Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2020/00890

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                      

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух ******* овгийн Т.Ш /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-13-12 тоотод оршин суух ******* овгийн Г.Т /регистрийн дугаар *******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 16 420 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Т нь надаас 2018-01-11-ний өдөр 1 сарын хугацаатай 10,0 сая төгрөгийг өдрийн 0,6%-ийн хүүтэй зээлж авсан. Дараа нь 2018 оны 01 сарын 29-ний өдөр 3,0 сая төгрөг зээлж авсан юм. Тухайн үедээ бараа материал нийлүүлэх гэсэн юм гээд авсан. Гэтэл одоо хүртэл мөнгийг минь өгөхгүй байна. 2019 оны 10 сарын 30-нд Г.Т бид 2 зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж хугацаа хүүн дээр дахин тохиролцоо хийж бичгээр баталгаажуулсан. Иймд Г.Тээс үндсэнгээс 13,0 сая төгрөг хүү 3 420 000 төгрөг бүгд 16 420 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Шийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Т.Ш-ээс 2018-01-11-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018-01-29-ний өдөр 3 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Зээлсэн мөнгөнөөсөө 5 500 000 төгрөгийг төлсөн болно. Одоо үлдэгдэл мөнгө 7 500 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа болно. Бид хүү тохирсон гэрээ анхнаасаа хийгээгүй. Анх 10 000 000 төгрөг өгөхдөө хүүтэй гэж байсан боловч энэ талаар бичгээр гэрээ хийгээгүй. Дараа нь авсан 3 000 000 төгрөгөнд мөн гэрээ хийгээгүй болно. Сүүлд 0.6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авсан нь үнэн болно гэх бичгийг 2 хүн дагуулан ирж айлгаж дарамталж байгаад хийлгүүлж авсан ба уг бичгийг хийлгүүлж авахдаа мөнгө авсныг баталгаажуулж байгаа баримт гэж хэлж байсан. Хүү болох 3 420 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Өмнө энэ хүнээс 3 удаа мөнгө өндөр хүүтэй зээлж авч байсан ба дахин өндөр хүүтэй мөнгө зээлэх боломжгүй байсныг өөрөө сайн мэдэж байсан атлаа намайг Цагдаагийн газарт 18 000 000 төгрөг зээлсэн гэж гүтгэж, залилсан гэж шалгуулж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ш нь Г.Т-д холбогдуулан 16 420 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Т нь Т.Ш-ээс 2018-01-11-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018-01-29-ний өдөр 3 000 000 төгрөг зээлсэн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

Т.Шийн ХААН банкны 5094195946 дугаартай дансанд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5,0 сая төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500 000 төгрөг Г.Тээс тус тус орсон болох нь дансны хуулга, талуудын тайлбаруудаар нотлогдсон.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба Т.Ш шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...тухайн үедээ Г.Ттэй бичгээр гэрээ хийгээгүй, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г.Ттэй тохиролцож бичгээр гэрээ байгуулсан. Иймд үндсэн зээл 13,0 сая төгрөг, хүү 3 420 000 төгрөг нийт 16 420 000 төгрөг гаргуулна. Надад шилжүүлсэн 5 500 000 төгрөг бол надаас бэлнээр 5 500 000 төгрөг авчхаад тэрийгээ буцааж өгсөн юм. Энэ 13,0 сая төгрөгтэй ямар ч хамаагүй... гэсэн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь тухайн үедээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, өөрөөр хэлбэл хүүгийн талаар хуульд заасан шаардлагад нийцүүлж бичгээр гэрээ байгуулаагүй байх ба, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г.Тийн хийж өгсөн бичгийг гэрээ гэж үзэх үндэслэлгүй /хх7х/, энэ хуудасны ард бичигдсэн Зээлийн гэрээ-г 2018-01-11-ний өдөр байгуулаагүй 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичүүлсэн гэдгээ нэхэмжлэгч өөрөө тайлбарласан. Иймд 2018-01-11-ний өдрийн огноотой Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, гэрээний нөхцөлүүдээ тохирох бөгөөд энэ шаардлагууд хангагдаагүй гэж үзлээ.

Орхон аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч А.О гэрчээр Ц.Туулыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр асуусан тэмдэглэл хэрэгт ирсэн бөгөөд Ц.Туул: ...2018 оны 02 байна уу, 03 сард нэг өдөр Шүрэнцэцэгтэй уулзаад байж байхад нэг залуу ирээд Шүрэнцэцэгээс мөнгө аваад гарсан. Би тэр залууг мөнгө аваад гарсны дараа юун хүнд мөнгө өгөөд байгаа юм бэ гэсэн чинь миний таньдаг хүн байгаа юм гэсэн. Тэгэхээр нь ямар их мөнгө өгдөг юм бэ гэсэн чинь надаас мөнгө аваад эргүүлээд өгчихдөг юм гэж ярьж байсан. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Яг хэн гэдэг нэртэй хүнд мөнгө өгснийг мэдэхгүй байна. Өндөр нуруутай залуу байсан... гэжээ.

Нэхэмжлэгч нь Г.Тээс 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 5,0 сая төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500 000 төгрөг шилжиж орж ирсэн нь бэлнээр авсан зээлээ буцааж төлсөн манай найз Туул гэрчилнэ гэж тайлбарлах боловч, Ц.Туулын мэдүүлгээр хэзээ хэнд хэдэн төгрөг бэлнээр өгсөн нь нотлогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 7 500 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 8 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Тээс улсын тэмдэгтийн хураамжаар 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Тээс 7 500 000 төгрөг гаргуулан Т.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Тээс 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА