Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 45

 

Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0045/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Г.Мөнхболд,

Яллагдагч С.Баяр-Эрдэнийн өмгөөлөгч А.Очбадрал, Б.Энхтүвшин нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын эсэргүүцлээр Б-д холбогдох эрүүгийн 2039000000161 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотод 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цаг уурын 3а-5 тоотод оршин суух, урьд 1998 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60000 төгрөгөөр торгох ялаар, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1485000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт С-н Б нь

2019 оны 5 дугаар сард болон 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох дагавар охин О-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж О-ын бэлэг эрхтэнд хэлээ хийх, гараа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б-д холбогдох 2039000000161 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Б- нь 2019 оны 5 дугаар сард гэр бүлийн харилцаа хамааралтай этгээд болох дагавар охин О-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, О-ын бэлэг эрхтэнд хэлээ хийх, гараа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэх хэрэгт ахлах мөрдөгч Зоригтсайхан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж хэргийг шүүхэд шилжүүлэх санал үйлдэж ирүүлснийг прокурор хянах хугацаанд яллагдагч Б-эс хэрэгт ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд хяналтын прокурорын зүгээс хүсэлтийг хангахаас татгалзсан, уг шийдвэрийг хүсэлт гаргагчид танилцуулан, хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл яллагдагч Б- тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрт гомдол гаргах хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Аймгийн ерөнхий прокурорын зүгээс яллагдагч Б-н гомдлыг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэх заалтыг үндэслэн анхан шатны шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 741 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байгаа нь яллагдагч Баяр-Эрдэнийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба хэрэгт хяналт тавьж буй прокурор нь улсын ерөнхий прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/67 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 15.9 дүгээр зүйлийн 12 дахь заалтыг биелүүлэн ажилласан.

Эрүүгийн хэрэгт хяналт тавьж буй прокуророос Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хараат бусаар өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан яллах дүгнэлт үйлдэх нь хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа үйл ажиллагаа биш бөгөөд прокуророос яллагдагчийг яллах санал, дүгнэлт гаргаж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлж буй хуульд заасан үйл ажиллагаа юм. Прокурорын энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн оролцогч нараас дээд шатны прокурорт гомдол гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд зааснаар тухайн нэгжийн дээд шатны прокуророос шаардлагатай гэж үзвэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэгтэй танилцаж, доод шатны прокурорын шийдвэрийг хянаж шийдвэрлэдэг бөгөөд дээд шатны прокуророос эрүүгийн хэргийг бие даасан хараат бус байдлаар шийдвэрлэх үйл ажиллагааг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээд шатны прокуророос хэргийн оролцогчдын гомдлыг хянаж шийдвэрлэх хугацаанд доод шатны прокурорын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зогсоох зохицуулалт байхгүй бөгөөд харин доод шатны прокуророос албан ёсны шийдвэр гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болохоор хуульчилсан байна.

Түүнчлэн хэргийн оролцогч болох яллагдагч, өмгөөлөгч нараас прокурорын яллах дүгнэлт үйлдэх шийдвэрийг эс зөвшөөрч, хэрэг нэр бүр дээр гомдол гаргах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулах, хяналтын ажлын ачаалал үүсгэж, хуулийн зохицуулалтыг өөрсдийнхөөрөө тайлбарлах, хууль хэрэглээний маргааныг үүсгэсэн тул Монгол улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд шинээр нэмэлт өөрчлөлт оруулан, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэх заалт тусгаж өгч, энэхүү хуулийн зохицуулалт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Эрүүгийн 2039000000161 дугаартай хэргийн яллагдагч Б-н прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлтийг хэрэгт хяналт тавьж ажилласан хяналтын прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэсэн бөгөөд дээд шатны прокуророос яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч танилцаад хуульд заасны дагуу харьяалах шүүхэд албан бичгээр хүргүүлж шийдвэрлэсэн байх тул нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүйгээр анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нараас гаргасан гомдол, хүсэлтийг шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Хүчиндэх гэмт хэрэг нь дийлэнхдээ нийгэмд нууц далд аргаар үйлдэгддэг ба хохирогчийн мэдүүлэг тогтвортой байх, холбогдох шинжээчийн дүгнэлт зэрэг нь хэргийг нотлох үндсэн нотлох баримт болдог онцлогтой. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Шүүхийн шинжилгээний албаны үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3040 дугаартай дүгнэлтээр Б-н биед баруун бугалганд бор шаргал өнгийн шимэгдэж байгаа цус хуралт, цээжинд зурагдсан зулгаралт, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон байгаа нь хавтаст хэргийн 13-16 талд авагдсан бичгийн нотлох баримт болох хохирогч О-ын “...би Баяр-Эрдэнийн сарвуунаас 2 гараараа чимхэж, базаж, түлхсэн боловч дийлэхгүй байсан” гэх мэдүүлгээр хүчиндэх гэмт хэргийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл үйлдэгдэх үед эсэргүүцэл үзүүлснээс үүссэн гэмтэл байх боломжтой нь нотлогддог ба шинжээчийн дүгнэлтээр тухайн хэрэг үйлдэгдэх үед үүссэн болохыг дүгнэсэн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар яллагдагч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй ба түүний мэдүүлэг нь бусад байдлаар нотлогдоогүй тохиолдолд нотлох баримтаар үнэлэх нь өрөөсгөл ойлголт ба хэрэгт авагдсан Б-н биед учирсан дээрх гэмтлүүд нь хүчиндэх гэмт хэргийг шийдвэрлэхэд саад болох шалтгаан болохгүй байхад шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны шатанд яллагдагч Б- нь автобусанд засвар хийх явцад уг гэмтлийг авсан гэж мэдүүлсэнд автаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг үл харгалзан, Б-н биед үзлэгээр тогтоогдсон 4 тооны гэмтлийг авсан шалтгааныг шалгаж тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах заалт болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай тогтоолын 1, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 Яллагдагчийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокуророос яллагдагч Б-н гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1-т “Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана” гэснийг зөрчиж Б-эс гомдол гаргаснаас хойш 16 дахь хоног дээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн прокурор Улсын ерөнхий прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/67 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ыг биелүүлж ажилласан гэж байна. Хууль, дүрэм, журам, зааврын хуулийг хамгийн түрүүн дагаж мөрдөх ёстой гэж үзэж байна. Бид нар одоог хүртэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийнхээ хариуг аваагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгч, прокурор, мөрдөгч нь өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шаардахыг хориглоно” гэж заасан байдаг. Бидний зүгээс дахин шинжилгээ хийлгэх, полиграфикт оруулах, өмчийн маргаантай холбогдуулан 2 гэрч байцаалгах, хөрөнгө нүүлгэх үед байсан цагдаа нарын үйл ажиллагааг хавтаст хэрэгт хавсаргуулах зэрэг хүсэлт гаргасан боловч прокурор хариу өгөөгүй атлаа зөвхөн өмчтэй холбоотой  асуудлыг ярьдаг. Гомдол хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрх юм. Б-н энэ эрхээ эдэлж байгааг прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулах, хяналтын ажлын ачаалал үүсгэж байна гэж ташуу ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан атал цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй. Прокурор хэт нэг талыг барьсан, хянавал зохих ажиллагаануудаа хянаагүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан” тогтоол үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарсан байдлыг тал бүрээс нь тогтоох шаардлагатай бөгөөд хохирогч 2020 оны 5 дугаар сард гарсан үйлдэл холбогдлын талаар ярьдаг боловч үүнийг давхар нотолсон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүхийн тогтоолын уг заалт дээр прокурор эсэргүүцэл бичээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Прокурорын зүгээс яллагдагчийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зорилго хүний эрх, эрх ашгийг хамгаалах явдал юм. Прокурор Б-г гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгөөд шууд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь цаг хугацааны хувьд түүний дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоох боломжтой байсан боловч хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тул хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэнтий аймгийн прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 15 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заалтад заасан шаардлага, хэргийн бодит байдлыг тогтоох, шударга ёс, гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангуулахаар яллагдагч Б-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхээс тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Тухайлбал: Яллагдагчийн өмгөөлөгч нарын дээд шатны  прокурорт хандан гомдол хүсэлтээ гаргах боломжийг нь алдагдуулж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1, 16.10 дугаар зүйлийн 2.5-д заасан эрхийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу яллагдагчийн биед учирсан гэмтлийн талаар шалгах ажиллагаануудыг зайлшгүй хийх нь зүйтэй юм. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА