Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/148

 

 

      2024            09                23                                                  2024/ШЦТ/148

                 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******,

Шүүгдэгч ****** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа ********* нутагт байрлах **********уурхайн 8.2 километрийн замд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ****** улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Ус ундаа дөхүүлээд өгөөч гэхээр нь би машин бариад явсан чинь буруудсан” гэв.

Улсын яллагч Г.Цогтмагнай нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...********* сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ****** холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч *****нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа ******* компанийн уурхайн 8,2 км- ийн замд 2024 оны 07 сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ *****улсын дугаартай ланд крүзер жи-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь, дотоодын цэргийн 810 дугаар ангийн цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч ******ийн 2024-ний 07 сарын 08-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хавсралт, гэрэл зургийн хамт хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас, жолоочийн лавлагаа, мэдээллийн талаарх тодорхойлолтод хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас, яллагдагч ******ийн мэдүүлэг, хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд баримтууд тус тус болно. Иймд яллагдагч ***** нь 2023 оны 10 сарын 15-ны өдөр *****уманд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 3,44%-ийн согтолттой, тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчин гарган тухайн зөрчилдөө мөн зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох, 1 жилийн хугацаагаар хасуулж байсан байна. Эрх хасуулсан байх үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцсон нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, аюулгүй байдал, эрх зүйн дүрэм зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд ****** үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож авагдаж байгаа тул шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ***** хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй байгаа. Улсын яллагчийн саналтай тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцуулах саналтай санал нэг байна. Шүүгдэгч 2024 оны 07 сарын 08-ны өдөр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Тийм учраас тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцуулах санал дээр санал нэг байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

*****дугаар ангийн Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч *****ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан драгер алкотест 7510 багажаар шалгахад 2.38 хувийн тоон үзүулэлт илэрч, согтууруулах ундаа...хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/,

Жолоочийн лавлагаа, мэдээллийн талаарх тодорхойлолтууд /хх-ийн 16-17-р хуудас/,

Яллагдагч ***** “...Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ***** сумын нутаг ***** 8.2 километр замд ***** улсын дугаартай “Ланд Круйзер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад цагдаад баригдсан юм. Би тухайн үед эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан байсан болохоор төрсөн ах ******* ахын нэрийг барьж цагдаагийн алба хаагчид овог, нэрээ худлаа хэлсэн юм. Би өмнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад жолоодох эрхээ 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хасуулсан байсан юм... дахиад архи уугаад баригдахаар нь айсандаа худлаа хэлсэн юм... цагдаагийн албан хаагч намайг үлээлгэхэд 2.38 хувийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  Шүүгдэгч ***** нь жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу эрхгүй байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 16-р хуудас/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***** нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч ***** “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв. 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Г.Цогтмагнай эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй хэдий ч түүний удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн нэмэгдэл ял тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 2024 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох саналтай байна. Мөн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүнд бусад төлөх төлбөргүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчдээс гаргуулах зардал байхгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****** эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн гаргасан ялын хариуцлагын саналд тайлбараа хэлье. Улсын яллагч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах санал гаргаж байна. Тухайн шүүгдэгчийн хувьд ял шийтгэл, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаагаа тохиолдлын шинэчлэлийн нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, иймд хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Өмнө нь ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа. Тийм учраас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Өмнө нь  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж, баривчилгаанд явсан асуудлууд тухайн энэ үйлдэлд оногдуулах, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна. Тухайн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөр байхгүй. Тухайн гэмт хэрэг Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг.  Ийм хөнгөрүүлэх үндэслэлүүд тогтоогдож байна. Тийм учраас улсын яллагчийн санал болгосон 1 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг нь оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ***** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн  өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА