Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2026/00013

 

Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00233 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 224/МА2025/00030 дугаар магадлалтай

Т-ийн нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 155,102,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагч Б- нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Б-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 155,102,938 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00233 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б-эс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 23,269,380 төгрөг гаргуулж Уарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,833,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-эс 274,297 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 224/МА2025/00030 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00233 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын: “...хариуцагч Б-эс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 23,269,380 гаргуулж Уарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,833,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч Б-эс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 16,009,808 гаргуулж Уарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 139,093,130 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: “...274,297 төгрөг” гэснийг “...237,999 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дамдинсүрэн болон хариуцагч Б-ийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,295 төгрөгөөс 36,298 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Төрийн албан хаагч Мг төрийн албанаас халснаас төрд учруулсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн тухайд.

Урын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б-ийн 2022.04.18-ны өдрийн “Мг төрийн албанаас халах тухай” Б/15 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Мг төрийн албанаас халах шийдвэр гаргасан.

Иргэн М нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022.11.29-ний өдрийн 124/ШШ2022/55 дугаар шийдвэрээр Урын даргын 2022 оны Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Мг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн.

Иргэн М нь дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.18-ны өдрийн 152/ШШ2023/00279 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталсан байна.

Дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу Ураас 2023.06.11-ний өдөр 10,198,818 төгрөг, 2023.08.02-ны өдөр 5,810,990 төгрөг, нийт 16,009,808 төгрөгийг Мд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон.

4.2. Төрийн албан хаагч Ч-ийг төрийн албанаас халснаас төрд учруулсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн тухайд.

Урын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б-ийн 2021.01.21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч-ийг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Иргэн Ч- нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.14-ний өдрийн 09 дүгээр магадлалаар У-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч-ийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.24-ний өдрийн 487 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Ураас 2021.12.21-ний өдөр 6,570,525 төгрөг, 2021.12.23-ны өдөр 689,047 төгрөг, нийт 7,259,572 төгрөгийг Ч-ид ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна.

4.3. Нэр бүхий иргэдийг төрийн албанд хууль бусаар томилсонтой холбоотой нэхэмжлэлийн тухайд.

Т-ийн даргын 2021.08.31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн.

Уг хяналт шалгалтаар:

а/Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020.12.30-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Э-ыг тус газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр;

б/Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021.05.14-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Ц-ыг тус газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр;

в/Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021.02.23-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар З-ыг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр;

г/Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021.05.06-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Г-ийг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд тус тус Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон болохыг тогтоож, Т-ийн 2021.09.29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч Б-д өгсөн.

Гэвч Т-өөс хүргүүлсэн хугацаатай үүрэг даалгаврыг Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б- биелүүлээгүй тул Зөвлөлөөс 2022.03.09-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 123, 124, 209 дүгээр тогтоолуудыг гаргаж, Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны Б/65 дугаар, 2021 оны Б/22, Б/29 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгосоор байтал нэр бүхий иргэдийг хууль зөрчиж ажиллуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Б- нь биелүүлэх үүрэгтэй этгээд байсан.

Хариуцагч Б- нь Т-ийн тогтоолыг эс биелүүлж, Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчин томилж, тодорхой хугацааны дараа чөлөөлснөөр дараах төсвийн хөрөнгийг иргэдэд олгож, төрд хохирол учруулсан. Үүнд:

а/Иргэн Э-од 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсөнд 14,452,727 төгрөг;

б/Иргэн Ц-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 42,562,078 төгрөг;

в/Иргэн З-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 45,373,516 төгрөг;

г/Иргэн Г-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 29,445,237 төгрөгийг тус тус олгосон байна.

Түүнчлэн хариуцагч Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б- нь иргэн Э-ыг 2023.03.24-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар, иргэн Ц-ыг 2023.12.20-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар, иргэн З-ыг 2023.12.20-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар, иргэн Г-ийг 2023.12.20-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар тус тус төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг тус тус гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсныг төрийн албаны төв байгууллага тогтоосон бол иргэнд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцож, уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, нэр бүхий иргэдийг төрийн албанд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон болохыг Т-ийн 2021 оны 240 дүгээр тогтоолоор тогтоосон бөгөөд нэр бүхий 4 иргэнд нийт 131,833,558 төгрөгийг цалин хөлсөнд тооцож олгосон төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “ ...хариуцагч Б- нэр бүхий иргэдийг төрийн албанд томилсон үйлдэл нь 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 02 дугаар сар, 2021 оны 05 дугаар сард болсон байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсний улмаас учирсан хохирлыг шаардахаар байсан гэж, “ ...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт 2022.07.05-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт буюу “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон..., гэх нэмэлт өөрчлөлт нь тухайн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2022.07.05-ны өдрөөс хойш төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон үйл баримтад үйлчилнэ ...” гэж, “...Иймд нэхэмжлэгч Т-ийг 2022.07.05-ны өдөр шинээр батлагдсан хуулийн зохицуулалтыг баримтлан тухайн хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 02 дугаар сар, 2021 оны 05 дугаар сард болсон үйл баримтын үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхгүй...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэж тус тус үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.4. Хяналтын гомдол гаргах хууль зүйн үндэслэлийн тухайд.

Хариуцагч Б- нь Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэр бүхий 4 иргэнийг Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 02 дугаар сар, 2021 оны 05 дугаар сард томилсон болохыг Зөвлөлөөс тогтоож 2021.09.29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн бөгөөд Б- нь дээрх хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Зөвлөл 2022.03.09-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 122, 123, 124, 209 дугаар тогтоолуудыг гаргаж, нэр бүхий 4 иргэнийг томилсон тушаалуудыг хүчингүй болгосон тогтоолыг хүргүүлсээр байхад нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулсан.

Өөрөөр хэлбэл, Т-өөс 2022 оны 03 дугаар сард “Тушаал хүчингүй болгох тухай” 122, 123, 124, 209 дугаар тогтоолуудыг гаргаж хүргүүлсээр байхад дээрх нэр бүхий иргэдийг төрийн албанд хууль бусаар тушаал шийдвэргүй ажиллуулсан бөгөөд хуульд нэмэлт өөрчлөлт орсон 2022 оны 07 дугаар сараас төрийн албанаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд олгосон цалин хөлсийг нэхэмжилсэн болно.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт 2022.07.05-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлт нь тухайн хуулийг дааж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2022.07.05-ны өдрөөс хойш иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсон үйл баримтад үйлчилнэ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй, хуулийг зөрүүтэй тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Тодруулбал, 16,009,808 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбаруудаас зөрүүтэй байдлаар хуулийг тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд ИХШХШтХ-ийн 172.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Т- нь шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдааны явцад намайг шууд санаатай эсвэл илтэд болгоомжгүй байдлын алинаар нь буруутгаж байгаагаа тайлбарлаагүй. Энэ талаар тодорхой тайлбар хэлээгүй. Үүний улмаас бид энэ талаар мэтгэлцэх ч боломжгүй байсан. Гэтэл нэхэмжлэгчийн тодорхойлоогүй, нэхэмжлэлийн үндэслэлээ болгоогүй үндэслэл, нөхцөл байдлыг шүүх шийдвэртээ зааж байгаа нь талуудын зарчимд нийцэхгүй юм.

Улсын дээд шүүхийн 2024.11.07-ны өдрийн 00248 дугаартай тогтоолын 11.2 дахь хэсэгт “Т-, прокурор аль аль нь хуульд зааснаар нэхэмжлэл гаргасан ч гэм хорыг арилгах этгээд гэм буруутай болохыг нотолсон нөхцөлд гэм хорыг хангах урьдчилан нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, төрийн албан хаагчийг ажилд томилсон, чөлөөлсөн эрх зүйн акт хууль бус болох нь тогтоогдсон хэдий ч шийдвэр гаргасан этгээдийн санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл тогтоогдсон нөхцөлд л гэм хорыг хариуцна” гэж тайлбарласан. Иймд Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас чөлөөлсөн, халсан тушаалыг шүүх хүчингүй болгосон явдал нь намайг шууд санаатай гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй юм. Намайг шууд санаатай гэм буруутай болохыг нотлох үүрэг нь Т-д ногдож байгаа.

Төрд учирсан хохирлын хувьд Т- шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг Улсын дээд шүүхийн 2024.11.07-ны өдрийн 00248 дугаартай тогтоолд тодорхой тайлбарласан байна. Тодруулбал, тус тогтоолын хянавал хэсгийн 11 дэх хэсэгт гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байдаг тул зөрчигдсөн этгээд шаардах эрхтэй юм. Харин Т- болон прокурорын хувьд субьектив эрх нь зөрчигдөөгүй учраас шууд шаардах эрхгүй” гэж, “Т- хөдөлмөрийн маргаан дахь албан тушаалтны шийдвэрийг урьдчилан хянадаг учир ашиг сонирхлын зөрчилтэй, үүнээс хамаарч төрд учруулсан хохирлыг нэхэмжлэх эрх нь хязгаарлагдмал шинжийг агуулдаг байна” гэж тус тус тайлбарласан. Гэтэл Т- шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж авч, хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024.06.20-ны өдрийн 25 дугаартай тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 1.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан эсхүл захиргааны байгууллага. албан тушаалтны хувиар уйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэнэ” гэж тайлбарласан. Би аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хувиар маргаан бүхий тушаалуудыг гаргасан. Намайг тийнхүү төрийн жинхэнэ албан хаагчийн хувиар шийдвэр гаргах явцад төрд хохирол учруулсан хэмээн Т- үзэж, нэхэмжлэл гаргаж байгаа. Иймд Улсын дээд шүүхийн дээрх тогтоол, тайлбарын дагуу энэхүү маргааныг иргэний хэргийн шүүх бус захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх байсан. Иймд үүнтэй холбоотой нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагч Б- нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.12.04-ний өдрийн 001/ШХТ2025/01188 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

 7. Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Б-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 155,102,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Хариуцагч Б- нь Урын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус газрын Төрийн захиргааны удирдлагын дарга Мг 2022.04.18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч-ийг 2021.01.21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус тус ажлаас чөлөөлсөн ба тэрээр М, Ч- нарыг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлснийг шүүх тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу Мд ажилгүй байсан хугацааны олговорт 16,009,808 төгрөг, Ч-ид 7,259,572 төгрөгийг тус тус олгосон байна. Мөн төрийн албанд иргэн Э-, Ц-, З-, Г- нарыг хууль бусаар томилсон байсан тул уг тушаалуудыг Т-өөс хүчингүй болгосон. Гэтэл Б- нь Т-ийн тогтоолыг эс биелүүлж, дээрх нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж, Э-од 2022 оны 7-р сараас 2023 оны 3-р сар хүртэлх хугацааны цалин хөлсөнд 14,452,727 төгрөг, Ц-т 2022 оны 7-р сараас 2023 оны 12-р сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 42,562,078 төгрөг, З-т 2022 оны 7-р сараас 2023 оны 12-р сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 45,373,516 төгрөг, Г-т 2022 оны 7-р сараас 2023 оны 12-р сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 29,445,237 төгрөгийг тус тус олгосон байна. Төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсноос үүдэн төрд нийт 131,833,558 төгрөгийн хохирол учирсан байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...Т- нь өөрийн нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөөгүй тул гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно. М болон Ч- нарыг төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа хууль бус гэдгийг мэдсээр байж, шууд санаатай байдлаар хандаагүй, шүүхийн нэхэмжлэлд дурдагдсан шийдвэрүүд ч шууд санаатайгаар хохироосон гэсэн шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэдийг томилох хугацаанд Коронавируст халдвар /ковид/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албан хаагчийг томилох боломжгүй байсан тул Засаг даргын Тамгын газрын сул орон тоон дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийж, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргаж байсан. Т- төрийн албан хаагч нарын авсан цалинг надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Хариуцагч Б- 2022.04.18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Мг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.8, 37.1.13, 37.1.15 дахь заалтуудыг зөрчсөн гэж буруутгасан боловч “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т заасны дагуу энэ талаарх баримтыг бүрдүүлж, шалгаж тогтоогоогүй, өөрийн шууд удирдлагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааг холбогдох журамд заасны дагуу үнэлж, үнэлгээг танилцуулаагүй, ...2021.01.21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Ч-ийг эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй байхад тус тус ажлаас чөлөөлсөн буруутай байх тул хариуцагч нь хохирлыг хариуцна. Харин нэр бүхий 4 ажилтныг ажилд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн үндэслэлээр Т-ийн 2021.09.29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй тул тэднийг ажилд томилсон ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэвч дээрх хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулсаар 2022 оны 12 сард ажлаас чөлөөлсөн үндэслэлээр тэдэнд олгосон цалин хөлсөнд 131,833,558 төгрөгийн зардал гарч хохирол учирсан гэх шаардлагыг нэхэмжлэгч Т-ийг 2022.07.05-ны өдөр шинээр батлагдсан хуулийн зохицуулалтыг баримтлан тухайн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх буюу 2020 оны 12-р сар, 2021 оны 2-р сар, 2021 оны 5-р сард болсон үйл баримтын үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлт хийсэн,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: “...Ч-ийг ажлаас хууль бусаар чөлөөлсөн үйл баримт нь Төрийн албаны тухай хуульд 2022.07.05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хугацаанаас өмнө буюу 2021 оны 01 дүгээр сард болсон байх тул уг үйл баримтын үр дагаварыг арилгуулахаар шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 7,259,572 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно…” гэж дүгнэн, хариуцагчаас 16,009,808 төгрөг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.

10. Т- хариуцагч Б-д холбогдуулан албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд нийт 155,102,938 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлдээ 3 шаардлага гаргасан. Үүнд:

10.1. Урын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Мг төрийн албанаас хууль бусаар халах шийдвэр гаргаснаар түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт төрөөс 16,009,808 төгрөгийг олгосныг гаргуулах,

10.2. Тус аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч-ийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснөөр түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт  төрөөс 7,259,572 төгрөгийг олгосныг гаргуулах,

10.3. Хариуцагч нь Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э-ыг, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц-ыг, Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З-ыг, Хууль эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г-ийг тус тус томилохдоо Төрийн албаны тухай хууль зөрчсөн нь Т-ийн шалгалтаар тогтоогдсон тул Т-ийн 2021.09.29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор хугацаатай үүрэг даалгавар  өгч, алдаагаа засахыг даалгасан боловч биелүүлээгүй, Т- өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2022 оны 03 дугаар сард 122, 123,124,209 дүгээр тогтоолууд гаргаж, нэр бүхий албан тушаалтныг ажилд томилсон хариуцагчийн тушаалуудыг тус тус хүчингүй болгосон. Гэвч хариуцагч нь Э-ыг 2023 оны 03 сар хүртэл, Ц-, З-, Г- нарыг 2023.12.20-ний өдрийг хүртэл ажиллуулж, нийт 131,833,558 төгрөгийн цалин хөлс олгосныг энэ хэмжээгээр төрд хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, албан тушаалтан ажил үүргийн хувьд үүргээ гүйцэтгэсэнд гэм буруу байхгүй гэж маргажээ.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-д заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг эсхүл  улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т төрийн албаны төв байгууллага ...төрд учирсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус зохицуулсан.

12. Нэхэмжлэлийн эхний шаардлагын хувьд:

12.1. Нэхэмжлэгч Т- шаардлагын үндэслэлээ: “...хариуцагч Б- Урын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022.04.18-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Мг төрийн албанаас халах шийдвэр гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.29-ний өдрийн 124/ШШ2022/55 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 16,009,808 төгрөгийг тус аймгийн Засаг даргын тамгын газраас Мд нөхөж олгосон тул хууль зөрчиж тушаал гаргасан Б-эс дээрх төлбөрийг гаргуулж, төрд учирсан хохирлыг арилгуулна...” гэжээ.

Хариуцагч Б- нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Г.Алтанг албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй учраас албанаас халах шийдвэр гаргасан, ...шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр төрд гэм хор учруулсан нь тогтоогдоогүй тул гэм хорыг хариуцахгүй...” гэж маргажээ.

12.2. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, зөрүүгүй шийдвэр гаргасан. Тухайлбал, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.29-ний өдрийн 124/ШШ2022/055 шийдвэрээр хариуцагч Б-ийн Мг ажлаас чөлөөлсөн 2022.04.18-ны өдрийн Б/15 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын холбогдох заалтуудад нийцээгүй, Мгийн хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл зааж, тушаалыг хүчингүй болгож, Мг ажилд нь эгүүлэн тогтоожээ.

Шүүхийн дээрх шийдвэрт зааснаар Б- нь ажилтанд хариуцлага тооцохдоо түүний гаргасан зөрчлийг шалгаж, тогтоогоогүй, зөрчилтэй нь холбогдох баримтыг бүрдүүлээгүй, ажилтан хангалтгүй ажилласан талаарх үнэлгээг өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй, энэ талаар баримтгүй байхад албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр төрийн албанаас халах тухай шийдвэр гаргасан гэм буруутай гэж үзэхээр байх тул хоёр шатны шүүх хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэн, холбогдох хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад өөрийн эрх хэмжээний хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хариуцагчийн гэм буруугийн талаар тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд “...нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны явцад хариуцагчийг гэм буруугийн ямар хэлбэрээр буруутгаж байгаагаа тайлбарлаагүй тул мэтгэлцэх боломжгүй байсан, гэтэл шүүх нэхэмжлэгчийн тодорхойлоогүй үндэслэл, нөхцөл байдлыг шийдвэртээ заасан нь талуудын зарчимд нийцээгүй...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 13. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд:

13.1. Хариуцагч Б- 2021.01.21-ний өдрийн Б/05 тушаалаар тус аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч-ийг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлснөөс түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт төрөөс 7,259,572 төгрөгийг олгосныг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрч: “...аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоог хасаж баталсан, нэгэнт орон тоо байхгүй болсон тул Ч-ийг нийтлэг үйлчилгээний даргын албан тушаалаас чөлөөлөх шаардлагатай болсон. Энэ нь Засаг даргын баталсан шийдвэрийг төсвийн шууд захирагчийн хүрээнд биелүүлсэн. Шууд санаатай гэм буруутай гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

13.2. Нэхэмжлэлийн дээрх шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалын шийдлийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

Тухайлбал, Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль 2017.12.07-ны өдөр батлагдаж, 2019.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтад “төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнө” гэж зохицуулсан байсныг 2022.07.05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж өөрчилсөн байна.

Хариуцагч Б- Ч-ийг албан үүргээс чөлөөлсөн тушаалыг 2021.01.21-ний өдөр гаргасан, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Ч-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж дүгнэн, ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Ч- нь төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн үйлчилгээний албан тушаалтан тул тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулиар хариуцагч нь төрийн үйлчилгээний албан тушаалтныг ажлаас чөлөөлснөөр төрд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээгээгүй байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж зохицуулсан.

Төрийн албаны тухай хуулийн тухайн заалтад 2022.07.05-ны өдөр өөрчлөлт орсон, тус заалтыг буцаан хэрэглэхээр хуульд заагаагүй, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасан хууль буцаан хэрэглэх нөхцөл үүсээгүй тул хуулийн дээрх заалтыг буцаан хэрэглэхгүй.

Иймд нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

14. Нэхэмжлэлийн гуравдахь шаардлагын талаар:

14.1. Хариуцагч Б- Урын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2020.12.30-ны өдөр Э-ыг, 2021.05.14-ны өдөр Ц-ыг, 2021.02.23-ны өдөр З-ыг, 2021.05.06-ны өдөр Г-ийг тус тус Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж албан тушаалд томилсон болохыг Т-өөс тогтоож, 2021.09.29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй тул Зөвлөлөөс 2022 оны 03-р сард 122, 123, 124, 209 дүгээр тогтоолууд гаргаж, тэднийг ажилд томилсон ажил олгогчийн тушаалыг тус тус хүчингүй болгосоор байхад дээрх иргэдийг хууль зөрчин ажиллуулсан. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж зааснаар Зөвлөлийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй байтал биелүүлэлгүй, тэдгээрийг үргэлжлүүлэн ажиллууж, Э-ыг 2023.03.24-нд, Ц-, З-, Г- нарыг 2023.12.20-ны өдөр тус тус ажлаас чөлөөлсөн. Иймд Төрийн албаны тухай хуулийн /нэмэлт өөрчлөлт орсон 2022.07.05/ 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар тэдгээрийг үндэслэлгүй ажиллуулсан 2022 оны 07-р сараас хойш ажлаас халагдах хүртэл олгосон цалин хөлс 131,833,558 төгрөгийг төрд учирсан хохирол гэж тодорхойлон, хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ: “...Ажил хүлээж авсан 2020 оны 11 сараас хойш улсын хэмжээнд Ковид цар тахлын өвчин гарч, Коронавируст халдвар, ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд бусад хуулийн үйлчлэл зогссон байсан. Нэр бүхий хүмүүсийг сул орон тоонд, төрийн албаны нөөцөд байсан хүмүүсээс томилж ажиллуулсан. Ковидын хуулийн үйлчлэл 2023 оны 12-р сард дуусгавар болсон тул эдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. Т- дээрх хүмүүсийг ажлаас чөлөөлсөн шийдвэрээ мэдэгдээгүй, хүргүүлсэн болохоо нотлоогүй, эдгээр хүмүүстэй холбоотой шүүхийн шийдвэр гараагүй, тэд ажилласан хугацааны цалин хөлсөө авсаныг төрд хохирол учруулсан гэж үзэхгүй...” гэж маргажээ.

14.2. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

Тухайлбал, ажил олгогч буюу хариуцагч Б- нэр бүхий 4 албан тушаалтныг ажилд томилсон хугацаа нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д нэмэлт өөрчлөлт орсон 2022.07.05-ны өдрөөс өмнөх хугацаанд хамаарч байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтад ажилтныг хууль бусаар ажилд томилсон үндэслэл тусгагдаагүй байсан, нэмэлт өөрчлөлт орсон хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тул хэдийгээр нэхэмжлэгч нь 2022 оны 07-р сараас хойших хугацааны төлбөрийг нэхэмжилсэн боловч эдгээр ажилтныг ажилд томилох үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 Түүнчлэн нэр бүхий хүмүүсийг үндэслэлгүй ажилд томилсныг хүчингүй болгосон тухайгаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.

Харин нэр бүхий 4 иргэн тус албан тушаалд ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэсэн үндэслэлээр цалин хөлсөө авсныг төрд хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

14.3. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл зөв тул энэ шаардлагыг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж, 32 дугаар зйүлийн 32.2-т бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж байгаа этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу оролцож болно гэж, 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тодорхойлсон.

Хариуцагч Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас Г.Алтан, Ч- нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Ураас олгосон тул хуулийн дээрх зохицуулалтад зааснаар Уар өөрт учирсан хохирлоо шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болно.

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Б- 2025 он хүртэл Урын даргаар ажиллаж байсан ба Т-өөс хариуцагчид хандаж хохирол төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан боловч хариуцагч биелүүлээгүй, тэрээр өөртөө холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй эс үйлдэхүй байна.

Уар нь төрийн байгууллага, улмаар Уарт учирсан хохирлыг төрд хохирол учирсан гэж үзнэ, иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар Т- шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдыг хангахгүй.

16. Улсын дээд шүүхийн 2024.06.20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харъяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарлах тухай 25 дугаартай тогтоолыг 2024.09.20-ны өдрөөс дагаж мөрдсөн.

Энэ хэргийн хувьд 2024.04.25-ны өдөр нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн байх тул дээрх тогтоол хамаарахгүй, хоёр шатны шүүх хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд шүүх хэргийн харъяаллыг тогтоосон Улсын дээд шүүхийн тогтоол зөрчсөн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

17. Дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 224/МА2025/00030 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагч Б- нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б-эс 2025.10.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,999  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН            

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД