Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Д.М /онлайнаар/,

шинжээч, эмч Э.А,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт Б. Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт; Монгол Улсын иргэн, Б.Б/

 Холбогдсон хэргийн талаар; Шүүгдэгч .... аймаг дахь Цагдаагийн газрын ....сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд .......... аймаг .... сум дахь Цагдаагийн хэсгийн байранд иргэн Д.Мг мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор өгзөг тус газар нь бороохойгоор зодож эрүүдэн шүүж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор иргэн Д.Мгийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд; Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Би 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сайншанд суманд ажилтай явж байсан. Тухайн үед манай сумын цагдаа н.Б залгаад “хутганы хэрэг гарсан, яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Очиход холбогдогч Д.Мг хэсгийн байранд авч ирсэн, түүний биеийн байдал нь гаднаасаа шарх сорвитой, сэтгэл санааны хувьд тогтворгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд байдалтай байсан учир бид нар түр саатуулж гавлаж байлгасан. Д.Мгийн хохирогч н.Нын биеийн байдал нэлээн тааруу, аймаг руу авч явах боломжгүй, тэндээ мэс засалд орж байгааг Д.М н.Д, н.А нар сонсож мэдсэн учраас урьдчилан сэргийлэх байдлаар тухайн үед гавлаж байсан юм. Тэр өдөр Д.Мгаас ямар нэгэн мэдүүлэг аваагүй, гэрч н.Д, н.А нар хэсгийн байранд хамт байсан. Гэрч болох хүмүүс гадуур хонох боломжгүй учир манай гэрт надтай хамт хонож, Д.Мг гавыг нь тайлаад цагдаатай хамт цагдаагийн байранд хонуулсан. Маргааш нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Мтай н.Д, н.А, н.Б бид нар уулзаад хутгыг авах зорилготой тухайн хэргийн газарт үзлэг хийхээр явж, хутгыг аваад буцаад ирэх замдаа би Д.Мгаас нүүрэн дээрх гэмтлийнх нь талаар “ямар учиртай юу болсон” гэж асуухад н.Д, н.Н нартай зодолдсоны улмаас ийм шархтай болсон талаараа хэлсэн. Буцаад цагдаагийн байрандаа ирсэн, орой 19-20 цагийн үед Д.Мгийн ар гэрийнхэн нь ирэхэд Д.Мг хүлээлгэн өгөхөд эхнэр, дүү, бэр нь гээд 3-4 хүн байсан, тэр үед нүүр нь ямар байдалтай байсныг харсан байгаа. Хэсгийн байранд хамт байх хугацаанд н.Д, н.А, н.Б нар байнгын орж гарч хоол, цай зөөгөөд, бид нар хамт хоол идээд нэг байранд байсан. Манай хэсгийн байр ажлын өрөө, хана нь залгуулаад амралтын өрөө гэсэн байрлалтай, гадуураа тойрч орж гардаг, аймагт ирээд н.Батбаатар хошуучид Д.Мг хүлээлгэн өгсөн.” гэв.

Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр .... сум руу н.Б цагдаа намайг авч явсан, очоод паарнаас гавласан. Тэр үед хэсгийн төлөөлөгч байхгүй байсан бөгөөд 19-20 цагийн үед ирээд байцаалт авдаг өрөө рүү оруулаад хувцас тайлуулаад цахилгаан бороохойгоор бороохойдоод, нэлээн хэд бороохойдчихоод нөгөө өрөөндөө оруулаад паарнаас гавласан, бас нэг цагдаа байсан би нэрийг нь мэдэхгүй байна, гурван цагдаа байсан, 21 цагийн үед орж ирээд “чи яасан азтай пизда вэ” гээд нүүр рүү өшиглөчхөөд гараад явсан, орой нь ахиад байцаалт авдаг өрөө рүү оруулаад паарнаас гавлаад гудас тавьж өгөөд хонуулсан, гавтай хонуулсан, нөгөө цагдаа нь хоёр сандал нийлүүлээд цуг хоносон. Маргааш өглөө нь нөгөө өрөө рүүгээ оруулаад паарнаас гавлаад, нөгөө цагдаадаа “бороохой аваад ир” гээд хар бороохойгоор бороохойдоод бороохой нь хугарсан. Би “миний ахар сүүл гэмтэлтэй шүү, битгий ахар сүүл рүү цохиоч” гэж хэлсэн. Тэгээд хугархайгаар нь гуя руу цохиод байсан. 11 цагийн үед машин руугаа явахад машин дотроо бас гавтай явсан, гар ард гавласан, н.Д, хэсгийн төлөөлөгч, бас хоёр цагдаа байсан. Тэгээд буцахад машиных нь гар хугарсан, сумаас машин дуудаад ирсэн машинд нь суугаад сум явсан. Бороохойгоор цохисноос болж өгзөгний гэмтэл учирсан. Б.Б “мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэж хэлсэн. Баруун нүдний гэмтэл бол н.Д, н.Н нар цохисноос болсон, өөр юм байхгүй, Б.Б хацар луу өшиглөөд үүдэн шүд хөдөлсөн, чих рүү хоёр удаа цохисон, би ахар сүүлээ 4 дүгээр ангид байхдаа хугалж байсан. Б.Б намайг бороохойдсон, баруун шанаанд өшиглөсөн.” гэв.

Шинжээч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “....Д.Мгийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Шинжилгээний явцад ахар сүүлний хугарал гэсэн онош тусгасан байгаа боловч энэ нь компьютер томографийн шинжилгээнд ахар сүүлний мурийлт гэсэн байна. Ахар сүүлний мурийлт нь гэмтлийн гаралтай үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт гаргасан. Д.Мгийн биед учирсан баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтлүүд нь баруун, зүүн тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба харин тус гэмтлүүд нь нийлээд хүний биеийн нийт гадаргуугийн нэг хувиас илүү талбайг хамарсан байх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээний явцад ахар сүүлний хугарал гэсэн онош компьютер томографийн шинжилгээгээр батлагдаагүй тул дүгнэлтдээ тусгаагүй. Ахар сүүл гэдэг бол ясны бүтцийнхээ хувьд хавиргатай ойролцоо нимгэн яс байдаг, бороохойгоор цохиход /ялангуяа төмөр голтой бороохой/ хүний ясны бүтцэд өөрчлөлт орох боломжтой. Хохирогч өгзөгөөр дээшээ харж унасан тохиолдолд өгзөгт гэмтэл үүсэх боломжтой, гэхдээ хир хүчтэй унасан гэдгээс хамаарна. Газарт унасны хөхрөл, бороохойгоор цохиулсны хөхрөлтийг ялгах боломжгүй. Цахилгаан бороохой өөрөө хүчдэл байдаг, цахилгаан бороохойгоор цохиулсан бол жижиг цэгүүд үүсдэг. Хохирогч шүд хөдөлсөн талаараа надад хэлээгүй, бас нуруугаа үзүүлээгүй, хоёр өгзөгний гэмтэл нийлээд хөнгөн зэргийн гэмтэл юм. Хацрын зулгаралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хохирогчийн өгзөгийг бороохойгоор бороохойдсон гэж үзэх боломжтой.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Д.Мгийн гэрчээр өгсөн; “...намайг .... сумын Цагдаагийн хэсэг руу авч явсан ба цагдаагийн дэд ахлагч намайг өрөөндөө оруулж паарнаас гавласан, 1-2 цагийн Б.Б орж ирээд миний цээж хэсэгт хоёр удаа гараараа цохиод “гавыг тайл” гэж нөгөө цагдаад хэлсэн, тэгээд миний гавыг тайлаад өөрийнхөө мэдүүлэг авдаг өрөө рүү дагуулж ороод миний хувцсыг тайлаад цахилгаан бороохойгоор нуруу хэсэгт бороохойдсон...буцаагаад нөгөө цагдаагийн алба хаагчийн өрөө рүү оруулж паарнаас гавлаад нэг цаг орчмын дараа Б.Б дахин орж ирээд “чи ямар азтай пизда вэ” гэж хэлээд нүүр хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр шөнөдөө намайг өөрийнхөө мэдүүлэг авдаг өрөөнд оруулж паарнаас гавлаж цагдаагийн дэд ахлагч залуутай хонуулсан. Маргааш нь буюу 3 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим орж ирээд “юмаа санасан уу” гэж хэлээд баруун бөөр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ба “өмдөө шувтлаад бөгсөө гаргаж, гараа ардаа ав” гэж хэлээд босоо байдлаас нуруу бөхийлгөж байгаад резинэн бороохойгоор нэлээд хэдэн удаа цохисон. Би тэр үед “миний ахар сүүл хугархай шүү” гэж хэлэхэд өгзөг хэсэгт бороохойгоороо цохиж байгаад, цохиж байсан бороохой нь хугарсан ба бороохой нь хугарсны дараа баруун гуя хэсэгт хоёр удаа бороохойгоор цохисон. Намайг бороохойгоор зодсоны дараа паарнаас гавлаад, зүүн чих рүү гараараа хоёр удаа цохиод гарч явсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-27-28/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д.Мгийн хохирогчоор өгсөн; “...Б.Б 2020 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд хэрэг хүлээлгэх зорилгоор намайг зодсон. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр намайг сумын Цагдаагийн хэсгийн байранд авч ирсний дараа “чи хүн хутгалсан биз дээ, хутга чинь хаана байна” гэж хэлээд цээж хэсэгт хоёр удаа гараараа цохиж, цахилгаан бороохойгоор цохиж, нүүр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр...гавыг тайлж байгаад “юмаа санасан уу, хутга чинь хаана байна” гэж хэлээд миний өгзөг хэсэгт резинэн бороохойгоор нилээд хэдэн удаа цохисон ба бороохой нь хугарсны дараа паарнаас гавласан. Паарнаас гавласны дараа зүүн чих хэсэгт хоёр удаа цохиод гараад явсан. Цагдаагийн алба хаагчид зодуулсандаа гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-23-24/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.Мгийн хохирогчоор өгсөн; “...адилхан амьдралтай хүмүүс болохоор би гомдолгүй гэж хэлэхээр болсон юм...Б.Б урд цохих хэсгээр барзгартай бороохойгоор зодсон ба тус бороохой нь бариулынхаа урд хэсгээр хугарсан...5 дугаар сарын 14-15-ны өдрийн орчим .... суманд байгаа миний автомашиныг Сайншанд суманд авч ирэх талаар ярьсан “биеийн байдал гайгүй юу” гэж утсаар ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-26/,

Мөрдөн байцаалтын шатанд буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.Мгийн хохирогчоор өгсөн; “...н.Н миний баруун нүд хэсэгт цохиж баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлийг учруулсан...Б.Б тухай өдрийн оройн 21-22 цагийн орчим зүүн хацар хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Ямар ч байсан резинэн бороохой гаргаж ирээд зодсон ба бороохой нь хугарсан талаар сайн санаж байна...шинжээч эмчид...нурууныхаа гэмтлийг үзүүлээгүй ...нуруундаа цахилгаан бороохойгоор цохиулсан талаар хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /2-р хх-3/,

Гэрч Ө.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр...23 цаг болж байхад цагдаагийн хэсэг дээр очоод хаалгыг нь шууд татаад ороход манай нөхөр Д.Мг паарнаас гавласан байдалтай суулгаж байсан...Б.Б гэх залуу гаднаас орж ирээд “та нар юун хүмүүс вэ” гэхэд нь “Д.Мгийн ар гэрээс явж байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд тар залуу “та нар ингээд шууд орж ирж болохгүй” гэхээр нь би түүнд хандан “уучлаарай” гэдгээ хэлсэн ...Тэр шөнөдөө Д.М “цагдаа миний өгзөг хэсэгт бороохойгоор цохисон, хөндүүр байгаад байна” гэсэн...Б.Б нь харьцаа муутай, хүнтэй нэлээд дээрэлхүү харьцдаг хүн байна лээ. Сайншанд суманд очоод Д.Мгийн өгзөг хэсгийг харахад нэлээд хөхөрсөн байсан ба өмгөөлөгч авсан талаар хэсгийн төлөөлөгч Б.Бд хэлэхэд “битгий мэддэг санаа гаргаад байгаарай” гэж хэлээд байсан. Д.М надад “хэсгийн төлөөлөгч Б.Б миний хувцсыг тайлж байгаад бороохойгоор зодсон, намайг зодож байхад бороохой нь хугарсан” гэж хэлсэн, мөн “хэргээ хүлээ” гэж хэлээд зодсон гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-29-30/,

Гэрч Ө.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...цагдаагийн байр руу хаалгаар ороход чигээрээ харагдах өрөөнд манай нөхөр Д.Мгаас өөр хүн байхгүй, зүүн гарыг нь паарнаас холбоод гавлачихсан, нэг тал руугаа хазайгаад хөлөө нугалаад явган сууж байсан. Нөхрөө харахад баруун талын нүд нь хөхөрчихсөн, зүүн талын хацар нь шороо болоод гуталны ором гарчихсан байсан ...бид нар хонох газаргүй учраас машиндаа хонохоор болоод...машиныхаа хойд суудлыг ор болгоод Д.Мг хэвтүүлэхэд дээшээ харж хэвтэж чадахгүй, зүүн хажуу талаараа хэвтээд бие нь өвдөөд байгаа бололтой зовиурлаад ёолоод байсан ...бид дөрөв машинтайгаа Д.Мгийн машинаа орхисон газар руу явж байх үед Д.М бөгсөн хэсгээрээ сууж чадахгүй, урд суудлаас бариад хөндий суугаад яваад байсан, би “яагаад сууж чадахгүй байгаа юм бэ” гэхэд “Б.Б төлөөлөгч миний хувцсыг тайлж байгаад бороохойгоор зодоод...бороохой нь хугарсан чинь “бороохой хугалчихлаа” гээд хацар руу өшиглөсөн...ахар сүүл өвдөөд сууж чадахгүй байна” гээд байсан...2020 оны 5 дугаар сарын 20-ны үеэр хот явж мэдүүлэг өгөхөөсөө өмнө цагдаагийн газар дуудагдаж оччихоод буцаад ирэх үедээ “Б төлөөлөгчтэй уулзлаа, намайг “төлөөлөгчид зодуулаагүй, гомдолгүй” гээд мэдүүлэг өгчихөөч гэсэн” гэж хэлсэн...хот руу явж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгчихөөд ирэхдээ “Б.Б хотод байна, би эр хүн юм чинь гэж бодоод “гомдолгүй” гээд хэлчихээд ирлээ” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-7-8/,

Гэрч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай ах Д.М надад хэлэхдээ “хэсгийн төлөөлөгч Б.Б намайг бороохойгоор ахар сүүл, өгзөг хэсэгт цохисон, бороохой нь намайг зодож байхад хугарсан, цахилгаан бороохойгоор цохисон” гэж хэлсэн...бие нь их зовиуртай байсан...ах Д.Мгийн өгзөг хэсэг нь хөхөрсөн талаар Сайншанд суманд очоод харсан...хэсгийн төлөөлөгч Б.Б бороохойгоор цохиж ийм болгосон.” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-31-32/,

Гэрч Д.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...хэсгийн төлөөлөгч Б.Бд зодуулж өгзөг хэсэгтээ гэмтэл авсан талаар хэлж байсан... “Б.Бгийн бороохойдсон өгзөг хэсэг хөндүүртэй байна” гээд нэлээд зовиуртай байх шиг байсан...мөн “дарамталсан байдлаар мэдүүлэг авсан” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-4-5/,

Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад...цагдаагийн хэсэг рүү ороход Д.Мг паарнаас гавласан байдалтай байсан ба Д.М нилээн айсан байдалтай сууж байсан...Д.Мг өмгөөлөгч авсны дараа түүний өгзөг хэсэгт гэмтэл учирсныг бид нар мэдсэн...бидэнд “хэсгийн төлөөлөгч Б.Б гэх залуу миний өгзөг хэсэгт бороохойгоор цохисон, бороохой нь хугарсан” талаар хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-33/,

Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Д.Мгаас архи, согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр үнэртэж байсан ба ухаан санааны хувьд хэвийн байсан...хэсгийн төлөөлөгч Б.Б ирээд Д.Мтай уулзаж “хутга хаана байгаа” талаар асууж тодруулсан...Б.Б миний хажууд Д.Мг зодсон, цохисон асуудал огт байхгүй...тухайн үед...Д.Мгийн нүүр, ам шалбарсан байдалтай байсан ба өөр ямар нэгэн зовиур байгаагүй, автомашины суудал дээр шаардлага биелүүлээд ирсэн ...Б.Б бид хоёрт цахилгаан бороохой байхгүй. Харин надад цахилгаан бороохой шиг хэлбэртэй гар чийдэн байгаа, түүнийг андуурсан байж магадгүй.“ гэсэн мэдүүлэг /1-р хх-34-34, 2-р хх-13-14, 15/,

Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний бие Дорноговь аймгийн Сайншанд суманд албан ажлаар явж байхад манай хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Б над руу залгаад “Дорноговь аймгийн .... сум “Үхэр чулуут” гэх газарт хүн хутгалуулсан талаар гомдол ирсэн, “дуудлаганд яваад ирье” гэхээр нь би цагдаа Д.Бт “хэрэгт холбогдогчийг олоод байлгаж байгаарай” гэж хэлсэн. Би...оройн 21 цагийн орчим очиход иргэн Д.М, н.Д, н.А нарыг цагдаагийн дэд ахлагч Д.Б сумын цагдаагийн хэсэг дээр авч ирсэн байсан...Д.Мгийн сэтгэл санааны байдал тогтворгүй байсан учир түүнийг “өөрийн амь насандаа аюул учруулж болзошгүй” үндэслэлээр үл хөдлөх цэг болох Цагдаагийн хэсгийн паарнаас гавласан. Д.Мг тэр үед хэн нэгэнд хүлээлгэн өгөх боломжгүй, хонох газар байхгүй гээд байсан учир гавыг тайлж, цагдаагийн дэд ахлагч н.Баар харж хонуулсан. Маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өглөөний 8 цагийн орчим н.А, н.Д нараас гэрчийн мэдүүлэг авч, орой нь Д.Мг эхнэр, дүү нарт нь хүлээлгэн өгсөн... Д.Мгаас мэдүүлэг авахдаа айлган сүрдүүлсэн, эрүүдэн шүүж, тулгасан, дарамталсан асуудал байхгүй. Анх цагдаагийн хэсэг дээр ирэхдээ нүд нь хөхөрсөн байсан ба яагаад хөхөрсөн талаар асуухад “Нтай муудалцаад зодолдсон” талаар ярьж байсан...надад цахилгаан бороохой байхгүй, албанаас албан ёсоор тавьж өгөөгүй, “ Г ” хэлбэрийн резинэн бороохойноос өөр бороохой байхгүй...Тухайн үед Д.М “ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэж байсан боловч өмгөөлөгч аваад гомдол гаргасан. Хэрэг шалгах явцад өмгөөлөгч Ж.Ч надтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн ба үүнээс шалтгаалаад надад гомдол гаргасан гэж бодож байна...надад хувийн бороохой байхгүй, хувийн гав л байгаа, иргэн Д.Мгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-36-37, 2-р хх-18/,

Гэрч О.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...түүнийг зүүн хөлөөрөө хавирч унагаахад тэрээр биеийн баруун хэсгээрээ унасан ба тэр үед миний хэвлий хэсэгт сэрүү оргиод явсан ба хэвлийгээ хартал цус асгарч байхаар нь Д.Мгийн цээж хэсэгт хоёр удаа, зүүн гуя хэсэгт хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Би тэр үед Д.Мгийн өгзөг хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн асуудал байхгүй...түүний өгзөгт гэмтэл учруулахаар хэмжээний зодоон болоогүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-38-39/,

Гэрч Л.Сүхчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би мэдүүлэг өгөөд гарч явахдаа Д.Мтай таарсан, тухайн үед надад “намайг хэсгийн төлөөлөгч Б.Б зодсон” гэж хэлж байсан. Тэрээр нуруу, өгзөг хэсэгт бороохойгоор зодсон гэж хэлж байсан ба би бодохдоо хүн хутгалсан гээд Д.Мг цагдаа нарт зодуулсан гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-44-45/,

Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Д.М цагдаад зодуулсан талаар эхнэртээ хэлж байхыг би сонссон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-47-48/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2020 оны ... дугаартай “...Д.Мгийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжилгээний явцад ахар сүүлний хугарал гэсэн онош тусгасан байгаа боловч энэ нь компьютер томографийн шинжилгээнд ахар сүүлний мурийлт гэсэн байна. Ахар сүүлний мурийлт нь гэмтлийн гаралтай үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-60-61/,

Шинжээч эмч Э.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Д.Мгийн биед учирсан баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтлүүд тус бүртээ нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.Мгийн биед учирсан баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтлүүд нь баруун, зүүн тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба харин тус гэмтлүүд нь нийлээд хүний биеийн нийт гадаргуугийн нэг хувиас илүү талбайг хамарсан байх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учир нь цохилт үйлчилж байгаа хатуу мохоо зүйлийн талбайгаас хамаарч, тухайн гэмтэл нь үүсгэгдэх боломжтой...Д.Мгийн баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогч Д.Мгийн баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл нь резинэн бороохойгоор цохих үед хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1-р хх-68-70, 2-р хх-16/,

Гэрч Г.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Би ..... аймаг дахь Цагдаагийн газрын нярваар 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна, намайг ажилд томилогдсон цагаас хойш хэсгийн төлөөлөгч Б.Б нь тусгай хэрэгсэл авч байгаагүй ба урьд өмнө нь тусгай хэрэгсэл авсан байсан...түүний эд хариуцагчийн картыг харахад тусгай хэрэгслийн хувьд 19.260 төгрөгийн үнэ бүхий бариултай бороохой бүртгэлтэй байна. Алба хаагч нар өөрсдөө албандаа зориулж тусгай хэрэгсэл авах тохиолдол бүрийг хянах ямар ч боломжгүй...ямар ч л байсан Б.Б, Д.Б нарт манай цагдаагийн газраас гав олгож байгаагүй байна...өөрсдөө гав, бороохой авсан байж болно.” гэсэн мэдүүлэг /2-р хх-9-10, 11/,

Гэрч Б.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Хэсгийн төлөөлөгч Б.Бд 2018 онд бариултай бороохой олгогдсон ба харин санхүүгийн Эколос программаас шүүж үзэхэд хэсгийн цагдаа Д.Бт тусгай хэрэгсэл олгогдоогүй байна. Тусгай хэрэгсэлгүй алба хаагч нар өөрсдөө хувьдаа тусгай хэрэгсэл авдаг байх магадлалтай, тэр бүрт бидний зүгээс хяналт тавиад байх боломжгүй.” гэсэн мэдүүлэг /2 р хх-12/,

Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан өмгөөлөгч Ж.Чийн гомдол /1-р хх-5/, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан фото зургийн үзүүлэлтүүд / 1-р хх 7-8/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-11/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-12-15/,

Эд хариуцагчийн карт /1-р хх-17, 2-р хх-20-22, 24-25/,

Хар өнгийн “ Г “ хэлбэрийн резинэн бороохойд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-19/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-20-21/,

Хохирогчийн томографийн зургийг буулгасан 1 ширхэг сиди /1-р хх-62/,

Дорноговь нэгдсэн эмнэлгийн Компьютер томографийн кабинетийн эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт /1-р хх-63/,

2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн мэс заслын эмчийн үзлэгийн хуулбар /1-р хх-64-66/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн Б.Бд холбогдуулан хийсэн 20200440000014 дугаартай “Албаны шалгалтын материал” /1-р хх-73-92/,

Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-95/,

ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-р хх-102/,

ажилд томилогдсон тушаалын хуулбар /1-р хх-107/,

ажлын байрны тодорхойлолт /1-р хх 108-115/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн ..... дугаартай хэргийн материалын хуулбарууд /1-р хх 118-137/,

Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны ....... өдрийн ....... дугаар тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар /1-р хх 161-170/,

......-ны өдөр хохирогч Д.Мгаас Дорноговь аймгийн Прокурорын газарт хандан гаргасан хүсэлт /1-р хх-209/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв. Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар; Шүүгдэгч ......... аймаг дахь Цагдаагийн газрын .... сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд ........ аймаг .... сум дахь Цагдаагийн хэсгийн байранд иргэн Д.Мг мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор өгзөг тус газар нь бороохойгоор зодож эрүүдэн шүүж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор иргэн Д.Мгийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн болох нь; шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; хохирогч Д.Мгийн “...2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр...хэсгийн төлөөлөгч...19-20 цагийн үед орж ирээд намайг байцаалт авдаг өрөө рүү оруулаад хувцас тайлуулаад цахилгаан бороохойгоор бороохойдоод, нэлээн хэд бороохойдчихоод нөгөө өрөөндөө оруулаад паарнаас гавласан...21 цагийн үед орж ирээд “чи яасан азтай пизда вэ” гээд нүүр рүү өшиглөчихөөд гараад явсан, орой нь ахиад байцаалт авдаг өрөө рүү оруулаад паарнаас гавлаад гудас тавьж өгөөд хонуулсан, гавтай хонуулсан...Маргааш өглөө нь нөгөө өрөө рүүгээ оруулаад паарнаас гавлаад, нөгөө цагдаадаа “бороохой аваад ир” гээд хар бороохойгоор бороохойдоод хар бороохой нь хугарсан. Би “миний ахар сүүл гэмтэлтэй шүү, битгий ахар сүүл рүү цохиоч” гэж хэлсэн. Тэгээд хугархайгаар нь бөгс гаргаж байгаад гуя руу цохиод байсан. 11 цагийн үед машин руугаа явахад машин дотроо бас гавтай явсан, гар ард гавласан...Бороохойгоор цохисноос болж өгзөгний гэмтэл учирсан...Б.Б “мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэж хэлсэн...Б.Б хацар луу өшиглөөд үүдэн шүд хөдөлсөн, чих рүү хоёр цохисон...Б.Б намайг бороохойдсон, баруун шанаанд өшиглөсөн.” гэх, шинжээч, эмч Э.Аын “....Д.Мгийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасан...баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтлүүд нь баруун, зүүн тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба харин тус гэмтлүүд нь нийлээд хүний биеийн нийт гадаргуугийн нэг хувиас илүү талбайг хамарсан байх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Хохирогч өгзөгөөр дээшээ харж унасан тохиолдолд гэмтэл үүсэх боломжтой, хир хүчтэй унасан гэдгээс хамаарна. Газарт унасан хөхрөл, бороохойгоор цохиулсны хөхрөлтийг ялгах боломжгүй...Хохирогч шүд хөдөлсөн талаараа надад хэлээгүй, нуруугаа үзүүлээгүй...хохирогчийн өгзөгийг бороохойгоор бороохойдсон байна гэж үзэх боломжтой.” гэх мэдүүлгүүдээр, мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; гэрч Ө.Эийн “... цагдаагийн байр руу хаалгаар ороход чигээрээ харагдах өрөөнд манай нөхөр Д.Мгаас өөр хүн байхгүй зүүн гарыг нь паарнаас холбоод гавлачихсан, нэг тал руугаа хазайгаад хөлөө нугалаад явган сууж байсан. Нөхрөө харахад баруун талын нүд нь хөхөрчихсөн, зүүн талын хацар нь шороо болоод гуталны ором гарчихсан байсан...бид нар хонох газаргүй учраас машиндаа хонохоор болоод...машиныхаа хойд суудлыг ор болгоод Д.Мг хэвтүүлэхэд дээшээ харж хэвтэж чадахгүй, зүүн хажуу талаараа хэвтээд бие нь өвдөөд байгаа бололтой зовиурлаад ёолоод байсан...бид дөрөв машинтайгаа Д.Мгийн машинаа орхисон газар руу явж байх үед Д.М бөгсөн хэсгээрээ сууж чадахгүй, урд суудлаас бариад хөндий суугаад яваад байсан, би “яагаад сууж чадахгүй байгаа юм бэ” гэхэд “Б.Б төлөөлөгч миний хувцсыг тайлж байгаад бороохойгоор зодоод...бороохой нь хугарсан чинь “бороохой хугалчихлаа” гээд хацар руу өшиглөсөн...ахар сүүл өвдөөд сууж чадахгүй байна” гэсэн.” гэх /2-р хх-7-8/, гэрч Д.Огийн “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай ах Д.М надад хэлэхдээ “хэсгийн төлөөлөгч Б.Б намайг бороохойгоор ахар сүүл, өгзөг хэсэгт цохисон, бороохой нь намайг зодож байхад хугарсан, цахилгаан бороохойгоор цохисон” гэж хэлсэн...бие нь их зовиуртай байсан...ах Д.Мгийн өгзөг хэсэг нь хөхөрсөн талаар Сайншанд суманд очоод харсан... хэсгийн төлөөлөгч Б.Б бороохойгоор цохиж ийм болгосон” гэж байсан... “дарамталсан байдлаар мэдүүлэг авсан” гэж хэлж байсан.” гэх /1-р хх 31-32, 2-р хх-4-5/, гэрч Т.Аийн “...2020 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад...цагдаагийн хэсэг рүү ороход Д.Мг паарнаас гавласан байдалтай байсан ба Д.М нилээн айсан байдалтай сууж байсан...бидэнд “хэсгийн төлөөлөгч Б.Б гэх залуу миний өгзөг хэсэгт бороохойгоор цохисон, бороохой нь хугарсан” талаар хэлж байсан.” гэх /1-р хх-33/, гэрч Б.Бгийн “...Д.Мгийн сэтгэл санааны байдал тогтворгүй байсан учир түүнийг “өөрийн амь насандаа аюул учруулж болзошгүй” үндэслэлээр үл хөдлөх цэг болох Цагдаагийн хэсгийн паарнаас гавласан...Тухайн үед Д.М “ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэж байсан боловч өмгөөлөгч аваад гомдол гаргасан.” гэх /1-р хх-37/, гэрч Л.Сүхчулууны “...Би мэдүүлэг өгөөд гарч явахдаа Д.Мтай таарсан, тухайн үед надад “намайг хэсгийн төлөөлөгч Б.Б зодсон” гэж хэлж байсан. Тэрээр нуруу, өгзөг хэсэгт бороохойгоор зодсон гэж хэлж байсан ба би бодохдоо хүн хутгалсан гээд Д.Мг цагдаа нарт зодуулсан гэж ойлгосон.” гэх /1-р хх-45/, гэрч Б.Аын “...Д.М цагдаад зодуулсан талаар эхнэртээ хэлж байхыг би сонссон.” гэх /1-р хх-48/, шинжээч эмч Э.Аын “...баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтлүүд нь баруун, зүүн тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба харин тус гэмтлүүд нь нийлээд хүний биеийн нийт гадаргуугийн нэг хувиас илүү талбайг хамарсан байх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл нь резинэн бороохойгоор цохих үед хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой.” гэх /1-р хх-68, 2-р хх-16/, гэрч Г.Пын “...Алба хаагч нар өөрсдөө албандаа зориулж тусгай хэрэгсэл авах тохиолдол бүрийг хянах ямар ч боломжгүй...ямар ч л байсан Б.Б, Д.Б нарт манай цагдаагийн газраас гав олгож байгаагүй байна ...өөрсдөө гав, бороохой авсан байж болно.” гэх /2-р хх-10, 11/, хохирогч Д.Мгийн “...Б.Б 2020 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд хэрэг хүлээлгэх зорилгоор намайг зодсон. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр намайг сумын Цагдаагийн хэсгийн байранд авч ирсний дараа “чи хүн хутгалсан биз дээ, хутга чинь хаана байна” гэж хэлээд цээж хэсэгт хоёр удаа гараараа цохиж, цахилгаан бороохойгоор цохиж, нүүр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр...гавыг тайлж байгаад “юмаа санасан уу, хутга чинь хаана байна” гэж хэлээд миний өгзөг хэсэгт резинэн бороохойгоор нилээд хэдэн удаа цохисон ба бороохой нь хугарсны дараа паарнаас гавласан. Паарнаас гавласны дараа зүүн чих хэсэгт хоёр удаа цохиод гараад явсан. Цагдаагийн алба хаагчид зодуулсандаа гомдолтой байна.” гэх /1-р хх-23-24/, “...адилхан амьдралтай хүмүүс болохоор би “гомдолгүй” гэж хэлэхээр болсон юм...Б.Б урд цохих хэсгээр барзгартай бороохойгоор зодсон ба тус бороохой нь бариулынхаа урд хэсгээр хугарсан...5 дугаар сарын 14-15-ны өдрийн орчим .... суманд байгаа миний автомашиныг Сайншанд суманд авч ирэх талаар ярьсан “биеийн байдал гайгүй юу” гэж утсаар ярьж байсан.” гэх /1-р хх-26/, “...н.Н миний баруун нүд хэсэгт цохиж баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлийг учруулсан...Б.Б тухай өдрийн оройн 21-22 цагийн орчим зүүн хацар хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Ямар ч байсан резинэн бороохой гаргаж ирээд намайг зодсон ба бороохой нь хугарсан талаар сайн санаж байна...шинжээч эмчид өөрийн биеийн байдлаа үзүүлэхдээ...нурууныхаа гэмтлийг үзүүлээгүй...нуруундаа цахилгаан бороохойгоор цохиулсан талаар хэлээгүй.” гэх /2-р хх-3/, мэдүүлгүүдээр, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2020 оны ... дугаартай дүгнэлт, өмгөөлөгч Ж.Чийн гомдол, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан фото зургийн үзүүлэлтүүд, Дорноговь нэгдсэн эмнэлгийн Компьютер томографийн кабинетийн эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт, мэс заслын эмчийн 3 дугаар сарын 30 ны өдрийн үзлэгийн хуулбар, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан ... дугаар тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар, 8 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Мгаас Дорноговь аймгийн Прокурорын газарт хандан гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх журам, хүний халдашгүй эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд хохирогч нь эрүү шүүлт тулгасны улмаас бие махбод, сэтгэл санааны шаналалд өртсөн хүн байна. Энэ гэмт үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй, хохирогчоос тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор үйлдэгдсэн гэмт хэрэг байдаг. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн бүрийн тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрч, хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй хэмээн 1984 оны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д нэгдэн орсон бөгөөд уг конвенцид Эрүүгийн хууль тогтоомжоо нийцүүлэн баталжээ.

Цагдаагийн байгууллагын ажилтан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллаж гэмт хэрэг илрүүлэх, холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах эрхтэй ч энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд нь хохирол учруулахыг хуулиар хориглосон болно. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан ... дугаар тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааврын; 3 дугаар зүйлийн 3.13-ын “В”-д “бороохойгоор нэг газарт олон удаа цохихгүй байх, аль болох гэмтэл учруулахгүй байхыг эрмэлзэх”, 3.3-т “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана” гэж, 3.4-т “Гавыг гар, хөл, хуруунд хийж дараахь байдлаар хэрэглэнэ, гээд 3.4-ийн “Д”-д тээвэрлэх үед өөртэйгөө эсхүл тээврийн хэрэгслийн суудал тэвш, бусад эд зүйлтэй гар буюу хөлийг нь холбох” гэж, 3.4-ийн “Е”-д “гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахааргүй үл хөдлөх зүйлээс түр хугацаагаар холбох” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Б дээрх зааврыг болон холбогдох хууль, дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй болох нь хохирогч Д.М, гэрч Ө.Э, Д.О, Т.А, Б.А нарын мэдүүлгүүдээр болон Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан өмгөөлөгч Ж.Чийн гомдол, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан фото зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч Б.Б хохирогчийг “өмдөө шувтлаад бөгсөө гаргаж, гараа ардаа ав” гэж хэлээд босоо байдлаас нурууг нь бөхийлгөж байгаад өгзөг тус газарт нь бороохойгоор олон удаа бороохойдож, хүний халдашгүй байдлыг зөрчиж биед нь халдах, улмаар хүч хэрэглэх нөхцөл байдал үүсээгүй байхад хохирогчийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, биед нь зовиур шаналал үүсгэсэн, мөн хохирогчийг олон цагийн турш паарнаас гавласан, гавтай хонуулсан, хэргийн газрын үзлэгт явахдаа гарыг нь ар нуруунд нь гавлаж тээвэрлэсэн, “чи ямар азтай пизда вэ” гэж хэлээд нүүр хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, “юмаа санасан уу” гэж хэлээд баруун бөөр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, мөн “төлөөлөгчид зодуулаагүй, гомдолгүй” гээд мэдүүлэг өгчихөөч гэж шаардах зэргээр үг, үйлдлээрээ хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй бөгөөд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдлүүд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авахаар өөрөө бусдын биемахбодь, сэтгэл санааг шаналган зовоосон” гэмт хэргүүдийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Шинжээч эмч Э.А нь хэдийгээр 2020 оны ... дугаартай “...Д.Мгийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн салаа утга бүхий дүгнэлтийг гаргасан ч мөрдөн шалгах ажиллагааны үед нэг удаа, мөрдөн байцаалтын шатанд нэг удаа, мөн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцон гаргасан дүгнэлтийнхээ утга, агуулгыг тайлбарласан тул шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б “...надад цахилгаан бороохой байхгүй, албанаас албан ёсоор тавьж өгөөгүй, “ Г ” хэлбэрийн резинэн бороохойноос өөр бороохой байхгүй... надад хувийн бороохой байхгүй, хувийн гав л байгаа.” гэх мэдүүлэг нь гэрч Г.Пын “...Алба хаагч нар өөрсдөө албандаа зориулж тусгай хэрэгсэл авах тохиолдол бүрийг хянах ямар ч боломжгүй...ямар ч л байсан Б.Б, Д.Б нарт манай цагдаагийн газраас гав олгож байгаагүй байна...өөрсдөө гав, бороохой авсан байж болно.” гэх, гэрч Б.Лгийн “...Тусгай хэрэгсэлгүй алба хаагч нар өөрсдөө хувьдаа тусгай хэрэгсэл авдаг байх магадлалтай, тэр бүрт бидний зүгээс хяналт тавиад байх боломжгүй.” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж үзэв.

Өмгөөлөгч Ю.Нямсүрэнгээс “...дахин шинжээч томилуулах, гэм буруугийн тал дээр хангалттай нотлох баримт байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах, улмаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй болно. Хохирол төлбөрийн талаар; Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед “...сууж босохоор ахар сүүл янгинаж өвдөж байгаа, мөн Б.Бд нүүрэндээ өшиглүүлсний улмаас хоёр шүд хөдөлгөөнд орсон бөгөөд хорих ял эдлэхээсээ өмнө хөдөлсөн хоёр шүдээ авхуулсан тул шүд хийлгэх мөнгөө нэхэмжилнэ” гэсэн боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирол нөхөн төлүүлэх эрх дараахь тохиолдолд үүснэ”, гээд 2.5 дахь заалтад “...яллагдагчийг эрүүдэн шүүсэн болох нь нотлогдсон” гэж, хуульчилсан тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар; Шүүх шүүгдэгч Б.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох нийт 5.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал, дүгнэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгуулийн хэмжээг 6.000.000 төгрөгөөр тогтоон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох...ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс...хугацааг тоолно” гэж заажээ. Шүүх шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирогчийн гомдолтой байдал, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан хор уршиг арилгаагүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Мгийн ахар сүүлний хэсгийн томографийн зургийг буулгасан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б. Бг “Эрүү шүүлт тулгах”, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ мянган төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн томографийн зургийг буулгасан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Хохирогч Д.М хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ