Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2022/00107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ОД.Х

Хариуцагч: С.Б холбогдох, /утас: /,

Нэхэмжлэлийн шаардлага: Өөрийн эзэмшлийн газарт барьсан хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.х

Хариуцагч: С.б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.х би 2005 онд 11-р хорооллын Г хэсгийн 78 тоот газрыг хувийн орон сууцны зориулалтаар авсан юм. Түүнээс хойш олон жил хөөцөлдөж байж 2019.06.27-ны өдөр эзэмших эрхийн бичгээ хүлээн авсан. Гэтэл кадастрийн зургийн дагуу үзэхэд манай газар дээр өөр айл хашаагаа тэлж барьсан байх бөгөөд газрын албанд удаа дараа хэлсэн боловч шийдвэрлэж өгч чадахгүй байна. Мөн 2020.08.03-нд Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл өгч хянуулаад газрын албанд буцаасан. Газрын алба манайхаас шалтгаалахгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймээс миний газар барьсан хашааг чөлөөлж газраа эзэмших боломжоор хангаж өргөдлийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч С.б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Иргэн С.б миний бие Орхон аймгийн Хүрэнбулаг багийн 11-р хорооллын Г хэсгийн 104 тоотод оршин суудаг. Иргэн С.ж2005 онд газрын гэрчилгээ нь гарсан хашаа байшинг 2006 онд худалдан авсан. Газрын гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэх явцад газрын алба талбайг нь жижигрүүлсэн байсан. Би хуулийн дагуу техникийн нөхцөлөө авч дулааны шугам, бохирын шугам, цэвэр ус, хэрэгцээний халуун ус өөрийн хөрөнгөөр татаж төв шугамд холбосон. Төвийн дулааны шугам явсан газар дээр 2019 онд гэнэт манай газар гэж нэг хүн мэргэжлийн хяналтын байцаагч гэх хүнтэй хамт ирж хүчээр хэмжилт хийгээд явсан. Тиймээс төвийн дулааны шугам явсан газар, газрын алба судалгаа тооцоогүй олгосон бол бид хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл /хх-1/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-2/, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-3/, Иргэнд амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-4-5/, дхы гэх 6102743467 нэгж талбарын дугаартай кадастрын зураг /хх-6/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14-04-020/142 дугаартай дүгнэлт /хх-7-8/, Орхон аймаг Хүрэнбулаг баг, 11-р хороолол Г хэсгийн гэрэл зураг /хх-9/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-10/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.х нь С.бид холбогдуулан Өөрийн эзэмшлийн газарт барьсан хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Би 2005 онд 11-р хорооллын Г хэсгийн 78 тоот газрыг хувийн орон сууцны зориулалтаар авсан юм. Түүнээс хойш олон жил хөөцөлдөж байж 2019.06.27-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан. Гэтэл кадастрийн зургийн дагуу үзэхэд манай газар дээр С.бийх хашаагаа тэлж барьсан байна. Иймээс миний газар дээр барьсан хашааг чөлөөлж газраа эзэмших боломжоор хангаж өгнө үү... гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Би өөрийнхөө энэ газраа С.ж2006 онд худалдан авсан. Газрын гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулахад газрын алба талбайг нь жижигрүүлж олгосон байсан. Би хуулийн дагуу техникийн нөхцөлөө авч дулааны шугам, бохирын шугам, цэвэр ус, хэрэгцээний халуун усыг өөрийн хөрөнгөөрөө татаж төв шугамд холбосон. Төвийн дулааны шугам явсан газар дээр 2019 онд гэнэт манай газар гэж нэг хүн гарч ирсэн. Тиймээс төвийн дулааны шугам явсан газар, газрын алба судалгаа тооцоогүй олгосон тул хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн тайлбар гаргасан.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6. Орхон аймгийн Засаг даргын оны 11дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийдвэрийг үндэслэн Д.хд баг 11-р хороолол Г хэсэг 78 тоот 374 мгазрыг эзэмшүүлэхээр оны 06 дугаар сарын 27-ны өдөр Иргэнд амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр улсын бүртгэлд бүртгэн 000028938 дугаарын гэрчилгээ олгожээ.

7. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020-09-07-ны өдрийн 14-04-020/142 дугаартай дүгнэлт, газрын кадастрын зургаар нэхэмжлэгч Д.хы эзэмшлийн Хүрэнбулаг баг 11-р хороолол Г хэсэг 78 тоот 374 мгазарт С.б нь өөрийн эзэмшлийн зөвшөөрөлтэй 101 мгазраас илүү хэмжээгээр хашаагаа тэлж барьсан болох нь нотлогдож байна.

8. Хариуцагч С.бид Орхон аймгийн Засаг даргын 2007-09-12-ны өдрийн 296 дугаартай захирамжаар 285 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ч, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон Газар өмчлөх эрхийн гэрчилгээнд Хүрэнбулаг баг 11-р хороолол Г хэсэг 104 тоот байршилтай 101 мгазар олгогдсон байх ба хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй байна.

9. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэжээ.

10. Д.х нь Хүрэнбулаг баг 11-р хороолол Г хэсэг 78 тоот 374 мгазрыг хуулийн дагуу авсан байх тул шударга эзэмшигч гэж үзнэ.

11. Харин С.б нь өөрийн өмчлөлийн газраас илүү хэмжээгээр буюу өөрөөр хэлбэл Д.хы эзэмшлийн газар луу оруулж хашаа барьсан болох нь талуудын тайлбар бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

12. Иймд С.бийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.баас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум, баг, -р хороолол Г хэсгийн тоот хаягт байрлах газрыг С.бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх Д.хы нэхэмжлэлийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.баас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА