Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 190

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ц.Сүхбат,

шүүгдэгч М.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг /ҮД:2432/,

шүүгдэгч Д.Отгон-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг /ҮД:0856/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамж 385 тоотод оршин суух хаягтай,  Улаанбаатар хотын ажилчдын районы ардын шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус ялыг тэнсэж, хянан харгалзсан,

Улаанбаатар хотын ажилчдын районы ардын шүүхийн 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 92 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зуйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ял дээр Улаанбаатар хотын ажилчдын районы ардын шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг буюу 6 сарыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 339 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар ял оногдуулж, тус ял дээр Орхон аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас үлдсэн 9 сар 1 хоногийн ялыг тэнсэж сулласныг бүгдийг нэмж 1 жил 3 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус ялыг тэнсэж, хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 381 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдэх ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн, /РД:ЧА72042671/ Ухаа овогт Мягмарын Мөнхсайханд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 83 дугаар гудамж 121 тоотод түр оршин суудаг, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар, 14 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдаж байсан, /РД:ФБ88071377/ Жунай овогт Дөшийн Отгон-Эрдэнэд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201725020140 дугаар 185/2017/0224/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:              

 

Шүүгдэгч М.Мөнхсайхан шүүгдэгч Д.Отгон-Эрдэнэтэй бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэрхийн эх” худалдааны төвийн подвалийн цонхыг хагалан нэвтэрч, дотор нь лангуу түрээсэлж ажиллуулдаг иргэн О.Баасансүрэнгийн эзэмшлийн лангуунаас андройд болон нокиа маркийн гар утаснууд, гар утасны батарей, спикер, чихэвч зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.505.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, иргэн Ч.Даариймаагийн эзэмшлийн гоо сайхан, бэлэн хувцасны лангуунаас гоо сайхны бараа, бэлэн хувцас зэрэг эд зүйлс хулгайлж 1.005.600 төгрөгийн хохирол учруулсан,давтан үйлдлээр ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 2017 оны 01 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 175-54 тоотод байрлах иргэн З.Хосбаярын эзэмшлийн “Хур” супермаркетад залгаа өрөөнд нэвтэрч сүү, барилгын багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлан 324.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдрөө шүүгдэгч Д.Отгон-Эрдэнэтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 175-54 тоотод байрлах иргэн З.Хосбаярын эзэмшлийн “Хур” супермаркетын цонхыг арматур төмрийг багаж хэрэгслийн чанартайгаар хэрэглэн онгойлгон нэвтэрч үүрэн телефоны нэгжийн картууд, 4 шил архи, орлогын бэлэн 174.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 675.700 төгрөгийн хохирол учруулсан, нийтдээ иргэн З.Хосбаярт 999.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, нийтдээ бусдад 4.510.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирл учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Отгон-Эрдэнэ шүүгдэгч М.Мөнхсайхантай бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэрхийн эх” худалдааны төвийн подвалийн цонхыг хагалан нэвтэрч, дотор нь лангуу түрээсэлж ажиллуулдаг иргэн О.Баасансүрэнгийн эзэмшлийн лангуунаас андройд болон нокиа маркийн гар утаснууд, гар утасны батарей, спикер, чихэвч зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.505.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, иргэн Ч.Даариймаагийн эзэмшлийн гоо сайхан, бэлэн хувцасны лангуунаас гоо сайхны бараа, бэлэн хувцас зэрэг эд зүйлс хулгайлж 1.005.600 төгрөгийн хохирол учруулсан,давтан үйлдлээр шүүгдэгч М.Мөнхсайхантай бүлэглэж, 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 2017 оны 01 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 175-54 тоотод байрлах иргэн З.Хосбаярын эзэмшлийн “Хур” супермаркетын цонхыг арматур төмрийг багаж хэрэгслийн чанартайгаар хэрэглэн онгойлгон нэвтэрч үүрэн телефоны нэгжийн картууд, 4 шил архи, орлогын бэлэн 174.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 675.700 төгрөгийн хохирол учруулсан, нийтдээ иргэн З.Хосбаярт 999.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, нийтдээ бусдад 4.186.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирл учруулсан гэмт хэрэг,

2017 оны 01 дүгээр сард гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, шүүгдэгч М.Мөнхсайханы ганцаараа хулгайлсан барилгын багаж хэрэгсэл, сүү зэрэг эд зүйлсийг урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдэцгээсэн нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхсайханы: Улсын яллагчийн уншсан яллах дүгнэлт дээр бичигдсэн нь үнэн зөв. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн талаар шүүхэд мэдүүлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Отгон-Эрдэнийн: Би хэргийн талаар мөрдөн байцаалтад бүх мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч О.Баасансүрэнгийн: ...2016 оны 12 сарын 27-ны өглөө хулгай орсны өглөө 10 цагийн орчимд манай худалдагч охин Пагамжав миний утас руу залгаад Тэрхийн эх дотор хулгай орчихсон юм шиг байна, бид нарыг оруулахгүй цагдаа дуудаад гадаа хүлээж байна гэсэн... Тэрхийн эхийн лангуун дээрээ очиж Пагамжавтай цуг тооллого хийж алдагдсан эд зүйлсээ тоолж үзэхэд 40 гаран ширхэг гар утас, гар утасны батарейнууд, хэдэн төрлийн чихэвчнүүд, спикер зэрэг эд зүйлсүүд алдагдсан гэж тооллогоор гарсан... Нийтдээ гар утас, батарей, чихэвч болон бусад алдагдсан эд зүйлээ тооцоход 2.505.000 төгрөгийн хохирол учирсан байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-42-43/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Дариймаагийн: ...Цагдаа нар ирэхийг хүлээж байгаад ирснийх нь дараа би 2 лангуу руугаа орж үзэхэд бэлэн хувцасны лангуунаас баахан хувцаснууд цувуулаад газарт хаячихсан бас өлгөөтэй зарагдаж байсан өмднүүд, хүүхдийн цагаан футболка зэрэг хувцаснуудыг газраар хаячихсан байсан... Манай Тэрхийн эх худалдааны төвийн подвалийн давхрын агаар оруулах зориулалт бүхий нарийхан урт вакум цонхоор хулгайч орсон байна лээ. Уг цонхны шилийг хагалаад хаячихсан байсан... Манай бэлэн хувцасны лангуунаас 688.000 төгрөгийн эд зүйлс алдагдсан байна. Үүнээс гадна өөдөөс нь харсан гоо сайхны лангуунаас... нийт 317.600 төгрөгийн бараа алдагдсан байна. Ингээд нийт 1.005.600 төгрөгийн хохирол надад учирсан байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-45-46/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Мөнхцэцэгийн: ...Манай лангуунаас хүүхдийн өмд болон эрэгтэй дотоож алдагдсан. Хүүхдийн өмднүүд нь нийтдээ 4 ширхэг алдагдсан... Харин лангууны үзүүрт ил байсан ууттай эрэгтэй дотоож 17 ширхэг алга болсон... Яг манай хажуу талын гар утасны лангуунаас л нилээд юм алдагдсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-49/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Даваасүрэнгийн: ...2016 оны 12 дугаар сарын сүүлчээр нэг өдөр ажил хөөцөлдөнө гээд ганцаараа гараад явсан. Тэгээд орой нь 18-19 цагийн орчимд над руу одоо гэртээ харилаа гэж утсаар ярьчихаад таг болчихсон. Тэр орой гэртээ ч ирээгүй, утас нь салчихсан байсан. Тэгээд маргааш өдөр нь гэрт ирэхдээ Мөнхсайхан гэдэг хүнтэй цуг хоёулхнаа согтуу, халамцуу ирсэн. Хаачсан талаар асуухад архи ууж байгаад ирлээ л гэж хэлсэн. Тэрнээс хойш Мөнхсайхан нь явахгүй манайд байдаг болсон... Нэг орой би Мөнхсайханыг ах дүү нар дээрээ оч гээд хөөгөөд явуулсан. Тэгтэл буцаад шөнө нь орж ирснээ манай нөхөр Отгон-Эрдэнийг дагуулаад гараад явсан... Гарч яваад 2-3 цагийн дараа 2-3 шил архи барьчихсан, өөрсдөө уучихсан байдалтай гаднаас Отгон-Эрдэнэ, Мөнхсайхан нар хоёулаа орж ирсэн... Тэр шөнө гарахдаа бол Отгон-Эрдэнэд ямар ч мөнгө байгаагүй, нөгөө дагуулж гарсан Мөнхсайханд мөнгө байсан эсэхийг мэдэхгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-53/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Пагамжавын: ...Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7-н буудлын эцэст байрлах Тэрхийн эх худалдааны төвийн подвалийн давхарын гар утас, түүний дагалдах хэрэгсэл зардаг лангуунд худалдагчаар 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажиллаж байна... 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө гэрээсээ гарах гэж байсан чинь подвалийн давхарт үсчин хийдэг Оюунгэрэл гэдэг эгч над руу залгаад “танай лангуунд хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад иртэл цагдаа нар ирээгүй байсан... Тэр өдөр подваль руугаа ороод лангуугаа үзэхэд шилэн лангуун дотор өрөөстэй байсан 55 орчим ширхэг гар утаснаас лангуун дотор 13 ширхэг утас нь үлдээд бусад нь алга болсон байсан... Батарейнаас 25 ширхэг алдагдсан байсан. Тэгээд чихэвч, спикер, 10 ширхэг мемори уншигч зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан... Уг подваль ердөө хоёрхон вакум цонхтой, гэтэл нэг цонхных нь шилийг хагалаад хулгай орсон байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-56-57/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Тунгалагийн: ...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өглөө би ажилдаа ирсэн. Ирээд 1 давхартаа дэлгүүр дотроо байж байхад подвалийн давхарт үсчин хийдэг эмэгтэй өглөө ирсэн. Тэгээд дээшээ гарч ирээд “доор байгаа хамаг эд зүйл бусниулчихсан байна хараадахаач” гэхээр нь хамт доошоо орж үзсэн. Тэгтэл манай подвалийн давхарын хойшоо харсан вакум цонхны шил нь хагарчихсан, гар утас болон өлгүүртэй хувцас зэрэг эд зүйлс уг хагархай цонхоор цувчихсан, наад талд нь уначихсан байсан юм... Гоо сайхан, бэлэн хувцас, гар утас, түүний дагалдах хэрэгсэл, хүүхдийн хувцас болон дотуур хувцаснуудаас эд зүйлс алдагдсан гэж тэдгээр лангууны түрээслэгч нар ярьж байсан... Ерөнхийдөө эдгээр хүмүүсээс сарын 150-200.000 төгрөгийн түрээс авдаг юм... Миний хувьд бол гомдол, санал нэхэмжлэх зүйл алга... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-65/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Анхзаяагийн: ...Тэрхийн эх худалдааны төвийн подвалийн давхарт үсчин хийдэг болсон... 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө эрт ажилдаа ирсэн... Тэгээд подвалийн давхар руугаа ортол подвалийн давхрын түрээслэгч нараас хэн ч ажилдаа ирээгүй байсан. Тэгээд ортол хамгийн наад талын гар утасны худалдаа болон дотуур хувцасны лангууг хаагаад бүтээчихсэн байсан даавуунууд хөдлөөд нурчихсан байсан юм... Тэгээд цаашаа өөрсдийнхөө үсчин хийдэг өрөө рүүгээ орсон чинь подвалийн давхарт гоо сайхан бэлэн хувцас зардаг Дариймаа гэдэг эмэгтэй лангууны хувцаснууд нь цувраад газраар нэг уначихсан байсан.... Тэгээд би... худалдааны төвийн эзэн Тунгалаг... эгчид хэлсэн. Тэгээд бид хоёр цуг бууж ирээд подвалийн давхраа шалгахад подвалийн хойд талын хэвтээ нарийхан вакум цонхны шил хагарч хулгай орсон байсан. Дотор талд шалан дээр хамаг эд зүйлсүүд цуварчихсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-66/,

 

          Мөрдөн байцаалтад Д.Отгон-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар: ... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил ах Мөнхсайхан болон хэдэн хүмүүстэй цуг 7-н буудлын эцэст айлд архи ууцгаасан. Тэгээд 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Мөнхсайхан ахтай цуг харилаа гээд цуг гарч явсан. Тухайн үед бид хоёр нилээд согтуу явсан тул хүнээс мөнгө зээлье гэж бодоод 7-н буудлын Мянганы уул дэлгүүрийн манаачийнх нь гэрт очтол хүн байхгүй байсан. Тэгээд хойд талаар нь тойроод энд нэг дэлгүүр байдаг юм гээд Тэрхийн эх дэлгүүрийн хойд талд нь очсон. Тэр айлд хүн байхгүй байсан тул энүүгээр нь дамжаад уг дэлгүүр лүү орчихож болох юм биш үү гээд Мөнхсайхан ахтай ярилцаад Тэрхийн эх худалдааны төвийн арынх нь хэвтээ нарийхан вакум цонхоор орсон. Би уг цонхыг өшиглөөд шилийг нь эхлээд хагалчихсан. Тэгээд гараа хийгээд рүчикээр нь цонхыг онгойлгоод Мөнхсайхан ах уг цонхоор орсон. Тэгээд тойрч явж байснаа буцаад цонхон дээр хүрээд ирсэн. Тэгээд яасан гэтэл юм алга аа гэсэн. Тэгвэл гараад ир гэсэн чинь за байж бай гэж хэлчихээд нөгөө дэлгүүр дотор яваад байсан. Тэгснээ хувцсанд боолттой баахан гар утаснууд, тэгээд хэдэн бэлэн хувцаснуудыг цонхоор гаргаж надад өгсөн. Тэгээд Мөнхсайхан ах уг цонхоор буцаж гарч ирээд бид хоёр тэндэхийн хажууханд байсан барилгын хогон дээрээс 3 хоосон шуудай аваад хулгайлсан зүйлсээ хийж байснаа санаж байгаа юм... Тэгээд өглөө 08 цагийн орчимд Мөнхсайхан ах бид хоёр цуг явж байгаад Монтел худалдааны төвийн тэнд явуулын хүмүүст тараагаад зараад байсан. Бусад хулгайлсан хувцас хунарыг Мөнхсайхан ах бид 2 хоёулаа барьж яваад нөгөөдөр нь Нарантуул зах дээр аваачиж явуулын танихгүй хүмүүст зарсан... Уг мөнгөөр Мөнхсайхан бид хоёр архи уугаад дуусгасан... Архи уух гээд архины мөнгө олох гээд л цуг явж байгаад нийлээд хулгай хийчихсэн юм... ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна... Одоо яаж эдгээр зүйлс олдох билээ дандаа явуулын танихгүй хүмүүст зарж үрсэн. Ломбарданд тавьсан нэг ч юм байхгүй ээ... Гоо сайхны бараанууд, хүүхдийн хувцас, эмэгтэй хүний платье, өмднүүд гээд дээр нь нокиа маркийн товчлууртай гар утаснууд зэрэг эд зүйлсүүд бол байсан. Зарим гоо сайхны бараа, хувцас хунарыг энд тэнд явж байхдаа хаячихсан гэж Мөнхсайхан ах ярьж байсан. Би тэр үедээ нилээн согтуу орон гаран явсан тул хаана юугаа хаяснаа мэдэхгүй байна. Бусад эд зүйлсийг нь явуулын хүмүүст зараад дуусгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-126-127, 139-140/,

 

          Мөрдөн байцаалтад М.Мөнхсайханы: ...2016 оны 12 сарын 26-наас 27-нд шилжих шөнө... 7-н буудлын эцсийн Тэрхийн эх худалдааны төвийн арынх нь жижиг порчикон цонхоор нэвтрэн орсон... Уг порчикийг өшиглөөд л онгойлгочихсон. Тэгээд би уг цонхоор орж, Отгон-Эрдэнийг гадаа нь байж бай гэж хэлсэн. Тэгээд уг цонхоор ороод лангуун дотроос гар утаснууд байсныг авсан. Тэнд явж байгаад хүүхдийн хувцас хунар, эмэгтэй хүний платье зэрэг эд зүйлсүүдийг аваад цонхоор гаргаж Отгон-Эрдэнэд өгсөн. Тэгээд л би гараад Отгон-Эрдэнэ бид хоёр яг хажуу талд нь хог хийчихсэн байсан шуудайнаас хоёрыг султгаж аваад хулгайлсан эд зүйлсээ хийгээд Отгон-Эрдэнийх рүү явсан. Тэгээд маргааш нь Нарантуул зах гарч хулгайлсан утаснууд болон хувцаснуудыг явуулын хүмүүст өгч зарсан. Бас Монтелын тэнд очиж явуулын хүмүүст үлдсэн гар утаснуудыг зарсан... Тэгээд энэ олсон мөнгөөрөө Отгон-Эрдэнэ бид хоёр архи авч уугаад дуусгасан. Бид хоёр цуг яваад эд зүйлсээ зарсан... Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-129-130, 142-143/,

Эд зүйлийн үнэлгээ /Хохирогч Ч.Даариймаагийн нийт үнэлгээ 1.005.600/ 1хх-148-149,

Эд зүйлийн үнэлгээ /Хохирогч Н.Мөнхцэцэгийн нийт үнэлгээ 75.000/ 1хх-150,

Эд зүйлийн үнэлгээ /Хохирогч О.Баасансүрэнгийн нийт үнэлгээ 2.505.000/ 1хх-151-153,

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-16/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч З.Хосбаярын: ...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн 175-54 тоотод “Хур” нэр супермаркетыг ажиллуулж эхэлсэн юм... 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд манай дэлгүүрт кассчин хийдэг хадам эгч болох Цолмон миний утас руу залгаад “кассын үлдэгдэл мөнгө байхгүй байна, хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь кассын машинд байх ёстой гэдгийг нь хэлсэн. Тэгээд хулгай орсон байж магадгүй шалгаад үз гэтэл хойд талын вакум цонхны порчик онгорхой байна гэхээр нь хулгай орсон талаар мэдсэн... Би эхнэртэйгээ хамт 10 цаг өнгөрч байхад Хур супермаркет дээрээ иртэл манай супермаркетын хойд талын 2 цонхны урд талынх нь вакум цонх онгойчихсон байсан... Кассын машины доод талын шүүгээний татуурганд хийчихсэн байсан урд өдрийн орлогоны үлдэгдэл задгай 174.000 төгрөг алга болчихсон, татуурга нь хагас онгойчихсон байсан. Уг мөнгөтэй шүүгээний дээд талын цагаан өнгийн татуурган дотор... нэгжийн картууд хийчихсэн байсныг аваад явчихсан байсан... 1 литрийн Голд чингис архи, 0.75 литрийн Голд чингис архи, 0.75 литрийн Соёрхол 2 шилийг авчихсан байсан... Супермаркетын хажуу талд уул руугаа харсан цонхтой нэг өрөө байдаг... Тэр өрөөний цонх нь гадна талдаа решотик төмөр байхгүй. Гэтэл тэр цонхоор хулгай орсон байсан. Гэтэл уг өрөөний цонхоор хулгай орж барилгын багажнууд алдагдсан байсан. Бас уг өрөөнд түр тавьчихсан байсан 1 литртэй шинэ өглөө гэдэг сүүнээс 12 ширхэг алдагдсан. Хулгайч уг өрөөний цонхоор эхэлж ороод тэр өрөөнд байсан арматур төмрийг авч Супермаркетын решотик төмрийг эвдэлсэн байсан. Учир нь супермаркетын хулгай орсон цонхны доод талд уг арматур төмөр хэвтэж байсан юм... Ингээд манайхаас нийт 1.089.700 төгрөгийн үнэтэй эд зүйлс, бараа хулгайд алдагдсан байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-51/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Цолмонгийн: ...2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд өөрийн дүүгийн нөхөр болох Хосбаярын эзэмшлийн Хур нэртэй супермаркетад кассын ажлаа хийхээр очсон... Ингээд өглөө түлхүүрээрээ хаалгаа онгойлгоход хаалганд бол эвдрэл байгаагүй. Тэгээд хувцсаа сольж өмсөөд, дэлгүүрээ нар зөв тойроод бараанууд дутуу байна уу, үгүй юу гээд дутуу байвал авчирч өрөлт хийдэг. Тэгээд явж байсан архины тасган дээрээс Жем үйлдвэрийн Соёрхол, Чингис гэдэг архинууд дутуу харагдахаар нь би шинээр аваад өрсөн... Хүн орж ирээд худалдан авалт хийхээр нь хариулт мөнгө өгөх гэтэл кассын машины доод талын шүүгээн дотор байсан урд өдрийн орлогын үлдэгдэл мөнгө юу ч байхгүй байсан. Тэгээд би хүргэн дүү Хосбаяр луу залгаад үлдэгдэл мөнгөө яасан юм бэ гэтэл кассандаа үлдээсэн ш дээ гэхээр нь ямар ч мөнгө төгрөг алга гэсэн. Тэгээд намайг цонхоо тойроод хараач гэхээр нь би цонхнуудаа бүгдийг нь тойроод хартал урд талын цонхнууд зүгээр байсан. Хойд талын вакум цонхны поорчик онгорхой байсан. Гадна талын решотик төмөр нь эвдэрчихсэн юм шиг харагдаж байсан. Тэгээд, 500 төгрөг, Юнителийн 1000 нэгжийн карт зэрэг эд зүйлүүдийг цувуулаад лангуун дээр дээшээ гарч явахдаа унагаачихсан юм шиг цувруулаад унагаачихсан байсан. Тэр шөнө дэлгүүрээс миний харж тооцоолсноор бол Жем үйлдвэрийн Соёрхол, Хар чингис архинаас том шилтэй архинууд алга болсон байсан... Бас кассын машины дотор шүүгээн дотор байсан үлдэгдэл орлогын мөнгө алга болсон... бүх үүрэн телефоны нэгжийн картууд бүгд алга болсон... Тэр өдөр дэлгүүртэй залгаа байдаг хаалгатай өрөөнд хайрцагтай Өглөө сүүг оруулаад тавьчихсан байсан чинь алга болсон байсан. Тэр өрөөний вакум цонхны шил хагарч хулгай орсон байсан. Мөн тэр өрөөнд засвар хийж байсан... барилгын багажнууд бас алга болсон байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-62-63/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Чойбалсангийн: ...Уг дэлгүүрт хулгай орсны маргааш буюу 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хороо хариуцсан хэсгийн байцаагчийн хувьд хэрэг гарсан нутаг дэвсгэрээр явж эрэн сурвалжлах ажил хийсэн... Хур нэртэй супермаркетын камерын бичлэгийг шалгаж үзэхэд дэлгүүр доторх камерын бичлэг дээр үл таних 40 орчим насны бараан хувцастай, ноосон малгайтай, гэрэл ойлгогч туузтай хагас түрийтэй гуталтай ганц эрэгтэй хүн уг дэлгүүр дотор алхаж яваа бичлэг камерт тусгагдсан байсан тул өөрийн Ай фон 4 маркийн гар утасны видео бичлэг хэсэг дээр хуулбарлаж авсан... Хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн хэсгийг л хуулбарлаж авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-64/,

 

            Мөрдөн байцаалтад М.Мөнхсайханы сэжигтнээр: ...2017 оны 01 сарын 07-ны өдөр... би Отгон-Эрдэнийнх рүү явж байгаад замдаа 2 давхар шилэн цагаан өнгөтэй дэлгүүр байхаар нь тойроод ард талд очиход сараалжин төмөргүй вакум цонх байсан. Тэр цонхыг нь би хөлөөрөө өшиглөж онгойлгоод ороход дотор нь барилгын материалын цахилгаан багажнууд байсан. Тэрийг нь шуудайнд хийгээд авч гарсан. Тэгээд буцаж гараад алхсаар байгаад Отгон-Эрдэнийн гэрт очсон. Би Отгон-Эрдэнийг сэрээгээд... дагуулж яваад тэр дэлгүүрт очсон. Тэгээд цонхны сараалжин төмрийг нь хөшиж онгойлгоод цонхыг нь түлхээд би дэлгүүр рүү орсон. Отгон-Эрдэнэ гадаа хүн хараад үлдсэн. Би ороод кассаас нь нэгжнүүд бас бэлэн мөнгө байхаар нь аваад... лангуун дээрээс бас 4 шил... архи аваад гаргаж өгсөн... Би хулгай хийх санааг гаргасан... Нилээн согтуу байсан. Биеэ авч явах чадваргүй хэмжээнд байсан... Арматур төмрөөр цохиод хаалтыг нь унагаасан. Цонхыг нь арматур төмрөөр хөшиж онгойлгосон... Бүгдийг нь зараад дуусгачихсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-135-136/,

 

            Мөрдөн байцаалтад Д.Отгон-Эрдэнийн сэжигтнээр: ...2017 оны 01 сарын эхээр он гарсны дараа Мөнхсайхан ах дүүгийндээ очно гээд манайхаас нэг шөнө 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд шөнө 02 цаг болж байхад буцаад ороод ирсэн. Орж ирэхдээ шуудайнд хийчихсэн барилгын багажнууд бариад ороод ирсэн. Тэгснээ хоёулаа гаръя гэсэн. Тэгээд Мөнхсайхантай цуг гараад зам руу гарч байтал Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны урагшаа колонкийн хойд талд байдаг шинээр нээгдсэн цагаан өнгийн супермаркетын цонхыг онгойлгоод өгчих гэсэн. Тэр өдөр нь би бас нэлээд уучихсан байсан. Тэгээд согтуугаараа очоод энд архи байгаа гэхээр нь архи уумаар санагдаад хойд талынх нь вакум цонхыг арматурын төмрөөр хөшиж онгойлгосон. Уг төмрийг Мөнхсайхан ах урьд нь орж багаж авсан цонхныхоо дотор талаас авч өгсөн юм. Тэгээд решотик төмрийг хөшсөн, вакум цонхыг нь хөшиж би онгойлгосон. Намайг орчих гэхээр нь би орохгүй гэсэн чинь тэгвэл би оръё гээд Мөнхсайхан ах өөрөө орсон. Тэгээд нэг саарал ууттай эд зүйлүүд надад гаргаж ирж өгсөн. Тэрэн дотор нь бутархай мөнгөнүүд, гар утасны нэгжнүүд байсан. Бас 4 шил архи авч өгсөн... Бүх зүйлүүдээ аваад манайд очсон. Манайд архинуудаа уугаад дуусгасан. Бутархай мөнгө нь зуу гаран мянган төгрөг байсныг Мөнхсайхан ах авсан. Гар утасны нэгжнүүдийг Нарантуул зах дээр хулгай орсноос хойш 5-6 хоногийн дараа аваачиж явуулын хүмүүст тал үнээр нь зарсан. Цохилттой дрилл, хөрөө, таслагч, уртасгагч зэрэг 4 ширхэг багажнуудыг Хороололд согтуу явж байгаад явуулын хүмүүст зарчихсан юм. Одоо хулгайн ямар ч эд зүйл байхгүй, зарж олсон мөнгөөрөө архи дарс уугаад л дуусгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-126-127/,

 

            Мөрдөн байцаалтад М.Мөнхсайханы сэжигтнээр: ...2017 оны 01 сарын эхээр согтуу явж байгаад шөнө дундын үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны наахан талд байдаг шинээр баригдсан цагаан өнгийн супермаркетын хойд талын порчикоор орж кассаас нь эд зүйл болон гар утасны нэгжийн картууд, 3 бил үү 4 шил архи, бэлэн 100.000 гаран мянган төгрөг зэргийг хулгайлсан. Энэ үйлдэлд Отгон-Эрдэнэ надтай цуг явж оролцсон. Өөр юу хулгайлж авснаа санахгүй байна. Тэр үед нилээд согтсон муудсан байдалтай явсан. Энэ хулгай хийх санааг бол би гаргасан. Архи уух гэж л мөнгө олох гэж л уусан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-129-130/,

 

            Мөрдөн байцаалтад Д.Отгон-Эрдэнийн яллагдагчаар: ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна... Одоо яаж эдгээр зүйлс олдох билээ дандаа явуулын танихгүй хүмүүст зарж үрсэн. Ломбарданд тавьсан нэг ч юм байхгүй ээ... Гоо сайхны бараанууд, хүүхдийн хувцас, эмэгтэй хүний платье, өмднүүд гээд дээр нь нокиа маркийн товчлууртай гар утаснууд зэрэг эд зүйлсүүд бол байсан. Зарим гоо сайхны бараа, хувцас хунарыг энд тэнд явж байхдаа хаячихсан гэж Мөнхсайхан ах ярьж байсан. Би тэр үедээ нилээд согтуу орон гаран явсан тул хаана юугаа хаяснаа мэдэхгүй байна. Бусад эд зүйлсийг нь явуулын хүмүүст зараад дуусгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-139-140/,

 

Эд зүйлийн үнэлгээ /Хохирогч З.Хосбаяр нийт үнэлгээ 999.700/ /1хх-146-147/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-28-34/,

 

шүүгдэгч М.Мөнхсайханы хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-196/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-197/, Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолуудын хуулбар /1хх-212-227, 2хх-15/,

шүүгдэгч Д.Отгон-Эрдэнийн: иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-181/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-183/, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 сарын 24-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-228-231/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-188-190/ зэрэг цуглуулж, бэхжүүлж авсан баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийснээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч М.Мөнхсайхан, шүүгдэгч Д.Отгон-Эрдэнэ нар урьд ял шийтгэгдэж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байгаа боловч тэдний ялтай байдал  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч байна.

Шүүгдэгч М.Мөнхсайхан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байх тул оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж, хохиролд 2.379.650 төгрөг гаргуулан хохирогч О.Баасансүрэнд 1.252.500 төгрөг, хохирогч Ч.Дариймаад 502.800 төгрөг, хохирогч З.Хосбаярт 586.850 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхцэцэгт 37.500 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Отгон-Эрдэнэ хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулав.

Шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүйг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Мягмарын Мөнхсайханыг бүлэглэн, давтан үйлдлээр, багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Дөшийн Отгон-Эрдэнийг бүлэглэн, давтан үйлдлээр, багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Мягмарын Мөнхсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Дөшийн Отгон-Эрдэнийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Отгон-Эрдэнэд оногдуулсан баривчлах ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Мөнхсайханд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар М.Мөнхсайхан, Д.Отгон-Эрдэнэ нарын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 121 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Мөнхсайханаас 2.379.650 /хоёр сая гурван зуун далан есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан,

хохирогч /РД:ИЭ85111507/ Очирбалын Баасансүрэнд 1.252.500 /нэг сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг,

хохирогч /РД:ХГ79051308/ Чулуунбатын Дариймаад 502.800 /таван зуун хоёр мянга найман зуу/ төгрөгийг,

хохирогч /РД:СА87050815/ Занданпүрэвийн Хосбаярт 586.850 /таван зуун наян зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч /РД:ЧД84050168/ Нуурагийн Мөнхцэцэгт 37.500 /гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгосугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг арматурын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  2. Д.Отгон-Эрдэнэ бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Мөнхсайхан, Д.Отгон-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  
  4. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Мөнхсайхан, Д.Отгон-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.       

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ү.ТҮМЭНЖАРГАЛ