Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2018/00124

 

    А.Б-гийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00635 дугаар шийдвэртэй, А.Б-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай. 

Нэхэмжлэлд: “Миний бие “Э” цогцолбор сургуулийн захирлаар 2014 онд томилогдсон бөгөөд ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл аймгийн Засаг дарга улс төрийн зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг тус тус баримталсан байх бөгөөд  тус хуулийн 131 дүгээр зүйлд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хэлбэр, 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг тусгасан байх тул хуулийн дээрх заалтуудыг ажил олгогч давхар баримталсан нь хуульд нийцээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1-т зааснаар сонсох ажиллагааг хийх үүрэгтэй ба сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах байсан. Өлгий сумын 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Гүлжазира нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд тус сургуулийн захирал К.Е-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан. Тэрээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч К.Е-ийг ажилтай болгох зорилгоор түүнийг “Э” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилж, намайг улс төрийн золиос болгосон нь харамсалтай. Иймд намайг “Э” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Аймгийн Засаг даргын 2018 оны А/160 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар Өлгий сумын “Э” цогцолбор сургуулийн захирал А.Б нь дээд шатны байгууллагын шийдвэргүйгээр өөрөө өөртөө тушаал гарган үр дүнгийн урамшууллыг удаа дараа авсан нь санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 18/03-67 дугаар акт, улсын ахлах байцаагчийн 2018 оны 18-07/35 дугаар актаар тогтоогдож, 2018 оны 9 дүгээр тушаалаар багш ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох тушаал гаргаж хавсралтаар батлахад өөрийн нэрийг оролцуулалгүйгээр мөн адил урамшуулал авсан, багш ажилчдын үр дүнгийн урамшууллыг хугацаанд нь өгөөгүй, илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, төрийн аудитын шалгалтаар өглөгтэй гэсэн зөрчил илэрсэн, “Э” цогцолбор цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг батлаагүй Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон Боловсролын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, сургуулийн халаалтыг хувийн компани, аж ахуйн нэгж байгууллагад түрээсэлж болохгүй гэж аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтыг зөрчиж Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт, УИХ-ын 2002 оны 56 дугаар тогтоол, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 03 дугаар тогтоолыг үндэслэл болгож Эрчим хүчээр хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 3.1.18, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1, 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтыг зөрчиж “Н” ХХК-тай сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөн “үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “А” ХХК-тай гэрээ байгуулж, уг компанид өөрийн төрсөн дүүг ажилд оруулан хөндлөнгөөс нөлөөлж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, удирдах дээд байгууллагад мэдэгдэлгүйгээр 11 хоног ажил тасалж, уг тасалсан хоногт эмчийн акт авчирсан атлаа нийгмийн даатгалын байгууллагаас авах ёстой хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагаасаа гаргаж авсан зөрчлүүдийг гаргасан нь шалгалтаар болон төрийн аудитын шалгалтаар тус тус тогтоогдсон тул Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 24 дүгээр зүйлийн 24.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1, Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 30 дугаар зүйлийн 30.1.15, 42 дугаар зүйлийн 42.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.3, 15 дугаар зүйлийн 15.1, 11 дүгээр зүйлийн 11.2.6, 11.2.9, 12 дугаар зүйлийн 12.8.6, Засгийн газрын 2017 оны 34 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 6.7 дахь хэсгийг тус тус баримтлан А.Б-г үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргасан. Иймд А.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00635 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.Б-г Өлгий сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд: “Аймгийн Засаг даргын 2018 оны А/160 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийхэд Өлгий сумын “Э” цогцолбор сургуулийн захирал А.Б нь дээд шатны байгууллагын шийдвэргүйгээр өөрөө өөртөө тушаал гарган үр дүнгийн урамшууллыг удаа дараа авсан нь санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 18/03-67 дугаар акт, улсын ахлах байцаагчийн 2018 оны 18-07/35 дугаар актаар тогтоогдож, 2018 оны 9 дүгээр тушаалаар багш ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох тушаал гаргаж хавсралтаар батлахад өөрийн нэрийг оролцуулалгүйгээр мөн адил урамшуулал авсан, багш ажилчдын үр дүнгийн урамшууллыг хугацаанд нь өгөөгүй, илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, төрийн аудитын шалгалтаар өглөгтэй гэсэн зөрчил илэрсэн, “Э” цогцолбор цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг батлаагүй Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон Боловсролын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, сургуулийн халаалтыг хувийн компани, аж ахуйн нэгж байгууллагад түрээсэлж болохгүй гэж аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтыг зөрчиж Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт, УИХ-ын 2002 оны 56 дугаар тогтоол, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 03 дугаар тогтоолыг үндэслэл болгож Эрчим хүчээр хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 3.1.18, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1, 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтыг зөрчиж “Н” ХХК-тай сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөн “үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “А” ХХК-тай гэрээ байгуулж, уг компанид өөрийн төрсөн дүүг ажилд оруулан хөндлөнгөөс нөлөөлж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, удирдах дээд байгууллагад мэдэгдэлгүйгээр 11 хоног ажил тасалж, уг тасалсан хоногт эмчийн акт авчирсан атлаа нийгмийн даатгалын байгууллагаас авах ёстой хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагаасаа гаргаж авсан зөрчлүүдийг гаргасан нь шалгалтаар болон төрийн аудитын шалгалтаар тус тус тогтоогдсон тул Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 24 дүгээр зүйлийн 24.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1, Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 30 дугаар зүйлийн 30.1.15, 42 дугаар зүйлийн 42.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.3, 15 дугаар зүйлийн 15.1, 11 дүгээр зүйлийн 11.2.6, 11.2.9, 12 дугаар зүйлийн 12.8.6, Засгийн газрын 2017 оны 34 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 6.7 дахь хэсгийг тус тус баримтлан А.Б-г үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргасан.

А.Б-гийн аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д ажилтантай байгуулсан гэрээг энэхүү гэрээний 4-д заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу арга хэмжээ авна гэж заасан ба А.Б нь хөдөлмөрийн гэрээний ажилтны эрх, үүрэг болох 4 зүйлийг зөрчиж, “Н” ХХК-тай гэрээ байгуулж, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн зөрчил гаргасан.

Анхан   шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил биш байна гэж дүгнэлт хийсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь : Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцох заалтуудыг тодорхой зааж өгсөн ба уг заалтын 6.6, 6.7 дахь заалтыг А.Б зөрчсөн нь хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ая холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.“ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

            Нэхэмжлэгч А.Б нь Өлгий сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч  эс зөвшөөрч маргажээ.

            Ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай “А.Бг ажлаас халах тухай” захирамжаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 24 дүгээр зүйлийн 24.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1, Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 30 дугаар зүйлийн 30.1.15, 42 дугаар зүйлийн 42.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.3, 15 дугаар зүйлийн 15.1, 11 дүгээр зүйлийн 11.2.6, 11.2.9, 12 дугаар зүйлийн 12.8.6, Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийн 11.1.18, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 34, 346 дугаар тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 6.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Өлгий сумын “Э” цогцолбор сургуулийн захирал А.Б нь дээд шатны байгууллагын шийдвэргүй өөрөө өөртөө тушаал гаргаж үр дүнгийн урамшууллыг удаа дараа авсан,  хөдөлмөрийн гэрээний 4.9-д заасан сургуулийн хичээлийн байрны халаалт болон дотуур байрны үйлчилгээг түрээсээр гүйцэтгүүлэхгүй байх, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрийн төрсөн дүүг “А” ХХК-д ажилд оруулсан, удирдах дээд байгууллагад мэдэгдэлгүйгээр 11 хоног ажил тасалсан нь тус тус тогтоогдсон гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Ажил олгогчийн  ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, үндэслэлд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл нь тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.

            Нэхэмжлэгч А.Б-г дээд шатны байгууллагын шийдвэргүй өөрөө өөртөө тушаал гаргаж үр дүнгийн урамшууллыг удаа дараа авсан,  хөдөлмөрийн гэрээний 4.9-д заасан сургуулийн хичээлийн байрны халаалт болон дотуур байрны үйлчилгээг түрээсээр гүйцэтгүүлэхгүй байх, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрийн төрсөн дүүг “А” ХХК-д ажилд оруулсан, удирдах дээд байгууллагад мэдэгдэлгүйгээр 11 хоног ажил тасалсан гэх үндэслэлээр захирлын ажлаас чөлөөлсөн боловч дээрх үндэслэлүүдээ ажил олгогч нотлох баримтаар нотолж чадаагүй, ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай бөгөөд ажил олгогчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  тушаалдаа дурдсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Ажил олгогчийн Хөдөлмөрийн гэрээний 6.2-т “ажлын байрыг хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын 2 хоног эзэнгүй орхих” удирдах дээд байгууллагад мэдэгдэлгүйгээр 11 хоног ажил тасалж, уг тасалсан хоногт эмчийн акт авчирсан атлаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагаасаа гаргаж авсан ноцтой зөрчил гаргасан гэх боловч нэхэмжлэгч А.Бг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн эмнэлгийн магадалгаагаар 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн, Хужирт рашаан сувиллын илгээх бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул А.Б-г хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, өмгөөлөгчийн гаргаж өгсөн СD дүрс бичлэгийг бүрэн гүйцэт судлаагүй” гэх гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, өмгөөлөгч Я.Сьездийн нотлох баримтаар гаргаж өгсөн CD бичлэг нь хэн юу ярьж байгаа болон уг бичлэгээр юуг нотлох гэж байгаа нь ойлгомжгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тус тус  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ              

                                                                                                           

Д.КӨБЕШ