Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч С.Ариунтөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг /ҮД:0261/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Jack House” ресторанд менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-р микро 23-186 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 50 дугаар байрны 39 тоотод түр оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ВО90092318/ Халх сартуул овогт Сайнбилэгийн Ариунтөрд

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625022497 дугаар 185/2017/0194/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ариунтөр 2016 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 20-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Далай Тауэр” байранд үйл ажиллагаа явуулдаг “Jack House” нэртэй паб-д “зодоон болоод байна” гэх дуудлагын дагуу ирсэн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Нэргүй, хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Э.Сүлдбаяр нарын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар Э.Нэргүйг өвдөглөн цохиж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, Э.Сүлдбаярын нүүрэн тус газар нь цохисон гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ариунтөрийн: Би 2016 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жак хаус” нэртэй пабаа хаасан бөгөөд хөдөөнөөс найз ирээд 4-5 найзуудтайгаа манай ажил дээр суусан. Тухайн үед өмнө нь манай пабад орж ирдэг байсан 2 залуу сууж байхаар нь “паб хаах гэж байна, одоо гар аа” гэж хэлэхэд “жаахан сууж байгаад гарлаа” гэж хэлсэн. Тэгээд тэр 2 залуу намайг дуудаад уулзсан. Эхэндээ маргалдах зүйл болоогүй бөгөөд би “найзуудтайгаа байна” гэж хэлэхэд над руу хараалын үг хэлээд дайрснаас болж маргаан үүссэн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Найзуудаараа тухайн үед юу болсон талаар яриулахад зодоон болоод би гартаа 2, толгойдоо 3 оёдол тавиулсан байсан. Үүдний харуул цагдаа дуудахад цагдаа ирээд авч явсан байсан. Би цагдаа цохиж, өшиглөснөө мэдэхгүй байгаа. Сарын дараа цагдаа дээр очоод энэ талаар мэдсэн. Хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Нэргүйн: ...Ариунтөр энэ үед машинаас гараад нөгөө залуутайгаа зодолдох гээд бас машин руу дайраад байсан, амьхандаа хоёр гарын хөдөлгөөнийг нь хязгаарлаад тэврээд автал миний эмзэг эрхтэн рүү өвдгөлчихсөн. Тэгэхээр нь би хажуу тийш нь татаж унагаад баривчилсан. Машинд суулгах үед С.Ариунтөр гэх залуу дэслэгч Сүлдбаярын нүүр рүү цустай гараараа цохиод авсан. Тэр залуу нилээн согтсон байсан. Миний биед учирсан гэмтлийг Ариунтөр учруулсан. Хохиролд 500.000 төгрөг авсан, хохирол бүрэн төлсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-13, 61/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Сүлдбаярын: …Цагдаагийн ахлагч Л.Тэрбишийн хамт Тамир-113 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. …Ариунтөр…  …Миний нүүр хэсэг болон хувцас хунар, хантааз зэрэг зүйлс цусаар бохирлогдсон, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Жаргалын: ...Тэр үед Ариунтөр бага зэрэг согтсон байсан, ширээн дээр агсамнаад байсан залуучуудыг гарах талаар хэлэхэд өөдөөс нь зангаад, хэдэрлээд байсан, ... тэр хоёр залуугийн нэг нь Ариунтөрийг баахан зодож байгаад гараад явсан, Ариунтөр зодуулсандаа уур нь хүрээд жижиг биетэй залуутай зодолдох гээд дайраад байсан. Дундуур нь цагдаа нар ороод болиулж байсан. ...Ариунтөр цагдаагийн машины хаалгыг өвдгөөрөө өвдөглөж байтал нөгөө цагдаа урдуур нь орж хааж байгаад бүлдэг рүүгээ өвдөглүүлчихсэн. Ариунтөр нь толгой болон гарын алгандаа оёдол тавиулсан, цагдаагийн албан хаагч нар гэмтэл учруулаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Насанбатын: ...Нэг л мэдэхэд Ариунтөр нөгөө хоёр залуутай зодолдоод эхэлсэн.  …Ариунтөрийн биед нөгөө хоёр залуугийн нэг л гэмтэл учруулсан. Бид нарыг очоод салгахад толгой болон гараас нь цус гарчихсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-43-44/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Бодьрагчаагийн: ...гадаа болсон асуудлыг хараагүй ээ. Гэхдээ дараа сонсоход Ариунтөр ах тэр цагдаа нарын машинд суухгүй гэж эсэргүүцэж байгаад санамсаргүй нэг цагдаагийн бүлдэг рүү нь өшиглөчихсөн гэж байсан. Би өшиглөж байхыг нь хараагүй. Дараа нь Ариунтөр ахаас өөрөөс нь сонссон. Бас нэг цагдаа ахын нүүр рүү цустай гараараа цохисон гэж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-63/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Билгүүний: ...цагдаа  нар орж ирээд намхан залуу болон Ариунтөрийг хамт машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед Ариунтөр машинд суухгүй би явахгүй гээд цагдаа нартай зууралдаад дотроос гарсан. Цагдаа нар хүчээр авч явж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-64/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Тэрбишийн: ...манай 113 чиглэлийг нэмэлтээр дуудсан. ...Ариунтөр …хөлөөрөөө машины баруун хойд хаалгыг өшиглөж хаагаад байсан, ямар нэгэн эд зүйл эвдэлж, устгаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-65/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Төмөрбатын: ...Ариунтөр гэх залуу нь Нэргүйтэй зууралдаж байсан ба машин руу орж намхан залуутай зодолдох гээд дайраад байсан ба машины хаалгыг өвдөглөөд байсан. Тэр үед Нэргүй болиулах гээд оролдоход түүний эмзэг эрхтэн рүү өвдгөлчихсөн юм байна лээ. Түүнийг Нэргүй ахаас салгаад Сүлдбаярт өгөөд Тамир 10-т хүлээлгээд өгчих гэсний дагуу машинд суулгахад Сүлдбаярын нүүр рүү цустай гараараа алгадсан. …мэдүүлсэн мэдүүлэг /хх-66/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн №13100 тоот:

1. Нэргүйн биед зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат гэсэн дүгнэлт /хх-20/,

 

Хохирлын мөнгө хүлээлгэн тухай тэмдэглэл /хх-9/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-82/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34/, ажлын газрын тодорхойлолт /хх-53/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдож нотлогдов.

 

Шүүгдэгч С.Ариунтөрийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Ариунтөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Нэргүйд учирсан гэм хорын хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хх-9/ тогтоогдов.

Шүүгдэгч С.Ариунтөр урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-33/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Ариунтөр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг хэрэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сайнбилэгийн Ариунтөрийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар Сайнбилэгийн Ариунтөрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Ариунтөрд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Ариунтөр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д  зааснаар С.Ариунтөрд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс болон Орхон аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Ариунтөрд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Ариунтөрд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ү.ТҮМЭНЖАРГАЛ