хариуцагчийн хамт насанд хүрээгүй хоёр хүүхэд амьдарч байгаа, хариуцагч нь шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийн хууль ёсны асрамжлагч байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь тэдний эцэг мөн талаар талууд маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах үүрэгтэй бол Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд эсэн мэнд амьдрах бүрэн эрхийн хүрээнд эрүүл чийрэг өсч бойжих,  аюулгүй орчинд амьдрах эрхтэй, хүүхэд хөгжих бүрэн эрхийн хүрээнд сурч боловсрох эрхтэй бөгөөд энэ нөхцөл байдлыг эн тэргүүнд эцэг, эх хангах бүрдүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Т.Д нь 2009.12.21-ний өдөр төрсөн хүү С.Г, 2015.05.27-ны өдөр төрсөн охин С.Б нарын хууль ёсны асрамжлагч байх ба зохигчийн хүүхдүүд одоо амьдарч байгаа гэрт ойр сургуульд явдаг, эцэг Г.С хүүхдүүдийн энэ болоод бусад нөхцөл байдлыг сайтар мэдэж байгаа талаар тайлбарласныг нэхэмжлэгч Г.С маргаагүй. Харин нэхэмжлэгч маргаан бүхий сууцнаас Т.Д-ийг гаргуулах шаардлага гаргасан, хүүхдүүд орон сууцандаа үлдэж болно гэх тайлбар гаргаж байна. Гэвч Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхдийн хууль ёсны асрамж гэдэгт хүүхдийн байнга амьдрах газрыг тогтоохоос гадна эцэг, эхийн хэн нэгний өдөр тутмын асрамжид байх, хүүхдийн өмнөөс шийдвэр гаргах эрхийг эцэг, эхийн хэн нэгэнд нь олгох тухай явдал гэж ойлгохоор зохицуулсан. Иймд хүүхдээ асрах хууль ёсны асрамжлагчийн чиг үүргийг эхэд хүлээлгэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг өөрчлөөгүй тохиолдолд хүүхэд ба тэдгээрийн хууль ёсны асрамжлагч тусдаа амьдрах агуулгаар хууль ёсны асрамжийн шийдвэрийг биелүүлэх бодит боломжгүй.

Иймд хүүхдүүдийг орон сууцанд үлдээж, тэдгээрийн хууль ёсны асрамжлагчийг орон сууцнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, ийнхүү шийдвэрлэх нь дээр дурдсан хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих эрхэд харшлахаар байна. Энэ үндэслэлээр хариуцагч Т.Д-ийн орон сууцны эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

16. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан нөхцөл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.С-ийн хариуцагч Т.Д-д холбогдуулан гаргасан орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/05819 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02205 дугаар магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ийн хариуцагч Т.Д-д холбогдуулан гаргасан орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Т.Д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.16-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Н.БАЯРМАА

                     ШҮҮГЧИД                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                             Б.УНДРАХ