Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/915

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         10         15                                    2024/ШЦТ/915

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч А.Марал,

хохирогч Н.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Д., түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар оролцсон эрүүгийн 2403004210637 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А. овогт Ц.ын Д.

Монгол Улсын иргэн, ... оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд:

1/ Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

2/ Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.

          Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

            Шүүгдэгч Ц.Д. нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруугийн гудамж, гуравдугаар сургуулийн урд авто замд Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уузлвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Н.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найзтайгаа уулзах гээд явж байсан. Манай найз гуравдугаар сургуулийн замын урд байна гэсэн учраас би зам гарах гээд явж байсан чинь нэг машин урдуур аймар хурдтай өнгөрсөн. Тэгээд би цааш нэг алхсан чинь нисээд явсан. Нэг сэрсэн чинь миний хөл хугарсан, толгой хавдсан байсан. Тэгээд ойр хавьд байсан хүмүүс намайг битгий хөдлөөрэй гэж хэлж байсан. Эмнэлэгт очоод эхний өдрөө гипсдүүлээд, маргааш нь хагалгаанд орсон. Одоогийн байдлаар би замаар гарахдаа маш их айдастай байгаа. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Шүүгдэгчийн зүгээс 805.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо жилийн дараа дахин эмнэлэгт хэвтэж хөлөндөө суулгуулсан төмрөө авахуулна. Өөр баримтаар нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

Эрүүгийн 2403004210637 дугаартай хэргээс:

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/,

Хохирогч Н.Н.-ийн мэдүүлэг /хх-ийн 21/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8188 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25/,

Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1140612401 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-36/,

Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1279 дугаартай магадлагаа /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Ц.Д. нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруугийн гудамж, гуравдугаар сургуулийн урд авто замд Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уузлвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Н.-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Зам тээврийн  осол, хэргийн үзлэгээр тогтоосон “...Хэрэг болсон гэх Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруугийн зам, гуравдугаар сургуулийн урд талын авто зам байх бөгөөд ослын газрын зам орчны байдал нь асфальт, нойтон, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайстай, хайсгүй байв.” гэх байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/,

Хохирогч Н.Н.-ийн өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, гуравдугаар сургуулийн автобусны буудлаас ертөнцийн зүгээр урд талын буудал гарах гэж байсан юм. Манай найз Н.А. замын эсрэг талд буюу ертөнцийн зүгээр урд талд явган хүний гарц дээр намайг хүлээгээд зогсож байсан. Би тухайн үед зам хөндлөн гарах гээд явган хүний гарц дээр гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан ба ногоон гэрэл асахаар нь явган хүний гарцаар 3-4 алхам алхсан чинь миний урдуур нэг тээврийн хэрэгсэл аймар хурдан явж өнгөрсөн. Тэгээд тухайн машиныг өнгөрөөгөөд алхах гэсэн чинь тухайн машины араас цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд намайг зүүн талаас мөргөсөн. Тэгээд би мөргүүлсэн газраасаа 3-4 метр газарт баруун тийшээ автобусны буудал хавьцаа шидэгдсэн. Тэгээд хэсэг хугацаанд манараад ухаан ороход би газарт хэвтсэн байдалтай байсан ба дээшээ өндийгөөд суусан. Миний зүүн тал өвдөгний доод хэсгээр хугарсан. Толгой хавдсан, нуруу зулгарч шалбарсан, баруун хөлийн үзүүр хэсэг, зүүн гар хөхөрсөн байсан, зүүн мөр бас аягүй хөндүүр байсан. Одоо бол суга таягтай, хөлөөс бусад нь гайгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г.-ийн өгсөн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Номин-Эрдэнийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.295.360 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Ц.Д.оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлнэ үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8188 дугаартай “Н.Н.-ийн биед зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, нуруунд зулгаралт, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 1140612401 дугаартай “...Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай автомашины ойрын хоёр гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тормос бүрэн зогсож байна. Урд дугуйн хээний гүн нь 0 мм байгаа нь урд 2 дугуй стандартын шаардлага хангахгүй байна. Хойд дугуйн хээний гүн 5 мм байгаа нь стандартын шаардлага хангаж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 31-36/,

Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1279 дугаартай “...Ц.Д. нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Н. нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хх-ийн 41-42/,

Яллагдагч Ц.Д.ийн өгсөн “...Би гэм буруугаа зөвшөөрч байна. Осол болдог өдөр би хохирогчид эм, тариа болон эмнэлэг үзүүлэх мөнгийг нь гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

Шүүгдэгчээс хохирогчид хохирол төлсөнд холбогдох баримтууд /шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн/ зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаж, шүүгдэгч Ц.Д. нь Тоёота Приус ... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас буюу явган хүний зохицуулдаг гарцаар гарц явсан явган зорчигч Н.Н.-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болохыг хохирогч, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон байна.

Тодруулбал шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар зохицуулсан хууль, дүрэм, журмыг зөрчиж, үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хохирогчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулан зам тээврийн осол гаргасан болох нь нотлогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг.

“Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэдэгт Монгол Улсын хууль /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль/ түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт /Замын хөдөлгөөний дүрэм/-ыг зөрчиж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журамд халдсан аливаа үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасан.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн холимог хэлбэрээр буюу санаатай гэмт үйлдэл хийж, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байх тул шүүх шүүгдэгч Ц.Д.ийг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

Хохирогчоос мөрдөн байцаалтын шатанд баримтаар 309.400 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх боловч шүүгдэгч эмчилгээний төлбөр, эмнэлгийн ор хоногийн төлбөр гэж 805.000 төгрөгийг хохирогчид төлсөн, мөн Н.Н. нь “Н.Н. би Ц.Д.оос сэтгэцэд учирсан хор уршигт 9.240.000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авлаа.” гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бичгээр гарган өгсөн, мөн Ц.Д. нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Н.Н.-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны зардалд Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 1.295.360 төгрөгийг төлж барагдсан байх тул шүүгдэгч хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт баримтаар төлөх төлбөргүй байна.

Харин Н.Н. нь цаашид хагалгаанд орно гэж тайлбарлаж байх тул цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Ц.Д.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар Ц.Д. нь бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, оршин суух тодорхой хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, тархины цус харвалт оношоор 70 хувийн группт байдаг зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ц.Д.т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа, эрүүл мэндийн нь байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, бүсчлэлийг шүүгдэгчийн оршин суух хаягийн засаг захиргаа болох  Багануур дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Д. нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Ц.Д.оос замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал дутагдалтай байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүд, 45.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон      

      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А. овогт Ц.ын Д.ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д.ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д.ийг өөрийн оршин суух Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Д.т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Хохирогч Н.Н. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН