Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

 

          2024              10                   10                                                2024/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Т.Солонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ***********

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн ******** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ********* нь **********сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй ******** унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...Нэмж мэдүүлэх зүйл байхгүй, бүх зүйлээ ярьсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** мэдүүлэхдээ: “...Маш их гомдолтой байгаа. Амин хайртай ганц хүүгээ би энэ хүний гарт алдсан. Энэ хүн тухайн үед бид хоёроос зөвшөөрөл аваагүй. Үүнд нь маш их гомддог. Эцэг эхтэй байхад хэлж зөвшөөрөл авсангүй гэж боддог. Хэргийн дураараа эмнэлэг аваад явсан байсан. Эмнэлэгт өөрөө ах дүү, эхнэр хүүхдээ дуудчихаад эцэг эхэд нь хэлээгүй байсан. Байхгүй болсон хойно эцэг эх нь очсон, аав нь эхэлж очоод, сүүлд намайг дуудаж байсан. Түүгээр зогсохгүй худлаа ярьдаг. Өчигдөр гэхэд ажил дээрээ ярьж байна, хүүхдийнх нь амьтай тэнцэх мөнгө өгчихсөн байхад авч ханадаггүй, аваад буцаад нэхдэг гээд бусад хүмүүс” гэв.

Улсын яллагч Т.Солонго гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ нь Өмнөговь аймгийн ********сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөхөд хурдан морины уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS6264:2018 стандартыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй ************* унуулсны улмаас хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон өнөөдөр хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан  хэргийн  газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Цахиур, Азбилэг нарын мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч ********нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон, оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир эдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна.  Шүүгдэгч ********* нь үндэсний морь уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлд тавигдах шаардлага MNS6264:2018 стандартыг хангаагүйгээс хүний амь насыг хохироосон үйлдлээр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаж байна. Түүнчлэн дээрх стандарт шаардлагыг хангаагүйн улмаас хурдан морь унуулан насанд хүрээгүй ******** хамгаалалтын хувцас хэрэгсэл хангаагүй эс үйлдэхүй нь насанд хүрээгүй хохирогч ********мориноос унахдаа биедээ гэмтэл авч нас барсан нь хохирсон үйл баримттай шууд шалтгаант хамааралтай байх тул ********эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд яллах дүгнэлтийн хавсралтад байгаа 50 ширхэг баримтаас 3 баримтын үнийн харагдахгүй, 47 баримт буюу 24.047.697 төгрөгийн баримтыг үнэлсэн байгаа. Үүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар ингэж үнэлсэн байсан учраас баримтуудыг нэмэлтээр дараа нь гаргаж өгсөн буюу 36.337.361 төгрөгийн баримт гаргаж өгсөн гэх тайлбар хэлсэн. Үүнийг нэмэхээр 60.385.058 төгрөгийн хохирол учирсан байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Үүнээс сэтгэл заслын үйлчилгээ авсан буюу 1.800.000 төгрөгийг хасаж 58.585.058 төгрөгийн хохирол үүнээс шүүгдэгчийн төлсөн гэх 24.500.000 төгрөгийг хасаж 34.085.058 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор мөрдөгчийн зүгээс шүүх шинжилгээний газар руу албан бичиг явуулсан. Албан бичгийн хариуд иргэний хуулийн 511.5-д зааснаар шүүх тогтооно, дүгнэлт гаргах боломжгүй гэсэн учраас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гаргуулах саналыг гаргаж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Прокурор шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж өнөөдөр гэм буруутайд тооцож шүүхэд хэргийн ирүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад шүүгдэгчийн зүгээс гэм буруудаа үйлдэлдээ ямар нэгэн байдлаар маргаагүй учир шүүхээс энэ зүйлчлэлд  гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2 дугаарт хохиролтой холбогдолтой асуудалд сэтгэл зүйчид хандсан 1.800.000 төгрөгийг хасаж прокуророос шийдвэрлэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нийтдээ 75.714.922 төгрөгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс өмгөөлөгчийн зүгээс өмнө хэлсэн, энд тодорхой хэдэн баримтууд авах боломжгүй нөхцөл байдлууд байгаа, өөрөөр хэлбэл лам бусад зардал холбогдолтой баримтууд байгаа. Үүнтэй холбогдуулаад эхний дараалуулаад тавь гээд дэс дараалуулаад тавьсан баримтаас  хөшөөний баримт, хоормогийн баримт, номд өгсөн баримт зэрэг баримтуудыг өмнө шүүх хуралдаанд гаргаж өгсөн байгаа. Дараа нь 49 хоног буюу, хоног хураахыг үйл явдалтай нь холбогдуулаад 22.000.000 төгрөгийг баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ нь нийлээд 75.714.922 төгрөг, үүнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор Улсын дээд шүүхийн тайлбар дүгнэлтүүд гарсан байгаа. Үүнд өнөөдөр хөдөлмөрийн хөлсөөр бодох уу эсвэл тухайн ар гэрт учирсан сэтгэцэд учирсан хохирлын хэмжээгээр Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоосон нөхцөлөөр бодох уу гэдэг аргачлалыг тодорхой заагаад өгчихсөн. Энд юу гэдэг вэ гэхээр хохирогчид аль ашигтай хувилбараар бодно гэж байгаа. Хохирогчид ашигтай хувилбараар бодохоор амь хохирогч хүү амь хохирохдоо 9 нас 5 сартай байсан. Өмнөговь аймгийн хүн амын дундаж наслалтын статистик үзүүлэлт авагдсан байгаа. Энд 69,46 гэх насжилтыг эрэгтэй хүний наслалт гэж оруулсан. 69,46-г 9 нас 5 сарыг хасаад 58,37 гэх дүн гарч байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байгаа. 660.000 төгрөгөөр 58,37-г үржихээр 38.524.200 төгрөг, үүнийг 5-аар үржүүлэхээр нийтдээ 192.621.000 төгрөг болж байгаа. Үүнийг мөн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн тухайд маргаангүй учир шууд байр сууриа илэрхийлье. Хохирол төлбөрийн тухайд өмнө нь шүүгч хэлэхдээ 21.378.379 төгрөг байна гээд эхний баримтын хүрээнд ярьсан. Сүүлийн баримт 36.337.361 төгрөг нийтдээ 57.715.740 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна гэж өмгөөлөгч тооцооллоо. Эдгээр баримтаас нотлох баримт шинжлэн судлахад дурдсанчлан он сар байхгүй, мөн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 9.000.000 төгрөгийн махны баримт, бусад дурдсан баримтуудыг үнэлэх боломжгүй байна, хэрэв үүнийг шүүхэд үнэлүүлнэ гэж үзвэл дансны хуулганы хамт гаргаж өгөх бүрэн боломжтой баримтууд гэж өмгөөлөгчийг зүгээс харж байгаа, түүгээр нотлогдох бүрэн боломжтой баримтууд, үүнийг нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн үнэлэх боломжгүй байна.   Тийм учраас хохирол төлбөрийг 24.391.039 төгрөгөөр тооцуулах саналтай байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон байна.  Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-16-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/хх-н 17-18-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** “...2024 оны 03 сарын 13-ны өдөр манай төрсөн хүү *** хичээлээсээ 13 цагийн үед ирсэн. Тухайн үед манай хүү манай хуурай дүү Азбилэгийн хамт манай хашаанаас морь унаад сумын төвийн хойно байрлах морь бариа руу морь унахаар явсан. Намайг ажил дээр байж байхад манай нөхөр Азбаяр манай миний гар утас руу 14 цаг 30 минут орчимд залгаад хүү ******ухаангүй байна хурдан эмнэлэг ир гэсэн. Намайг сумын эмнэлэг дээр очоод хүлээн авах руу ороход манай хүүхэд нүд халтирам, аймар байсан. Би хүлээн авах руу нэг удаа орсон бөгөөд эмч нар ээж нь орооч ээ гэж дуудаад байсан. Тухайн үед би орж чадаагүй. Би өөрөө сэтгэл санаа хүнд болоод шоконд ороод юу болж байгааг мэдээгүй. Намайг очиход өөд болсон юм шиг санагдсан тухайн үед эмч нар хиймэл амьсгаа хийж байсан. тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Цахиурын “...Тэгээд аав хээр азаргыг эмээллээд надад унуулах гэхэд ********* би хээр азаргыг унаж үзье гэсэн. Тэгээд би аавдаа хандаж манай найз *********эмээлтэй морь унаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд хээр азаргын эмээлийг авахад ****** өөрийнхөө хөл дардаг олмыг аваад ирэхэд хээр азарга дээр аав мордуулж өгсөн бөгөөд тухайн олмоор ******* даруулж тэгээд бид хоёр хойшоо 5 км зайд явах гээд хоорондоо юм яриад зэрэгцээд шогшоод явж байсан чинь ******* унаж байсан хээр азарга гэнэт булгиад найзыг маань аваад явсан тухайн үед аав машинаасаа буугаад ******* араас гүйгээд тухайн морийг гүйцээгүй. Манай найзыг хээр морь булгиад морь бариа руу аваад буцаад давхичихсан. Тэгээд Азбилэг ах ********* унаж байсан морины өөдөөс тосож очоод тухайн морийг барьж зогсоосон. Тухайн үед манай найз мориныхоо гэдэс доор байсан тэгээд хөлийн олмын уяаг тайлаад аав Азбилэг ахыг гэрийнхэнд нь хэлээрэй ах нь сумын эмнэлэг явлаа аав машинтай ********** эмнэлэг авч явсан. Тухайн үед *******нүүр нь цус болсон байсан бөгөөд манай найз дуугарахгүй сонин амьсгалаад байсан. тэгээд би найзыгаа унтаж болохгүй шүү гэж хэлэхэд дуугарахгүй байсан тэгээд сумын эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг,/хх-н 44-45-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ө.Азбилэгийн: “...Тэгээд ******** Цахиур хоёр морио унаад хажууд нь ******ах портер машинаа унаад дагаад 1 км гаруй явж байсан би морь бариа дээр морины уяаны орооцолдоог тайлж байхад ********унасан хээр морь булгиад байх шин болсон тэгээд би морио унаад ****** өөдөөс амдаад давхиж байхад ******** мориноосоо унаад чирэгдсэн. Тэгээд би морийг барьж авахад ******* мориноосоо чирэгдсэн, толгойн зүүн хэсгээс цус гарсан, ухаангүй байсан тэгээд би талийгаач ******** хөлийг нь уясан олмыг тайлж байхад Цогбадрах ах ирээд ******** шууд сумын эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 40-41-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дугаартай “3. ********нь гавал ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх-н 49-58-р хуудас/,

Яллагдагч ******** “...Би тогтоолтой уншиж танилцсан уг тогтоолтой санал нийлж байна...Би талийгаачийн ар гэрт хохирлын 23.000.000 төгрөг өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 225-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          1.4.Хууль зүйн дүгнэлт:

Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ******* нь ******** сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй ********унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжид тохирсон байна .  

Иймд шүүгдэгч *********нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

1.5. Хохирол, хор уршиг

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* шүүх хуралдаанд 36,337,361 баримтыг шинээр гаргаж өгчээ. Хэрэгт авагдсан оршуулгын зардал  /хх-ийн 77-88-р хуудас/ нь 21,397,779/ хорин нэгэн сая гурван зуун ерэн долоон мянга долоон зуун далан ес/ төгрөгийн баримт авагджээ. Нийт 57,735,140 /тавин долоон сая долоон зуун гучин таван мянга нэг зуун дөчин/ төгрөгийн оршуулахтай холбоотой зардлын баримтыг ирүүлжээ.

Шүүгдэгч ********* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** 24,500,000 /хорин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлжээ. 

Шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *********бага насны амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 57,735,140 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 24,500,00 төгрөгийг хасч үлдэгдэл   33,235,140 төгрөг, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******  сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн  төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөг,  нийт 132,235,140 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *********гаргасан “…Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчид ашигтай хувилбараар бодохоор амь хохирогч хүү амь хохирохдоо 9 нас 5 сартай байсан. Өмнөговь аймгийн хүн амын дундаж наслалтын статистик үзүүлэлт авагдсан байгаа. Энд 69,46 гэх насжилтыг эрэгтэй хүний наслалт гэж оруулсан. 69,46-г 9 нас 5 сарыг хасаад 58,37 гэх дүн гарч байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байгаа. 660.000 төгрөгөөр 58,37-г үржихээр 38.524.200 төгрөг, үүнийг 5-аар үржүүлэхээр нийт 192.621.000 төгрөгийг хохирогчийн хууль төлөөлөгч ******** сэтгэцэд учирсан гэм хорын арилгах нөхөн төлбөрт гаргуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тухайн хэргийн хувьд хүлээн авах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ууганжаргалын тухайн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэрэг байдал, шүүгдэгчийн хохиролыг нөхөн төлөх боломжит түвшинийг харгалзан иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулан олгох нь зүйтэй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар шинжилгээний байгууллага дүгнэлт гаргаж ирүүлээгүй байхад хохирогчийн өмгөөлөгч ******** гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Т.Солонго эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч ******** хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Яагаад гэвэл тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг байгаа. Мөн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн талаар хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа тул мөн адил хөнгөрүүлэх байдалд хамаарч байна гэж үзэж байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Учруулсан хохирлыг хохирлын баримт гаргасан хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн. Өнөөдөр хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн гэм буруудаа маргаагүй, мөн шүүгдэгчийн хувийн байдал, бага насны 4 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаагаар гэмшиж байгаа. Гэм буруугийн талд маргаагүй, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, үйлдлийн арга, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзаад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу учруулсан хохирлыг арилгах талаар арга хэмжээ авах, мөн 2.5 буюу оршин суугаа ажил сургууль, хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагад 3 жилийн хорих ял оногдуулаад хорих ялыг хуульд заасан тодорхой хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзахаар тогтоож өгч байна. Үүнд өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн маргах зүйл байхгүй. Нэгэнт хуульд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгаа мөн шүүгдэгчийн хувьд гэм буруугийн асуудалд маргаагүй учир үүнд тайлбар байхгүй. Гэвч дараах зүйлсийг шүүх харгалзаж үзээч гэдэг хүсэлтийг гаргаж байна. Энэ хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 24.500.000 төгрөгийн хохирлыг өгсөн гээд байна. Өнөөдөр 24.500.000 төгрөгөөр хүний амь насны асуудал яригдах юм уу, хэрэг шалгагдаж байх энэ явцад шүүгдэгчийг зүгээс ирж уулзаж байсан нөхцөл байдал байгаа. Хохирогчоос уучлалт гуйж байсан нөхцөл байдлууд байдаг. Гэсэн хэдий ч энэ хохиролтой холбоотой асуудлыг өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид удаа дараа тавьж байсан. Энэ хохирол төлбөрөө танайх төлөөч гэдэг асуудлыг, үүнд 150-г өгөөд хохирлыг хаая гэдэг ч юм уу ийм нөхцөл байдлыг шүүгдэгчийн зүгээс тавьж байсан боловч энэ өөрөө өнөөдрийн түвшинд мөн хүний амь нас хохироод зогсоогүй хор уршиг гэдэг зүйл учирчхаад байгаа. Энд бид нар тодорхой хэмжээгээр гэм буруутай этгээдээс үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Тэр хүнийг өнөөдөр ирж чадахгүйгээс хойш, хүүхдээ алдсан эх хүн ямар байх вэ, инээж баясаад өмнө байдаг шиг хэвийн байхгүй. Гэтэл ийм нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүй, 3 удаагийн байдлаар 24.500.000 төгрөг өгөөд хохирол, төлбөрийг төлсөн гэдэг нөхцөл байдлыг харуулах гээд байгаа бол үүнд шүүх анхаарч үзээч, хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор тэнсэх асуудал яригддаг гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээч гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Прокурорын ял оногдуулж байгаа саналын хүрээнд үйлчлүүлэгчийн маань тухайн хэрэгт хандаад байгаа хандлага,нөхцөл байдал их нөлөөтэй. Анхан шатны тусламж үзүүлэх гээд эмнэлэг рүү аваад явсан, хэрэг учрал болсны маргааг өдөр тодорхой хэмжээгээр мөнгө шилжүүлсэн эдгээр үйлдэлдээ хандаад байгаа нөхцөл байдал нь үйлдлээ ухамсарлаад байгаа нөхцөл байдал байгаа үүнийг харгалзаж үзээрэй гээд 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын тухайд хохирогчид ашигтайгаар шийдвэрлэхээр нөхцөл байдал хуульд байгаа. Гэхдээ тухайн гэмт хэрэгт хандаад манай үйлчлүүлэгчийн хандлага, хувийн байдал талыг харгалзаж үзээрэй гэж шүүхээс хүсмээр байна. Яагаад гэвэл энэ хүн бага насны 4 хүүхэдтэй, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэр нь төрөөд 3,4 сартай хүүхэдтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Үүнийг шүүхээс харгалзаж үзээд 150 дахин нэмэгдүүлсэн буюу 99.000.000 төгрөгөөр тогтоож өгөөч гэдэг саналыг оруулж байна. Өөр нэмэлт санал байхгүй” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм. 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Шүүх  шүүгдэгч *********** болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирол төлбөрт 24,500,000 төгрөг төлсөн, шүүхээс тогтоосон хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

  Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ********* гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.           

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ********* гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

   4. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** бага насны амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 57,735,140 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 24,500,00 төгрөгийг хасч үлдэгдэл   33,235,140 төгрөг, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********  сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн  төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөг,  нийт 132,235,140 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* олгосугай.    

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт 24,500,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА