| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0738/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/767 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/767
2024 10 28 2024/ШЦТ/767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч О.Багшбаяр, шүүгдэгч Х.А /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ад холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 186/2024/0738/Э индекстэй хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,ххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ххх дугаар гудамжинд иргэн С.Эг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, уруулд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт” бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Х.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөв өгсөн нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Эгийн:...2024 оны 6 сарын 22-ны өдөр би өглөөний 11 цаг өнгөрөөд дэлгүүр орсон чинь зүс таних Х.А өөдөөс зөрж гарч таараад, буцаж хойноос орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тухайн үед бид хоёр дэлгүүрээс гараад гудамжинд хэл амаа ойлголцох гээд ярилцсан чинь өөдөөс орилоод хашигчаад байсан. Би тэр хүнд хандаж би чамтай ойлголцохгүй юм байна, чи өөдөөс орилоод юу ч сонсохгүй юм байна, би явлаа гэж хэлсэн чинь миний чихний ойролцоо хүчтэй цохиод авсан. Тухайн үед гэнэт чихрүү салхи үлээгээд, чих өвдөөд, ам хамраар хүйт оригоод эхэлсэн. Би тэр үед Х.Атай барилцаж аваад түлхэлцсэн чинь намайг зөрүүлж түлхэж байгаад миний эрүү, нүүр орчим хумсаараа маажсан. Дараа нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх 11 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Мн:…би тэр өдөр 10 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа явсан, орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр зүүн талын чих нь бага зэрэг хавдчихсан, уруул нь бас шалбарсан байхаар нь би юу болсныг асуусан чинь манай эхнэрийн үеэл дүү болох ххх суманд байдаг Л гэх 14 орчим насны охины найзынх нь ээж хотод манай хойд гудамжны нэг хүүхэн маргалдаад чихрүү нь цохьсон гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,
2.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 8560 дугаартай дүгнэлтэд:
1. С.Эгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, уруулд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар тал/,
2.4. Мөрдөгчөөс 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чанар” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 40-42 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Х.А нь 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ххх гудамжинд иргэн С.Эг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний биед нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, уруулд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт” бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч С.Эгийн:...2024 оны 6 сарын 22-ны өдөр би өглөөний 11 цаг өнгөрөөд дэлгүүр орсон чинь зүс таних Х.А өөдөөс зөрж гарч таараад, буцаж хойноос орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тухайн үед бид хоёр дэлгүүрээс гараад гудамжинд хэл амаа ойлголцох гээд ярилцсан чинь өөдөөс орилоод хашигчаад байсан. Би тэр хүнд хандаж би чамтай ойлголцохгүй юм байна, чи өөдөөс орилоод юу ч сонсохгүй юм байна, би явлаа гэж хэлсэн чинь миний чихний ойролцоо хүчтэй цохиод авсан. Тухайн үед гэнэт чихрүү салхи үлээгээд, чих өвдөөд, ам хамраар хүйт оригоод эхэлсэн. Би тэр үед Х.Атай байрилцаж аваад түлхэлцсэн чинь намайг зөрүүлж түлхэж байгаад миний эрүү, нүүр орчим хумсаараа маажсан. Дараа нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх 11 дүгээр тал/,
- гэрч М.Мн:…би тэр өдөр 10 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа явсан, орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр зүүн талын чих нь бага зэрэг хавдчихсан, уруул нь бас шалбарсан байхаар нь би юу болсныг асуусан чинь манай эхнэрийн үеэл дүү болох ххх суманд байдаг Л гэх 14 орчим насны охины найзынх нь ээж хотод манай хойд гудамжны нэг хүүхэн маргалдаад чихрүү цохьсон гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 8560 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/,
- Мөрдөгчөөс 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 40-42 дугаар тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг цохисныг хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь иргэн С.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Х.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан хэдий ч хохирогч С.Э нь эмчилгээ үйлчилгээ авсан талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирогч С.Э шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн талаар шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч Х.Аыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
5. Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ