Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00121

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00622 дугаар шийдвэртэй, “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагчийн өмгөөлөгч Т.Бахыт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөр 29.201.086.00 төгрөг, алданги 14.600.543.00 төгрөг, нийт 43.801.629.00 төгрөгийг Өлгий сумын  бүрэн дунд сургуулиас гаргуулах тухай.

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Халаалтын зардалд илүү төлсөн 8.568.800.00 төгрөгийг “Э” ХК-аас гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Өлгий сумын  бүрэн дунд сургууль нь манай компанитай гэрээ байгуулж дулааны эрчим хүч авч ашигладаг  бөгөөд 2017 оны жилийн эцсийн байдлаар халаалтын хөлснөөс 29201086 төгрөг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар 2018 оны  сарын 09-ний өдрийн Э/89 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч төлбөр барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Компани, хэрэглэгч хоёрын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээний 6.2-т хоног тутам төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор заасан ба төлөөгүй хөлс 29201086 төгрөгийн алданги гэхэд 2018 оны 6 дугаар сарын 07-ны байдлаар /158 хоног х 0,5%=79%, 29.201.086 х 79%= 22.486.142 төгрөг/ 23.068.857 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 14600543 төгрөгийн алданги нэхэж байна. Иймд Өлгий сумын  бүрэн дунд сургуулиас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 29201086 төгрөг, алданги 14600543 төгрөг, бүгд 43801629 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “1. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газарт Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ны гүйцэтгэх захирал М.Т-ийн 183 тоот хүсэлтийн дагуу тус сургуулийн халаалтын зардалд аудитын хяналт шалгалт хийхэд “Э” ХК, тус сургуулийн хооронд хийсэн Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн 21 тоот гэрээний 4-т халаалт авах хугацааг 7 сар гэж заасан заалтыг зөрчиж халаалтын зардалд илүү 8,6 сая төгрөгийг төлсөн нь тогтоогдсон. Халаалтын зардалд илүү төлөгдсөн 8,6 сая төгрөгийн актыг Төрийн аудитын газар тогтоож тус сургуулийн захиргаа санхүүгээс шилжүүлэн төлүүлсэн тул 29201086 төгрөгөөс хасагдаж 20601086 төгрөгийн үлдэгдэл халаалтын зардалд үлдсэн.

2. 2017 оны 11, 12 дугаар саруудад тус сургуулийн анги танхимын дулааны хэм 8-9 градустай хүйтэн болж, хичээл сургалтын ажил явуулах боломжгүй болсон.  “Э” ХК-ны захиргаанд удаа дараа мэдэгдсэн бөгөөд инженер техникийн ажилтан Б ирж, анги кабинетуудын дулааны хэмжилт авч, өөрийн нүдээр харсан. Дорвитой арга хэмжээ аваагүй. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг орчим сургуулийн 2 давхрын пар задарч их хэмжээний ус алдаж коридорын цахилгааны шит буудаж дулааны түгээлт алдагдаж хичээлийн байрны халаалт хэвийн хэмжээнээс буурсан.

3. “Э” ХК дулааны гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дээрх дутагдлуудыг дурдаж аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-д 2017 оны 12 дугаар сарын 27-нд 295 тоот албан бичиг хүргүүлж халаалтын талаар хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч аймгийн Эрчим хүчний зохицуулах хороо ажлын хэсэг байгуулан З.Б /Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/, К.Б /Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга/ нар ахлан халаалтын байдалтай танилцаж, аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаар авч хэлэлцсэн.

4. “Э” ХК гэрээнд хүлээсэн үүргээ 2017 оны жилийн эцсийн 12 дугаар сард биелүүлээгүй. Сургуулийн багш, ажилчдаас удаа дараа өргөдөл гомдол, хүсэлт сургуулийн захиргаанд ирсэн тул 2017 оны 12 дугаар сарын халаалтын үнэ 20601086 төгрөг төлөөгүй.

5. Энэхүү 20601086 төгрөгийг жилийн эцсийн тайланд өр авлага болгон тусгасан. Жилийн эцсийн тайланг аймгийн Төрийн аудитын газар хянан шалгаж баталгаажуулалт хийсэн.

6. Аймгийн хэмжээгээр албан байгууллагуудаас үүссэн өр авлагын талаар төсвийн тодотголоор барагдуулах болно. Харин 2017 оны эцсийн байдлаар өр 20601086 төгрөг алданги гэх хоног тутам төлөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувиар тооцохоор заасан 2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх төгрөгийг төлөх боломжгүй байна. Харин 2018 оны 1 дүгээр сараас эхлэн 5 дугаар сар хүртэлх дулааны эрчим хүчний үнийг цаг тухайд нь төлж байгааг анхааралдаа авна уу. Иймд аймгийн ”Э” ХК-ны нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд: “Үндэсний аудитын газрын харьяа Баян-Өлгий аймгийн аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/09БӨА-2017/130/СТА-ТШЗ актаар тус сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Э” ХК-нд төлсөн түлш халаалтын зардлын тооцоо гүйцэтгэлийг шалгахад халаалтын үнэ тариф, сургуулийн талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байхад гэрээний дүнгээс “Э” ХК-нд 8568800 төгрөгийг үндэслэлгүй илүү төлсөн нь тогтоогдсон. Түлш халаалтын зардалд илүү төлсөн 8568800 төгрөгийг тус сургуулийн захиргаа төлсөн тул тус мөнгийг “Э” ХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд өгсөн нэхэмжлэгчийн хариу тайлбарт: “Аймгийн Төрийн аудитын газраас акт тогтоосон 8568800 төгрөгийг манай компаниас гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх 8568800 төгрөг нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны хооронд өгсөн халаалтын мөнгө бөгөөд бид тухайн үед аймгийн удирдлагын шийдвэрээр 10 хоногийн халаалтыг бүх хэрэглэгчдэд өгсөн. 2015 оноос өмнө халаалтын улирлын үргэлжлэх хугацааг аймгийн Засаг дарга тогтоож мөрддөг байсан ба аймгийн хэмжээнд тухайн жилийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 сараар тогтоодог байсан. 2015 онд Эрчим хүчний тухай хуульд орсон өөрчлөлтөөр Эрчим хүчний сайд тогтоодог болж 2015-2016 оны халаалтын улиралд халаалт өгөх хугацааг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сараар тогтоож энэ дагуу гэрээ хийгдсэн. Энэ асуудал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар хуралдаанаар яригдаж төлөөлөгчдийн болон холбогдох албан тушаалтнуудын гаргасан саналын дагуу 10 хоногоор нэмж төсвийн боломжийн хэмжээнд шийдэх асуудал хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.Энэ дагуу бид 10 хоног нэмж халаалт өгч бүх хэрэглэгчид хөлсөө төлсөн. Тус сургууль нь тухайн үед халаалтын хөлсийг манай компанид төлсөн бөгөөд сургуулийн шинээр томилогдсон удирдлага аймгийн Төрийн аудитын газраас шалгалт ирэх үед асуудлыг зөв танилцуулаагүйгээс акт тавигдсан гэж үзэж байна. Манай компани нь тухайн үед 10 хоногийн халаалт өгч тус сургууль халаалт авч хэрэглэсэн учир энэ асуудлыг бид хариуцахгүй.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00622 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 238 дугаар зүйлийн 238.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулиас 35233629 төгрөгийг гаргуулан “Э” ХК-д олгохоор шийдвэрлэжээ.      

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Байгууллага, аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 3.3-д заасан дулаан хангамжийн талаар хэрэглэгчийн гаргасан санал, гомдлыг шуурхай барагдуулах үүргээ 2017 оны 11, 12 дугаар саруудад биелүүлээгүй. Тус саруудад дулаан түгээх ирэх, буцах даралт норм нормативыг хангаж ажиллаагүйг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны дулааны даралтыг шалгасан сургуулийн сантехникийн гарын үсэг, жижүүр багш, хариуцлагатай жижүүрүүдийн баталгаажуулсан баримтаар нотолж болно. Гэрээний 5.4-д заасан хэрэглэгч тал гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд харин хангагч тал нь хичээлийн байранд халаалт авдаггүй 528м2 талбайн халаалтыг халаалт авах 18221,6 эзлэхүүн м3-д оруулан тооцож авч байгааг зохих байгууллагад хүсэлт тавьж шалгуулан дүгнэлт гаргуулж байна. Халаалт авахгүй байгаа анги танхимуудын фото зургуудыг хавсаргав. Гэрээний 2.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хэрэглэгчээс шаардах, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд албан шаардлага, мэдэгдэх хуудас өгөөгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 6.2-д заасан үүргээ биелүүлсэнгүй. Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  сургуулийн түлш халаалтын зардалд илүү төлсөн мөнгийг нөхөн төлүүлэх акт нь хүчин төгөлдөр тул “Э” ХК-аас 8568000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзсэн тул 29201086-8568000=20633086 төлөх бөгөөд гэрээний 6.2-т хоног тутамд алдангийг 0,5 хувь хүртэл гэж заасан тул алдангийг 0,1 хувиар төлүүлэх шийдвэр гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан боловч шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтын бодит үндэслэлийг хуульд заасан журмаар үнэлээгүй, Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар талуудад хуваарилаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Э” ХК-нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуульд холбогдуулж дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнэ 29.201.086.00 төгрөг, алданги 14.600.543.00 төгрөг, нийт 43.801.629.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, харин хариуцагч нэхэмжлэгчээс дулааны эрчим хүчний төлбөрт үндэслэлгүйгээр илүү төлсөн 8.568.800.00 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

            1. Хэрэгт авагдсан “Э” ХК болон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хангагч нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  халаалтын улирлын 7 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 1430 м3 талбайд 26.056.888.00 төгрөгөөр тооцож нийт 7 сард/ 182.398.216.00 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

            Талуудын хоорондын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар хэрэглэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургууль нь 2017 оны халаалтын улиралд буюу 2 дугаар сард 26.056.888.00 төгрөг, 3 дугаар сард 26.056.888.00 төгрөг,  сард 24.623.800.00 төгрөг, 6 дугаар сард 15.012.724.00 төгрөг, 9 дүгээр сард 9.575.900.00 төгрөг, 10 дугаар сард 26.056.888.00 төгрөг, 11 дүгээр сард 26.056.888.00 төгрөг, нийт 153.439.976.00 төгрөгийг төлсөн, 29.201.086.00 төгрөгийг дутуу төлсөн гэж тусгасныг талуудын хооронд байгуулагдсан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээтэй харьцуулан дүгнэвэл, хэрэглэгч нь 2017 оны халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 182.398.216.00 төгрөг төлөхөөс 153.439.976.00 төгрөгийг төлсөн, /182.398.216.00-153.439.976.00/ 28.958.240.00 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогджээ.

 

            Хариуцагч дулааны төлбөрийг дутуу төлсөн үндэслэлээ хангагч байгууллага гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж тайлбарлах боловч хангагч байгууллагаас шаардлага хангаагүй дулаан түгээсэн, эсхүл бусад байдлаар гэрээнд заасан үүргээ зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх тооцоо нийлсэн актад хэрэглэгчийн төлөх үлдэгдэл төлбөрийг 29.201.086.00 төгрөг гэж алдаатай тусгасныг анхан шатны шүүх гэрээнд заасан халаалтын төлбөрийн нийт үнийн дүнтэй харьцуулан нягтлахгүйгээр хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 29.201.086.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ тооцоо нийлсэн актыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар үнэлээгүй байна. Иймд хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Өлий сумын  бүрэн дунд сургуулиас 2017 оны халаалтын улирлын дулааны эрчим хүчний төлбөрт 28.958.240.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.-т хэрэглэгч нь хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн дулааны төлбөрийг тухайн сарын хуанлийн 30-ны өдрийн дотор төлөх, хэрвээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. Хэрэглэгч нь гэрээ дуусгавар болох 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 162 өдрийн хугацаанд хэрэглэсэн дулааны төлбөрөөс үлдсэн 28.958.240.00 төгрөгийг төлөөгүй бөгөөд энэ хугацааны алдангийн төлбөрийг гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд зааснаар тооцоход, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6.-д заасан зохицуулалтыг хэрэглэжээ. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүч түгээх, хэрэглэхтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 3.3 дугаар зүйлд зааснаар маргааны үйл баримтад уг хуулийг хэрэглэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзэв.

Талууд гэрээндээ хангагчаас дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасанд нийцсэн байна. Мөн зүйлийн 31.4.-т зааснаар хангагчаас ногдуулсан нийт алдангийн хэмжээ нь хэрэглэгчийн дутуу төлсөн эрчим хүчний төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хэрэглэгчийн дулааны төлбөрт дутуу төлсөн 28.958.240.00 төгрөгийн 50 хувь буюу 14.479.120.00 төгрөгийг алдангид тооцон хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг баримтлан хариуцагч Өлгий сумын  бүрэн дунд сургуулиас дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дулааны төлбөрт 28.958.240.00 төгрөг, алдангид 14.479.120.00 төгрөг, нийт 43.437.360.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 364.269.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр шүүхийн шийдвэр өөрчлөлт орууллаа.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын харьяа Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/09 БӨА-2017/130/СТА-ТШЗ дугаар акт,  2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт зэрэг нотлох баримтууд, зохигчийн тайлбарт үндэслэгдэж байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар Өлгий сумын  бүрэн дунд сургуулиас “Э” ХК-д дулааны төлбөрт үндэслэлгүйгээр илүү төлсөн  8.568.800.00 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар албан тушаалтнуудын гаргасан саналын дагуу халаалтын улирлаас гадна 10 хоногийн хугацаагаар хариуцагч байгууллагыг нэмж дулаанаар хангасан гэх боловч талуудын хооронд энэ талаар Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, урд байгуулагдсан гэрээнд энэ талаар тусгаагүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1.-т “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно.” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаар хангагдсан үнийн дүнгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар хангагдсан дүнг хасаж, хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх нийт төлбөрийн хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч буюу хэрэглэгч байгууллагын дулааны төлбөр төлөх хугацаа болсон буюу гэрээний хугацаа дуусгавар болсон, зохигч ижил төрлийн буюу мөнгөн төлбөр гаргуулахаар харилцан шаардлага гаргасан байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзнэ. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх 43.437.360.00 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагчид төлөх 8.568.800.00 төгрөгийг хасаж, хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх нийт үнийн дүнг 34.868.560.00 төгрөгөөр тогтоов.

 

4. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулахдаа Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг буруу хэрэглэж, гагцхүү хариуцагчаас гаргасан нийт үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцсон нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байна.

Шүүх талуудын гаргасан ижил төрлийн харилцан шаардлагыг тооцож Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1.-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар үндсэн нэхэмжлэлийн хангагдсан хэмжээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнээс улсын тэмдэгтийн хураамжийг тус тус тооцон, хуульд зааснаар зохигчид хуваарилан хариуцуулахад саад болохгүй.

Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.959.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн санхүүгээс 375.137.00 төгрөг /43.437.360.00 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамжийн дүн/ гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч “Э” ХК-аас 152.051.00 /8.568.800.00 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамжийн дүн/ төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00622 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1, 492 дугаар зүйлийн 492.1.1,  Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн санхүүгээс 34.868.560.00 /гучин дөрвөн сая найман зуун жаран найман мянга таван зуун жар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай.” гэж, 

 

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.959.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн санхүүгээс 375.137.00 /гурван зуун далан таван мянга, нэг зуун гучин долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч “Э” ХК-аас 152.051.00 /нэг зуун тавин хоёр мянга, тавин нэг/ төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК