Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2020/01155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-******* сум Зэст баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-******* сум ******* баг ******* тоотод оршин суух овгийн /регистрийн дугаар /-д холбогдох,

"4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 /таван сая/ төгрөгийг О.д 3 сарын хугацаатай 8 хувь хүүтэй зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. Үүнээс хойш сар бүр мөнгөнийхөө хүүг өгч байгаад 2020 оны 01 дүгээр сард 1 000 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 4 000 000 төгрөгөө нэхсэн боловч боломжгүй гээд өгөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн дагуу үлдэгдэл 4 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй О.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Анх 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр овогтой надад хандаж 5 000 000 төгрөг хүүтэй зээлээч гэж гуйсан юм. Гэтэл тухайн үед нь надад мөнгө байхгүй байсан болохоор түүнд өөр хүнээс асуугаад өгье гэж хэлээд өөрийн таних *******гийн гар утсаар залгаад манай дарга мөнгө хэрэгтэй байна гэнээ чи 5 000 000 төгрөг зээлэх үү гэж асуугаад байгаа гэхээр нь Б. ******* 2-ыг хооронд нь холбож өгсөн. Түүнээс биш би уг мөнгийг аваагүй. Сүүлд нь 2 сарны дараа нь ******* манай ажил дээр ирээд гэрээ хийчих тэр хүн чинь хотод байгаа болохоор чи гарын үсэг зурчих гээд, би гарын үсэг зурж өгсөн. Ингэхдээ би хэлсэн Би энэ мөнгийг аваагүй. Та 2-ийг л холбож хэн хэнд чинь тус л болсон. Тухайн үед 5 000 000 төгрөгөө надаар дамжуулаагүй би сүүлд нь л Б.ын Хаан банкны тоот дансаар шилжүүлж өгсөн гэж байсан болохоор надад огт хамаагүй шүү гэхэд тиймээ гээд л зүгээр л баримттай л болох гэж нөхөж хийж байгаа юм гээд 2019 оны 5 дугаар сарын 30-нд гэрээн дээр гарын үсэг зуруулж авсан юм. Түүнийг надтай зээлийн гэрээ хийж байх үед Б. нь зээлсэн мөнгөний хүүгээ төлж л байсан байна лээ. Гэтэл одоо энэ хүнд зээлсэн мөнгөө намайг хандаж нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Яагаад өөрийнхөө дансаар мөнгөө шилжүүлж өгсөн хүн болох Б.ыг шүүхэд хариуцагчаар татаж өгөхгүй байгаа юм. Би *******гаас ийм мөнгө аваагүй болохоор төлөх ёсгүй хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Би Б.д ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар хэлж үзүүлсэн. Гэтэл Б. маш их гайхаад би *******д өрөө сар бүр хувааж төлж байхаар тохирч сар бүр Хаан банкны тоотдансруу нь шилжүүлж байгаа шүү дээ. Ямар сонин хүн бэ гээд надад та санаа зоволтой би бараг төлж дуусах гэж байгаа. Би яваад очъё гээд Орхон аймагт ирээд өөрийн дансны хуулгаа аваад бид хамт шүүж үзхэд Б.ийн Хаан банкны тоот данснаас *******гийн Хаан банкны тоот дансруу 2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 8 дугаар сарны 20 хүртэл нийт 15 удаагийн гүйлгээгээр 5 830 000 төгрөг шилжүүлсэн байна. Мөн Б. нь өөрийгөө хариуцагчаар татуулахыг хүсэн хүсэлт, тайлбар, дансны хуулбараа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн тул түүнийг хариуцагчаар татуулах хүсэлттэй байна.

Иймд ******* нь надад нэг ч төгрөг өгөөгүй байж 4 500 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Б.ийг хариуцагчаар татаж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь О.д холбогдуулан 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

О. нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийг өөрийн танил Б. олоод өгөөч гэсний дагуу *******д хэлж ******* нь Б.ын дансанд уг мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...О. энэ мөнгийг өөрөө хариуцна гэсэн учраас О.гаас нэхэмжилнэ. Би Б. гэдэг хүнийг хараа ч үгүй, таних ч үгүй. О. өөрөө хариуцаж авч өгнө гэсэн... гэж тайлбарладаг.

Хэдийгээр О. өөрийн таньдаг Б.д мөнгө хэрэгтэй болсныг нэхэмжлэгчид хэлсэн, уг мөнгийг өөрөө авч хэрэглээгүй, анхнаасаа хүнд авч өгч байгаа гэдгээ хэлж, уг мөнгийг Б.ын дансанд шилжүүлсэн байх ба, Б. нь *******д уг мөнгөө буцаан төлж байсан нь талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн банкны дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

******* нь 5,0 сая төгрөгийг О.гийн өмчлөлд буюу түүнд өөрт нь шилжүүлж өгөөгүй, харин Б.д шилжүүлсэн гэдэг нь нотлогдож байх ба, Б. түүнд буцаан мөнгийг төлж байсан байна.

Иймээс ******* нь О.гаас шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн 4 дүгээр хуудсанд байгаа 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг талууд дараа хожим нь байгуулсан гэх ба, уг гэрээний дагуу О.д мөнгө шилжээгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан О.гаас 4 500 000 төгрөг гаргуулах *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА