Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00122

 

   Х.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00673 дугаар шийдвэртэй, Х.Д-ийн нэхэмжлэлтэй,  аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт тасгийн сувилагчаар томилогдсон. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 90 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахаас татгалзаж гэрээг цуцалсан. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан бөгөөд надад ямар нэгэн мэдэгдэх хуудас өгч ажлыг албан ёсоор хүлээлгэх акт үйлдээгүй шууд гаргасан байдлыг эсэргүүцэж байна. Би ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй. Ийм тушаал гаргасныг албан ёсоор надад мэдэгдээгүй бөгөөд сүүлд надад 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас халсан, гэрээг цуцалсан тухай 90 тоот тушаалыг амралтаас 2018 оны 8 сард ирсний дараа Т.С гардуулахад үүнийг би хүлээж аваагүй, гарын үсэг зураагүй. Иймд намайг ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Х.Д нь манай байгууллагад туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба туршилтын хугацаанд тухайн ажлын байранд тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Иймд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үед Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар гэрээ дуусгавар болсныг мэдэгдэж, ажлаас нь чөлөөлж холбогдох тооцоог хийж дуусгавар болгосон. Х.Д нь 2 сарын туршилтын хугацаанд эмчлүүлэгчийн биеийг түлж хохирол учруулсан, ажилчдын хооронд зүй бусаар харьцаж, ёс зүйн доголдол удаа дараа гаргасан тул сахилгын шийтгэл хүлээж байсан. Туршилтын хугацаанд сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй талаар өөрт нь танилцуулахад дахин нэг удаа боломж олгохыг хүссэн тул дотоод журамд заасны дагуу 2 сарын хугацаагаар туршилтын хугацааг сунгаж гэрээ байгуулан ажиллаж үзсэн. Энэхүү ажиллах хугацаанд Х.Д-ийн ёс зүй, мэргэжлийн мэдлэг, ур чадвар зэргийг харгалзан шалгалт авч Уламжлалт тасагт ажиллаж байгаа албан тушаалд тэнцэхгүй тул цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэсэн комиссын дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийг Х.Д-д нэг сарын өмнө танилцуулж нэг хувийг гардуулан өгч байсан. Х.Д нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, тухайн өдөр тушаал шийдвэрээ гардан авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажлаас халагдсаныг эс зөвшөөрвөл нэг сарын дотор шүүхэд хандах ёстой байсан. Гэтэл Х.Д нь тушаал шийдвэрээ гардан аваад 4 сарын дараа шүүхэд хандаж байгаа явдал нь хуульд нийцэхгүй байна. Иймд Х.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00673 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагчаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

           

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Намайг анх ажилд 2 сарын хугацаатайгаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   туршилтаар томилсон бөгөөд би 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл ажилласан тул туршилтын хугацаа нь дууссан бөгөөд би бүр ажилтан боллоо гэж итгэсэн. Би ямар нэгэн зөрчил гаргаагүй, хүний бие түлээгүй, шалгалт өгч тэнцээгүй явдал болоогүй. Гэтэл эмнэлгийн дарга тайлбар нотлох баримтдаа намайг хүний нурууг түлсэн гэж гүтгэжээ. Тэд өөрсдийн албан хаагч, гар хөлийн хүмүүсээрээ гэрчлүүлж тамга тэмдгээ дарж, хуурамч нотлох баримт бүрдүүлэн шүүхэд намайг үгүйсгэсэн байдлаар өгчээ.Түүнээс гадна Е.И гэгч нь надад “Чи энд гарын үсэг зур бид цалин нэмэх баримтад хүмүүсээр гарын үсэг зуруулж байгаа тул чи цалингаа нэмүүлэхийг хүсвэл зур” гэхээр нь би хэдэн хоосон цаасанд гарын үсэг зурсан. Энэ гарын үсгийг Серикжан, Е.И нар нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал авсан, мэдэгдэл авсан, хурлын шийдвэр, шалгалтын дүнг авч танилцсан гэх мэт баримт нотолгоог ашиглан тамга, тэмдэг дарж дэргэд нь бусдын гарын үсгийг зурж баримтжуулан шүүхэд өгсөн байна гэж үзэж байна. Би шүүх хуралд өөрийн тэмдэглэсэн зүйлээ тодорхой тайлбарлаж хэлэх болно. Би анхан шатны хуралд хэдэн хором хожигдож очоод орж чадаагүйгээс хэлэх үгээ хэлж чадалгүй эрх минь зөрчигдсөн. Иймд миний хөдөлмөрлөх эрхийг хангахын тулд хэргийг анхан шатын шүүхэд буцааж шинжээч томилуулан бичгийн нотлох баримтын хуурамч эсэхийг тогтоолгох боломж олгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүхийн гаргасан зарим алдааг магадлалын үндэслэлд дурдаж, залруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, хариуцагч “Х.Д нь уг ажил албандаа тэнцэхгүй болох нь тус эмнэлгийн мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахаас татгалзсан” гэж маргажээ.

 

            Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажилтан болон ажил олгогчийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний хугацааг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар дахин 2 сараар сунгасан ба уг хугацаа 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон нь хөдөлмөрийн гэрээнүүдээр тогтоогджээ.

 

Ажил олгогчоос “Х.Д нь Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасгийн сувилагчаар ажиллах хугацаандаа “гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцээгүй нь эмнэлгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30 дугаартай “Сахилгын шийтгэл хүлээлгэх тухай” тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн комиссын дүгнэлт, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн эмнэлгийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон” гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, ажилтан Х.Д-ийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сар, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сар, нийт 4 сарын туршилтын хугацаагаар авч ажиллуулсан ажил олгогчийн үйлдэл, түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.6.-д “...туршилтын хугацаа 2 сар байна, шаардлагатай тохиолдолд туршилтын хугацааг дахиад 2 сараар сунгаж болно” гэж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т “шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар.”, 231 дүгээр зүйлийн 231.2.-т “... туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.” гэж заасантай нийцээгүй байна.

 

Х.Д нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай тушаалыг мөн өдөр гардаж авсан нь хэрэгт авагдсан баримтаар /хэргийн 72 дугаар тал/ тогтоогдсон, тэрээр ажлаас буруу халагдсан тухай гомдлоо шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан зэргээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Х.Д нь ажил олгогчоос тогтоосон туршилтын хугацаанд мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагчийн ажлыг гүйцэтгэхэд тохирохгүй байсан нь сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр, байгууллагаас томилогдсон комиссын дүгнэлт, өвчтөнөөс ирүүлсэн санал, хүсэлтүүд, эмнэлгийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйг тэмдэглэж байна.

 

Иймээс ажлаас буруу халагдсан тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Д-ийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх шийдвэртээ 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаас хасагдсан “Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна.” гэсэн өгүүлбэрийг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.” гэж заасныг зөрчсөнийг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК