Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/953

 

 

 

 

 

 

   2024         10          25                                    2024/ШЦТ/953

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч: С.Баяр-Эрдэнэ,

Хохирогч: О.Золзаяа,

Шүүгдэгч: Э.У. нар оролцсон эрүүгийн 2409000001093 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 М. овогт Э.ын У.

 Монгол Улсын иргэн, ... оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У. нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй баарны ариун цэврийн өрөөнд мартаж явсан хохирогч О.З.-ийн эзэмшлийн Айфон 12 про макс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж өөртөө авч завшсаны улмаас 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.У. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 04:00 цагийн үед хоёр найзтайгаа баар орсон. 00 орчихоод гарч ирээд байж байх хооронд хамгаалагч нь ирсэн. Ирэнгүүтээ миний халаасыг, манай хоёр найзын цүнхийг бас нэгжсэн. Камерын өрөөнд ороод би хохирогчоос серийн дугаараа хэлчих, би айфонтой болохоор хайгаад өгье гэхэд мэдэхгүй байсан. Камерын өрөөнд хамгаалагч нар нь хохирогчийн утас Айфон 12 про макс юм байна, чиний утас Айфон 13 нь юм чинь чи өөрийнхөө утсыг хохирлыг нь барагдуулаад өгчих гэдэг юм ярьсан. Тэгэхээр нь би цагдаагаар нь шийдүүлье гээд хохирогчтой хамд цагдаад очсон. Үнэхээр авсан байсан бол би шүүх хүртэл явуулах шаардлага байхгүй. Тухайн үед утсыг нь гаргаж өгөх ч юм уу, хохирлыг нь барагдуулчих байсан. Анх мэдүүлэг авч байсан цагдаа нь “чи үнэхээр авсан бол надад хэлчих, би шалгаж өгье, аваагүй гэх юм бол ингээд цаашаа яв” гэсэн. Би аваагүй болохоор энэ хүртэл явж байгаа.” гэв.

Хохирогч О.З. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр 01:00 цаг өнгөрч байхад үеэл эгчтэй тухайн бааранд орсон. Тэгээд 04 цаг 29 минутад хамгийн наад талын 00-д нь орсон. 00-оос гарахад би 00-ын цаасны тавиур дээр утсаа үлдээсэн байсан нь камерын бичлэг дээр харагддаг. Тэгээд надтай нэг охин зөрөөд орсон. Тэгээд яг 00-ын хаалганы тэнд очоод халаасуудаа үзэхэд миний утас байгаагүй. Яг 00-оос дөнгөж гараад хаалганы тэнд очоод халаасаа үзсэн. Тэгэнгүүтээ би 00 руугаа ороод, 00 дотор байхдаа өөрийнхөө утас руу залгасан. Гэтэл холбогдох боломжгүй болсон байсан. Үеэл эгчийнхээ утсаар залгасан байдаг. Намайг 00 руу буцаж ороход миний орсон 00 түгжээтэй, дотор нь Э.У. байж байсан. Э.У. нь 00-оос 04 цаг 32 минут 25 секундэд 00-оос гардаг. Тэгээд камерын өрөөнд хамгаалагчаар шалгуулсан. Би тэр халаас энэ тэрийг нь нэгжсэн асуудлыг нь мэдэхгүй, хараагүй. Э.У. нь 2 найзтайгаа явж байсан гэж хэллээ, тухайн 2 найзаас нь гадна бас 2-3 залуучууд байсан. Хохирлоо одоо хүртэл аваагүй байгаа. Тухайн үед 2 найз нь бас сонин сонин юм яриад байсан. Би уг нь миний утсыг авсан бол одоо гаргаад өгчих өө гэж хоёр найзад нь хэлсэн боловч “маргааш учраа олъё, маргааш 2 сая төгрөгийг чинь өгчихье, одоо боломжгүй байна” гэх мэт зүйл яриад байсан.” гэв.

Эрүүгийн 2409000001093 дугаартай хэргээс:

Хохирогч О.З.-ийн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Гэрч Б.Э.-ийн мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Г.Г.-ийн мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Гэрч М.Б.-ийн мэдүүлэг /хх-ийн 79/,

“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн тайлан /хх-ийн 21-23/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17, 57-58/,

Мөрдөн шалгах туршилт явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Э.У. нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй баарны ариун цэврийн өрөөнд мартаж явсан хохирогч О.З.-ийн эзэмшлийн Айфон 12 про макс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж өөртөө авч завшсаны улмаас 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч О.З.-ийн өгсөн “...Миний бие тухайн үед бие засахаар наад талын 00 руу орсон. Тэгээд утсаа ариун цэврийн өрөөний ариун цэврийн цаасны тавиур дээр тавиад орхисон байсан. 00 орчихоод гарч ирээд хаалганы дэргэд зогсож байгаад гэнэт миний утас байхгүй байгааг анзаарч буцаж 00 орж, 00-ын өрөөг нь шалгахад байхгүй байсан. Намайг гарах үед нэг эмэгтэй зөрөөд орсон, тэрний дараа утсаа үзэхэд миний утас байхгүй болсон байсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Гэрч Б.Э.-ийн өгсөн “...Тэгээд бид 3 тухайн 3 залуучуудтай баарны 2 давхар луу гарч, нэг нэг пиво уунгаа жаахан сууж байгаад явахаар болоод Э.У., Г.Г. бид гурав 00 орсон. Би гадаа нь хаалганы хажууд зогсож байсан. Э.У. хамгийн наад талын 00 руу орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Г.Г.-ийн өгсөн “...Тэгээд пиво уусан болохоор бие засахаар бид гурав доошоо 00 орсон. 00 орчихоод буцаад дээшээ гарсан. Тухайн үед Э.У. цуг явж байгаад замаас нь хамгаалагч саатуулсан уу, аль эсвэл бид хоёртой цуг дээшээ гараад ганцаараа буцаад доошоо буусан талаар сайн мэдэхгүй байна, ямар ч л байсан 00-оос ирээд 2 давхарт сууж байхад Э.У. над руу залгаад “намайг утас авсан гээд байна, доошоо буугаад ир” гэхээр нь очсон. Э.У.  нь миний болон цуг явсна хүмүүсийн гар утсыг аваад 00 орсон зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Гэрч М.Б.-ийн өгсөн “Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны шөнө дүү О.З.-тай  хамт 01:00 цагийн үед “Лакс” нэртэй баар орсон. Тухайн үед би 3 хундага архи, 0.5 грамм пиво уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад О.З.-тай хамт 00 орохоор явсан. Тухайн үед 00-ын гадна болон дотор талд их хүн байсан. Тэгээд би эхлээд 00 орж бие засчихаад О.З. дараа нь 00 орсон. О.Золзаяа 00 орохдоо хамгийн наад талын 00 орсон. Тухайн үед би гадаа нь хүлээж байсан. Тэгээд О.З. 00-оос гарч ирээд гар утсаа халаасандаа үзээд байхгүй байна гээд тэр хавьд байсан онгорхой 00-оор ороод гар утсаа хайсан. Бид хоёр 00 орчихоод 00-оос гарч яваагүй. Гар утас байхгүй болсныг мэдээс 1-2 минут л байх эрж хайсан. Тэгээд би О.З.-ийн ... дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тухайн үед О.З. 00 орохоосоо өмнө гар утсаа бариад цаг хараад байхыг бодоход гар утас нь цэнэгтэй асаалттай байсан. Тэгээд энэ үйл явдал болж байх хооронд О.З.-ийн гарч ирсэн 00 руу өөр нэг эмэгтэй орсон байсан. Тэгээд гар утас руу нь залгаад холбогдох боломжгүй болохоор  нь хэсэг залгаж, хайгаад аль 00 руу орсныг нь асуугаад 00-ын үүдэнд хүлээгээд байж байсан. Тэгээд 00-д байхдаа үйлчлэгч эгчээс гар утас харсан эсэх талаар асууж тодруулсан. Гар утас нь байхгүй байсан болохоор дээшээ 2 давхар луу гараад сууж байсан суудал дээрээ хайсан, байхгүй байсан, тэгээд хамгаалагчид хэлсэн. Тухайн үед хамгаалагч ирээд камер шүүгээд тухайн охиныг дуудаж энэ талаар асуусан. Гэхдээ халаасыг нь үзээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 79/,

“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн “...нийт хохирлын дүн 1.700.000 төгрөгөөр тогтоож байна.” Гэх тайлан /хх-ийн 21-23/,

“Лакс” баарны ариун цэврийн өрөөний хяналтын камерын бичлэгт хийсэн “...Хохирогч охин гарсны дараа уг ариун цэврийн өрөө рүү цагаан өнгийн майктай, цагаан өнгийн өмдтэй, баруун талын мөр дээрээ хар өнгийн хүрэм тавьсан эмэгтэй орж байна. Уг эмэгтэй ороход 00-ын цаасны тавиур дээр гар утас байгаа нь харагдаж байна. Цагаан өнгийн майктай, цагаан өнгийн өмдтэй, баруун талын мөр дээрээ хар өнгийн хүрэм тавьсан эмэгтэй ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд 00-ын цаасны тавиур дээр байсан гар утас байхгүй дүрс бичигдсэн байна.

...Э.У. нь 00-оос гарч ирж байна. Э.У.гийн зүүн талын халаасанд хар өнгийн гар утас байгааг харуулав. Хяналтын камерын бичлэгт яллагдагч Э.У. 00-оос гараад явж байна. Э.У.гийн зүүн болон баруун халаасанд хар өнгийн гар утас байгааг харуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17, 57-58/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-82/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.У. нь “Лакс” баарны ариун цэврийн өрөөний 00-ын цаасны тавиур дээр бусдын мартаж үлдээсэн гар утас байгааг ойлгож ухамсарласан атлаа хувьдаа авч завшсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч М.Б.-ийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд хохирогч О.З. нь тухайн “Лакс” нэртэй баарны ариун цэврийн өрөөнөөс гармагц түүнтэй зөрөөд Э.У. нь орж байх бөгөөд 00-ны цаасны тавиур дээр хар өнгийн гар утас байгаа нь камерын бичлэгт тодорхой тусгагдсан байна. Үүнээс хойш О.З. нь гар утсаа хайж, бусад 00-ны өрөөнүүдийг шалгаж байгаа нь дүрслэгдэх бөгөөд Э.У. нь 00-ны өрөөнөөс гарахад цаасны тавиур дээр байсан гар утас алга болж, Э.У. нь өмдний урд хоёр халаасандаа ижил хэмжээ бүхий гар утсыг нэг нэгээр хийсэн гарч буй (гар утаснууд халааснаас нь цухуйсан байдалтай) нь тусгагджээ.

Мөрдөгчийн туршилт хийсэн тэмдэглэлээр Э.У. нь зүүн халаасандаа өөрийн гар утсыг хийхэд тухайн гар утас нь халааснаас нь дээш цухуйж байхад баруун халаасандаа vape буюу электрон тамхийг хийхэд халааснаас цухуйхгүй жижиг хэмжээтэй байгаа нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, гэрч М.Б.-ийн мэдүүлгээр хохирогчийн гар утас цэнэгтэй байсан (гэтэл гар утсыг завшмагц даруй унтраасан) тогтоогдож, мөрдөн шалгах туршилтын ажиллагаагаар шүүгдэгчийн тайлбарлаж байгаачлан нэг халаасандаа утас, нөгөө халаасандаа электрон тамхитай байсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа, О.З. нь тухайн ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа Э.У.гаас өөр хүн ороогүй, О.З. нь Э.У.г гартал утсаа хайн бусад тасалгаануудыг шалгаж байгаа, улмаар Э.У.г гартал тухайн тасалгаанд өөр хүн ороогүй, Э.У.г гармагц түүнийг ороход тус ариун цэврийн цаасны тавиур дээр байсан гар утас алга болж, шүүгдэгчийн өмдний халаасанд хоёр утас байгаа нь дүрслэгдэж байгаа зэргээр хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байна.

Нөгөөтээгүүр, шүүгдэгчийг болон түүнтэй хамт явж байсан гэх (хэдэн хүмүүс хамт явж байсан нь тодорхойгүй) хүмүүсийн эд зүйлийг хэсэг хугацааны дараа баарны хамгаалагч нар үзэхэд байгаагүй, миний цааш явсан бичлэгийг шүүж үзээгүй, хохирогч утасныхаа серийн дугаар хэлээгүй гэх зэрэг үйл баримт нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд гар утас бусад байдлаар гээгдсэн гэх ямар нэг нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж, 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

“Бага хэмжээнээс дээш хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.У.г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Хохирол, төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг гэмт хэргийн улмаас 1.700.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.У.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар 4 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Э.У.г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Э.У. нь бүрэн дунд боловсролтой, оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.У.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М. овогт Э.ын У.г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У.г 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.У.гаас 1.700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э. овогт О.-ын З. /БЮ05211128/-д олгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.У. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.У.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН