| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/05825/И |
| Дугаар | 001/ХТ2026/00112 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2026/00112
| “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08786 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2026/00352 дугаар магадлалтай, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “О” ХХК-д холбогдох Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор танхимын тэргүүн Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08786 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан 450,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2026/00352 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 450,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “О” ХХК-аас 2,407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 4.1 Анхан шатны шүүх хариуцагч үүргээ биелүүлээгүй нь хэргийн баримтаар нотлогдсон гэж дүгнээгүй харин “... талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь даалгаврын гэрээний шинжтэй бөгөөд уг гэрээ болон нэхэмжлэгч “Б” ХХК-аас хариуцагч “О” ХХК-д олгосон итгэмжлэлийн хугацааг сунгасан үйл баримт тогтоогдоогүй, гэрээний хугацаа 2013.04.05-ны өдөр, итгэмжлэлийн хугацаа 2013.11.08-ны өдөр тус тус дуусгавар болсон байна ... хэргийн үйл баримтаар хариуцагч “О” ХХК нь гэрээ болон итгэмжлэлээр олгосон бүрэн эрхээ хэтрүүлж, урвуулан ашиглаж гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй” хэмээн дүгнэсэн. “О” ХХК нь гэрээний хугацаанд ямар нэгэн үүргийн зөрчил гаргаагүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэх “Механизмыг хариуцан ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлд зааснаар гэрээний хугацаа дууссаны дараа гэрээг сунгах болон гэрээг өөрчлөх бол гэрээ дуусахаас 1 сарын өмнө “А” ба “Б” талууд хоорондоо харилцан тохиролцохоор заасан. Гэвч гэрээний хугацааг сунгасан талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрээний болон итгэмжлэлийн хугацааг сунгаагүй болно. Давж заалдах шатны шүүх гэрээний хугацаа дууссаны дараа “О” ХХК үүрэг хүлээсээр байгаа талаар дүгнэлт хийхдээ ямар нэгэн гэрээ болон хуулийн заалтыг үндэслэл болгоогүй, үүрэг зөрчсөн талаарх нотлох баримтгүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. 4.2 Давж заалдах шатны шүүх “...О.Г нь “Б” ХХК-ийн захирал С-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн эсэхээс үл шалтгаалан хариуцагч “О” ХХК гэрээ, итгэмжлэлийн дагуу хүлээн авсан экскаваторыг үрэгдүүлсний улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж дүгнэлт хийхдээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05054 дүгээр шийдвэрээр “гэм буруутай эсэхийг нотлохгүй” талаар дүгнэлт өгсөн үйл баримтыг дахин дүгнэж улмаар хариуцагч компани буруутай нь тогтоогдсон гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл хариуцагч компанийг буруутай гэж үзэхийн тулд тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох О.Г-ийн буруутай үйлдэл тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд энэ талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал дахин дүгнэлт хийж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Маргааны зүйл болох ***УБ улсын дугаартай экскаваторыг хариуцан ажиллах гэрээ болон итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа Д.Т-д, улмаар Н.С-ын эзэмшилд шилжүүлсэн болон Н.С-ээс “экскаваторын үнэ” гэх утгаар 175,000,000 төгрөгийг Д.Т хүлээн авсан нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр техникийг Д.Т-ын эзэмшилд шилжүүлэх үндэслэл болсон Авто тээврийн үндэсний төвд гаргасан 2014.04.23-ны өдрийн 15 дугаартай баримтыг хариуцагч “О” ХХК болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Г үйлдсэн буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрээ зөрчсөний улмаас “Б” ХХК-д хохирол учруулсан хэмээн үйл баримтыг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон мэтээр нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 4.3 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэсэн нь гэрээний үүрэгтэй холбоотой бүхий л шаардлагыг зохицуулсан бөгөөд хохирол шаардахад өөр хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ нь хуулийг илт зөрүүтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. “Б” ХХК-аас 2012.11.18-ны өдөр “О” ХХК-д гэрээний зүйл болох экскаваторыг түрээслэх гэрээ хийх төлбөр тооцоо хийж хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2013.04.05-ны өдөр, итгэмжлэлийн хугацаа 2013.11.08-ны өдөр тус тус дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч нь 2018.09.27-ны өдөр эрүүгийн журмаар гомдол гаргасан. Даалгаврын гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс тоологдоно. Гэрээний дагуу шаардах хөөн хэлэлцэх хугацаа эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхээс өмнө дууссан тул хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах зэрэг ойлголт байхгүй. Гэрээний хугацаа дууссанаар тухайн эд хөрөнгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх бөгөөд гэрээний хугацаа дууссаныг мэдэх боломжгүй нөхцөл байхгүй. Иймээс давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлэлгүйгээр бодит нөхцөл байдалд үл нийцэх, үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2026/00479 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. ХЯНАВАЛ 6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн гаргасан гомдлоос давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангаж, бусад гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 7. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Манай компани нь өөрийн өмчлөлийн Doosan *** маркийн ***УБ улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслүүлэх, төлбөрийг хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрхийг гэрээ болон итгэмжлэлийн үндсэн дээр “О” ХХК, түүний гүйцэтгэх захирал О.Г-д олгож хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл манай хөрөнгөд хууль бусаар халдаж, бусдад шилжүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч Прокурорын 2019.10.15-ны өдрийн 2478 дугаартай тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Хэрэг бүртгэлтийн хэргийн явцад экскаваторын зах зээлийн үнэлгээг 450,000,000 төгрөгөөр тогтоосон тул гэрээний үүргээ зөрчсөн “О” ХХК-иас дээрх хохирлын төлбөрийг гаргуулна” гэж тайлбарласан. 8. Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...“О” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирал Д.Б нь тус компанийг 2021.08.23-ны өдөр өмнөх хувьцаа эзэмшигч О.Г-ээс гэрээний дагуу 100 хувийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2021.08.23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэн авахаас өмнөх компанийн аливаа үүрэг, өр төлбөр, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлагыг О.Г хариуцахаар заасан тул “О” ХХК хүлээхгүй. Мөн нэхэмжлэгч нь 2012.11.08-ны өдөр олгосон гэх экскаваторыг бусдад түрээслүүлэх, төлбөрийг хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэлийг хариуцагчид олгосон эсэх, 2012.04.05-ны өдрийн “Механизмыг хариуцан ажиллах гэрээ”-г хариуцагч “О” ХХК-тай байгуулсан эсэх нь тодорхойгүй. О.Г гэх хүнд олгосон итгэмжлэл, түүнтэй байгуулсан гэрээний буруутай үйлдлийг компани хариуцахгүй. ... түрээсийн гэрээ, техник хүлээлцэхтэй холбоотой маргаан, учирсан хохирлын асуудал нь өмнөх өмчлөгч О.Г-ийн бүрэн эрхтэй байх үед үүссэн байх бөгөөд тус компанийн одоогийн өмчлөгчид хамааралгүй, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ. 9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ: “...Талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгчээс 2012.11.08-ны өдөр хариуцагчид техникийг түрээслэх гэрээ хийх, төлбөр тооцоо хийж хүлээн авах, бүрэн бүтэн байдлыг нь хариуцан ажиллах итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байна. Гэрээний хугацаа 2013.04.05-ны өдөр, итгэмжлэлийн хугацаа 2013.11.08-ны өдөр тус тус дуусгавар болсон. Итгэмжлэлийн хугацаа сунгасан үйл баримт тогтоогдоогүй. ... хэргийн баримтаар экскаваторыг Д.Т-ын эзэмшилд шилжүүлэх үндэслэл болсон 2014.04.23-ны өдрийн 15 дугаартай баримтыг хариуцагч “О” ХХК болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Г хуурамчаар үйлдсэн буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. ...хариуцагч “О” ХХК нь гэрээ болон итгэмжлэлээр олгосон бүрэн эрхээ хэтрүүлж, урвуулан ашиглаж гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хариуцагчийн өмгөөлөгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хууль зүйн дүгнэлт нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасанд нийцсэн.” гэж дүгнэсэн. 10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Магадлалд дараах дүгнэлтийг хийжээ: 10.1 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ нь даалгаврын гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ, хариуцагч нь экскаваторыг бусдад түрээслүүлэх, төлбөрийг хүлээн авах, техникийг бусдад шилжүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй нь баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д нийцсэн. 10.2 Нэхэмжлэгч нь экскаваторыг бусдад шилжүүлсний хохиролд 450,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхэд хамаарна. 10.3 Экскаваторыг бусдад худалдсан тухай нэхэмжлэгч 2016 онд мэдэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь баримтаар тогтоогдсон. Гэрээний үүрэгтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй ... хөөн хэлэлцэх ерөнхий буюу 10 жилийн хугацаа үйлчилнэ. ... хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 10 сараас эхлэн тоолох тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. 10.4 Хуулийн этгээдийн эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох тул “О” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигчийн эрх бусдад шилжсэнээр дуусгавар болсон ч хуулийн этгээдийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй тул компанийн бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй. 10.5 О.Г нь гарын үсэг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд тохирохгүй, маргааны зүйлийг буруу тодорхойлсон. ... хохирлын үр дагаврыг нэхэмжлэгч гэрээний нөгөө тал болох хариуцагчаас шаардсан тул “гэрээний зүйлийг бусдад шилжүүлэхгүй байх” үүрэг хүлээсэн компани хохирлыг хариуцна гэж дүгнэсэн. 11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөрүүтэй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан байх ба гомдолд хариуцагч гэрээний үүргийн зөрчил гаргасан эсэх, энэ талаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэх асуудлаарх хоёр шатны шүүх хууль зүйн дүгнэлт ялгаатай, нотлох баримтыг зөрүүтэй үнэлсэн талаар дурджээ. Хариуцагчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасанд хамаарна гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ. 12. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн ач холбогдол бүхий дараах үйл баримтыг адил тогтоожээ. Үүнд: 12.1 Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “О” ХХК-тай 2012.04.05-ны өдөр гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн механизм болон ***УБ улсын дугаартай экскаватор /цаашид “механикм” гэх/-ыг түүний нэрийн өмнөөс бусдад түрээслүүлэх хэлбэрээр эрхлэн удирдах, төлбөр, үр ашгийг сар бүр “Б” ХХК-д төлөх, ийнхүү хөрөнгийг эрхлэн удирдсаны хариуд “Б” ХХК нь “О” ХХК-д сар бүр тохирсон хэмжээний хөлс төлөхөөр гэрээ байгуулсан. 12.2 Дээрх гэрээ нь 2012.04.05-ны өдрөөс 2013.04.05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай ба энэ гэрээг хэрэгжүүлэх зорилгоор механизмыг бусдад түрээслүүлэх гэрээ байгуулах эрхийг “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Г-д олгон “Б” ХХК 1 жилийн хугацаатай итгэмжлэл үйлдсэн байна. Уг итгэмжлэлийг 2012.11.08-ны өдөр олгожээ. 12.3 Дээрх гэрээ, итгэмжлэлийн дагуу дурдсан механизмыг хариуцагч “О” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байна. 12.4 Харин “О” ХХК механизмыг “Б” ХХК-д буцаан шилжүүлээгүй. 13. Улмаар механизмыг “Б” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлээгүй явдалд хариуцагч “О” ХХК гэм буруутай эсэх, өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэсэн эсэх асуудлаар талуудын хооронд маргаан өрнөсөн. Анхан шатны шүүх маргааны зүйл болсон механизм хариуцагч “О” ХХК-ийн эзэмшлээс гарч, гуравдагч этгээдэд шилжсэн нөхцөл байдалд хариуцагч буруугүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд “О” ХХК буруутай бөгөөд энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үүргийн зөрчилд хамаарна гэж үзсэн байна. Харин хариуцагч талаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо маргааны зүйл болсон механизм “О” ХХК-ийн эзэмшлээс гарсан явдалд тус компани буруугүй, өмнөх захирал О.Г-ийн нөхөр Д.Т буруутай гэж маргасан. Тодруулбал, Д.Т нь хуурамч баримт бичиг үйлдэн механизмыг бусдад шилжүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоно гэж тайлбарлажээ. 14. Маргааны зүйл болсон механизм “О” ХХК-ийн эзэмшлээс гарч, Д.Т-д, Д.Т-ээс Н.С-д шилжсэн үйл баримтыг хоёр шатны шүүх адил тогтоосон бөгөөд гагцхүү “О” ХХК-ийн эзэмшлээс гарсан нөхцөл байдлын талаар хууль зүйн ялгаатай дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “О” ХХК-д өөрийн өмчийг итгэмжлэн, түрээсийн гэрээний хэлбэрээр удирдах эрхийг олгосон боловч “О” ХХК нь түүний өмчийг буцааж өгөөгүй нөхцөл байдлыг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний үүргийн зөрчил гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ гэж дүгнэснийг буруутгахгүй. Уг гэрээний дагуу даалгавар гүйцэтгэгч “О” ХХК даалгавар өгөгч “Б” ХХК-ийн нэрийн өмнөөс механизмыг бусдад түрээслүүлэн 1 жилийн хугацаанд эрхлэн удирдахаар тохирсон нь даалгаврын гэрээгээр зохицуулах зүйлд хамаарч болно. Эд хөрөнгийг эрхлэн удирдахдаа захиран зарцуулах эрх олгогдоогүй байх тул уг гэрээ нь мөн хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д заасан хөрөнгө итгэмжлэх гэрээнд хамаарахгүй. Нэгэнт бусдын эд хөрөнгийг түр хугацаагаар эзэмшилдээ авч бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх хугацаа тогтоосон эрх олж авсан тул уг хугацаа дуусгавар болоход эд хөрөнгийг өмчлөгчид буцаан шилжүүлэх үүрэг хүлээнэ. Харин энэ үүргээ биелүүлээгүй явдалд гэм буруутай бол үүнээс үүдэн бий болох хариуцлагыг үүргийн эрх зүйн хүрээнд зөрчил гаргасан этгээд хариуцна. Энэ хэргийн тохиолдолд “О” ХХК нь ийнхүү эд хөрөнгийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй. Харин ийнхүү биелүүлээгүй явдалд “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Г-ийн нөхөр Д.Т-ыг буруутай, О.Г гэм буруугүй гэж хариуцагч маргаж байна. Гэвч механизмын өмчлөгч “Б” ХХК-ийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд С-ийн гарын үсгийг дуурайлган хуурамч бичиг баримт үйлдсэнд Д.Т гэм буруутай ч эд хөрөнгийг эрхлэн удирдаж байсан “О” ХХК нь ийм нөхцөл боломжийг бүрдүүлж, гэрээний үүрэгтээ хянамгай, анхааралтай хандаагүйгээрээ гэрээний үүргийн зөрчилд болгоомжгүй гэм буруутай гэж үзнэ. Иймд зохигчийн хооронд байгуулсан гэрээний үүрэг биелэгдээгүй зөрчилд хариуцагч “О” ХХК гэм буруутай гэж үзэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. 15. Хариуцагч “О” ХХК нь зохигчийн маргаж буй асуудал болох үүргийн зөрчлийн гэм буруугийн талаарх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч О.Г-ийг гэм буруугүй болохыг нэгэнт тогтоосон нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй талаар гомдолдоо дурджээ. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч “Б” ХХК өөрийн хүсэл зоригоос гадуур, өмчлөлийн зүйлээ эзэмшлээсээ алдсанаас хойш энэ нөхцөл байдлаас бий болсон үр дагаврыг арилгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх журмаар холбогдох ажиллагаа эхлүүлэн цагдаа, шүүхийн байгууллагад хандаж байжээ. Энэ хүрээнд “Б”ХХК нь иргэн О.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 450,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.11.04-ний өдөр хянан шийдвэрлэж, 101/ШШ2024/05054 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Шийдвэрт иргэн О.Г Иргэний хуулийн гэм хорын эрх зүйн үүднээс хариуцлага хүлээх үндэслэл бүрдээгүйг дурдаж, нэхэмжлэгч бусадтай байгуулсан гэрээний болон зөрчлийн улмаас үүсэх үүргийн дагуу хохирлоо нэхэмжлэхэд тус шийдвэр саад болохгүйг тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч “Б” ХХК-д иргэн О.Г-ээс гэм хорын эрх зүйн хүрээнд шаардах эрх үүсээгүйг тогтоосон байх боловч тус компани бусад этгээдтэй байгуулсан гэрээний харилцаа, түүний зөрчлийг энэ шийдвэр дүгнээгүй болохоо дурдсан байна. Иймд энэ хэргийн хүрээнд хянаж буй нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч “О” ХХК-ийн хооронд байгуулсан эд хөрөнгийг түрээсийн журмаар эрхлэн удирдах гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд дээр дурдсан шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй. Ийнхүү дүгнэх нь хуулийн этгээдийг хувь иргэнээс зааглах тухай хуулийн этгээдийн хийсвэрлэх онолд нийцэх юм. Энэ үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримт, нөхцөл байдлыг дахин дүгнэсэн гэх гомдлыг хангах боломжгүй. 16. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэх асуудлаар ялгаатай дүгнэсэн ба энэ нь хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд хамаарч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б” ХХК-д гэрээний зөрчлийн улмаас үүрэг, ба хохирлыг шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсний зэрэгцээ гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дуусгавар болсон гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх гэрээний дагуу хохирол шаардах харилцаанд 10 жилийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацааны тухайд ялгаатай дүгнэлт болсон. Анхан шатны шүүх зохигчийн хооронд гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь буруу боловч гэрээтэй холбоотой шаардлагад 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахыг зааж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх гэрээний дагуу шаардах эрх бий болсон талаар дүгнэсэн нь зөв боловч гэрээтэй холбоотой шаардлага ба гэрээний дагуу хохирол арилгуулах шаардлагыг зааглан, хоёр дахь тохиолдолд 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэнэ гэж үзсэнийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн зохицуулалтын хүрээнд дэмжих боломжгүй байна. Маргаан бүхий харилцаанд гэрээтэй холбоотой шаардлага буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх ба хүчин төгөлдөр гэрээнээс үүссэн шаардлагыг гүйцэтгэлийн шаардлага, хохирол арилгуулах шаардлага, хариуцлагын шаардлага гэж ангилж болох хэдий ч эдгээр шаардлага тус бүрт ялгаатай хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхээр хуулийг хэрэглэхээр хуульд зохицуулсан гэж үзэхэд бэрхшээлтэй. Иймд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй. 17. Хяналтын шатны шүүх гэрээний зөрчлийн улмаас учирсан хохирол 450,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзсэн. Тодруулбал, зохигчийн хооронд механизмыг түрээсийн журмаар бусдад ашиглуулан төлбөр, үр ашгийг өмчлөгчид шилжүүлэн, хөлс авах харилцааг зохицуулсан гэрээ 2012.04.05-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулагдсан, энэ гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд энэ гэрээний дагуу бусадтай түрээсийн гэрээ байгуулах боломжийг олгох зорилготой итгэмжлэлийг “О” ХХК-д 2012.11.08-ны өдөр нэг жилийн хугацаатай олгожээ. Улмаар гэрээний хугацаа 2013.04.05-ны өдөр, итгэмжлэлийн хугацаа 2013.11.08-ны өдөр тус тус дуусгавар болохоор байна. Гэвч О.Г нь гэрээний үүргээ зөрчиж, хайхрамжгүй хандсаны улмаас түүнд итгэмжлэн шилжүүлсэн хөрөнгө болох экскаваторыг 2014.04.23-ны өдөр гуравдагч этгээд Д.Т-ын нэр дээр, Д.Т-ээс 2014.04.25-ны өдөр Н.С-д шилжих нөхцөл бүрдэж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшил, өмчлөх эрх зөрчигджээ. Энэ үеэс нэхэмжлэгчийн шаардах эрх зөрчигдсөн гэж үзвэл 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2017.04.25-ны өдөр дуусгавар болохоор байна. 18. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.” гэж заасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заасан. Гэвч “хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” тухай ойлголт нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй буюу хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилж байх хугацаанд тохиолдох үйл явц бөгөөд нэгэнт дуусгавар болсон хөөн хэлэлцэх хугацааны тухайд тасалдал үүсэх боломжгүй. Иймд маргаан бүхий тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй. Харин хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхийг анхаарах шарадлагатай бгөөд тус хэргийн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх дараах нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзлээ. 18.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “О” ХХК болон түүний гүйцэтгэх захирал О.Г, холбогдох бусад этгээдийг буруутай гэж үзэн эрүүгийн журмаар шалгуулахаар 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан гэх боловч 2018.09.27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Хариуцагч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Г эрүүгийн журмаар шалгуулж мэдүүлэг өгөхдөө “С захирлаас авсан 2 ширхэг экскаватор байсан. ... тэрнээс хойш С захирал түрээсийн мөнгөө авья гээд асуудаг, ярьдаг байсан. Тэгээд түрээсийн мөнгөө авья, эсхүл экскаватороо авья гээд байхаар нь 2018 оны 10 дугаар сард 1 ширхэг экскаваторыг нь С захиралд хүлээлгэж өгсөн. Харин 1 ширхэг экскаваторынх нь нэр нь өөр хүний нэр дээр шилжиж очсон байсныг ... байцаагчаас мэдсэн.” гэж тайлбарлажээ. Дээрхээс үзвэл хариуцагч “О” ХХК бусдын хөрөнгийг буцааж өгөхгүй гэж татгалзаагүй, өгөхгүй байх аливаа үндэслэл дурдаагүй, түүнд эрх бүхий албан тушаалтнаас мэдээлэл өгөх хүртэл хугацаанд маргааны зүйл болсон экскаваторыг нэхэмжлэгчид буцааж шилжүүлэх бодит боломжгүй болсныг мэдээгүй байжээ. Тодруулбал, хариуцагч гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжтой гэх шалтгаанаар гэрээний зүйл гуравдагч этгээдэд шилжсэн талаараа мэдэх хүртэл хугацаанд үүргээ биелүүлэхээс илэрхий татгалзаагүй гэж үзэхээр байна. О.Г-ийг эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх үед “Б” ХХК-ийг төлөөлөн гомдол гаргасан Ц.Э-ыг мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байгааг дурдах нь зүйтэй. 18.2. Зохигч 2012.04.05-ны өдөр гэрээ байгуулсан байх ба тус гэрээний үүрэг зөрчигдсөн нь эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзсэн тул нэхэмжлэгч иргэний журмаар хэргийг хянуулах ажиллагааг эхлүүлээгүй байна. Иргэний эрх зүй дэх үүргийн аль нэг институтээс үүссэн маргааныг эрүүгийн журмаар шалгуулах нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах” гэсэн урьдчилсан нөхцөлд хамаарахгүй бөгөөд хэргийн нөхцөл байдалд нарийвчилсан дүгнэлт хийлгүйгээр энэ үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүссэн эсэхийг шийдвэрлэх боломжгүй талаар хяналтын шатны шүүх өмнөх тогтоолдоо[1] дүгнэж байсан. Илтэд иргэний хэрэг маргааныг эрүүгийн журмаар шалгуулах нь иргэний хэргийн оролцогчийн тэгш байдал, процесс ажиллагаа шударга явагдах нөхцлийг алдагдуулах өндөр эрсдэлтэй. Аливаа хэргийг эрүүгийн журмаар шалгуулсны эцэст тухайн хэрэг эрүүгийн хэрэг биш болох нь тогтоогдох, эсхүл эрүүгийн хэрэг байх боломжтой ч хөөн хэлэлцэх хугацаа, Өршөөлийн тухай хуульд хамрагдах гэх мэт үндэслэлээр хэрэгсэхгүй болох ялгаатай практик түгээмэл болсон ба энэ ялгааг анзаарч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ...” гэх нөхцлийг хэрэглэх нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүсгэх эсэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн шинжгүй, илтэд иргэний хэрэг маргааныг тодорхой бус шалтгааны улмаас эрүүгийн хэргийн журмаар шалгуулж хугацаа өнгөрөөсний эцэст “эрүүгийн хэрэг биш, иргэний хэрэг” гэх дүгнэлтэд хүрч байгаа нь ихэнхдээ иргэний эрх зүйн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүсгэх үндэслэл болохгүй. Хэргийг эрүүгийн журмаар шалгасны эцэст эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны гэх мэт үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг холбогдох эрхийн актад үндэслэл бүхий дүгнэсэн бол энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ...” гэх нөхцөлд хамаарч иргэний эрх зүйн хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүсгэж болох юм. Харин энэ хэргийн тохиолдолд хариуцагч “О” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчлийг эрүүгийн хэрэг гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулсан бөгөөд энэ ажиллагааг иргэний эрх зүйн хөөн хэлэлцэх дуусгавар болсны дараа эхлүүлжээ. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны тасалдал энэ нөхцөл байдалд хэрэглэгдэхгүй. Гэвч эрүүгийн журмаар шалгуулах хүртэл хугацаанд хариуцагч хөөн хэлэлцэх хугацаагаар татгалзаж байгаагүй талаарх баримт, эрүүгийн журмаар шалгуулсны эцэст энэ хэрэг эрүүгийн хэргийн шинж агуулсан болохыг илэрхийлсэн прокурорын тогтоол тус тус хэрэгт авагдсан байгаа нь энэ хэргийг шүүх иргэний журмаар хянах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болж байна. 18.3. Нэхэмжлэгч “Б” ХХК нь эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааны үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарснаас хойш иргэний хэргийн шүүхэд хандаж байсан нь хариуцагч О.Г, Д.Т нараас 450,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзсан 2021.04.30-ны өдрийн 102/ШЗ2021/05478 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Т, О.Г нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангасан 2021.06.25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2021/01463 дугаартай шийдвэр, О.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 450,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгосон 2024.11.04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2024/05054 дугаартай шийдвэр, хариуцагч “О” ХХК-д холбогдуулан 450,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг 2025.02.21-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 191/ШШ2025/09306 дугаартай захирамж, “О” ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангасан 2025.04.03-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШШ2025/02633 дугаартай шийдвэрүүдээр тус тус тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. 19. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “О” ХХК-аас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байх хэдий ч гэрээний үүргийн хохирол шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байхаар буруу тайлбарласныг залруулж, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг сэргээх үндэслэлтэй гэх агуулгаар дүгнэлтийг өөрчилж магадлалын шийдлийг хэвээр үлдээнэ. 20. Давж заалдах шатны шүүх гэрээний үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 450,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтад суурилсны зэрэгцээ талуудын зарчимд нийцсэн гэж үзнэ. Тодруулбал, 2012.03.11-ны өдөр гаалиар оруулж ирсэн механизм болох DOOSAN *** арлын дугаартай алдагдсан механизмыг “Д” ХХК-ийн үнэлгээний тайланд 450,000,000 төгрөгөөр үнэлснээр хохирлыг тогтоосон нь үндэслэлтэй болжээ. 21. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос давж заалдах шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх дүгнэлт хуульд нийцээгүй гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй боловч магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай гомдлыг хангах боломжгүй байна. Харин давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх боловч дурдсан үндэслэлд тохирох заалтыг магадлалын тогтоох хэсэгт оруулж, хууль хэрэглээг өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2026/00352 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “219.1” гэсний дараа “, 82 дугаар зүйлийн 82.4” гэж, “баримтлан” гэсний дараа “нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж,” гэж тус тус нэмж, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “О” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.18-ны өдөр 2,407,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ Э.ЗОЛЗАЯА Д.ЦОЛМОН
[1] https://shuukh.mn/single_case/10823?daterange=2025-01-01%20-%202026-05-26&id=3&court_cat=1&bb=1
|
[1] https://shuukh.mn/single_case/10823?daterange=2025-01-01%20-%202026-05-26&id=3&court_cat=1&bb=1