Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 46

 

Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0046/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Д.Отгонтуяа,

Шүүгдэгч Э-, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ын өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын давж заалдах гомдлоор Э-д холбогдох эрүүгийн 2039000000107 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Биндэр суманд 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг, Онон хорооны 12-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх С овогт Д-н Э- нь

2020 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Яргуй хорооны 4-404 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж-тай маргалдаж ноцолдон түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Д-н Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 7743000 төгрөгийн нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн зардал болох 1500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1150000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Э- нь 2020 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 22-23 цагийн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж-ы хамарт 1 удаа цохиж, хамраас нь бага хэмжээний цус гарч тогтсон болох нь түүний мэдүүлэг болон гэрч Б-ын мэдүүлгээр нотлогдсон. Гэтэл хохирогч Ж-ыг явснаас хойш 2020 оны 3 дугаар сарын 21-ний 03 цаг 30 минутаас өмнө гэрээсээ гарч явж /гэрч Б-ын мэдүүлгээр/ 04 цаг 00 минутын үед Ө-ын гэрт согтуугаар, хөл нүцгэн ирж тэдний гэрт унтаж амраад өглөө 09 цаг 00 минутын үед гэр рүүгээ явсан болох нь нотлогдсон. Хохирогч согтуу ирсэн, ирэхдээ баруун хацар нь халцраад, шалбарч, зулгарсан байсан, шургаж унасан гэдгээ хэлж мэдүүлсэн нь гэрч А-н мэдүүлгээр нотлогдсон. Гэтэл шүүх хохирогч тархины доргилтын улмаас тархины хатуу хальсан доорх судас хагарч цус, нөж үүсэж тархи дарсан шалтгааныг хэт нэг талыг барьж Э-д ял шийтгэл оногдуулсан.

Хохирогч Ж- нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны орой 22-23 цагт тархины судас харагч, тархинд цус алдалт явагдаж эхэлж, аажим нэмэгдсэн гэж үзвэл тархи дарагдах шинж өглөө үүссэн байх боломжтой бөгөөд саа саажилт үүсэж, босож явах идэвхтэй үйлдэл хийх боломжгүй байдалд хүргэсэн хэмжээний нөж тархины хөндийд үүссэн байх боломжтой хугацаа өнгөрч байна. Гэтэл гэрч Ө-ын гэрээс өглөө 09 цаг 00 минутын үед өөрөө гарч явж, гэртээ ирээд, мод түлээ хагалаад сууж байсан, ухаан санаа хэвийн, саа саажилтгүй байсан нь цус харвалт үүсээгүй байсан гэж үзэх хангалттай хэвийн шинжтэй байжээ. Хавтаст хэргийн 97 дугаар хуудас, 98-112 дугаар хуудсанд  авагдсан эмнэлгийн бичиг баримтад эмнэлэгт ирэх үед саа саажилтгүй гэсэн нь уг цус харвалт 2020 оны 3 дугаар сарын 21-ний 12 цагийн үед эхэлсэн даруйд эмнэлэгт хүргэгдсэнийг нотолж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймаг дахь албаны шинжээчийн 29 дугаартай дүгнэлт бүрэн гүйцэт биш, эргэлзээтэй гарсныг шүүх зөв үнэлж чадаагүй, зөвхөн биед нь /хацар зулгарсан, нүдний зовхи хөхөрсөн/ ил гэмтэл үүссэн тул гэмтлийн шалтгаантай гэж үзсэн.

Тархины цус харвалт нь байрлал, шинж чанар, илрэх шинж тэмдэг зэргээрээ олон янз төрөл байдаг. Энэ тохиолдолд хохирогчийн тархины хатуу хальс доор, зөөлөн хальсны дээрх судаснаас цус гарч нөж болон тархи дарагдсан. Ийм байрлалтай цусан хураа /нөж/ нь гэмтлийн болон судас хагарахад хүргэх өвчин эмгэгийн гэсэн 2 шалтгааны аль алинд үүснэ. Гэтэл шинжээч тархины хагарсан судсыг олж тогтоож, бүтцийг нь /хананы/ тогтоож шинжлээгүй, цусан бүлэнгээс авч хугацаа тогтоох шинжилгээнд илгээгээгүй нь цус харвалт хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй болсон. Шинжээч Ө шүүхэд мэдүүлэхдээ “...би цусан хураанаас дээж аваагүй боловч уг цусан хураа задлан шинжилгээ хийхээс 48-72 цагийн өмнө үүссэн гэж мэдүүлсэн. Шүүх эмнэлэгт тархины цусан хураа үүссэн хугацааг задлан шинжилгээ хийсэн цагаар тооцож тогтоодоггүй, нас барсан хугацаанаас урагш тоолж тооцдог. Өөрөөр хэлбэр, нас барсны дараа цусан хураанд өөрчлөлт ордоггүй хадгалагдана. Шинжээч эмчийн хувьд ажлын туршлага, мэдлэг дутмаг байгаа нь анх удаа ийм гэмтлээр нар барсан тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргаж буйгаа мэдүүлсэн. Иймд дахин гавал тархины гэмтэл, мэдрэл судлал, шүүх эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн оролцуулан дүгнэлт гаргуулах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Отгонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч Б-ын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй гэж үзэж байна. Хэрэг учрал болсон газарт байсан цорын ганц гэрч нь Б- бөгөөд тэрээр Э- Ж-ы ганц хамарт нь цохисон гэж мэдүүлээгүй. Б- нь “...Э-, Ж- хоёр хоорондоо зодолдож байгаад Э- нь Ж-ыг зодсон...” гэсэн мэдүүлгийг өгсөн. Мөн Э- “...Ж- намайг цохих үед унаад өгсөн...” гэж мэдүүлдэг. Шинжээч эмч тусгай мэдлэгийнхээ хүрээнд задлан шинжилгээ хийгээд дүгнэлтээ гаргасан бөгөөд “талийгаач Ж-ы цогцост дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, духны зүүн дээд хэсэг, баруун хацар, баруун, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, духны баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт гарсан. Э-ын үйлдэл нь нь гэрч Б-ын мэдүүлгүүд, Э-ын өөрийнх нь мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдож байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх зөрчил тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ж-ыг нэг цохисны улмаас гэмтэл үүсэж нас барсан гэдэгт эргэлзэж байна. Б- нь анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр “Ж- Э-ыг цохисон. Э- зөрүүдээд хамар руу нь нэг удаа цохисон. Мөрдөгч нар тулгаж мэдүүлэг авсан” гэж мэдүүлсэн бөгөөд өмнөх мэдүүлгүүдээ өөрөө үгүйсгэсэн. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын давж заалдах гомдлоор Э-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Э- нь 2020 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Яргуй хорооны 4-404 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж-тай маргалдаж ноцолдон түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж-н мөрдөн байцаалтад өгсөн: “...би ах дүү нарын хамт Улаанбаатар хотоос Биндэр сум руу гарсан бөгөөд Хурх тосгон дээр явж байхдаа дүүгээ нас барсныг мэдсэн. Надад хэргийн талаар нь мэдэх зүйл байхгүй. ...Биндэр сумын эмнэлэг дээр очиход талийгаачийн баруун нүд нь хөхөрсөн, баруун хацар, шанааны хэсэгт шалбарсан шархтай байсан. Би талийгаачийг хүнд зодуулаад тархиндаа доргилт авч харвалт үүссэний улмаас нас барсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-н 23-28х/,

Гэрч Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж- надад хандан “энэ шарталт бишээ, толгой тархи өвдөөд нэг л биш байна” гэж хэлэхээр нь би “түргэн дуудах уу” гэж асуухад Ж- “тэг тэг” гэж хэлсэн. Би Ж-ы гэрээс нь гарч яваад замдаа хүнээс эмнэлгийн утасны дугаарыг авч дуудлага өгсөн. Би ахиж Ж-ы гэрт очоогүй. ...Ж-ы нүүр нь шалбарчихсан, шанаа нь хавантай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 30-31х/,

Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж- надад хандан “миний толгой, тархи нэг л хөөрөөд байх шиг байна аа, чи нэг бариад өгөх үү” гэхээр нь би Ж-ы толгой, тархийг нь бага зэрэг илж өгөнгөө Ж-д хандан “чи ер нь юм идэж уусан юм уу” гэхэд Ж- “юм идэж уугаагүй” гэж хэлсэн. Би тамхинд явангаа Ж-, Б- хоёрт бэлэн гоймон, ундаа зэрэг зүйлс авч өгөөд л явсан...”  гэх мэдүүлэг /1хх-н 39-42х/,

Гэрч Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын сум дундын эмнэлэгт мэдээгүйжүүлэлтийн их эмч хийдэг. ...Ж- “толгой, цээж өвдөөд байна” гэж хэлж байсан. Тухайн үед Ж-ы артерийн даралт, амьсгалын тоо, пульс зэрэг нь бүгд хэвийн байсан бөгөөд би эмнэлэг рүүгээ авч явж зүрхний цахилгаан бичлэг хийх гэхэд Ж- нь өөрөө босож явж чадахгүй байсан. ...Түүний баруун нүд орчимд хөхөрч хавдсан, зүүн шанааны доод хэсгээр бага зэргийн зулгарсан шархтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 52-54х/,

Шинжээч эмч Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн нь үйлчилсэн газрын эсрэг талд буюу дагз хэсгийн хатуу хальсан доор цус харван баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсэгт тархмалаар цусан хураа үүсэж улмаар талийгаачийн биед дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтлүүдийг үүсгэсэн байх ба уг дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн байна. ...Дагзны хэсэгт үүссэн хатуу хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтэл авснаас хойш энгийн хөдөлгөөн хийх буюу тодорхой цаг хугацаанд амьд явах боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-н 122-123х/,

Яллагдагч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би прокурорын тогтоолд дурдсан гэмт хэргийг үйлдээгүй учир ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Ж- бид хоёр Б- ахаас болж хоорондоо бага зэрэг маргалдаж муудалцсан. Ж- миний эрүү орчимд гараараа нэг удаа цохисон. Ж- бид хоёр ноцолдоод газарт унасан, ноцолдож байхдаа би талийгаачийн шанааны орчим гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /1хх-н 149-153х/

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн

“...Э- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэсэн дүгнэлт /1хх-н 91-93х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай

“...Талийгаач Ж- нь гэмтлийн гаралтай дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ...”  гэсэн дүгнэлт /1хх-н 113-116х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.  

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх” талаар гаргасан давж заалдах гомдлын тухайд: Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ө-н “...дагзны хэсэгт үүссэн хальсан доорх цус харвалт гэмтэл авснаас хойш энгийн хөдөлмөр хийх буюу тодорхой цаг хугацаанд амьд явах боломжтой ба дээрх гэмтэл нь тархмалаар тархины орой болон чамархай хэсгийг хамарсан цусан хураа үүссэн...” гэх мэдүүлэг /1хх-н 122-123х/, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай “...Ж- нь гэмтлийн гаралтай дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан...” гэх дүгнэлт /1хх-н 113-116х/, гэрч С-н “...Ж- нь миний толгой тархи нэг л хөөрөөд байх шиг байна, чи бариад өгөх үү гэхээр нь би толгой тархийг нь бага зэрэг илж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-н 39-42х/ зэргээс үзэхэд Э- нь талийгаачийн нүүрэн тус газар цохисноос болж талийгаач дагзны хэсэгт үүссэн хальсан доорх цус харвалт гэмтэл авч, уг гэмтэл нь тархмалаар цусан хураа үүсгэн тархи дарагдал, гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан нь шалтгаант холбоотой байх тул “шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э-ын цагдан хоригдсон 72 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО