| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/00439/И |
| Дугаар | 001/хт2026/00125 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 001/хт2026/00125
“У” ТБАГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09697 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00277 дугаар магадлалтай,
“У” төрийн байгууллага, албан газар /цаашид ТБАГ гэх/-ын нэхэмжлэлтэй,
2,572,581,657.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ТБАГ нь хариуцагч “Ю” ГХОХХК-д холбогдуулан 2,572,581,657.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09697 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ю” ГХОХХК-аас 1,715,054,438.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У”-аар дамжуулан улсын төсөвт төвлөрүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 857,527,219.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ю” ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,733,222 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00277 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Ю” ГХОХХК-аас 2,572,581,657.90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ТБАГУТҮГ-аар дамжуулан улсын төсөвт төвлөрүүлсүгэй.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т тус тус зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ю” ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,020,858 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.30-ны өдрийн №210/MA2026/00277 дугаар магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан. Гэтэл шүүх дээрх шаардлагыг хангалттай хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.1. Гаалийн мэдүүлгийн зөрүүтэй баримтыг шүүх бүрэн, бодитой үнэлээгүй тухай
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий 5 тээврийн хэрэгслийн талаар манай “Ю” ГХОХХК-ийн нэр дээр 5 ширхэг гаалийн мэдүүлэг гарч, У тамга дарсан байдаг. Гэтэл У манай компанийн зөвшөөрөлгүйгээр дээрх 5 тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийг “Б” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн дахин гаалийн мэдүүлэг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтаар Монгол Улсын хилээр оруулж ирсэн нэг ижил 5 ширхэг тээврийн хэрэгслийн хувьд “Ю” ГХОХХК-ийн нэр дээр 5 ширхэг гаалийн мэдүүлэг, “Б” ХХК-ийн нэр дээр мөн 5 ширхэг гаалийн мэдүүлэг тус тус авагдсан байна.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг” гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д “Мэдүүлэгч нь гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан байна. Иймд гаалийн мэдүүлэг гаргасан этгээд нь тухайн бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой гаалийн татвар, төлбөрийг төлөх үүрэг хүлээх эрх зүйн зохицуулалттай байна. Гэтэл шүүх маргаан бүхий 5 тээврийн хэрэгслийн хувьд нийт 10 ширхэг гаалийн мэдүүлэг буюу хоёр өөр компанийн нэр дээр гарсан, хоорондоо зөрүүтэй баримтууд байсаар байхад тэдгээрийг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй атлаа татвар төлөх үүргийг зөвхөн манай компанид хамааруулан дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Магадлалын “Хянавал” хэсгийн 7-д “Хариуцагч “Ю” ГХОХХК нь 2017.02.08-ны өдөр 10 ширхэг BELAZ маркийн автосамосвалыг гаалийн байгууллагад мэдүүлэн Монгол Улсад оруулж ирсэн байх тул уг бараанд ногдуулах татварыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар төлөх үүрэгтэй бөгөөд татвар төлөх үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй тул хүү төлөх үүрэг хуулиар үүснэ.” гэж дүгнэсэн. Гэвч уг дүгнэлт нь маргаан бүхий 5 тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн баримтууд хоёр өөр компанийн нэр дээр зөрүүтэйгээр бүрдсэн байхад энэ нөхцөл байдлыг тогтоолгүй, нотлох баримтыг бодитой үнэлээгүйгээр хийсэн дүгнэлт гэж үзэхээр байна.
4.2. Өмчлөгчийн маргаан эцэслэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн тухай
“Ю” ГХОХХК нь “Б” ХХК-д холбогдуулан маргаан бүхий 5 тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн мэдээлэл, лавлагаанд хүргүүлсэн талаарх баримтыг энэ хэрэгт мөн шүүхэд гаргаж өгсөн болно. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй, мөн тухайн тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч хэн болох, гаалиар оруулж ирсэн этгээд хэн болох асуудлыг бүрэн тогтоолгүйгээр гаалийн татварын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь тухайн бараа, тээврийн хэрэгслийн гаалиар оруулж ирсэн этгээд, гаалийн мэдүүлэгч, өмчлөгч гэсэн эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосны дараа гаалийн татвар, төлбөрийг хэн хариуцах талаар дүгнэлт хийх ёстой байтал эдгээрийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
4.3. Барьцааны гэрээ болон хүү, алдангийн асуудлыг шүүх дүгнээгүй тухай
Манай компани Утай 2017.02.07-ны өдөр гаалийн татварын төлбөрийн биелэлтийг хангах зорилгоор бараа барьцаалах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу гаалийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах бүрэн боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага энэхүү боломжийг хэрэгжүүлэхгүйгээр алдангийг хуульд заасан дээд хэмжээнд хүртэл өсгөсний дараа нэхэмжлэл гаргасан байхад шүүх энэ нөхцөл байдалд огт дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хүү, алдангийн хэмжээ нэмэгдсэн үйлдэлд “Ю” ГХОХХК-ийн буруутай үйл ажиллагаа байсан эсэх, нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжоо яагаад хэрэгжүүлээгүй талаар шүүх огт авч үзээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасныг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.30-ны өдрийн №210/МА2026/00277 дугаар магадлалын алданги тооцсон нь үндэслэлгүй болохыг тогтоож өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00474 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “У” ТБАГ нь хариуцагч “Ю” ГХОХХК-д холбогдуулан гаалийн татварт 2,572,581,657.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... “Ю” ГХОХХК нь 2017.02.07-ны өдөр Утай бараа барьцаалах гэрээ байгуулж, 2017.02.08-ны өдөр 10 ширхэг өөрөө буулгагч BELAZ-75135 маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн боловч гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг өнөөг хүртэл бүрэн төлөөгүй. Монгол Улсын Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор 2020.02.01-ний өдрөөс 2020.08.31-ний өдрийн хооронд ногдох хүүг тооцохгүй байхаар зохицуулсан бөгөөд мөн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийг 2021.07.01-ний өдрийг хүртэлх алданги, торгуулиас нэг удаа чөлөөлөхөөр хуульчилсан тул 2021.07.01-ний өдрөөс хойш Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д зааснаар төлөгдөөгүй татварын дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү, мөн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 18-д зааснаар уг хүү нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хязгаарыг баримтлан тооцоход, 1,715,054,438.60 төгрөгийн татварын 50 хувь болох 857,527,219.30 төгрөгийн хүүгийн нийлбэр 2,572,581,657.90 төгрөг болсон. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Ю” ГХОХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Манай компани анх 10 ширхэг өөрөө буулгагч BELAZ-75135 маркийн автомашиныг гаалийн хилээр нэвтрүүлж, мэдүүлсэн ба татварын өр болох 1,715,054,438.6 төгрөгийг төлөх эсэхэд маргахгүй, харин ногдуулсан хүүг зөвшөөрөхгүй. Учир нь гаалийн хилээр нэгэнт нэвтэрсэн барааны хувьд гаалийн байгууллага дур мэдэн “Б” ХХК-ийн нэр дээр болгон өөрчилсөн явдалд манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй. Түүнчлэн бараа барьцаалах гэрээний дагуу тухайн үед 2 ширхэг өөрөө буулгагч BELAZ-75135 маркийн автомашиныг гаалийн хашаанд үлдээснээс хойш бараг 7 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэхүү эрхээ хэрэгжүүлэхгүй өдийг хүртэл хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт “... Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.9, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ю” ГХОХХК нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл 1,715,054,438.60 төгрөгийг нэхэмжлэгч Улаанбаатар хот дахь гаалийн газраар дамжуулан төлөх үүрэгтэй. ... Харин уг татвар төлөх хугацааг хэтрүүлсэн явдалд дан ганц хариуцагч “Ю” ГХОХХК-ийг буруутгах боломжгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.” гэж заасан бөгөөд ... хариуцагч “Ю” ГХОХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн гаалийн мэдүүлгийг нэхэмжлэгч У нь өөрчлөн “Б” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, улмаар тус компанид татварын нэхэмжлэл илгээж байснаас үүдэн татвар төлөх этгээд хэн болох маргаан өнөөдрийг хүртэл хугацаанд үргэлжилж, ийнхүү гаалийн мэдүүлгийг өөрчлөхдөө Гаалийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан аль тохиолдолд хамааруулсан нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч У нь нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул ... дээрх нөхцөл байдал нь хариуцагч “Ю” ГХОХХК-ийн үүргээ гүйцэтгэх боломжид нөлөөлсөн гэж үзэв. Түүнчлэн, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар ... нэхэмжлэгч У нь бараа барьцаалах гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ гүйцэтгээгүй нь татварт ногдох хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл болсон гэж үзэх тул хүү авах эрхээ алдана.” гэсэн дүгнэлт хийжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... хариуцагч “Ю” ГХОХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 ширхэг BELAZ маркийн автосамосвалын гаалийн татварт 1,715,054,438.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хариуцагчийг хуульд заасны дагуу гаалийн татвар төлөх үүргээ биелүүлээгүй байхад гаалийн татварт ногдуулсан хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ. Хариуцагч “Ю” ГХОХХК буюу мэдүүлэгч нь Монгол Улсын гаалийн хилээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн тул гаалийн татвар төлөх үүрэг нь Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус зааснаар үүсэх бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс төлөгдөөгүй татварт ногдуулах хүү нь Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д зааснаар хуулиар үүсэх үүрэг байна. Гаалийн тухай хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар гаалийн татвар болон татвар төлөөгүйтэй холбоотой хүү төлөх үүрэг үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалт хэрэглэгдэхгүй. ... Хариуцагч “Ю” ГХОХХК нь 2017.02.08-ны өдөр 10 ширхэг BELAZ маркийн автосамосвалыг гаалийн байгууллагад мэдүүлэн Монгол Улсад оруулж ирсэн байх тул уг бараанд ногдуулах татварыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар төлөх үүрэгтэй бөгөөд уг татвар төлөх үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй зөрчсөн тул хүү төлөх үүрэг хуулиар үүснэ. Энэхүү хуулиар үүссэн үүргийг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангаагүй байх нь татварын хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс гаалийн мэдүүлгийг өөрчлөн барааг дур мэдэн бусдын нэр дээр шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзал үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч “Ю” ГХОХХК-ийг гаалийн татвар төлөх үүрэгтэй талаар зөрүүгүй дүгнэсэн боловч гаалийн татварыг хугацаанд нь төлөөгүйн улмаас хүү төлөх эсэхэд хуулийг зөрүүтэй хэрэглэж, ялгаатай шийдэл гаргасан ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.
12. Зохигч татварын хэмжээ болон түүнийг төлөх асуудлаар маргаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгч байгууллага гаалийн мэдүүлгийг өөр этгээдийн нэр дээр өөрчлөн бүртгэсэн нь татвар төлөх хугацаанд нөлөөлсөн, хугацааг хожимдуулсан явдалд буруугүй тул хүү төлөхгүй гэж маргажээ.
13. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч “Ю” ГХОХХК нь 2017.02.08-ны өдөр нийт 10 ширхэг өөрөө буулгагч BELAZ-75135 маркийн автомашиныг хилээр нэвтрүүлж, гаалийн мэдүүлэг гаргаж, гаалийн байгууллагад мэдүүлсэн ба үүнээс 5 ширхэг автомашины мэдүүлгийг өөрчилж “Б” ХХК гаргасан, хариуцагч “Ю” ГХОХХК нь үлдсэн 5 ширхэг өөрөө буулгагч BELAZ-75135 маркийн автомашинд ногдох гаалийн татварыг төлсөн, 2017.02.07-ны өдөр “Утай бараа барьцаалах гэрээ” байгуулан 2 ширхэг өөрөө буулгагч BELAZ-75135 маркийн автомашиныг барьцаалсан үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон байна.
14. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг хэлэх бөгөөд мөн хуулийн 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлэхээр, 3.1.12-т “гаалийн бүрдүүлэлт” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг хэлэхээр тус тус заажээ.
Хариуцагч “Ю” ГХОХХК нь Монгол Улсын гаалийн хилээр Бүгд Найрамдах Беларусь Улсаас өөрөө буулгагч, BELAZ-75135 маркийн нийт 10 ширхэг автомашиныг нэвтрүүлсэн тул дээрх хуульд зааснаар сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн мэдүүлгийг гаргах үүрэг бүхий этгээд буюу мэдүүлэгч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзнэ.
Учир нь Гаалийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар мэдүүлэгч гаалийн байгууллагын хүлээн авсан гаалийн мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан үндэслэлээр гаалийн байгууллага гаалийн мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрч болохоор байна.
Дээрх хуульд зааснаар “Ю” ГХОХХК-ийн хилээр нэвтрүүлсэн нийт 10 ширхэг өөрөө буулгагч BELAZ-75135 маркийн автомашины 5 ширхгийг “Б” ХХК-ийн нэр дээр гаалийн мэдүүлгийг өөрчилж, “У” ТБАГ нь “Б” ХХК-ийн гаргасан мэдүүлгийг хүлээн авсан байх боловч хариуцагч “Ю” ГХОХХК-аас 2021.11.03, 2021.11.12-ны өдрүүдэд тус тус албан бичгээр нэхэмжлэгч “У” ТБАГ-т хандан “Б” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан талаар дурдаад, ногдох татварыг төлж, тооцоо нийлэхийг хүссэн агуулгыг илэрхийлжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд шаардлага хангаагүй буюу нэхэмжлэгч байгууллагыг үндэслэлгүйгээр гаалийн мэдүүлгийг өөрчилсөн гэсэн агуулгаар мэтгэлцсэн боловч зохигчийн тайлбар болон дээрх албан бичигт дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь гаалийн мэдүүлгийг “Б” ХХК-ийн нэр дээр өөрчлөхдөө хариуцагч болон “Б” ХХК-ийн хүсэлтийг харгалзсан болох нөхцөл байдал үгүйсгэгдээгүй.
Иймээс энэ талаарх хариуцагч “Ю” ГХОХХК болон “Б” ХХК-ийн гаалийн байгууллагад гаргасан албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа нь маргаанд нотолгооны ач холбогдолгүй болно.
Мөн хариуцагч тайлбартаа уг 5 ширхэг өөрөө буулгагч BELAZ-75135 маркийн автомашины хувьд “Б” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг компани гаалийн татвар болон эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдаж, өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн гэжээ.
Эндээс үзвэл хариуцагч нь гаалийн мэдүүлэгт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээс татгалзсан гэж үзэхээр байх тул “Ю” ГХОХХК нь мэдүүлэгч болно.
15. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.3, 39.7-д зааснаар хариуцагчийн гаргасан гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болсон гэж үзэх тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг татвар төлөгч” гэж зааснаар хариуцагч “Ю” ГХОХХК нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар гаалийн болон бусад татварыг төлөх үүрэгтэй байна.
Энэ үндэслэлээр хоёр шатны шүүх хариуцагч “Ю” ГХОХХК-аар гаалийн татварт 1,715,054,438.6 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.
16. Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д “Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын “хүү” гэсэн ойлголт нь Иргэний хуулийн “анз” гэсэн ойлголтод үл хамаарна.” гэж заасан.
Хариуцагч хүү төлөхгүй тухай татгалзал, тайлбартаа мэдүүлгийг өөрчилсөн болон бараа барьцаалж баталгаа гаргуулсан атлаа гэрээнд заасан ажиллагааг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн гэж мэтгэлцсэн.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг хэрэглэж, хариуцагчийг хугацаандаа татвараа төлөөгүйд нэхэмжлэгч буруутай буюу бараа барьцаалах гэрээний хугацаа дууссан байхад барааг улсын орлого болгох, зохих журмын дагуу борлуулах ажлыг зохион байгуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь татварт ногдох хүүгийн хэмжээ нэмэгдүүлэх нөхцөл болсон тул хүү шаардах эрхгүй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй.
Тодруулбал, гаалийн болон бусад татвар төлөх үүрэг нь хуулиар хүлээх үүрэг тул энэхүү иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүрэгт хамаарах хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг, үр дагавартай холбоотой зохицуулалт хэрэглэгдэхгүй.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д татвар төлөх хугацааны талаар “Гаалийн болон бусад татварыг төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгах, эсхүл 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.” гэж заасан.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд буюу гаалийн болон бусад татварыг төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгах, эсхүл 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан хугацаанд, эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан баталгааны дагуу гаалийн болон бусад татвар төлөөгүй бол тэдгээрийг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлэхээр байна.
Монгол Улсын Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020.03.27-ны өдрийн 114 дүгээр тогтоолын 1.6-д “ 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх”-өөр, мөн 2020.12.25-ны өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулиар “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх”-өөр тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль болон Засгийн газрын тогтоолд заасан үндэслэлээр хариуцагчаас барааг хилээр нэвтрүүлсэн хугацаа болох 2017.02.08-ны өдрөөс хойших хүүг чөлөөлж, 2021.07.01-ний өдрөөс хойш хүүг шаардсан тул нэхэмжлэгчийг хуульд заасан татварын өр хураах ажиллагааг хийгээгүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн хэргийн баримтаар гаалийн мэдүүлгийг өөрчилж “Б” ХХК-ийн нэр дээр болгосон байсан нөхцөл байдал үгүйсгэгдээгүй боловч мөн хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагад хандан “Б” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан талаараа 2021.11.03, 2021.11.12-нд албан бичгээр мэдэгдсэн, нэхэмжлэгч хүүг 2021.07.01-ний өдрөөс хойш тооцсон, 2021.11.22-ны өдрийн 02/584 дугаартай албан бичгээр “Б” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн автомашины татварын өрийг “Б” ХХК төлөөгүй байгааг мэдэгдэж, улмаар 2021.12.01-ний өдрийн 02/607 дугаартай албан бичгээр татварын өр болон хугацаа хожимдуулсан татварын хүүд нийт 2,572,581,657.9 төгрөгийг төлөхийг мэдэгдсэн зэргээс үзэхэд мэдүүлэг өөрчлөгдсөнд нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлснөөс гаалийн татвар төлөх хугацааг хэтрэхэд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь дээрх хууль болон Засгийн газрын тогтоолд заасан хугацааны хүүг чөлөөлж, энэ хугацаанаас хойш хүү тооцсон нь Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д заасантай нийцжээ.
17. Улмаар давж заалдах шатны шүүхийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангаагүй байх нь татварын хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх дүгнэлтийг буруутгахгүй.
Хариуцагч нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн хилээр нэвтрүүлж буй барааг барьцаалах хэлбэрээр гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргасан буюу 2 ширхэг өөрөө буулгагч BELAZ-75135 маркийн автомашиныг барьцаалсан талаар зохигч маргаагүй.
Харин барьцаа болон баталгааны хөрөнгөөр татвар болон татварын хүүг төлүүлэх ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн дагуу явагдах бөгөөд хариуцагчийн төлөөгүй татвар болон татварын хүүг барьцаа хөрөнгөөр төлүүлэх асуудал энэ маргаанд хамааралгүй болно.
18. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00277 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Ю” ГХОХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.17-ны өдөр төлсөн 4,445,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД