Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1013

 

 

 

 

 

 

 

 

 

  2024         11          14                                     2024/ШЦТ/1013

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч М.У., түүний өмгөөлөгч С.Галцацрах нар оролцсон эрүүгийн 2409021791166 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т. овогт М.ын У.

Монгол Улсын иргэн, ... оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд:

1/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

2/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

3/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

4/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж, ялуудыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч М.У. нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт NCP барилга орчимд хохирогч Б.Г.ыг гудамжинд алхаж байхад нь түүний эзэмшлийн эд хөрөнгө болох Айфон 15 про макс загварын гар утсыг нь гараас нь шүүрч зугтаан 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.У. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2409021791166 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Г.ын мэдүүлэг /хх-ийн 14-17/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 98-100/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-106/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-31/,

“Юбикаб” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 79-94/,

М.У.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 6/,

М.У.ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 40-76, 110-115/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч М.У. нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт NCP барилга орчимд хохирогч Б.Г.ыг гудамжинд алхаж байхад нь түүний эзэмшлийн эд хөрөнгө болох Айфон 15 про макс загварын гар утсыг нь гараас нь шүүрч зугтаан 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Б.Г.ын өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 12:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах NCP барилга орчимд алхаад явж байсан чинь үл таних эрэгтэй гараас Айфон 15 про макс загварын гар утсыг гэнэт шүүрээд зугтаасан. Араас нь хөөгөөд олоогүй учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Туранхай, ойролцоогоор 65 кг жинтэй гэж бодож байна, 165-170 орчим өндөртэй, 30 хүрэхгүй, 20 хэд орчим настай гэж бодож байна, хар өнгийн юүдэнтэй цамцтай, цайвар өнгийн, доогуураа манжеткатай өмдтэй эрэгтэй байсан. ... гэсэн имей дугаартай, 2024 оны 05 дугаар сард 5.400.000 төгрөгөөр авч байсан. Би одоо эдэлгээ, хэрэгцээ, хоргодол зэргийг харгалзаад утсаа 5.400.000 төгрөгөөр үнэлж байна. Зам хөндлөн гараад явж байсан чинь гэнэт гарнаас шүүрээд аваад зугтаасан. Хар хөх өнгөтэй, хар өнгийн кейстэй, эвдрэл гэмтэл байхгүй Айфон 15 про макс загварын гар утас байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хар өнгийн цамцтай, хар өнгийн малгайтай, цагаан саарал өнгийн өмдтэй, 30-35 насны эрэгтэй хүн зам дагуу зам цааш алхаад явж байгаад 3 минутын дараа сандарсан байдалтай араасаа хар цамцтай, дотуураа цагаан өнгийн цамц, хар өнгийн өмдтэй 35-45 орчим насны эрэгтэй хүнээс зугтааж байгаа дүрс бичлэг байна. ...Хар өнгийн цамцтай, хар өнгийн малгайтай, цагаан саарал өнгийн өмдтэй, 30-35 насны эрэгтэй хүн зам дагуу гүйж байгаа бичлэг байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 98-100/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...1-6 хүртэл дугаарласан хүмүүсийн зургийг үзүүлж, энэ зургууд дотор таны гар утсыг аваад зугтаасан хүн байна уу гэж асуухад 5 дугаартай зургийг буюу М.У.ын зургийг зааж, “миний гар утсыг дээрэмдэж авсан хүн” гэж хэлсэн болохыг тэмдэглэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-103/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон 15 про макс загварын гар утас нь 3.800.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх-ийн 22-31/,

М.У.ын яллагдагчаар өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” Гэх мэдүүлэг /хх-ийн 6/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл М.У. нь хохирогчийг гартаа утсаа бариад алхаж байхад нь гараас нь шүүрч зугтаасан болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Дээрэмдэх гэмт хэрэгт гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “өмчлөх” эрхийг зөрчиж буюу хүний өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч М.У. нь хохирогчийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр аван зугтааж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгосон атлаа тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Б.Г.ад хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч М.У.ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2024 оны 07 дугаар сарын байдлаар iPhone 15 pro max гар утсыг 3.800.000 төгрөгөөр үнэлж, шүүгдэгч нь хохирол төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчийн “Худалдаа хөгжлийн банк” дахь ... тоот дансанд шилжүүлж, хохирогчоос мөн өдөр гомдол саналгүй, зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч М.У.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “шүүгдэгч М.У.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.У. нь дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг гэх, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.У.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, бүсчлэлийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т. овогт М.ын У.ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У.ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У.ыг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН