Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/920

 

 

 

 

 

 

  2024        10          16                                   2024/ШЦТ/920

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, С., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч С.Ү. нар оролцсон эрүүгийн 2409025531277 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш. овогт С.ын Ү.

Монгол Улсын иргэн, ... оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эгчийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ү. нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С. дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... давхарт иргэн М.Ц.-той маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, гар хөлөөс нь базах, чимхэх байдлаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ү. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2409025531277 дугаартай хэргээс:

Хохирогч М.Ц.-ийн мэдүүлэг /хх-ийн 34-35, 47/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10370 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29/,

С.Ү.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч С.Ү. нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С. дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... давхарт иргэн М.Ц.-той маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, гар хөлөөс нь базах, чимхэх байдлаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч М.Ц.-ийн өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С. дүүргийн 2 дугаар хороонд байрлах ажлын байран дээрээ байхад манай хамтран амьдрагч С.Ү. ирсэн. Тэгээд согтуу байсан болохоор надтай хэрүүл маргаан үүсгээд, бид хоёр маргалдсан. Бид хоёр ахуй амьдралын асуудлаас болоод л маргалдсан. Тэгж хэрүүл маргаан үүсгэж байгаад миний баруун талын нүд рүү цохиод, тэгэнгүүтээ миний оёсон дээл, цүнхтэй бичиг баримт, гар утас зэрэг бүх зүйлийг минь аваад зугтаасан. Тэгээд би утасгүй болчихоод гадаа гараад, хүний утас гуйж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, ирж мэдүүлэг өгсөн. Ажил дээрээ очоод байж байхад араас орж ирээд мөн л хэрүүл маргаан үүсгээд байсан. Би эд зүйлээ цагдаагийн байгууллагаас ирж авсан, бүрэн хүлээж авсан, эвдэрсэн зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 47/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10370 дугаартай “...М.Ц.-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

С.Ү.ын яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл С.Ү. ахуйн санхүүгийн асуудлаас үүдэн хохирогчтой үл ойлголцолд хүрч, улмаар маргалдан биед нь халдаж, цохиж зодсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч С.Ү. нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч М.Ц.-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Ү.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь С.Ү.аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж тайлбарласан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч С.Ү.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “шүүгдэгч С.Ү.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч С.Ү. нь бүрэн дунд боловсролтой, орон нутагт хөдөлмөр эрхэлдэг гэх, эгчийн хамт амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, орон нутагт ажилладаг гэх боловч энэ нь ямар нэг баримтаар нотлогдохгүй, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.Ү.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш. овогт С.ын Ү.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү.ыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ү. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ү.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН