Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00120

 

Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00625 дугаар шийдвэртэй, Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй,  тус аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай.

 

Нэхэмжлэлд: “Театрын дотоод журамд театр нь зохион байгуулалтын бүтцийн хувьд захиргаа, аж ахуй болон хор драм, бүжиг, хөгжим ангиас бүрдэнэ, ангийн дарга нарыг анги хамт олны санал болгосноор захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж, театрын дарга томилно гэж заасан байдаг. Миний бие менежерээс гадна захиргаа, аж ахуйн ангийн даргыг давхар хариуцан ажилладаг. Би захиргаа, аж ахуйн ажилтнуудад чөлөө өгөх эрхтэй, үүнийг дотоод журмаар зохицуулж өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс 17, 19 цагаас Такси 2 кино гаргасан. Эхний кино орох гэж байхад үйлчлэгч хувцасны эрхлэгч Са, үйлчлэгч Ж, С нар өнөөдөр баярын өдөр, гэртээ очиж хоол ундаа бэлтгэж, Рамазан сарын мацаг тайлах ёслолоо хиймээр байна гэж гуйхаар нь би ажлаа хариуцан үлдэж чөлөө өгч явуулсан. Кино эхлээгүй, театрын үүдэнд тасалбар шалгаж үзэгчдийг оруулж байх үед дарга А ирж үйлчлэгч нарыг асуухаар нь чөлөө өгснөө хэлэхэд тэднийг гэхээр нь утас руу нь залгаж дуудсан. Үйлчлэгч хувцасны эрхлэгч Са, үйлчлэгч Ж, С нар гэртээ очиж чадалгүй замаасаа буцаж ирсэн.Тэднийг байхгүй үед байгууллагын ажилд ямар нэгэн доголдол, ачаалал үүсээгүй, үзэгчдийг бүгдийг нь оруулаад киногоо эхлэх гэж байсан. Магадгүй надад ажилчдад чөлөө олгох эрх байхгүй ч сахилгын арга хэмжээ авсан үндэслэл нь буруу байсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 2017 оны 01 дүгээр албан даалгавар, тус театрын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн байх ба намайг ямар хууль, дүрэм, журмын ямар заалт зөрчсөнийг тодорхой заагаагүй. Дээрх хууль дүрэмд дур мэдэн ажилчдад чөлөө олгосон бол сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалт огт байхгүй. Иймд Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Алтангадас одонт Хөгжимт драмын театрын дарга Б.Асылбекийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус театрын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Сахилгын арга хэмжээ авах тухай Б/29 дүгээр тушаалаар ажилтан Ч.Ө нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ зөрчин дур мэдэн тус байгууллагын зарим ажилчдад чөлөө олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.5-ын Б дэх хэсэг, Засгийн газрын 01 тоот албан даалгавар, Захиргааны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн үндсэн цалингийн 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан явдал нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Менежер Ч.Ө ер нь байгууллагын захиргаанаас зохион байгуулсан аливаа ажлыг байнга эсэргүүцэж, ажлын байранд дураараа аашилдаг. Түүнд ажилтан нарт чөлөө олгох тухай бүрэн эрх олгогдоогүй байхад зарим ажилтан нарт дур мэдэн чөлөө олгосон нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ч.Өийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.        

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00625 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7.-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.        

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Ч.Ө нь Хөгжимт драмын театрын менежерээр ажиллаж байхдаа 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн тоглолтын үед зарим ажилтанд дур мэдэн өөртөө олгогдсон мэдлээ хэтрүүлэн чөлөө олгож ажлын байрыг эзэнгүйдүүлэн зөрчил гарах нөхцөл бололцоог бүрдүүлэн, театрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж болохуйц зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн хуульд заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Гэтэл Ч.Ө-ийн Хөдөлмөрийн дотоод журмаар зөвшөөрөгдөн олгогдоогүй эрх эдлэн эрх хэмжээгээ хэтрүүлсэн энэхүү зөрчлийг анхан шатны шүүх байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн учир дутагдалтай. Менежер Ч.Ө нь байгууллагын дотоод журмын тавдугаар бүлгийн 5.8-ын “а", “б", 5.10-р зүйлийг ноцтой зөрчин эрх хэмжээгээ хэтрүүлэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл бололцоог бүрдүүлэн зөрчил гаргасан бөгөөд уг зөрчлийг газар дээр нь илрүүлэн зөвлөлийн хурлаар хэлэлцэн түүнд Хөдөлмөрийн хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулсныг анхан шатны шүүх шийдвэр гарган хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ө нь Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан тус театрын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл  гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5-ын б, байгууллагын захиргааны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг удирдлага болгож ажилтан Ч.Ө-т  “хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж ажилчдад дур мэдэн чөлөө олгосон” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулжээ.

 

Ажилтан Ч.Ө нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд ажил олгогч намайг ямар хууль, дүрэм зөрчсөнийг тушаалдаа заагаагүй” гэж, харин хариуцагч “ажилтан нарт чөлөө олгох бүрэн эрх олгогдоогүй байхад зарим ажилчдад дур мэдэн чөлөө олгосон нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн” гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.

 

Ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын захиргаа, аж ахуйн ангид /нэгж/ харьяалагдах[1] менежер, ангийн даргын ажлыг хавсран гүйцэтгэдэг[2]  Ч.Ө нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн  орой 17 цагийн үед үйлчлэгч Х.Ж, Х.С, өлгүүрчин Н.Са нарт тэдгээрийн хүсэлтээр чөлөө олгосон нь зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон ба менежерээс чөлөө авсан ажилчид театрын даргын дуудсанаар чөлөө авснаас хойш 15-20 минутын дараа ажилдаа эргэн ирж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн талаар гэрчүүд[3] шүүхэд мэдүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-т “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно.” гэж зааснаас үзвэл, ажилтанд чөлөө олгох эсэхийг ажил олгогч, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан шийдвэрлэхээр байна. Гэхдээ  ажилтанд чөлөө олгохтой холбоотой харилцааг дээрх хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын дотоод журмаар нарийвчлан зохицуулж болох бөгөөд тухайлбал, ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дотоод журмын 5.10.-д “Ангийн багш нар 4 цаг хүртэл чөлөө олгож болно, ...” гэж тусгажээ.[4] Байгууллагын дотоод журмын 2.9.-т зааснаас үзвэл[5], ажил олгогч театр нь захиргаа, аж ахуйн анги, хор драм, бүжиг, хөгжмийн ангиас тус тус бүрдэх бөгөөд театрын менежер ажилтай Ч.Ө нь захиргаа, аж ахуйн ангид харьяалагдаж, ангийн даргын үүргийг хавсран гүйцэтгэдэг нь баримтаар тогтоогдож байна. Үйлчлэгч Х.Ж, Х.С, өлгүүрчин Н.Са нарын гэрчийн мэдүүлгээс үзвэл, тэдгээр ажилчид ангийн дарга Ч.Өийг чөлөө олгох эрхтэй гэж үзэн, түүнд энэ талаар хүсэлт гаргасан гэж мэдүүлж байжээ.

 

Иймд, ажил олгогч байгууллагын дотоод журмаар Хөгжимт драмын театрын ангийн даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэдэг ажилтанд тухайн анги, нэгжид харьяалагдах ажилтнуудад 4 цагийн чөлөө олгох эрхийг ажил олгогчоос олгосон байх тул хариуцагчийн “ажилтан нарт чөлөө олгох бүрэн эрх олгогдоогүй байхад зарим ажилчдад дур мэдэн чөлөө олгосон нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн” гэсэн тайлбар үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймээс ажилтны гомдлыг хангаж, Ч.Ө-т сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх ажилтан Ч.Ө-ийг сахилгын зөрчил гаргасан эсэх талаар “ажилтан дотоод журмаар зохицуулсан ямар харилцааг зөрчсөн нь тодорхой бус, ... эрх хэмжээг хэтрүүлэх гэх үндэслэлийг шууд зохицуулсан заалт байхгүй” гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг маргаантай үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой талаас нь, хуульд заасан журмаар үнэлж, шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй буюу шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүйг тэмдэглэж байна. Анхан шатны шүүхийн гаргасан уг зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах боломжтой байх тул шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                С.ӨМИРБЕК

 

 


[1] Хэргийн 23 дугаар тал. Хөдөлмөрийн гэрээ.

[2] Хэргийн 37 дугаар тал. Ажил олгогчийн тушаалын хавсралт.

[3] Хэргийн 51, 54, 56 дугаар тал. Гэрчийн мэдүүлгүүд.

[4] Хэргийн 20 дугаар тал. Байгууллагын дотоод журам.

[5] Хэргийн 16 дугаар талын арын нүүр. Байгууллагын дотоод журам.