Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 174

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Д.Мягмарбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг /ҮД:0076/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Нийслэлийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Казакстан улсын Алма-Ата хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, эрхүүгийн гудамж, 7 дугаар байрны 92 тоотод оршин суудаг, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж, 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзсан /РД:РЭ92012812/ Гурван эрхт овогт Димаагийн Мягмарбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201701000012 дугаар 185/2017/0187/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Мягмарбаяр 2015 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” амралтын газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 14,1547 грамм жинтэй, “каннабис” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар байрны 92 тоотод байх гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мягмарбаярын: Анх би 2015 онд энэ өвс гэх ургамлыг сонирхлын журмаар олж авч байсан. Урьд нь шүүхээр орж ял шийтгүүлснээсээ хойш уг ургамлыг гэртээ хадгалаад мартчихсан байсан. Хадгалсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Хар тамхи гэдэг зүйлийг нийгэмд ямар их хортой зүйл гэдгийг маш сайн ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад гэрч М.Одгэрэлийн: ...Ер нь бол энэ сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодисоос болж гэр бүлийнхнийгээ хүчирхийлэлд автуулж байгаа. Анданте гэх эмний капсулыг гэрээсээ зөндөө олж байсан. Өөрөө болохоор түүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Мягмарбаяр эхэндээ эцэг эхдээ халаасаа уудлуулж нэгжүүлдэг байсан. Сүүлийн үед бол өөртөө ойртуулахаа больсон. Гэхдээ өрөөндөө лаа асаах, гал тогооны духовка халаачихсан байх зэрэг сэжигтэй зүйлүүд илэрдэг... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-61/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Димаагийн: ...Зан байдлын хувьд даруу төлөв хүүхэд байсан боловч сүүлийн үед ааш зан нь өөрчлөгдсөн...  ... Мягмарбаярыг яг ямар ямар төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг талаар мэдэхгүй байна. Гэхдээ өөрөө архи уугаагүй хэрнээ сонин зан авир гаргах, биед нь өөрчлөлт орчихсон тохиолдлууд байдаг. Манай гэрт өөр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг хүн байхгүй. Уг өвс өөр хэн нэгнийх байх боломжгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-62-64/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн №678 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “0” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 14,1547 грамм, хар ногоон өнгийн үүргэвч нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн 5 “Parlament” гэсэн бичиглэл бүхий янжуур нь дотроо нунтаг тамхигүй байсан тул шинжилгээнд тэнцэхгүй.
  3. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн үүргэвчин дэх бохирлогдсон цагаан өнгийн зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
  4. Шинжилгээнд ирүүлсэн “0” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
  5. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэсэн дүгнэлт /хх-68-70/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн №681 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Мягмарбаяр 2016.12.27” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Мягмарбаяр 2016.12.27” гэж хаягласан AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC зэрэг мансууруулах бодисууд илрэхгүй байна. Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаяр гэсэн дүгнэлт /хх-72/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №181 тоот:

  1. -Д.Мягмарбаяр нь 2014 онд “Нойрны эмийн хараат байдлын хам шинж”оношоор СЭМҮТ-д 30 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчний түүх №3572

-Д.Мягмарбаяр нь 2015 онд “Сэргээгч эм бодисын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг” оношоор СЭМҮТ-д 62 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчний түүх №3803

-Д.Мягмарбаяр нь 2016.06.05-2016.07.07-г хүртэл  /Өвчний түүх -2776/ болон 2016.08.20-2016.10.18-ныг хүртэл /өвчний түүх №4119/ сэргээгч эм бодисын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгүүд” оношоор СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна.

  1. Одоо Д.Мягмарбаяр нь “Олон төрлийн сэтгэц идэвхит эм бодисын хараат байдлын хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
  2. Одоо Д.Мягмарбаяр нь “Олон төрлийн сэтгэц идэвхит эм бодисын хараат байдлын хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
  3. Д.Мягмарбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Д.Мягмарбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  5. Д.Мягмарбаяр нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. 7-р асуултанд хариулт өгөх боломжгүй болно.
  7. Д.Мягмарбаярт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Харин иргэний журмаар сайн дурын эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.
  8. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Д.Мягмарбаяр нь олон төрлийн сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай байна. Комиссын дарга О.Баатаржав, гишүүн С.Мөнхтуяа, С.Байгальмаа /хх-74-78/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-105/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-106/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-109-112/, өвчний түүхийн хуулбар /хх-159-174/ зэрэг цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

Шүүгдэгч Д.Мягмарбаярыг 2015 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” амралтын газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 14,1547 грамм жинтэй, “каннабис” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар байрны 92 тоотод байх гэртээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Мягмарбаяр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэгт 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзсан нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-106,109-112/ нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Мягмарбаяр хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа боловч тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тул ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-ийг хэрэглэн, эдлэх ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Мягмарбаяр бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Димаагийн Мягмарбаярыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Димаагийн Мягмарбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Димаагийн Мягмарбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 2-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Димаагийн Мягмарбаярын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 120 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн каннабис нэршилтэй 13.03 грамм жинтэй ногоон өнгийн ургамал, “Parlament” гэсэн бичиглэл бүхий янжуур тамхины иштэй цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  6. Д.Мягмарбаяр бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.  
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Мягмарбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мягмарбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ү.ТҮМЭНЖАРГАЛ