| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0748/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/775 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 226.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/775
2024 10 29 2024/ШЦТ/775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, хохирогч З.Т, түүний өмгөөлөгч Б.Алтанзул, хэлмэрч Д.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.З холбогдох эрүүгийн “хххх” дугаартай, 186/2024/0748/Э индекстэй хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх , улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.З,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.З нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогч З.Тийг ххх хороо ”ххх” хотхоны “ххх” үйл ажиллагаа явуулж байхад нь түүний "ххх" гэх фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг гар утасны дугаараар нь тохируулан кибер орчин буюу фэйсбүүк цахим хаягт зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч С.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед 4 сартай байж байгаад зулбаад сэтгэл санааны гүн хямралтай байхад хохирогч Т эгчийн охин Э манай нөхөртэй явалдаад баригдсан. Бүхэл бүтэн 4 сартай хүүхдээ алдчихаад надад маш хүнд тусч байсан. Манай нөхөр, Э 2 намайг урагшаа явсан хойгуур харилцаа үүсгэсэн. Энэ шалтгаанаас болж гэмт хэрэг үйлдсэн” гэв.
1.2. Хохирогч З.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 оны 8 дугаар сард энэ асуудал гарсан. Би яагаад ийм юм болов гэж их бодсон. Би бариа засалч хийдэг байсан. 2 дугаар сард эд ажилтай байхад дугаараа нууцалсан хүн залгаад утсаа авахад та Э ээж үү гэхээр нь тийм байна юу болов гэтэл тасалчихсан. Одоо бодоход энэ хүн байсан байх. Би цахим хаягаа алдсан. Миний нэр хүнд, ээж болон бусад бүх хүмүүст аймар мэдээлэл цацагдсан. Одоо хүртэл 70 гарсан ээж минь шоконд ороод хэцүү байгаа. Хүүхдүүдийг маань сургуульдаа явж чадахгүй болтол муу муухай юм тараасан. Хүн алдаж болно. Би 1,2 алдсан. Гэхдээ би хүүхдүүдийнхээ төлөө хичээгээд л явж байгаа өрх толгойлсон эмэгтэй хүн. Аль болох би ажлаа хийж, зүтгэж хүүхдүүдээ тэжээж чадна гэж хичээж, байр түрээслэж бариа засал хийж байсан. Тэр мэдээллүүд цацагдаж эхэлснээс хойш одоо хүртэл би ажилгүй байгаа. 6 дугаар сараас хойш ажил хийх боломж надад олгоогүй. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Би маш их гомдолтой байна. Би сохорлоо гээд энэ хүнд хамаагүй шүү дээ. Хүн хүсээд сохордоггүй. Хэн ч намайг хараагаа алдсан гэж мэдэхгүй, өөртөө бардам зогсдог. Хүүхдүүдээсээ ээжийнх нь нүд харласан байна уу гээд асуудаг. Миний ээж гоё байна гэдэг. Тэр үгээр нь сэтгэл амар ажлаа хийгээд олон түмэнтэйгээ явдаг байсан. Гэтэл энэ хүн намайг сохор доголон, хүүхдийг чинь ална, архины шил ал руу чинь чихнэ гэж сүрдүүлсэн. Би маш их гомдолтой байна. Айдастай байна” гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Тийн:…миний ххх нэртэй фейсбүүк хаяг руу 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үл таних хүн хууль бусаар халдан орж тус хаягийг ашиглан миний төрсөн охин Т.Э болон манай гэр бүлийн талаар өс хонзонгийн шинжтэй худал мэдээлэл удаа дараа цахим орчинд тарааж байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний өөр хаяг болох "ххх" нэртэй хаягийг дахин хууль бусаар халдан авч дээрх аргаар бидний нэр хүндэд маш их хохирол учруулж байна гэх мэдүүлэг. /хх-19-23 дугаар тал/,
2.2. Хохирогч З.Тийн “фейсбүүк хаягт” үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 27-40 дүгээр тал/,
2.3. “ ххх” ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 24/16 дугаартай албан бичгийн хариу. /хх-ийн 44 дүгээр тал/,
2.4. “Фейсбүүк хаягт” үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 64-66 дугаар тал/,
2.5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт. /хх-ийн 103-108 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: : Хохирогчийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, 24/16 дугаартай “ххх” компаниас ирсэн лавлагаа зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг хавтас хэргээс: 108, 112 дугаар хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, 113 дугаар хуудас эмнэлгийн бичиг, ажилладаг компанийн тодорхойлолт, 145 шүүгдэгчийн мэдүүлэг, 146 дугаар хуудас, 3,300,000, 10,000,000 тус тус төлсөн хаан банкны хуулга, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, эрүүгийн хэрэг хүлээж байгаагүй лавлагаа зэргийг шинжлэн судлав.
3.3. Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанзул хавтас хэргээс: 14-17 дугаар хуудас, фэйсбүүкд үзлэг хийсэн тэмдэглэл 28-33 дугаар хуудас, Зийн мэдүүлэг 53-55, 64-66, гэмт хэрэг шалгагдаж эхэлснээс хойш үргэлжилсээр байдаг тухай тэмдэглэл, 104-108 зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
3.4. Шүүгдэгч болон хохирогч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч С.З нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогч З.Тийг ххх дугаар хороо ”ххх” хотхоны “ххх” төвд үйл ажиллагаа явуулж байхад нь түүний "ххх" гэх фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг гар утасны дугаараар нь тохируулан кибер орчин буюу фэйсбүүк цахим хаягт зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрч танилцсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч З.Тийн:…миний З.Б нэртэй фейсбүүк хаяг руу 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үл таних хүн хууль бусаар халдан орж тус хаягийг ашиглан миний төрсөн охин Т.Э болон манай гэр бүлийн талаар өс хонзонгийн шинжтэй худал мэдээлэл удаа дараа цахим орчинд тарааж байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний өөр хаяг болох "ххх" нэртэй хаягийг дахин хууль бусаар халдан авч дээрх аргаар бидний нэр хүндэд маш их хохирол учруулж байна гэх мэдүүлэг. /хх-19-23 дугаар тал/,
- хохирогч З.Тийн фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 27-40 дүгээр тал/,
- ххх ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 24/16 дугаартай албан бичгийн хариу. /хх-ийн 44 дүгээр тал/,
- Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 64-66 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн фэйсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтэрч орсныг шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг” зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь хохирогчийн “фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг гар утасны дугаараар нь тохируулан” кибер орчин буюу фэйсбүүк цахим хаягт зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч С.Зийн гэм буруугийн санаатай үйлдэл нь “кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээлэлийн систем, мэдээлэлийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээлэлийн систем, мэдээлэлийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирогч З.Т нь олох ёстой байсан орлого, сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжлэхгүй, харин уг гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүндээ сэргээлгэх хүсэлтэй байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул уг гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүндээ сэргээх эрхтэйг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг нээлтэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...хохирогчийг доголон, сохор гээд элдвээр хэлдэг. Хэлсэн бүхнээ нотолно гэдэг. Хийсэн хэрэгтээ гэмших, уучлалт гуйх огт хүсэлгүй байна гэж харж байна. Гэм буруугаа ойлгож байгаа нөхцөл байдлын хувьд торгууль бол тохирсон ял гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол цахим орчинд халдсанаар төгсдөг гэмт хэрэг байгаа. Хохирогч зөвхөн уучлалт гуйлгамаар байна гэдэг байр суурьтай байгаа ч гэсэн энэ хүн амьдралаараа тоглуулсан гэдгийг шүүгч ойлгосон байх, зорчих эрх хязгаарлах ял оноох нь саналтай байна.” хэмээн мэтгэлцсэн.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, түүнийг 3,500 нэгж буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар хялбаршуулсан журмаар тохиролцож орж ирсэн саналаа дэмжиж байна” гэж мэтгэлцэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ:“...миний үйлчлүүлэгч энэ хэргийг болон хохирогчийн цахим орчинд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр харамсаж байгаагаа хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бас өөрийн гараар уучлалт гуйж байгаагаа илэрхийлээд явж байсан. Хавтаст хэрэгтэй танилцаад уучлалт гуйгаад байгаа юм байна гэдгийг мэдэх боломж байсан. Бид хохирогчоос айж байсан учраас мэдүүлгээр баримтжуулаад явж байсан. Хохирогчид их баярлалаа. Хүнээрээ байя, нэр төрөө сэргээлгэе гэж байгаад их баярлаж байна. Шүүгдэгчийн хувьд юу хүссэнийг нь хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Замбагацэцэг бол 0-3 насны 2 хүүхэдтэй. Нялх биетэй, гэртээ 2 хүүхдээ хараад байж байгаа. Төрөхөөсөө өмнө хүний нөөцийн менежер хийж байсан НДШ төлдөг, 3,000,000 төгрөгийн цалинтай. Сайн дураараа хэргээ хүлээдэг, сэтгэцэд учруулсан хохиролд 3,300,000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд нь гэж 10,000,000 төгрөгийг төлсөн тул одоогоор төлөх төлбөргүй байна. Ямар байдлаар нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байгааг нь биелүүлнэ. Прокурорын төлөвлөсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгж торгох ялыг оногдуулж өгнө үү. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэг үйлдээд, хохирлоо төлсөн. Нялх хүүхэдтэй, нялх биетэй зэрэг хувийн байдал зэргийг харгалзаад торгуулийн ял оноож өгнө үү” гэж мэтгэлцэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Улсын яллагч нь шүүгдэгчтэй 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгийн торгох ялаар тохирч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Зт 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 6 /зургаан/ сарын хугацаанд гадагш явахыг хориглох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээлэлийн систем, мэдээлэлийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зт 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4. Шүүгдэгч С.З нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
7. Шүүгдэгч С.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч З.Т нь нэр төр, алдар хүнд гутаасныг сэргээлгэх тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ