Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2026/00111

 

  

                                                      “ХААК” ТӨХХК-ийн

                                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00388 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 208/МА2026/00010 дугаар магадлалтай,

“ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй

“Т” ББН-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 145,194,946 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор танхимын тэргүүн Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК нь хариуцагч “Т” ББН холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 145,194,946 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00388 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “Т” ББН-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 145,194,946 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 883,924 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 208/МА2026/00010 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй “Т” ББН-д холбогдох гэрээний үүрэгт 145,194,946 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт “... ХААДС татан буугдаж түүний эрх Засгийн газрын  тогтоолоор “ХААК” ТӨХХК-д шилжсэн гэх боловч, тайлбараа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.” гэж дурдсан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  ХААДС нь Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж эрх залгамжлагч нь “ХААК” ТӨХХК болж, хөрөнгө, өр авлага нь тус компанид шилжсэн. Үүнтэй талууд маргаагүй бөгөөд энэ үйл баримтыг тогтоогдсон үйл баримт гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг нотлохгүй” гэж  заасан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 269 дүгээр тогтоол нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд төрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр тогтоол юм. Тус тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ХААДС-ийн ажлын албыг татан буулгаж, 2 дахь заалтаар ХААДС-ийн ажлын албыг татан буулгасантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон “ХААК” ТӨХХК-д бүрэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Б, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Б.Ц/-т тус тус даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх ТЭДС татан буугдаж, түүний эрх “ХААК” ТӨХХК-д шилжсэн талаарх тайлбараа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзах атал түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ШХТ2026/00466 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК нь хариуцагч “Т” ББН-д холбогдуулан гэрээний үүрэгт 145,194,946 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... ХААДС нь 2023.07.05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, хөрөнгө өр авлага нь эрх залгамжлан авагч “ХААК” ТӨХХК-д шилжсэн. “ХААК” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Хариуцагч “Т” ББН нь тус дэмжлэгт хамрагдсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. Иймд нийт 18 гэрээний үүрэгт үндсэн төлбөр 129,204,911 төгрөг, алданги 64,602,305 төгрөг, нийт 193,807,216 төгрөгөөс 48,612,269 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 145,194,946 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болох нэгж талбарын 70900089 дугаартай, “Т” нөхөрлөлийн 300,06 га газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй” гэж тайлбарласан.

8. Хариуцагч “Т” ББН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн шаардах эрхийн хугацаа дууссан ... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж тайлбарласан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ: “...   Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Худалдагч тал гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2009 оноос 2016 он хүртэлх нийт 18 гэрээний үүргийн биелэлтийн талаарх шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Мөн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон буюу тасалдсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн "Гэрээ бүрд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно" гэсэн заалт нь үүрэг дуусгавар болох үндэслэлийг тодорхойлсон заалт тул хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хамааралтай гэж үзэхгүй.  Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.  

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “...“Т” ББН нь ТЭДС-тай 18 удаагийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан ба гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй. ТЭДС татан буугдаж, шаардах эрх нь нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК-д Засгийн газрын тогтоолоор шилжсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаагүй хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрөн хяналтын журмаар гомдол гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцэв.

12. Анхан шатны шүүх “ТЭДС”-ийн 18 удаагийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК-д шилжсэн эсэх хэргийг шийдэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ТЭДС татан буугдаж түүний эрх Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК-д шилжсэн гэж тайлбарлаж байх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцээгүй байна.  

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан.

“ТЭДС”-ийн хөрөнгө, өглөг, авлага нь ХААДС-д шилжсэн болох нь Монгол Улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн №16 дугаар тогтоолоор, ХААДС-ийн ажлын албыг татан буулгаж хөрөнгө өр төлбөр, авлагыг “ХААК” ТӨХХК-д шилжүүлсэн болох нь Монгол Улсын Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн №269 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдож байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд нь нийтэд илэрхий баримт бөгөөд дээр дурдсан баримтыг шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

14. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрийн талаар дүгнэлт хийж, нотлох баримтыг үнэлэх боломжтой буюу хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 208/МА2026/00010 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.06-ны өдөр 883,925 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Н.БАЯРМАА

                    ШҮҮГЧИД                                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                        Б.УНДРАХ

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД