Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191

 

                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Ш.Насанжаргал,

шүүгдэгч С.Уянга, түүний өмгөөлөгч Э.Өлзийбаяр /ҮД:1165/,

хохирогч Т.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 16 дугаар байрны 23 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн 2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, /РД:ЧЙ83031561/ Боржгон овогт Сандагийн Уянгад

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201625022920  дугаар 185/2017/0217/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Уянга 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” трейд ХХКомпанид зохион байгуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 11-нээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын 3.558.210 төгрөгийг хувьдаа завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Уянгын: Хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Т.Отгонбаатарын: Би “Гурван гал Трейд” ХХК-д гэрээт хуульчийн ажил хийдэг бөгөөд С.Уянгыг зохион байгуулагчийн ажил хийдэг гэдгээр нь танина. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр С.Уянгыг компанийн хөрөнгө хувьдаа завшсан гэх зөрчил илэрсний дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уянга нь анх 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагчийн ажилд томилогдсон боловч ажиллах хугацаандаа нийт 3.558.210 төгрөгийг хувьдаа ашигласан. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 900.000 төгрөгийг төлсөн нь үнэн. Одоо үлдэгдэл 2.658.210 төгрөгийг нэхэмжилж байна. С.Уянга энэ мөнгийг хувьдаа ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн нягтлан Цогзолмаатай тооцоо нийлсэн акт болон Цогзолмаагийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул үлдсэн хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хавтаст хэргээс: Хэрэг бүртгэлтэд гэрч Г.Цогзолмаагийн: ...Аудитын дүгнэлт гарсан байгаа боловч үндсэн баримт байхгүй, үрэгдүүлсэн учир С.Уянгатай холбоотой өр төлбөрийн дүнг өөртэй нь тооцоо нийлсэн дүнгээр нэхэмжилнэ. Аудитын байгууллагад нэмэлт төлбөр төлж дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон боловч үндсэн баримтыг С.Уянга үрэгдүүлсэн учир аудит дахин оруулах боломжгүй болсон. С.Уянга нь 2016.08.11-нээс ажилд ороод 2016.11.01-ний хооронд ажиллахдаа Грахам чарлиз ХХК-ийн 1.617.568 төгрөгний түрээсийн мөнгө, зогсоолын төлбөр 60.000 төгрөг, 602 тоот өрөөний түрээс 980.642 төгрөг, нийт 2.658.210 төгрөгний хохирол учруулсан байгаа...

...Би Уянгатай ердөө ганц удаа л тооцоо хийсэн. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр л тооцоо хийсэн... Тооцоо хийж дуусахад мөнгө байгаагүй. Тооцоо хийсний дараа би энэ мөнгийг хувьдаа ашигласан гэдгээ надад хэлээд ойрын хугацаанд төлж барагдуулна гэж хэлсэн. Тэгээд би мөнгө аваад ирье гэж гараад оройхон 900.000 төгрөгийг нөхрөөсөө авлаа гэж авчирсныг бэлэн мөнгөний орлогын баримт бичиж авсан юм. ...2016 оны 10 дугаар сарын 27-нд тооцоо хийсэн. Тэгэхээр 26-наас хойш мөнгө ашиглах боломж байхгүй. 27-ны өдөр тооцоо хийгээд бүх цоож, цуургаа солиод ажлыг нь хүлээж авсан. Хамгийн сүүлд 10 сарын 26-ны өдрийн зогсоолын мөнгө ашигласан байсан. Өрөө түрээсэлсний мөнгийг Уянга хариуцаж авдаг байсан. Уянга надтай тооцоо хийгээд ямар ч зөрүүгүйгээр хүлээсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40, 58/,

 

Хэрэг бүртгэлтэд гэрч С.Бэрээнинжалбуугийн: ...2016 оны 09 сарын 20-ны өдөр ажилд орсон. Ажлын 5 өдөр болгон ажилладаг ба зогсоолын төлбөрийг өдөр болгон хурааж аваад орой болгон зохион байгуулагч Уянгаад хүлээж авсан гарын үсэг зуруулж хүлээлгэж өгдөг байсан. Өдрийн орлого харилцан адилгүй, янз бүр байдаг ба хамгийн бага нь 23.000 төгрөг хамгийн их нь 43.000 төгрөг тушааж байсан. Нягтлан мөнгө тушаасан баримтыг сарын сүүлээр шалгадаг. Уянга надаас хүлээж авсан мөнгө хэнд шилжүүлэн, байгууллагад тушаасан үгүй эсэхийг би огт мэдэхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-57/,

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Ц.Ганбаатарын: ...Уянга гэх зохион байгуулагч түрээсээ хурааж авахаар надтай уулзсан. Ямар дансанд хийх вэ гэхэд цаасны ард “410051333 Уянга” гэж бичээд өгөхөөр нь тэр дансанд нь 980.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга хэсэгт нь 604 тоот өрөөний түрээс гэж бичсэн байгаа. Интернэт банкаар шилжүүлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа 7-10 хоногийн дараа түрээсээ нэхэж компанийн ажилтан ирсэн. Тэгэхэд нь би түрээсээ төлсөн талаараа хэлээд баримт гаргаж өгсөн байгаа. Би “Гурван гал” трейд ХХК-ийн зохион байгуулагчийн дансанд шилжүүлсэн. Бэлнээр түрээсийн төлбөрөө төлж байгаагүй, дансанд хийж баримтжуулдаг байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-61/,

 

Хэрэгт бүртгэлтэд С.Уянгын сэжигтэн, яллагдагчаар: ...2016 оны 9 дүгээр сард “Грахам Чарлез” нэртэй оффис түрээслэгчийн түрээсийн 1.650.000 төгрөг, “Экспресс Инглиш” оффис түрээслэгчийн түрээсийн 600.000 төгрөг, Замын цагдаагийн газарт шилжүүлэх 9-10 дугаар сарын зогсоолын төлбөр болох 340.000 төгрөг /яг хэдэн төгрөг байсныг санахгүй байна/ 2016 оны 10 дугаар сард 604 тоот оффис түрээслэгчийн түрээсийн 980.642 төгрөгийг тус тус орлогын баримтаар хүлээж аваад байгууллагын дансанд шилжүүлэлгүй хувьдаа ашигласан. Нийт 3.570.000 төгрөг авч ашигласнаас ажил хүлээлгэж өгөхдөө ерөнхий нягтлан Цогзолмаад 900.000 төгрөг бэлнээр тушаагаад 100.000 төгрөгийг Лхагвасүрэн захирлын хувийн дансанд шилжүүлсэн одоо 2.658.210 төгрөг төлөх ёстой байгаа. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27-28/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдож нотлогдов.   

          Шүүгдэгч С.Уянга нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн 2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, шийтгэх тогтоолын хуулбараар /76-77/ тогтоогдов.

Шүүгдэгч С.Уянга Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч С.Уянгад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Уянгын гэм буруутай үйлдлээс “Гурван гал Трейд” ХХКомпанид учирсан хохирлоос 2.658.210 төгрөгний хохирол төлөгдөөгүйг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Сандагийн Уянгыг бусдын эд хөрөнгийг завшин үрэгдүүлж бага бус хэмжээний хохирол учруулсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар С.Уянгад холбогдох эрүүгийн 201625022920 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Сандагийн Уянгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Уянга цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Уянгаас 2.658.210 төгрөгийг гаргуулж, “Гурван гал Трейд” ХХК-д олгосугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж С.Уянгад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ