| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0195/Э/224/2024/0027 |
| Дугаар | 2024/ШЦТ/184 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/184
2024 9 09 2024/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул /томилолтоор/, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогч Б.Л /цахимаар/, гэрч Ч.Шаалуу /цахимаар/, шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П д холбогдох эрүүгийн 2435000000136 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ********************************багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э ургийн овогт Д.П /РД:************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.П нь 2023 оны 4 дүгээр сард Увс аймгийн ************ гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Лгийн сартай хүрэн зүсмийн гүү, хар хүрэн зүсмийн гүү, нийт 2 тооны буюу олон тооны адууг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Шүүгдэгч Д.П нь 2023 оны 4 дүгээр сард Увс аймгийн Баруунтуруун сумын “*******************” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Лгийн сартай хүрэн зүсмийн гүү, хар хүрэн зүсмийн гүү зэрэг 2 тооны буюу олон тооны адууг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Пгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчид байгаа малыг хууль бусаар шунахайн сэдэлтээр, нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүй авч байгаа үйлдлийг хэлдэг. Шүүгдэгчийн хувьд хохирогчийн адуу нь миний адуутай нийлчихсэн байсан учир би хохирогчийн 2 тооны адууг хулгайлаагүй гэх агуулгатай мэдүүлэг өгч байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хохирогч адуугаа 2023 оны 4 сард алдсан бөгөөд Д.П нь 2023 оны 9 дүгээр сард Завхан аймаг руу Э.Н гэдэг хүнд 1 тооны адууг зарсан, мөн 2023 оны 10 дугаар сард хохирогчийн 1 тооны адуунд өөрийнхөө тамгыг дарсан гэх үйл баримт тогтоогдож байгаа. Ингээд 2024 оны 3 сард хохирогч өөрийнхөө адууг эрэл сурал болж хайж байгаад 2024 оны 3 дугаар сард өөрийнхөө 1 тооны адууг Д.Пгаас буцааж авсан. 2 тооны адуу хаанаас хэрхэн яаж хулгайлагдсан эсэх, Д.Пгийн адуунд хохирогчийн 2 тооны адуу нь ижил сүргээрээ нийлчихсэн юм уу гэдэг асуудал яригдаад байгаа. Д.Пгийн хувьд угаасаа хохирогчийн адуу нь манай адуунд нийлчихсэн байсан учраас би цаашаа захиран зарцуулсан гэдэг зүйлийг яриад байгаа. Хэдийгээр Д.П нь мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгаа боловч гэмт хэргийн талаар болсон үйл явдлын талаар туйлын тодорхой мэдүүлэхгүй байна гэж үзэж байна. Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг “Хавтгай чулуу” гэх нэртэй газарт өвөлжиж, хаваржиж байхад 2 тооны адуу нь алга болсон. Хохирогч мэдүүлэгтээ “алга болсон 2 тооны гүү нь азаргатай адуунд байсан учир сүргээсээ салж явах боломжгүй” талаар мэдүүлж байна. Гэрч Ч.Ш мэдүүлэгтээ “Д.П болон түүний аавын адууг 1-2 сар маллаж байгаад орхисон. Дараа нь Д.П ирж адуугаа авч явсан” гэж мэдүүлдэг. Харин Д.П мэдүүлэгтээ “манай адуунд дахин 2 тооны адуу илүү ирсэн талаар гэрч Ч.Шаалуу руу залгаж хэлсэн” гэж мэдүүлдэг боловч гэрч Ч.Шаалуугийн зүгээс “надтай 1 тооны адуу гэж ярьсан” гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Д.Пгийн мэдүүлгээр гэрч Ч.Шаалуугийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Д.П илүү 2 тооны адуутай болсон талаараа цагдаагийн байгууллага, нутаг орны хүмүүстээ хэлэхгүйгээр Завхан аймгийн иргэнд зарж борлуулж ашиг олж авч байгаа нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна. Гэрч Б.Бын хувьд хохирогчийн адууг Д.Пд байгаа талаар мэдсэн даруйдаа хохирогчид хэлсэн байдаг. Хохирогчийн хувьд өөрийн адуугаа Д.Пд байгаа талаар мэдээд лавлаж асуухаар утас руу нь залгахад “таны адуу байхгүй үхсэн, өөр адууны талаар мэдэхгүй” гэж хариулж байгаа нь гэмт үйлдлээ нуун дарагдуулах гэсэн санаа зорилго агуулж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хувьд алдсан 1 адуугаа буцаан авсан, нөгөө адууны үнэ 1,300,000 төгрөгийг авсан учир дахин нэхэмжлэх хохирол төлбөргүй талаар илэрхийлсэн учир шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, ...Өмгөөлөгчийн зүгээс ижил төрлийн гэмт хэргийг ялган зүйлчилж чадаагүй гэж мэтгэлцэж байна. Хулгайлах гэмт хэргийн зорилго нь “нууц далд аргаар” үйлдэгдсэн байх шинжийг хангаж байдаг. Бусдын нүдэн дээр илээр хүний малыг хулгайлна гэдэг ойлголт байхгүй. Мал хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр үйлдэгддэг бөгөөд өөрийн эзэмшил, ашиглалтад оруулж авсныхаа дараа цааш нь захиран зарцуулах, бусдад зарж борлуулах, ашиг олох зорилготой байгаа нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн онцлог шинж юм. Д.Пгийн хувьд бусдын малыг өөрийн эзэмшилд оруулж авсныхаа дараа цааш нь захиран зарцуулж, өөрийн тамга тэмдгийг хулгайлсан адуундаа дарж байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг нотолж байгаа үйлдэл юм. ...Мөн шүүгдэгч Д.Пгийн хувийн байдлыг хангалтгүй тогтоосон бөгөөд гэрч О.Сансарыг асууж байгаа нь түүний хувийн байдлыг тогтоосон гэж үзэх боломжгүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Гэрч О.Сын хувьд Д.Пг таньж мэддэг учир гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа юм. Хавтаст хэргийн 78-79 дүгээр талд яллагдагчаас дахин авсан мэдүүлэгт хувийн байдлын талаар ярина уу гэхэд эхнэр, 4 хүүхэдтэй, эхнэр маань Өмнөговь суманд төрж өссөн талаар мэдүүлэг өгсөн байгаа юм. Яллагдагчийн хувийн байдалтай холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргах боломжтой байсан байхад заавал шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаалгаж ажиллагаа хийлгэх шаардлага байхгүй. Шүүгдэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, мэдүүлэг зэргээс үзвэл Д.П нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь тогтоогдож байгаа юм” гэж;
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Д.Пгийн хувьд гэм буруугийн маргаангүй оролцож байгаа. ...Улсын яллагчийн зүгээс мал хулгайлах гэмт хэргийг алдуул малыг ашиглах, завших гэмт хэргээс юугаар нь ялгаад зүйлчлээд байгаагаа тодорхойллоо. Яллах дүгнэлтэд “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын мал гэдгийг мэдсэнийхээ дараа зохих байгууллага, хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй учраас хулгайн гэмт хэрэг” гэж үзсэн байдаг. Д.Пгийн адуунд 2 адуу нийлж байгаа үйлдэлд Д.Пгийн идэвхтэй үйлдэл байсан уу, үгүй юу гэдгийг тогтоох ёстой байсан. Д.Пгийн хувьд бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж өөрийн идэвхтэй үйлдлээр хохирогчийн 2 тооны адууг тууж авч ирж байгаа бол мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар мал хулгайлах шинжийг хангаж байгаа юм. Гэтэл хохирогчийн 2 тооны адуу нь өөрийн байсан байршлаас аливаа нэгэн хүний идэвхтэй үйлдлээр биш, өөрийн хөлөөр бусад малтай нийлж байгаа юм. 2023 оны 5 дугаар сард ирсэн адууны эзэн 2023 оны 9 дүгээр сар болж байхад хайж ирээгүй нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжтэй таарахгүй байгаа юм. Яллах дүгнэлтэд “яллагдагч Д.П нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж дурдсан. Д.П нь тухайн малын талаар холбогдох байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь өөрөө энэ хүнийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэл эдлэх болсон прокурор, мөрдөгчийн үндсэн гол баримт болж байгаа юм. Монгол Улсын дээд шүүх тухайн гэмт хэргийг өөрөөр тайлбарласан байгаа. ...Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч 2 тооны гүүгээ алдсан бөгөөд гүү алга болох үед хохирогч дэргэд нь байгаагүй болох нь тогтоогдож байгаа. Хохирогчийн зүгээс гүүгээ хэзээ алдсан талаараа мэдээгүй байдаг. Гэрч Ч.Шийн зүгээс мал төллөж байх үед Д.Пгийн адууг маллаж чадахгүй, ирж ав гэж хэлээд орхисон. Дараа нь Д.Пгийн адууг хүлээлгэн өгөхдөө хохирогч Б.Лгийн ахын гэрийн гадна хүлээлгэж өгөөд явуулсан” гэж мэдүүлсэн. Хохирогч Б.Лгийн ахын гэрийн гадна Д.Пд мал хүлээлгэж өгсөн бол хохирогчийн 2 тооны адуу байсан бол хохирогч өөрөө мэдээд ах нь болиулах ёстой байсан. Ч.Шийн хүлээлгэж өгсөн адуун дотор хохирогч Б.Лгийн 2 тооны адуу байгаагүй болох нь тодорхой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Д.П нь “************” гэдэг газраас хохирогч Б.Лгийн 2 тооны адууг тууж яваагүй болох нь яллах дүгнэлтэд тогтоогдоогүй. Харин Д.П нь өөрийн идэвхтэй үйлдлээр Б.Лгийн 2 тооны адууг ижлээс нь салгаж аваад өөрийн адуутай ижилсүүлээд аваад явж байгаа талаарх нотлох баримт байхгүй. Зөвхөн Б.Лгийн “миний адуу азарга адуунаасаа салах ёсгүй” гэдэг ганц үгээр буруутгаж байгаа. Ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан, ямар ч эргэлзээгүй тохиолдолд хэргийг шийдвэрлэх ёстой. Тэгэхээр аргагүйн эрхэнд үйлчлүүлэгчийнхээ эрхийг бодож гэм буруугаа хүлээн зөвшөөрч орж ирж байгаа юм. Хууль зүйн талаас ойролцоо төрлийн гэмт хэргээс яллан зүйлчлэх талаар тодорхой шинжүүдэд прокурор, мөрдөгчид ажиллаж чадаагүй гэж үзэж байна. Д.Пгийн хувьд адууны эзэн гарч ирэхгүй байсан учир ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний бие “хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байгаа тул субъектийн талаас нь Д.Пгийн хувийн байдлыг шалгах ёстой” гэдэг байдлаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй. Хавтаст хэргийн 54 дүгээр талд гэрч О.Сансарын мэдүүлгээр Д.Пгийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд гэрч О.С нь мөрдөгч С.Нямдаваагийн шалгаж байгаа өөр хэрэгт хохирогчоор явж байгаа учир би сайн таньж байна. Д.Пгийн хувийн байдлыг Зүүнхангай суманд очиж байгаад тогтоох бүрэн боломжтой байсан боловч өөрийн шалгаж байгаа өөр хэргийн хохирогчийг гэрчээр байцаасан байдаг. Прокурорын зүгээс та мөрдөн байцаалтын шатанд ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэж мэдүүлэг өгсөн байсан талаар тодруулж асууж байсан. Д.Пгийн зүгээс эхнэр хаяад явсан гэдэг байдлаар хүмүүст яриад яваад байх боломжгүй юм. Д.Пгийн эхнэр нь хаяж яваад хүүхдээ Тосонцэнгэл сумын танихгүй айлд үлдээсэн байсныг Д.Пгийн ээж очиж авсан байдаг. Энэ асуудалд прокурорын зүгээс хяналт тавих хэрэгтэй гэж хүсэж байна. Сургуулийн өмнөх насны бага насны хүүхдийг асран хамгаалах үүргээ ухамсарлахгүйгээр танихгүй айлд хүүхдээ хаяж явсан гэдэг үндэслэлээр эх байх эрхээс нь хасах ёстой байтал үүнийг олж тогтоогоогүй байгаа тул шүүхээс Д.Пгийн хувийн байдлыг тогтоох зорилгоор хэргийг 60 хоногийн хугацаатай нэмэлт ажиллагаанд буцаах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолд хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байвал шүүгдэгч, яллагдагчид ашигтайгаар шийдэх зарчимтай гэв. Монгол Улсын дээд шүүх нь “Шүүх хуулийг хэрэглэх гэдэг нь тодорхой үйл баримтыг гэмт хэргийн бүрэлдэхүүнд нийцсэн эсэхийг оюун дүгнэлт хийж шалгахыг хэлдэг бол хууль харьцуулах гэдэг нь хууль тайлбарлах тогтсон аргуудын тусламжтайгаар хуулийн агуулгыг тодруулж, хэрэглэх аргачлалыг тодорхойлохыг ойлгоно” гэж тайлбартаа дурдсан байдаг. Прокурор тайлбартаа “Д.П нь хохирогчийн 2 тооны адууг өөрийн эзэмшилд хэрхэн олж авсан нь чухал биш харин цаашаа захиран зарцуулж байгаа нь малын хулгай” гэдэг байдлаар тайлбарлаж байна. Хамгийн гол нь Д.П нь хохирогчийн 2 тооны адууг өөрийн эзэмшил ашиглалтад ямар байдлаар оруулж ирж байгаа нь чухал анхаарал хандуулах асуудал юм. Таамаг байдлаар хүнийг яллаж болохгүй. Хохирогчийн 2 тооны адуу нь бэлчээрээс алга болж Д.Пгийн эзэмшилд орж ирж байгааг яг ямар замаар ирсэн гэдэгт дүгнэлт хийх ёстой. Хохирогчийн 2 тооны адуу нь түүний идэвхтэй үйлдлээр нууц, далд аргаар түүний эзэмшилд орсон эсэхийг шалгаагүй байж бусдын 2 тооны адуу Д.Пгийн эзэмшилд орж ирсэн байхад бусдад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр зарж борлуулсан учир хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Харин Д.П нь бусдын алдуул малыг ашиглаж завших үйлдэл хийсэн байгаа юм. ...Хэрэг бүхэн ижил байдаггүй учир шүүхээс жишиг тогтоох боломжгүй. Иймд Д.Пг мал хулгайлах гэмт хэрэг биш алдуул мал ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэж;
Хохирогч Б.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Би 2023 оны хавар 4 дүгээр сард адуун дээрээ явж очтол 2 гүү байхгүй байсан. Тэгээд адуугаа хайж яваад олохгүй болохоор нь Б.Б гэх залууд захиж үлдээчхээд явж байтал Б.Батням залгаад таны 2 гүү Д.Пгийн адуунд байна гэж хэлсэн. Тэгээд би Д.Пгийн утасны дугаарыг олж аваад яриад үзтэл таны 1 тооны гүү үхсэн гэж хэлсэн. Тэгээд би Д.Пгаас дахин 1 гүү нь хаана байна вэ гэж асуутал манай адуунд 1 тооны гүү нийлж ирсэн. Өөр гүүний талаар мэдэхгүй гэж хэлэхээр нь би цагдаад өгнө гэж хэлтэл цагдаадаа өг гэж хэлсэн. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчтэй цуг Д.Пгийн адуун дээр явж очтол миний 1 тооны гүү байхаар нь очиж тамга тэмдгийг нь тулгаж үзээд ачиж авсан. Энэ талаарх асуудлыг би Д.Пгийн ээжид хэлээд явсан. Би 1 тооны гүүгээ авч явсан. Харин нөгөө гүүний мөнгийг Д.Пгаас төлж барагдуулсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Ер нь бол манай 2 тооны гүү ижлээсээ явах боломжгүй байх. Өөр азарга хураагаад явах талаар мэдэхгүй байна. Боломжгүй гэж бодож байна” гэж;
Гэрч Ч.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Би О.Д гэх хүний адууг 2 жилийн өмнөөс маллаж эхэлсэн. 2022 оны 11 дүгээр сараас эхэлж маллаж, 2023 оны хавар буцааж өгсөн. Хавар мал төллөх үед би Д.П руу залгаад “ирж адуугаа ав, мал төллөөд ажил их байна” гэж хэлсэн боловч ирж аваагүй учир би адууг нь бэлчээрлүүлээд хаясан байсан. Тэр үед Д.П ирээд адуугаа авах гэсэн боловч 5 азарга адуунаас 1 нь үлдэж, 4 азарга адуу нь явсан байсан. Өөр хүний адуутай нийлээд явж байсан байх. Хохирогч Б.Лгийн 2 тооны адуу нийлсэн талаар мэдэхгүй. Д.П 5 азарга адуу, 110 гаруй адуу маллуулсан. Тухайн 5 тооны азарга адуунд өөр хүний адуу нийлчихсэн ирж байсан. Хохирогчийн 1 азаргад хураагддаг 2 тооны гүү нь ижлээсээ салж Д.Пгийн азаргад нийлэх боломж байгаа. Цуг нийлэлдээд байж байвал боломжтой. Хохирогч залуугийн ах Нямаа гэх айлын гаднаас Пийн 1 хэсэг адууг өгч явуулсан. Д.П адуугаа авч явсныхаа дараа над руу залгаад 1 тооны адуу илүү ирсэн гэж хэлж байсан. Би “тийм бол адуундаа байлгаж байгаарай” гэж хэлж байсан. Д.Пгийн адуу нь 38 ижилтэй, 12 ижилтэй, 19 ижилтэй адуу байсан. Нийт 110 адуу байсан. Би бүх адууг нь хүлээлгэж өгч чадаагүй. Сүүлд Зүүнхангай сумаас 15-16 адууг олж авсан гэж хэлж байсан. Тухайн өвөл хүнд хэцүү, зудтай, мал хаварт маш олноороо үхэж үрэгдэж арай гэж өвөлжсөн гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх” гэж,
Шүүгдэгч Д.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сард адуугаа Ч.Ш гэх хүнд харуулж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр очиж адуугаа авсан. Миний 5 хэсэг адуу байх ёстойгоос 2 хэсэг адууг хүлээлгэж өгөөд 3 адуу нь урагшаа явчихсан гэж хэлсэн. Тэгээд би 2 хэсэг адуугаа туугаад явсан. Дараа нь миний хээр зүсмийн адуутай хохирогчийн 2 тооны адуу дагаж ирсэн бөгөөд эзэн нь ирж авахгүй болохоор нь өөрөө ашигласан. Би уг нь Ч.Шаалуу гэх хүн рүү утсаар залгаад 2 адуу ирсэн талаар хэлж байсан...” гэжээ.
Эрүүгийн 2435000000136 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хавтаст хэргээс:
1. Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 02-05 дугаар тал),
2. Тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-07 дугаар тал),
3. Хохирогч Б.Лгийн малыг А дансны хуулбар (хавтаст хэргийн 09-17 дугаар тал),
4. Хохирогч Б.Лгийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хаан банкны 5806091339 дансны хуулга (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
5. Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Зүүнхангай сумын Хайрхан багийн Засаг дарга ажилтай. 2023 оны 4 дүгээр сард Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг болох “**************” гэх нэртэй газарт манай адуу бэлчээрлэж байсан. Би 2023 оны хавар 4 дүгээр сард “Хавтгай чулуут” гэх газарт очиж адуугаа үзэж харахад манай сартай бор хээр азаргатай адуунаас сартай хүрэн зүстэй баруун чих нь цуулбар, зүүн талын ташааны хавтгайд сартай чандмань тамгатай, хар хүрэн зүстэй хоёр чих нь цуулбар, зүүн талын ташааны хавтгайд сартай дормон тамгатай 2 тооны адуу алга болсон байсан. Тэгээд би тэр орчмын газарт нутаглаж байсан айлуудад захиж хэлээд өөрөө тэр орчмын газарт хайж байгаад олдохгүй болохоор нь Зүүнхангай сумын адуу мал малладаг залуучуудад захиж хэлсэн. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Зүүнхангай сумын 1 дүгээр багийн иргэн Б.Батням гэх залуу надад таны хайж байсан хүрэн зүстэй гүү Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн Д.Пгийн адуунд байна гэж хэлсэн. Би Батнямаас им тамгын талаар утсаар тодруулж асуухад миний хайж байсан сартай хүрэн зүстэй, буруу чих нь цуулбар, зүүн талын ташааны хавтгайд сартай чандмань тамгатай адуу мөн байна гэж хэлсэн. Тэгээд би Д.Птай утсаар холбогдож адууны талаар асууж тодруулах гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан тул ярьж асууж тодруулж чадахгүй байж байгаад 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Д. Птай сумын төвд гудамжинд ээжтэйгээ цуг явж байхад нь таараад “чамтай ярих юм байна, чи надад холбоо барих утасны дугаараа өгөөч” гэж хэлээд утасны дугаарыг нь авчхаад орой дугаар луу нь залгаж “танай адуунд миний хүрэн зүстэй гүү байгаа сураг байна” гэхэд “тиймээ, хүрэн зүстэй гүү байгаа тэр таны гүү юм уу, тэр гүү үхчихсэн” гэж надад хэлсэн. Тэгээд би “яахаараа үхчихдэг юм бэ, цуг байсан хар хүрэн гүү яасан юм” гэхэд “юун гүү яриад байна, тэр адууг чинь би яаж мэддэг юм бэ” гэж хэлээд утсаар миний урдаас уурлаж надтай харьцсан юм. Тэгээд Д.П “тийм адуу миний адуунд байхгүй, очоод үз” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь би Батнямтай утсаар холбогдож “миний адуу Д.Пгийн адуунд одоо байна уу, чи хараадах” гэхэд очиж үзээд “тэдний тэжээж байсан адуунд байна” гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн хэсгийн байранд ирээд хэсгийн цагдаа, дэд ахлагч А.Алтанбатад “миний адуу өөр айлын адуунд байна, би очиж адуугаа авах гэсэн юм” гэж хэлээд хэрүүл маргаан гарч болзошгүй гэж бодоод Алтанбатыг өөрийн тээврийн хэрэгсэлд суулгаж аваад Зүүнхангай сумын Даланбулаг багийн Бага хайрхан гэх газарт байх Д.Пгийн гэрт явж очиход тэдний гэрт хүн байгаагүй тэдний хажууд айл байсан. Д.Пгийн аавын дүү болох О.Одгэрэл гэх хүн байсан. Тэгээд Д.Пгийн тэжээж байгаа адуунд миний сартай хүрэн зүсмийн, баруун талын чих цуулбар, зүүн талын ташааны хавтгайд сартай чандмань тамгатай 1 тооны гүү байна гэсэн, би тэр адуугаа авах гэж ирсэн юм” гэж хэлээд Д.Пгийн тэжээж байсан адууг нь О.Одгэрэл гэх хүнтэй цуг явж тууж ирээд өөрийн адууг барьж авч өөрийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэн сумын төвд авч ирж хашаандаа тэжээж байгаад Зүүнхангай сумын Л.Дашдэмбэрэлийн адуунд тавьсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
6. Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр манай сумын иргэн Д.П сумын төвд надтай таараад “тантай ярих зүйл байна” гэж хэлсэн. Тэгээд би “чи надтай юу ярих гэж байгаа юм” гэж асуухад Д.П хэлэхдээ “Ахаа таны 2023 оны 4 дүгээр сард алга болсон бор хээр зүсмийн, сартай хүрэн зүстэй 2 тооны адууг би авсан юм. 2023 оны хавар Баруунтуруун сумын нутаг “Хавтгай чулуут” гэх газар манай адуунд байхаар нь би хамт туугаад аваад ирсэн юм тэгээд 1 адууг та өөрөө манайхаас аваад явсан, харин бор хээр гүүг урагшаа Завхан аймаг руу зарчихсан юм, тэгсэн өвөл үхчихсэн байна, би таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яагаад бэлчээрээс миний адуу үлдээхгүй аваад явчихдаг юм” гэж асуухад “хэнийх нь мэдэхгүй болохоор аваад явчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд Д.П “та над руу дансаа явуулчих, би таны 1 адууны үнэ төлбөрийг шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5806091339 тоот дансны дугаараа Пгийн 95666546 гэсэн дугаар луу мессэжээр явуулсан. Тэгээд байж байтал орой 17 цаг 56 минутын үед миний дансанд 5800941577 гэсэн данснаас 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг ороод ирсэн. Тэгээд би интернэт банкаар уг дансыг шалгахад Д.Пгийн өөрийнх нь данс байсан. Одоо надад Д.Пд ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
7. Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “Миний адууны хохирлыг бүрэн барагдуулсан тул тухайн журамд заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, зэрэглэл тогтоолгохгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),
8. Гэрч П.Лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны хавар 4 дүгээр сард манай нөхөр Б.Л “Хавтгай чулуут” гэх газарт очиж адуугаа үзэж харахад манай сартай бор хээр азаргатай адуунаас 2 тооны адуу алга болсон байсан гэж ярьсан. Түүнээс хойш манай нөхөр алга болсон 2 тооны адуу малаа хайж нэлээн явсан боловч алга болсон 2 тооны адуугаа олоогүй тэгээд нутгийн иргэдэд захисан гэж байсан. 2024 оны 3 дугаар сарын эхээр манай нөхөр Б.Л манай алга болсон 2 тооны адуу манай сумын иргэн Д.Пгийн тэжээж байгаа адуунд байна гэж хүн хэллээ гэж яваад 1 тооны сартай хүрэн зүсмийн адуугаа авч ирсэн. Тэгээд манай алга болсон 2 тооны адууг П мэдэж байгаа юм байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
9. Гэрч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын дундуур Зүүнхангай сумын төвөөс манай аавын төрсөн дүү Б.Л над руу утсаар яриад би өөрийн адуугаа Баруунтуруун сумын нутаг “Хавтгай Чулуут” гэх газарт дэлийг нь засах гэж байгаа юм. Чи ирээд адууны дэл засалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би “Хавтгай Чулуут” гэх газарт Б.Л ахын адууны дэл засалцаж өгөх ажилтай явж очиход Б.Л ах миний адуунаас 2 тооны хүрэн зүстэй гүү дутаж байна гэж хэлсэн. Тэгээд Б.Л ах бид хоёр тухайн орчмын газраар хайж байгаад олдохгүй болохоор нь адуугаа дэллээд Б.Л ах надад “чи тэр хоёр гүүг сайн хараад амьтан хүнд захиж байгаарай, сураг чимээ гарах юм бол надад хэлээрэй” гэж хэлээд Зүүнхангай сумын төв рүү явсан юм. Түүнээс хойш би Л ахын адууг тэр хавиар хайсан боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
10. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Б.Л ах надад сартай хүрэн зүстэй, буруу чих нь цуулбар, ташаан дээрээ сартай чандмань тамгатай бор хээр зүсмийн адуу захиж байсан. Тэгээд би адуу малаа хараад явж байтал 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр Зүүнхангай сумын иргэн Д.Пгийн адуунд Б.Лгийн надад захиж байсан сартай хүрэн зүсмийн, баруун чих нь цуулбар, ташаан дээрээ сартай чандмань тамгатай адууг өөрийн тамганы доод хэсэгт карант тамгаар тамгалсан байдалтай байхыг харсан. Тэгээд би тэр талаар Б.Лд хэлсэн. Б.Л ах 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний адуу Д.Пгийн адуунд байна уу гэж дахин надаас асуусан. Тэгээд би Д.Пгийн тэжээж байсан адуунд очиж үзэхэд Б.Л ахын адуу байсан тул таны адуу Д.Пгийн адуунд байна гэж хэлээд тэр өдөр Б.Л ах өөрийн адууг авч явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),
11. Гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны өвөл адуугаа Баруунтуруун сумын нутаг Цагаан уул гэх газарт өвөлжүүлээд 2023 оны 3 дугаар сарын орчим манай хүү Д.П адуугаа очиж цуглуулж авсан. Тэгээд би 2023 оны 6 дугаар сарын орчимд өөрийн адуунд ирэхэд манай адуунд сартай хүрэн зүстэй зөв ташаанд сартай чандмань тамгатай адуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),
12. Гэрч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Сонгино сумын нутаг Тариат гэх газар манайх намаржаанд байхад Зүүнхангай сумын иргэн Д.Птай малын бэлчээрт таараад малын хэрэг гараад чамд зарах адуу байна уу гэж би асуухад Д. П надад зарах нэг адуу байна гэж хэлээд би тэр адууг худалдаж авахаар тохиролцож, бор хээр зүстэй 4-5 насны орчим гүү барьж өгсөн. Би тэр хавартаа үнэ өртгийг өгнө гэж хэлээд авч явсан. 2023 оны 9 дүгээр сард Д. П надад өгсөн 1 тооны адуу нь бор хээр зүстэй зөв буюу зүүн талын ташааны дээд хавтгайд сартай дормон гэж хэлэхээр тамгатай гүү байсан. Миний өөрийн адуу гэж хэлж байсан. Би тухайн үед Д.Пгаас авсан бор хээр зүстэй гүүг Завхан аймгийн Түдэвтэй суманд хүнд өгч явуулсан ба 2024 оны 01 дүгээр сард уг адууг харж байсан Түвшин гэх хүн таны адуу зуданд үхсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),
13. Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сард Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг Бар гэх газарт байхад Д.П нь намайг “адуу тамгалаад өгөөч” гэхээр нь очиж адуу тамгалсан. Тухайн өдөр Д.П 10 гаруй унага тамгалсан бөгөөд тухайн үед Д.Пгийн тамгалсан сартай хүрэн зүстэй гүүний зөв тал буюу зүүн талын ташаанд сартай чандмань тамгаар тамгалсан байсныг Д.П өөрийн карантан тамгаар доод хэсэгт нь буюу гуяны хонхорхой дээр нэмж тамгалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),
14. Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сард манайх Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан гуу гэх газарт төрсөн ах Дгийнхтай хамт айл байхад Зүүнхангай сумаас Б.Л тээврийн хэрэгсэлтэй ирээд Д.Пгийн гэрийн гадна тэжээж байсан адуунаас сартай хүрэн зүстэй, зүүн талын ташааны хавтгай дээр сартай чандмань тамгатай зүүн талын гуяны хонхорхойд карантан тамгатай 1 тооны адууг авч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),
15. Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л Пгийн тэжээж байгаа адуунд миний адуу байгаа эсэхийг харах гэсэн юм гэж хэлсэн. ...сартай хүрэн зүсмийн адууг заасан, уг адуу нь зөв гуяны хавтгай дээрээ сартай чандмань тамгатай, мөн уг тамганы доод хэсэгт карант тамгатай байсан. Тэгээд Ганаа гэх хүнд уг адууг “авч явлаа, та Д гэх хүн рүү асуугаад өгөөч” гэсэн. Тэгээд хэсэг байж байснаа Ганаа гэх хүн “та нарынх бол авч яв гэж байна” гэж хэлсэн. Тэгээд Л энэ адуу миний адуу гэж хэлээд авсан. Бид хоёр уг адууг ачиж Зүүнхангай сумын төвд ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),
16. Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 121 дугаартай “2023 оны 4 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд 4 настай морь /эм/ 700,000 төгрөгийн, 8 настай морь /эм/ 1,000,000 төгрөгийн зах зээлийн ханштай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60 дугаар тал),
17. Шүүгдэгч Д.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сард миний өөрийн адуу Зүүнхангай сумын 1 дүгээр баг Далантүрүү гэх газраас аав Д нь 100 гаруй тооны адууг Баруунтуруун сумын Шаалуу гэх хүн дээр адуугаа оторлуулж өвөлжүүлэхээр явсан. 2023 оны 3 дугаар сард адуугаа буцааж сум руу авч явахаар болж би өөрөө Баруунтуруун сумын Цагаан уул гэх газраас очиж авахад манай нийт 100 гаруй тооны 5 хэсэг адуу байснаас хоёр азаргатай адуу болох 50 гаруй тооны адуугаа туугаад ирсэн. Мөн үлдэгдэл адуунууд нь Зүүнхангай сум руу гүйгээд явсан тул олж аваарай гэж хэлсэн. Түүнээс хэд хоногийн дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын эхээр Баруунтуруун сумаас гүйж ирсэн гэх адуугаа олж авахад хоёр халтар, хээр зүсмийн гүү байсан бөгөөд насыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр нь тухайн хоёр адуу манай адуутай 2023 оны 4 дүгээр сараас 9 сар хүртэл байсан бөгөөд тухайн үед хүн хайж ирэхгүй болохоор нь тамгалж авч хадгалж байгаад 2023 оны 11 дүгээр сард халтар зүсмийн гүүг Завхан аймгийн найз болох Намхайнямбууд 800,000 төгрөгөөр үнэ тохирч оронд өөр гүү өгөөрэй гээд зарсан. Намхайнямбуу надад орны адуу болон мөнгийг нь өгөөгүй. Нөгөө нэг адуу энэ өвөл муудаад тэжээж байхад уг адууны эзэн болох Б.Л ирээд авсан. Тэгээд тухайн хоёр адуу уг хүнийх гэдгийг мэдээд уулзаж зарсан, нэг адууны төлбөр болох 1,300,000 төгрөгийг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:
1. Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),
2. Гэрч О.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр тал),
3. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 82-87 дугаар тал),
4. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын тодорхойлолт 1 хуудас баримт зэргийн шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дараах дүгнэлт хийв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
Прокуророос шүүгдэгч Д.П нь 2023 оны 4 дүгээр сард Увс аймгийн Баруунтуруун сумын “Хавтгай чулуу” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Лгийн сартай хүрэн зүсмийн гүү, хар хүрэн зүсмийн гүү зэрэг нийт 2 тооны буюу олон тооны адууг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутган хэргийг зүйлчлэн ирүүлжээ.
Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримт, хохирогч, гэрчийн мэдүүлэг, талуудын мэтгэлцээнийг үндэслэж дүгнэхэд прокуророос шүүгдэгч Д.П нь бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлон тогтоож чадаагүй, 2 тооны адууг хулгайлж авч явсан гэх шууд нотолсон нотлох баримт байхгүй байна гэж үзлээ.
Хэргийн үйл баримтыг сэргээн дүгнэвэл, шүүгдэгч Д.П нь 2022 оны 11 дүгээр сард гэрч Ч.Шаалууд хөлс төлж өвөлжүүлэхээр 5 азарга адуугаа маллуулсан. 2023 оны хавар гэрч Ч.Шаалуу Д.Пд “адуу малаа аваарай, мал төллөөд харж хандаж чадахаа байлаа” гэж хэлж байсан бөгөөд сүүлдээ малыг нь хаячхаад явсан. Дараа нь 2023 оны 4 дүгээр сард шүүгдэгч Д.П өөрийн адууг авахаар очиход гэрч Ч.Шаалуу 1 хэсэг адуу /1 азарга адуу/-г хохирогч Б.Лгийн ахын гэрийн гаднаас хүлээлгэн өгсөн. Бусад 4 хэсэг адуу нь нутаг руугаа бэлчээд явсан байсан. Д.П нутагтаа гүйж ирсэн адуунд өөр хүний буюу хохирогч Б.Лгийн 2 тооны адуу нийлж ирсэн талаар гэрч Ч.Шаалууд утсаар мэдэгдэж байсан гэх үйл баримт болсон байна.
Торуулбал, хохирогч Б.Лгийн 2 тооны буюу сартай хүрэн зүстэй, баруун чих нь цуулбар, зүүн талын ташааны хавтгайд сартай чандмань тамгатай, хар хүрэн зүстэй, хоёр чих нь цуулбар, зүүн талын ташааны хавтгайд сартай дормон тамгатай гүү 2023 оны 4 дүгээр сард Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг “Хавтгай чулуу” гэх газраас шүүгдэгч Д.Пгийн адуунд бэлчээрээр нийлж түүний адуутай хамт нутаг руугаа бэлчээрлээд явсан гэх нөхцөл байдал нь
-хохирогч Б.Лгийн “...2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Д. Птай сумын төвд гудамжинд ээжтэйгээ цуг явж байхад нь таараад “чамтай ярих юм байна, чи надад холбоо барих утасны дугаараа өгөөч” гэж хэлээд утасны дугаарыг нь авчхаад орой дугаар луу нь залгаж “танай адуунд миний хүрэн зүстэй гүү байгаа сураг байна” гэхэд “тиймээ, хүрэн зүстэй гүү байгаа тэр таны гүү юм уу, тэр гүү үхчихсэн” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
-хохирогч Б.Лгийн дахин өгсөн “...манай сумын иргэн Д.П сумын төвд надтай таараад “тантай ярих зүйл байна” гэж хэлсэн. Тэгээд би “чи надтай юу ярих гэж байгаа юм” гэж асуухад Д.П хэлэхдээ “Ахаа таны 2023 оны 4 дүгээр сард алга болсон бор хээр зүсмийн, сартай хүрэн зүстэй 2 тооны адууг би авсан юм. 2023 оны хавар Баруунтуруун сумын нутаг “Хавтгай чулуут” гэх газар манай адуунд байхаар нь би хамт туугаад аваад ирсэн юм. Тэгээд 1 адууг та өөрөө манайхаас аваад явсан, харин бор хээр гүүг урагшаа Завхан аймаг руу зарчихсан юм, тэгсэн өвөл үхчихсэн байна, би таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яагаад бэлчээрээс миний адуу үлдээхгүй аваад явчихдаг юм” гэж асуухад “хэнийх нь мэдэхгүй болохоор аваад явчихсан юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
-гэрч Ч.Шаалуугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Хавар мал төллөх үед би Д.П руу залгаад “ирж адуугаа ав, мал төллөөд ажил их байна” гэж хэлсэн боловч ирж аваагүй учир би адууг нь бэлчээрлүүлээд хаясан байсан. Тэр үед Д.П ирээд адуугаа авах гэсэн боловч 5 азарга адуунаас 1 нь үлдэж, 4 азарга адуу нь явсан байсан. Хохирогчийн 1 азаргад хураагддаг 2 тооны гүү нь ижлээсээ салж Д.Пгийн азаргад нийлэх боломж байгаа. Цуг нийлэлдээд байж байвал боломжтой. Хохирогч залуугийн ах Нямаа гэх айлын гаднаас Пгийн 1 хэсэг адууг өгч явуулсан. Д.П адуугаа авч явсныхаа дараа над руу залгаад 1 тооны адуу илүү ирсэн гэж хэлж байсан. Би “тийм бол адуундаа байлгаж байгаарай” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Д.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсөнө.
Харин “Алдуул мал завших” гэж гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож явсан малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан байх явдал юм.
“Мал хулгайлах”, “Алдуул мал завших” гэмт хэргүүд нь дээр дурдагдсан гэмт хэргийн обьектив талын шинжээрээ ялгаатай боловч гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, өөрийн эзэмшилд оруулснаар тухайн малыг захиран зарцуулах боломж бүрдсэн байдаг субьектив талын шинжээрээ адилхан болно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.П нь бусдын олон тооны малыг өөрийнх нь адуунд бэлчээрээр нийлж ирсэн гэж мэдүүлдэг, хохирогч болон гэрчүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө шүүгдэгчийг шууд 2 тооны бод мал хулгайлсан гэдгийг баттай нотолж мэдүүлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Пг Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Шинжээч Я.Нарантуяагийн гаргасан 121 дугаартай “2023 оны 4 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд 4, 8 настай 2 тооны эм адууны зах зээлийн үнэлгээг нийт 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр тус тус үнэлэгдэнэ” гэх үнэлгээний тайлантай хохирогч Б.Л танилцсан бөгөөд уг дүгнэлттэй холбогдуулан ямар нэг санал гаргаагүй байна.
Хохирогч Б.Л нь 1 тооны адуугаа биет байдлаар буцаан авсан, 1 тооны адууны өртөгт 1,300,000 төгрөгийг Хаан банкны 5806091339 тоот дансаараа шилжүүлэн авсан, мөн сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй, нэхэмжлэхгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Пгийн үйлдсэн гэмт хэргийг шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суух Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоног байхгүй, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ялын санал гаргасан учраас урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй” гэх саналыг гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хугацаа өнгөрсөн байхад яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг гаргажээ.
Шүүгдэгч Д.Пг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, түүний үйлдсэн гэмт хэрэг нь алдуул малыг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.П нь хохирогчийн 2 тооны адууны нэгийг 2023 оны 9 дүгээр сард гэрч Э.Намхайдэмидэд өгсөн, нөгөө адууг өөрийн адуундаа байлгаж байсан үйл баримт тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгчийг түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөний дараа яллагдагчаар татсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан санал хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Д.Пд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Э ургийн овогт Д.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын хяналтад байж Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6. Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН