Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0585

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Э-ын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0175936 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г-с шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, импортлох, хадгалах, худалдах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хяналт шалгалт хийгээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0175936 дугаартай шийтгэлийн хуудас бүхий материалыг хянав.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийг Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг тогтоож, хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж заажээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт: “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж тодорхойлсон байна.

Гэтэл Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори нь Иргэний хуульд заасанчлан өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг байгууллага бус төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа, улсын төсвөөр санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг тул өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг байгууллага гэж үзэх үндэслэлгүй, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийг хуулийн этгээд гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэн, шийтгэл оногдуулсан нь буруу байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э-ын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0175936 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б овогтой Э нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтэст Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажилладаг ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Байгал орчин хэмжил зүйн төв лабораторид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 14 өдрийн 02-01/48 тоот “Химийн хорт болон аюултай бодисыг ашигладаг, импортлох, хадгалах, худалдах, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн болно.

Шалгалтаар дотоод хяналт шалгалтын журам тогтоомж мөрдүүлээгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хуулийн этгээдүүдийг тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх буюу нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.

Шийтгэлийг хуулийн этгээдэд оноосон ба дараах хуулиудын заалтуудыг үндэслэсэн болно. Үүнд:

1. “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулий’ 3.1.1.“хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг, 3.1.10.“улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тухпйн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн мэдээллийн санд байршуулсан, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цахим болон бичгийн хэлбэрээр олгох баримт бичгийг.”, 4.1.”Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.”, 5.1.”Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.”, 8.1.”Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ, 8.1.5 Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, 8.1.6. Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар” гэж.

 2. Иргэний хуулийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ", 26.1.”Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.”, 30.2."Чиг үүргээ хэрэгжүүлэх ;5олон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаар буюу хамтран хуулийн этгээд байгуулж болно." гэж,

3. Төрийн албаны тухай хуулийн 9.1.”Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна”, 9.1.2. "боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал”, 9.1.4.”яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”, 11.5 "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 11.6.”Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэж,

4. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дах заалт ”Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж,

5. Зөрчлийн тухай хуулинд хуулийн этгээдийг өмчийн хэлбэрээр ялгаж өгөөгүй зэргийг үндэслэсэн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн  Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Байгал орчин, хэмжил зүйн төв лабораторид  ”дотоод хяналт шалгалтын журам тогтоож, мөрдүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдөр 0175936 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дах заалтаар 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “төрийн хяналт шалгалтанд хамрагдах үүрэг бүхий этгээд...дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол...хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Дээр дурдсан шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл ногдуулсан материалыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г хянаад “...Байгал орчин, хэмжил зүйн төв лаборатори нь Иргэний хуульд заасанчлан өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг байгууллага бус, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа, улсын төсвөөр санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг тул...хуулийн этгээдийн эрхтэй байгууллага гэж үзэх үндэслэлгүй, Байгал орчин, хэмжил зүйн төв лабораторийг хуулийн этгээд гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж шийтгэл ногдуулсан нь буруу...тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар Прокурорын дүгнэлт бичсэн байна.

Хариуцагч Б.Э нь Прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...Байгал орчин, хэмжил зүйн төв лаборатори нь хуулийн этгээдийн эрхтэй байгууллага бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, мөн хуулийн 8.1-д хуулийн этгээдийн төрлүүдийг 8.1.5-д “төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 8.1.6-д “төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар” гэж тус тус заасан тул тус лаборатори нь хуулийн этгээд мөн...” гэж тодорхойлон маргажээ.

Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Байгал орчин, хэмжил зүйн төв лаборатори нь 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 5059313 тоот регистрийн дугаар бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Прокурор дүгнэлт болон шүүх хуралдааны явцад “улсын төсөвт үйлдвэрийн газар нь  улсын төсвөөр санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг тул Зөрчлийн тухай хуульд заасан хуулийн этгээд гэх тодорхойлолтонд багтахгүй” гэж тайлбарлаж байх боловч нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тус байгууллага нь иргэний эрх зүйн чадвартай хуулийн этгээд болох тул Прокурорын дүгнэлт үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан, Байгал орчин, хэмжил зүйн төв лаборатори нь өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг, улсын үйлдвэрийн газрын статус бүхий хуулийн этгээд мөн тул тус лабораторийг “хуулийн этгээд биш” гэж үзэхгүй.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Эаас гаргасан, Байгал орчин, хэмжил зүйн төв лабораторид  ”дотоод хяналт шалгалтын журам тогтоож, мөрдүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж 1000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдөр 0175936 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Ггийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН